Л.ХАЛТАР: Би нэмэр болох юмсан гэсэн бодолтой л ажилладаг шүү дээ

2
2022 оны 5 сарын 312022-05-31
Л.ХАЛТАР: Би нэмэр болох юмсан гэсэн бодолтой л ажилладаг шүү дээ

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг 2023 оноос хэтрүүлэхгүй дуусгах үүргийг аваад буй. Мөн тэрээр Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудын түгжээг тайлах дэд бүтцийн ажлыг хариуцаж байгаа. Хамгийн сүүлд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтыг богино хугацаанд дуусгах хүртэл мөн л хар толгойгоороо хариуцах үүргийг түүнд Засгийн газрын тэргүүн өгсөн. Амласан ёсоор хугацаандаа буюу энэ оны гуравдугаар сарын 11-нд уг төмөр замын туршилтын тээвэр эхэлснийг мэдэгдэж байлаа. Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жил гацаанд ороод буй экспорт, импортын урсгалыг тэлэх, тээвэр ложистикийн түгжээг хэрхэн тайлах гарц хайсан олон асуулт иргэдийн дунд бий. Энэ асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай цөөн хором ярилцсанаа хүргэе.

---------------------------------------------------------

-Засгийн газрын хэрэгжүүлж буй  хүрээнд хилийн боомтуудын боймыг тайлах эхний ажил нь боомтуудыг авто замаар холбох. Энэ ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх тухай та өмнө нь мэдээлж байсан. Тендер шалгаруулалт нь эхэлсэн үү?

-Энэ онд хийх авто замын төслүүд урагштай байна. Өнөөдрийн байдлаар тендерүүд зарлагдаж гэрээ байгуулсан ажил 70 орчим хувьтай байна. Хавиргын боомтын чиглэлд төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлах ажил явж байна. Бусад Зам тээврийн хөгжлийн яаманд хийгдсэн ажлууд эзэнтэй болсон. Өөрөөр хэлбэл, тендер шалгарсан, гүйцэтгэгч нар тодорсон, гэрээ байгуулсан. Эхний ээлжид Ульханы чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажил зургадугаар сарын 15-нд эхэлнэ гэж бодож байна. 

-Магадгүй нүүрсний экспортын урсгал нэмэгдэхгүй бол ирэх намар улсын төсвийн орлого тасалдах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид сануулсаар байна. Ялангуяа төсвийн данс улайвал Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл, бодлого шийдвэрүүд хэрэгжих боломжгүй царцах магадлал өндөр гэдгийг хэлж байсан?

-Дэд бүтцийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил нэг өдөрт бий болохгүй. Магадгүй 1-10 жил үргэлжлэх том төслүүд юм. Тиймээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг үе шаттайгаар л хэрэгжүүлнэ. Үүний тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж  олон төсөлд мөнгө үрэлгүй, тодорхой хэмжээний том бодлогод мөнгөө зарцуулъя гэсэн зарчмыг л баримталж байна.

-Нөгөө талаар  сайд нар хилийн боомтуудад ажиллах нь саад болж байгааг зарим шинжээч нар шүүмжлэх боллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-Саад болохоос илүү нэмэр болохсон, асуудлыг шийдэх юмсан гэсэн бодолтой л ажилладаг шүү дээ. Энэ ч үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багтай ажиллах үеэр бид томоохон чухал шийдвэрүүд гаргасан.

-Экспортын гарцыг нэмэгдүүлэхэд Хятадын талаас Монгол Улс дотоод зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай гэсэн саналыг гаргадаг тухай мэргэжилтнүүд хэлдэг. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад салбарын зүгээс хэрхэн анхаардаг бол?

-Энэ бол  хүмүүсийн хоорондын харилцааны асуудал. Төрийн байгууллагын удирдлагууд хоорондоо уулзаж асуудлаа шийдвэрлэх ёстой. Наад зах нь, Хятадын талаас Монгол руу ирэх нэвтрэх чингэлэг тээврийн тоо нэмэгдэж эхлэхэд терминалуудад бөөгнөрөл үүсч эхэлж байгаа юм. Иймд гаалийн байгууллагууд ажлын өдрүүдэд 20:00 цаг, амралтын өдрүүдэд 17:30 цаг хүртэл ажиллах цагийн хуваарийн зохицуулалт хийсэн. Аль болох хэрэглэгч рүү дөхсөн үйлчилгээг нэвтрүүлэх шийдвэрүүдийг л гаргаж ажиллаж байна.

Бодлогын хүрээнд харвал, бидэнд өмнө нь алдаа байсан. Энэ бол хилийн боомтуудад гааль, хил хамгаалах, мэргэжлийн хяналтын байгууллага нь тус бүрдээ удирдлагатай, нэгдсэн зүйл байгаагүй.

Харин бүтцийн өөрчлөлтөөр хилийн боомтуудад нэгдсэн захиргаатай болсон. Үр дүн гарч байгаа нь саяхан хилийн боомтуудад ажиллах үеэр харагдлаа. Мэдээж цаашид илүү боловсронгуй болгох чиглэлээр ажиллах ёстой.

-Манай улс боомтын хүчин чадлаараа дэлхийд 154 дүгээрт жагсаж байгаа тухай та хэллээ. Үүнийг урагшлуулах боломж байна уу?

-Шууд хэлэх боломжгүй. Би 2019 оны үзүүлэлтийг л танилцуулсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ талаарх судалгаа байхгүй. Боомтуудын хувьд бид өнгөрсөн хугацаанд ачаагаа л гаргадаг байсан. Түүнээс биш боомтын сэргэлтэд татуу ханджээ. Үүний сөрөг нөлөөг  нь одоо амсч байна.  

Цар тахал дэгдэх хүртэл бид зарим нэг зүйлийг мэдрээгүй явсан юм билээ. Бидний санаагүй зүйлийг, болж байгаа юм шиг зүйл нь болохгүй гэдгийг хоёр жилийн хугацаанд хэлээд өглөө.

Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд  зөвхөн Монгол төдийгүй дэлхий нийтээрээ тээвэр ложистикийн хямралд өртсөн. Үүний сөрөг нөлөө нь тээврийн зардал нэмэгдсэн, ачаа хүргэлт удааширсан зэрэг цөөнгүй зовлон дундуур бид туулж байна. Иймд экспортын орлогоос тодорхой хувийг нь хилийн боомтуудад зарцуулах ёстой. Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж байх ёстой.

Магадгүй ойрын хугацаанд жолоочгүй тээвэр, автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл, дүүжин тээвэр зэрэг шинэ технологи боомтуудад үе шаттайгаар нэвтрэх байх.

Бид дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байна гээд л баярлаж алгаа ташиж баярлаад төсөвтөө суутгаад байсан. Гэтал экспорт гаргаж буй сувгийг цэвэрлэж чадаагүй. Илүү нарийн гарцтай болсон байна. Тиймээс экспортын гарцыг чөлөөлж, хяналттай болгох асуудал чухал.

-Энэ салбарт бизнес эрхэлдэг, мэргэжилтнүүдийн зүгээс хууль эрхзүйн орчинг сайжруулах тухай саналаа хэлдэг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Тээвэр ложистикийн салбарын хууль эрх зүйн орчин 2000 оноос яригдаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбоо, Тээвэр зуучийн үйлчилгээний тухай хуулийн төслийг яаманд танилцуулсан. Үүнийг нь бид дэмжиж хүлээн авсан. Мэдээж анхны төсөл учраас боловсруулах шаардлагатай учраас хуулийн хэмжээнд очих хүртэл ажиллагаа ихтэй. Гэхдээ хуулийн эхний хар зураг нь гарч байгаа нь маш сайн. Үүнийгээ бид илүү боловсронгуй болгож улмаар Засгийн газар, УИХ-д өргөн барьж энэ салбар хууль эрхзүйн орчинтой болох ёстой юм. Тээвэр зууч бол зөвхөн төмөр зам бус холимог тээврийн хэрэгслүүдийг холбож өгдөг гол субъект нь. Иймд цаашид хууль эрхзүйн орчныг илүү сайжруулж хуультай болох цаг алхам алхмаар ойртож байна.

-Төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах тухай ярьдаг. Гэхдээ хувийн хэвшлийнхэн төрөөс дэмждэггүй тухай шүүмжилдэг. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ. Ялангуяа тээвэр зуучлалын компаниудтай хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Өнөөдрийн өндөрлөгөөс харахад хувийн хэвшлийнхэн нэгдэж чадаагүй. Хамгийн гол алдаа нь энэ. Дор бүрнээ хувьдаа жижиг амбицаар хандсан учраас нэгдсэн бодлого гарч чадаагүй болов уу.

-Ярилцлагын төгсгөлд асуухад Таны хувьд “Дарханы замаар инээгээд алхах өдөр удахгүй ирнэ” гэж өмнө нь хэлсэн. Энэ өдөр хэзээ вэ?

-Дарханы замаар инээгээд  алхах өдөр ойртож байгаа. Хэзээ гэдгийг нь хэлэхгүй. 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Б.Гүнбилэг: Эв нэгдлийг илэрхийлэх Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудал энэ намрын гол сэдвүүдийн нэг байх юм. Бид энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

12 өдрийн өмнө
Г.Баасан: Ч.Мөнхбаярт мөнгө өгсөн Дарханбаяр тагнуулынх байсан

Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх “Судалгаа, дүн шинжилгээний жигүүр” гэх байгууллага 1923 байгуулагдсан юм байна. Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлд Энэтхэгийн Судалгаа шинжилгээний жигүүр байгууллагын дарга Самант Кумар Гоел гэдэг хүнээс 2019 оны 9 сарын 9-нд и-мэйл ирсэн гэдэг. Тэр хүн 2019 оны 7 сарын 1-нд үүрэг гүйцэтгэгчээр тавигдсан боловч Азийг хариуцдаггүй гэдэг нь ил юм билээ. Тэр байгууллага нь тагнуулын байгууллага байсан гэж тэд ярьдаг. Энэ и-мэйлийг тагнуулынхан зохиож бичсэн.

2 сарын өмнө
ТЭТГЭЛГИЙН ЭРЭЛД:  Д.Арвинбилиг хэлний мэдлэгээс илүү хөдөлмөрч байх нь чухал

Гадаадад сурч, амьдарч буй мянга мянган залуусын төлөөлөл  Д.Арвинбилигийг тэтгэлгийн эрэлд буландаа урьж байна.

2 сарын өмнө