Хордож үхсэний дараа сануулдаг МХЕГ-аар яах юм бэ

2
2022 оны 6 сарын 22022-06-02
Хордож үхсэний дараа сануулдаг МХЕГ-аар яах юм бэ

Хэдэн жилийн өмнө шарсан тахиа идсэн олон хүний гэдэс өвдөж, суулгажээ. Тэдэнд үйлчилсэн түргэн хоолны газрын ажилтны хумснаас ялгадас илэрсэн бол өвчтөнүүд эмнэлэгт хэсэгтээ хэвтсэн. Мэргэжлийн хяналт торгууль бичсэн, зөрчлийг мэдээлсэн. Араас нь тэр байгууллагын том даргыг салбарын сайд нь өрөөндөө дууджээ. Өрөөнд түргэн хоолны сүлжээний толгой компанийн удирдлага, сайдтай сууж байв. Сайд тэр захирлын дэргэд агентлагийн даргыг “та нар ААН-ийг дарамталлаа, энийгээ боль” гэж загнажээ. Агентлагийн дарга загнуулж дуусаад сайдын хаалгаар гарах мөчид өнөөх том захирал “Энэ балайг зайлуулаач” гэж хэлсэн тухай сэтгүүлчид их ярьдаг.

Өнөөдөр бид давхардсан хяналт шалгалтыг болиулъя, төрийн дарамтыг багасгая, байцаагч нарын авлигыг зогсооё гэж ярьж, бичицгээж байна. Төрийн хяналт шалгалтгүй байвал бүх компаниуд хөл дээрээ босоод ирэх ч юм шиг “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд” гэсэн тайлбартайгаар Засгийн газраас ч Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг 3 жил зогсоох хуулийн төсөл УИХ-д өргөн барьчихлаа. Энэ хуулийг баталбал төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2024 оныг дуустал хийхгүйгээр хохирсон тохиолдолд шалгалт хийж байх юм гэнэ.

хууль.PNG

Уржигдраас эхлээд сэтгүүлчид махны асуудлыг хөндөж байна. Чанар, стандартын шаардлага хангахгүй муудсан махыг хиам үйлдвэрлэхэд, сургууль цэцэрлэгийн Үдийн цайнд, зоогийн газруудад нийлүүлсэн байж болзошгүй тухай иргэд тэдэнд ярьж байна. Малчны хотноос идэшээ шууд авдаг нь зол заяандаа залбирч, нөөцийн мах, гуанзны хоол, хиам авдаг нь сэжиглэж хэд хонолоо. Төв банкны 40 ажилтан хоолны хордлогод оров, үйлдвэрлэгч нь зах зээлээс татаж авч эхэлсэн өндгөн шоколад Монголд зарагдаж байна гэсэн мэдээллүүд ч гарав.

Хүнсний аюулгүй байдал Монгол Улсад хангагдаагүй, өнөөдөр идсэн хүнснээсээ цагийн дараа хордоод үхэх эрсдэлтэй байхад манай Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны хяналтаа сулруулах тухай ярьж байгаа нь үнэхээр цагаа олоогүй санаачилга боллоо. Дотооддоо хүнсээ бэлддэг, хүнс бэлтгэн нийлүүлэгчид нь хариуцлагатай, иргэд нь чанартай хүнсээ таньж хэрэглэдэг, зөв боловсруулж хэрэглэдэг болсон цагт мэргэжлийн хяналтын чанар, аюулгүй байдлын шалгалтыг хүнсний салбарт зогсоож, бүр мэргэжлийн холбоодод нь хариуцуулж болно оо. Тэр цаг нь болоогүй байхад хохирол учруулсан бол төлөвлөгөөт бус шалгалт хийнэ гэж хуульчлах гэж байгаа нь нүд рүүгээ хуруугаа хийсэнтэй адил.

Чанарын хяналт суларвал иргэд л хохирно. Үүнээс сэргийлэх гэж Төрийн хяналт шалгалт байдаг. УИХ нэгэнтээ 3 жилээр хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтыг зогсоогоод олон хүн хордвол ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр болно. Хяналтыг хохирол учраад, эсвэл эзэн холбогдогч нь тэнгэрт дэвшсэн хойно нь биш эрсдэл тооцож, угтуулж хийдэг санагдах юм.

ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Хүнсний аюулгүй байдлын тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, парламентаар шуурхай хэлэлцүүлэв. Тогтоолд,

  • Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох;
  • Пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалт бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгах гэсэн байна. Эдгээр нь биелэгдээгүй байхад УИХ 3 жилээр төрийн хяналт шалгалтыг зогсоовол парадокс үүснэ.

Сураг сонсох нь ээ, хятад Элчин манай Малын сайдад “монгол махыг энэ компаниудаас л авна, танай Засгийн газар манай хөрөнгө оруулалттай компаниудыг хэтэрхий нударгалахаа больж болох уу” гэсэн үг дуулгачихсан тухай учир мэдэх хүмүүс ярилцсан байна лээ. Хятад руу мах гаргах зөвшөөрөл авч чадаагүй монгол компаниудын үлээсэн “шүгэл” сайтуудаар сенсаац болон дэгдэж, эцэстээ урд хөрш рүүгээ бактерлогийн зэвсэг нийлүүлдэг шахуу болоод дуусав уу, яав. Хүнсний аюулгүй байдлаа дотроо хангасан улсаас ийм мэдээлэл гарах учиргүй баймаар.

Г.Улсболд

Санал болгох

Цэц тэдний тарьсан “давхар дээлний” маргааныг хагалахаар боллоо

Өөрчилсөн заалтаа 8 жил хөндөхгүй байх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байна.

11 өдрийн өмнө
Жаргалтай үгэнд вакумждаг нам дэлхийд байхгүй шүү

Цагдаа МАН-аас гаргасан гомдлоор хэрэг бүртгэлт явуулж, улмаар гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөгч бас И.Мөнхжаргалд “хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ” гээчийг авчээ. Энэ нь “дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх” хамгаалалт. Намын нэр хүндийг хамгаалж иргэндээ таслан сэргийлэх арга хэмжээ авсан тэрхүү мөрдөгч хэн юм бол доо?

19 өдрийн өмнө
Хуулийн хулгай: Хөгжлийн банк, Сангийн хэрэгтнүүдийг өршөөх хууль хэлэлцэх гэж байна

Гэмт хэргийг үйлдсэнээс 5 жил өнгөрсөн бол яллагдагчаар тооцож болдоггүй хөөн хэлэлцэх тогтоосон байдаг.

2 сарын өмнө
Хордож үхсэний дараа сануулдаг МХЕГ-аар яах юм бэ

Хяналтыг хохирол учраад, эсвэл эзэн холбогдогч нь тэнгэрт дэвшсэн хойно нь биш эрсдэл тооцож, угтуулж хийдэг санагдах юм.

3 сарын өмнө