Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "Допингийн асуудалд холбогдсон 38 бөх байдаг гэсэн. Миний мэдэж байгаагаар 3 бөхийн асуудал цол нь хураагдсан гэж ойлгож байгаа. Тэр дотор Хэнтийн Оюунболд, Увсын Ганзориг, Баянхонгорын Бат-Оршихын нэрс байгаа юу" гэж асуусан.
Энэ асуултад ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар хариулт өгсөн.
П.Сайнзориг /Албан тушаалаараа Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооны дарга/
-Допингтой холбогдсон 39 бөх байна. Шийтгэлээ хүлээж байгаа буюу барилдах эрхээ хасуулсан 6 бөх байна. Энхтөгсийн Оюунболд, Нямпүрэвийн Батсайхан, Баатарын Уртнасан, Батжаргалын Батбаатар, Батжаргалын Лхагвадорж, Доржийн Ням-Очир гэсэн бөхчүүд байна. Тэд МҮБХ-ны шийдвэрээр барилдах эрх нь хасагдсан байгаа гэж хариулав.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:
-Одоо мөрдөгдөж байгаа Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу Б.Бат-Орших, Э.Оюунболд нарт унасан бөхчүүдийн цол, чимэгийг өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхийн хувьд цол, чимэгийг нь нөхөж олгох асуудал байхгүй. Б.Ганзориг гэдэг бөх бол 2015 оны наадмаар допингийн асуудалд холбогдож цолоо хураалгасан. Адилтгавал 2015 онд допингийн асуудалд холбогдсон Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураагаад байсныг 2021 онд Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг нь олгосон. Ерөнхийлөгч цол хураасан зарлигийг буцаан олгох эсэх нь өөрийнх нь асуудал.