С.АМАРСАЙХАН: Муудсан махыг хүнсэнд хэрэглээгүй

2
2022 оны 6 сарын 22022-06-02
С.АМАРСАЙХАН: Муудсан махыг хүнсэнд хэрэглээгүй

Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар   Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр,

Засгийн газрын тавдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг шалгах шийдвэр гарсан.  Өнөөдрийн байдлаар БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр байна. Өнөөдрийн байдлаар СХД-ийн 32 дугаар хороонд мах боловсруулах 32 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр байгаа тухай албан мэдээллийг холбогдох байгууллагууд өглөө.Энэ оны тавдугаар сарын 10-аас эхлэн мэргэжлийн хяналтын ерөнхий газар мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Эмээлтэд 17 мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож лацадсан. Ажлын хэсгээс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, дулааны аргаар мах боловсруулах үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож эрсдэлийн үнэлгээ хийх, стандартад нийцэж байгаа эсэхийг нягтлан нарийвчлан шалгах зэргээр нэг бүрчлэн ажиллана.

Цаашид эрүүл ахуйн шаардлага стандарт ажиллахгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцож, стандарт мөрдөх талаар арга хэмжээг авах болно. Мэргэжлийн хяналтын  байгууллагаас тогтмол хяналт тавих шаардлагатай гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа учраас зохих арга хэмжээг авна. УИХ, Засгийн газраас үндэсний хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн зохион байгуулалтыг цаашид илүү сайжруулах үүрэг даалгавруудыг өгсөн. Энэ хүрээнд шаардлагатай ажлууд цаашид үргэлжилнэ. Иргэдэд хэлэхэд, хэвлэл мэдээллээр цацаж буй мэдээллүүдтэй холбоотой санаа зовнисон олон асуулт байгаа тул холбогдох хүмүүс мэдээлэл өгөхөөр ирсэн байна. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд цаг алдахгүй арга хэмжээ авах, нээлттэй мэдээлэл өгөх чиглэлд анхаарч байна.

Энэ үеэр сэтгүүлчид Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох албаны хүмүүсээс дараах асуултад хариулт авлаа.

-Бүтэн жил гаруйн хугацаанд экспортоор мах гараагүй байхад мэргэжлийн хяналтын байгууллагаас яагаад танд “экспортод гаргах зориулалттай үмхийрсэн мах бэлдэж байсан” гэх мэтээр тайлбарлаж байдаг юм. Үүнийг Монгол хүн идсэн байх магадлал маш өндөр байна. Гэлээ ч гадаадад экспортлох тухай яривал Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал учраас ийм тэнэг тайлбар хэлж суугаа мэргэжлийн хяналтын байгууллагад хариуцлага тооцох хэрэгтэй биш үү. Шалгаж,торгодог, дараа нь хэнч хариуцлага тооцдоггүй асуудал үргэлжилсээр л байна. Монгол Улс стратегийн чухал ач холбогдолтой мах, махан бүтээгдэхүүний стандартыг өндөр болгох шаардлагатай биш үү?

-Мах, хүнсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудал яригдаж ирсэн.Сүүлийн үед Эмээлт орчмын махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудал яригдаж ноцтой хэмжээнд хүрч хөндөгдөж байна. Гэхдээ энэ нь анх удаа яригдаж буй асуудал биш. Олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Хяналт, шалгалт хийж буй нэрээр ил далд хэлбэрээр нэг нь шалгасан болж, нөгөө нь шалгуулсан төдий дүр эсгэдэг.

Нарийн яривал, үгсэн хуйвалдсан  асуудлууд ч үе үеийн мэргэжлийн хяналт, шат шатны байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудын нэр ч холбогддог. Ашиг сонирхолтой асуудлууд ч яригдаж ирсэн.

Тиймээс энэ удаагийн шалгалтыг нээлттэй, олон нийтийн оролцоо хяналт дор явуулж нэг мөр энэ асуудлыг цэгцлэхгүй бол нэг хэсэг л яригддаг, орхигддог. Энэ асуудлыг цаашид өмнөх шиг байдлаар үргэлжлүүлж болохгүй гэсэн байр сууринаас хатуу зохион байгуулалтад оруулж ажиллахаар болсныг ч иргэд мэдэж байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, Хүнс хөдөө аж ахуйн сайд мэдээлэл хийсэн. Экспортын зөвшөөрөлтэй нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь зөвшөөрөл байдаггүй. Гэтэл зөвшөөрөлтэй атал үйлдвэр эрхэлдэггүй, өөрсдөө байдаггүй энэ дунд нугалаа гарсан магадлал өндөр бий. Тиймээс Засгийн газар ажлын хэсэг байгуулж хүнсний аюулгүй байдалтай холбоотоймэргэжлийн хяналтын үйл ажиллагааг цэгцлэх ажлууд хийж эхэлсэн. Өмнө нь хяналт шалгалтууд явуулж байсан ч хангалтгүй байсан. Иймд мэргэжлийн хяналтын байгууллага, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагуудыг сольсон.

-Нөгөө талаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ махнаас хоол бэлдсэн байх өндөр магадлалтай байх. Үдийн цай 2000 төгрөгт тохирсон мах гэхэд хамгийн хямд өртөгтэй байгаа. Сургууль цэцэрлэгүүдэд нийлүүлж байгаа махны чанар стандартад хэн ямар хяналт тавьж байна. Засгийн газар яагаад 10 гаруй хоног чимээгүй байв. Энэ асуудалд Эрүүгийн хуулиар арга хэмжээ авах ёстой?

-Сургууль цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдлаас гадна нийт хүн амын хүнсний хэрэглээнд энэ төрлийн шаардлага хангаагүй мах махан бүтээгдэхүүн нийлүүлсэн үү, үгүй юу гэдэгт байнга мэдээлэл авч байгаа. Мэргэжлийн хяналт, холбогдох байгууллагаас мах нь дотоодын хүнсний үйлдвэрлэлд буюу хэрэглээнд ашиглагдахгүй байгаа тухай мэдээллийг өгч байгаа.  Мэдээж Хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт шалгалт тавих ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр хяналт тавьдаг. Энэ оны тавдугаар сарын 10-аас эхлэн Эмээлт орчмын мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд хийж эхэлсэн. Миний бие тавдугаар сарын 27-нд мэргэжлийн хяналтын байгууллагуудтай уулзаж хяналт шалгалтын явцын талаарх мэдээлэл авч, хяналтыг чангаруулж эрчимжүүлэх үүрэг өгсөн. Зөвхөн мах,махан бүтээгдэхүүний үйлдвэр бус бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт сайжруулах. Ингэхдээ стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг дарамтлахгүй. Харин дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хатуу арга хэмжээ тооцож нээлттэй мэдээлэл өгөх тал дээр тодорхой чиглэл өгсөн. Асуудал их байна. 

-Төр цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэдхэн  сэтгүүлчийн олж мэдэх зүйлийг та бүхэн мэдээгүй байсан юм уу.Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт явуулж байсан уу. Хэрэв хяналт тавьж байсан бол ямар зөрчил илэрч байв. Тухай бүрт нь арга хэмжээ авч байсан уу?

-Төр огт хяналтгүй байгаагүй. Энэ дундуур алдаа, оноо бий. Мэдээж дутагдлууд байгааг бүгд мэдэж байгаа учраас олон нийтийн хяналт дор мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажиллана. Цаашид илүү хатуу хяналттай ажиллах шаардлагатай.

-Гэхдээ сургууль цэцэрлэгүүдэд нийлүүлж буй махыг нэгдсэн байдлаар хяналт шалгалт тавих ёстой болов уу. Чанаргүй махны нийлүүлэлт их байгаа шүү дээ. Шалгалт хийх арга барилаа өөрчлөх шаардлагатай биш үү. Шалгана гэж зарлахаар ямар ч зөрчил гарахгүй байх нь тодорхой?

-Би дээр дурдсан, өмнө нь бид шалгаж байгаа ч юм шиг үгүй ч юм шиг орхигддог байсан. Иймд олон нийтийн хяналт давхар байх ёстой гэж үзсэн. Цаашид бүх талын хяналттай байж олон жилийн завхрал, найзан дундаа байдаг, ашиг хонжоо хардаг асуудлыг таслахын тулд олон нийтийн хяналт дор шалгалтыг зохион байгуулъя гэж үзэж байгаа юм. Хүнсний аюулгүй байдал бол бидний хэн нь ч нэгээсээ нуух ёсгүй асуудал. Бүх талаараа нээлттэй байх ёстой.

"Эм ди си пи" ХХК-д Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг үүсгэсэн

-Мэргэжлийн хяналтын газрын даргаас асууя. Улсын байцаагч нь шалгалтаар очихдоо хятад иргэнтэй хамт  муудсан гэх махыг чанаж идээд зогсч байдаг. Энэ нь болж байгаа юм уу. Дээр нь мэргэжлийн хяналтын лацыг дурын сэтгүүлч нь задалж бүтээгдэхүүнийг ил гаргаж чанаж идэж болдог юм уу?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үндсэн 7 салбарт хяналт тавьдаг. Үүнээс хамгийн эрсдэлтэй гурван салбарын нэг нь хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал. Монгол Улсад монгол, хятад, орос  иргэний аль нь ч үйл ажиллагаа явуулсан Хүнсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн бол хатуу хариуцлага хүлээх ёстой. Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол стандарт, дүрмийг баримтлах ёстой. Энэ ч үүднээс манайхаас холбогдох хяналт,шалгалт хийсэн. Улсын хэмжээнд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 173 аж ахуйн нэгж байна. Үүний 61 нь экспортын чиглэлээр ажилладаг бөгөөд 31 нь Хятад руу бүтээгдэхүүн нийлүүлэхээр ажилладаг. Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагаас шүгэл үлээж байгаа учраас хамтран ажиллаж шуурхай мэдээллийг өгч байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулдаг. Жишээ нь, махны асуудлаар тавдугаар сарын 18-наас төлөвлөгөөт бус хяналт тавьж байна.

Олон нийтийн анхаарал татаад буй “Эм ди си пи” ХХК-д Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эзэнгүй 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах нь гэмт хэргийн шинжтэй  гэж үзсэн. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нартай холбоотой асуудал бий.

Үүнийг дотоод хяналт шалгалтаар хянаж байна.

Мах чанаж идэж болохгүй гэсэн байцаагчтай холбоотой асуудал яригдсан. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын даргын хувьд шүүмжлэлтэй байгаа. Лабораторийн шинжилгээний дүн гарсны дараа л аюултай юу үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Тиймээс биш тэнд мах чанаж идсэн хүмүүс лабораторийн ажилтнууд биш.
 

Энэ нь маш эрсдэлтэй үйлдэл. Лацны асуудалд мэргэжлийн хяналтын байгууллагаас прокурорын байгууллагад хэрэг үүсгэсэн учраас прокурорын хяналт дор лац тавьсан. Үүнийг прокурорын зөвшөөрөлгүй мэргэжлийн хяналт,цагдаа болон хэн нэгэн иргэн хөндөж болохгүй. Энэ нь өөрөө зөрчил. Иймд Зөрчлийн асуудал гэдгийг зөв ойлгоорой.

-Мэргэжлийн хяналтын даргаас асууя. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдаж байхад мах чанаж идсэн байцаагчийн асуудлыг яагаад байгууллагын дотоод хяналт шалгалтаар хянадаг юм. Танай улсын байцаагчид хэн нэгэн сэтгүүлчийг утсаар ярихаар хамт мах чанаж идээд байдаг юм уу. Өчигдөр чанаж идсэн махыг төрийн ордны гадаа авчирсан байна. Үүнд мэргэжлийн хяналтын газрын дарга та мах аюулгүй гэдгийг баталж байгаа бол чанаж идээд үзүүлэх боломжтой юу. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан та хариуцлагын асуудал ярих уу. Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаад байхад та өнөөдрийг хүртэл чимээгүй байна?

-Хүнс хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан: Малын махтай холбоотой асуудал бол олон жил хуримтлагдсан. Бидний зүгээс дулааны аргаар мах боловсруулдаг эрх өгдөг энэ байдлыг нэгтгэх ёстой. Эрхийг Монгол Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар өгдөггүй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ч өгдөггүй. Экспорт гаргах хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгжид Хүнс хөдөө ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас Хятадын талд уламжилдаг. Импортлогч орон мах үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг сонгож гаалийн байгууллагад олгодог. Энэ хүрээнд нийт 60 компани байна.

Аж ахуйн нэгжүүд мал эмнэлгийн гарал үүсэлд үндэслэж олон улсад мах экспортлох зөвшөөрөл олгодог. Харин зөрчил гарсан аж ахуйн нэгжийн тухайд экспортлох зөвшөөрөл болон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ байхгүй. Яагаад гэвэл мах экспортлох эрхгүй аж ахуйн нэгж.

Махны тухайд бид системтэйгээр хянах гэж оролдож байгаа. Мах, сүүнд хяналт тавьж байгаа. Улаанбаатар хотод орж ирж буй махыг хоног тутамд хянаж байна. Зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө 65.7 тонн мах, 157 литр сүү орж ирсэн.Бүгд мал эмнэлгийн гарал үүсэлтэй.

Эмээлтэд байгаа махны үйлдвэрүүдийн  тухайд дулааны аргаар боловсруулсан гэх амталж болгосон, жингийн алдагдалтай болсон махыг үйлдвэрлэлд хэрэглэх боломжгүй. Эрүүл ахуй зөрчсөн асуудал улсын махны экспортод саад болж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар мэргэжлийн хяналтын бүтцийг өөрчилнө

-МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Би махыг аюулгүй бас аюултай гэж хэлээгүй. Лабораторийн шинжилгээгээр дүн гарна. Хараат бусаар шинжилгээний дүн гарсны дараа асуудалд хандах ёстой. Тиймээс биш мах аюулгүй юм бол амтал, үнэрлэ гэсэн асуудлыг та бүхэн аль болох битгий уриал. Энэ бол эрсдэлтэй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан мах экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жил зогсонги байсан. Энэ ч үүднээс мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт хяналт хийгээгүй. 2022 он гарснаар экспортын асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжсэн. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас 61 компанид төлөвлөгөөт хяналт тавьсан. Шалгалт дууссаны дараа холбогдох мэдээлэл хийнэ.

“Эм ди си пи” ХХК нь 2018 онд махны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан. Сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулаагүй. Харин энэ оны хоёрдугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн. Гэхдээ зөвшөөрөлд зааснаас өөр чиглэлээр буюу мах экспортлох чиглэлээр мах бэлтгэж эхэлсэн. Гэтэл энэ компани мах экспортлох зөвшөөрөлгүй. 

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоосон. Прокурорын хяналтын дараа мэдээлэл хийнэ.

 

-Та бүхэн төрийн хяналт шалгалтыг гурван жил зогсооно гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Одоо болохоор хяналт шалгалт хийх тухай ярьж байна. Тэгэхээр хяналт шалгалтыг гурван жил зогсоож аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй гэсэн хуулийн төсөл батлагдвал үндэсний аюулгүй байдлын асуудал юу болох вэ. Ямар мах хэрэглэж байгааг ч мэдэхгүй байна?

-С.Амарсайхан: Төлөвлөгөөт хяналт шалгалттай холбоотой асуудалд Засгийн газар, УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн гол зорилго нь цар тахал дэгдсэн хоёр жил гаруйн дараа уналтад орсон эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгж иргэдийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагагүй дарамт үүсгэхгүй зохих ёсны шалгалт хийх агуулгатай. Гэхдээ би  маш олон удаа хэлж байгаа. Сануулбал, Төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсооно гэдэг нь хяналтгүй орхино гэсэн үг биш. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудалд мэргэжлийн байгууллагууд хяналт тавина. Төлөвлөгөөт хяналт шалгалт нэрийдлээр шаардлагагүй хяналтыг багасгах зохицуулалт хийнэ. Тиймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулж мэргэжлийн хяналтын бүтцийг өөрчилье гэж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө