Дүүргийн наадамд аймгийн цол өгч, морийг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулна

1
2022 оны 5 сарын 202022-05-20
Дүүргийн наадамд аймгийн цол өгч, морийг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийн гишүүд юу ярьсныг товчлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хурдан морины стандарт гэдгийг юу гэж үзээд байгаа юм. Монгол адуу, эрлийз адууг тусад нь уралдуулна гэж болохгүй юу. Стандартад нийцсэн адууг уралдуулна гэж бичихээр яаж ялгах юм. Алслагдсан дүүрэг наадам зохион байгуулаад аймгийн цол өгөөд байгааг хэрхэх вэ. Допингийн шинжилгээг Монголдоо хийх боломж юу байна вэ?

Хууль санаачлагч Х.Нямбаатар:

-Зөвхөн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багануур дүүрэг наадмаа хийж ирсэн. WADA-гийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээгээ хийдэг боломжтой болох ёстой. Үндэсний спортыг мэргэжлийн спорт болгох хэрэгтэй. Монголд адууны 3 янзын стандарт бий. Үйлдвэрлэг байдал, сэрвээний өндөр, сүүлийнх нь энэ 2-ыг нийлүүлсэн стандарт гэж. Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг. Үйлдвэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг юм билээ. Цаашид бид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй. Тэр хүртэл шилжилтийн үеийн буюу сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Үндэсний их баяр наадамдаа зөвхөн монгол адууг уралдуулах ёстой гээд тодорхой бичээд өгчих хэрэгтэй. Тэгэхгүй бол өндөр сэрвээтэй монгол адуу, намхан эрлийз адуу ч байдаг. 

Хууль санаачлагч Х.Нямбаатар:

-Харин тийм. 50 хувьтай буюу 2-р үеийн эрлийз адууг ялгаж чадахгүй болохоор л ингэж бичиж байна. Тогтоох боломж нь байхгүй болохоор сэрвээний өндрөөр монгол морины дунджаар хэмжээд уралдуулъя гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Алслагдсан дүүрэг аймгийн цол олгох хэрэгтэй. Яагаад сумын цол олгох ёстой юм. Аймаг, дүүрэг гэдэг биз дээ.

Хууль санаачлагч Х.Нямбаатар:

-Таны хэлдэг их хурдууд, тойргийн барилдаа, тойргийн харваа зэрэг үндэсний спортуудынхаа харилцааг Үндэсний спортын тухай хуулиудыг боловсруулна гэж төлөвлөж байгаа. Бооцоот морин уралдааны хуулийг тусад нь бичихээр төлөвлөж байгаа. Дүүргүүд 256-128 бөхийн барилдаан хийдэг нь сумын цол өгөхөд чамлалттай. Таны хэлдэг дүүргийн цол өгөхөд бас болохгүй зүйлгүй учраас хэлэлцүүлгийн шатанд яриад явъя.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Бүх наадмыг нэг өдөр хийдэг болох ёстой. Тэгж байж баяр цэнгэл болно. Тэгэхгүй бол наадам хэсч найраа хийдэг. Үүнийг зохицуулсан зүйл харагдахгүй байна.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Үндэсний баяр наадмыг нэгэн өдөр хийнэ. Онцгой байдал зарласан, цар тахал зэрэг үүссэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийдэг болъё гэдэг байдлаар томъёолсон.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Допинг хэрэглэсэн бол яах юм. Ямар хариуцлага тооцох юм. Энийг тодорхой болгох хэрэгтэй. Үндэсний спортын хороод яагаад хоёр тал болоод маргаад байгаа юм. Амин чухал юм уу, хувийн байр суурь, жижиг сонирхлоор хоёр тал болчихов уу.

Морин спорт, уяачдын холбооны төлөөлөгч Батбаатар:

Монголын морин спорт уяачдын холбоо сэрвээний өндрийг үндэслэж уралдуулъя гэдэг шийдвэрээ 7-р их хурлаасаа гаргасан. Үүний дараа хэсэг нөхөд маань холбооноос гараад өөр холбоо байгуулсан. Тэд болохоор генетикийн стандартыг нь батлаад, ялгаж уралдуулъя гэдэг шийдэл ярьж байгаа. 2 холбоо нэгдэж нийлнэ ээ, аль аль нь морины уралдаанаа ярьж байгаа учраас.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Алслагдсан 3 дүүрэг яг аймагтай адилхан. 256 бөх барилдаж, доод тал нь 100 гаруй морь уралддаг. Суманд бол 26-32 бөх барилддаг. Тийм болохоор алслагдсан дүүрэг аймгийн цол өгдөг байх заалтыг үлдээж өгөөрэй. 10 гаруй жил ийм байдлаар явж ирсэн шүү. Бас улсын наадамтай хамт бусад аймаг, нийслэл, сум, дүүргийн баярыг хийдэг байх нь зөв. Монгол үүлдрийн морины стандартад нийцсэн адууг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулна гэхээр яг шийдэж чадах уу. Харахаар эрлийз, хэмжихээр стандартад нийцсэн адуу зөндөө байдаг. Үүнээс болж хэрүүл болдог шүү. Хэрүүлтэй наадмаа нэг тийш болгох хэрэгтэй.

Хууль санаачлагч Х.Нямбаатар:

-Хэрүүлгүй наадам хийе. Хийхийн тулд морины сэрвээг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжие. Их нас, соёолон 141 см хүртэл байна. Лазераар хэмжсэн байхад хэрүүл хийхээ больё. Метр бариад зогсвол хэрүүл дуусахгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Үндэсний баяр наадмын тухай хуулийн хэлэлцүүлэг болохоос уяачдын холбооны хэлэлцүүлэг биш. Наадам бол монголчуудын эв нэгдлийн баяр. Яагаад баяр наадам хэрүүлтэй, холбоод нь талцалтай болсон бэ гэвэл тийшээ улстөрчид орчихсон. Тийм болохоор улстөрчид спорт холбоодоос холдож, баяр наадмыг хуулиар биш дүрмээр зохицуулах эрхийг нь Төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгчид шилжүүлэх саналтай байдаг хувьдаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Б.Энхбаяр гишүүний хэлдэг зөв шүү дээ. Морины холбоо, Бөхийн холбоо, Нутгийн зөвлөл рүү улстөрчид орсноор өнөөдөр холбоод талцаж, хуваагдаж байна. Энийгээ болих хэрэгтэй. Ийм учраас энэ хууль орж ирж байгаа. Дуртай хүн болгон нь дуртай холбоогоо хэдэн арваар нь байгуулахаа больё.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

-Шилжилтийн үеийн зохицуулалтаар ямар алдаа засах вэ. Байнгын хорооны дарга П.Сайнзориг дарга хэлж байсан. 62 бөхөд цол олгоноо гэж. Допингийн асуудалд холбогдсон 38 бөх байдаг гэсэн. Миний мэдэж байгаагаар 3 бөхийн асуудал цол нь хураагдсан гэж ойлгож байгаа. Тэр дотор Хэнтийн Оюунболд, Увсын Ганзориг, Баянхонгорын Бат-Оршихын нэрс байгаа юу. 62 бөхийн нэрийг хэзээ олон нийтэд мэдээлэх вэ?

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Ардын хувьсгал тэмдэглэж эхэлснээс хойш үндэсний баяр наадамд барилдсан бөхчүүдэд нийгмийн гарал, эрхэлж байсан ажлаар нь ялгаж цол олгож байсан асуудал байсан юм билээ. Лам түрүүлбэл лам болохоор нь цол олгохгүй гэдэг ч юм уу. Энэ 60-аад хүний асуудлыг шууд Дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулах боломжтой. Ихэнх нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс байгаа. Ар гэрийнх нь хүмүүс олгох ёстой цолыг нь олгож өгөөч гээд шүүхээр явдаг тохиолдол байдаг.

Допингтой холбогдсон 39 бөх байна. Шийтгэлээ хүлээж байгаа буюу барилдах эрхээ хасуулсан 6 бөх байна. Энхтөгсийн Оюунболд, Нямпүрэвийн Батсайхан, Баатарын Уртнасан, Батжаргалын Батбаатар, Батжаргалын Лхагвадорж, Доржийн Ням-Очир гэсэн бөхчүүд байна. Тэд МҮБХ-ны шийдвэрээр барилдах эрх нь хасагдсан байгаа.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:

-Одоо мөрдөгдөж байгаа Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу Бат-Орших, Оюунболд нарт унасан бөхчүүдийн цол чимэгийг өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхийн хувьд цол, чимэгийг нь нөхөж олгох асуудал байхгүй. Ганзориг гэдэг бөх бол 2015 оны наадмаар допингийн асуудалд холбогдож цолоо хураалгасан. Адъяабат, Суманчулуун нарын цолыг 2021 онд Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг нь олгосон. Ерөнхийлөгч цол хураасан зарлигийг буцаан олгох асуудал өөрийнх нь.

Г.Болд

Санал болгох

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

44 минутын өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

1 цагийн өмнө
Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн З, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосон

1 цагийн өмнө
ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж байна

Засгийн газар  хуралдаж байна.

1 цагийн өмнө