Олон улсын Хуульчдын холбооноос 2018 оны Нийтэд тустай өмгөөллийн үйл ажиллагаа шагнал хүртсэн хуульч Х.Баасанжаргал МАН-ын дэргэдэх Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирлаар томилогджээ. Тэрээр хүний эрхийн ТББ-уудтай хамтран Засгийн газрыг гурван шатны шүүхэд ялж, өвөл, хаврын морин уралдаанд бага насны хүүхдээр морь унуулахгүй байх шийдвэрийг гаргуулснаараа дээрх нэр хүндтэй шагналыг эзэн болж байлаа. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд хүний эрхийг зөрчсөн заалтууд байгаа талаар тус хүрээлэн дүгнэлт гаргасан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч, ХЗДХЯ төслөө татаад байна. Бидний яриа энэ хүрээнд өрнөлөө.
-----------------------------------
-Засгийн газар Эрүүгийн болон Эрүүгийн процессын хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлж байхад нь намын дэргэдэх ТББ зөвлөмж гаргаад хуулийн төслөө татаж авах нөхцөлийг үүсгэж байна. Нэг талдаа судлаачийн хувьд гоё байгаа, үр дүнд хүрч байна. Нөгөө талдаа УИХ, Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэнд намын аппарат хөндлөнгөөс орж ирж байгаа нь зөв үү?
-Төрийн ажилд оролцоод байгаа нь хэр зохистой вэ гэж үү. Нэгт, бид бүх зүйлд оролцохгүй. Хоёрдугаарт, хууль ёсны дагуу оролцох ёстой. Бидэн байгаа улс төрийн боломж бол олонхийн бүлэг. Бид олонхийн бүлэгт Засгийн газраас өргөн барьсан хууль тогтоомжийн төсөл дээр ийм асуудлууд байна шүү гэдгийг мэдэгдэж байгаа. Гуравдугаарт, бидний оролцож байгаа хүрээ хүний эрхийн асуудлаар хязгаарлагдаж байгаа. Өөр бусад улс төр, эдийн засгийн шийдлүүдэд манайх оролцохгүй. Хүрээ хязгаараа бид хүний эрхийн асуудал гэдэг дээр хатуу барина.
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын төсөлд хүний эрхийг зөрчсөн заалтууд байж болзошгүй байгаа тул эргэж харах, зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд уламжиллаа. pic.twitter.com/yy6XFG4MIs
— Д. Амарбаясгалан (@AmaraaDshzvg) May 31, 2022
-МАН-ын дэргэд ТББ-ын статустай 3 тинк танк байдгийн нэг нь танай Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн юм байна. Хүний эрхийн асуудал дээр хэдэн орон тоогоор, хэр хэмжээний судалгаагаар оролцох вэ?
-30 дугаар Их хурал дээр МАН өөрийнхөө дотоод бодлого, дүрэм, журмаас гадна гишүүд нь, намаас томилогддог улс төрийн албан тушаалтнууд нь хүний эрхийг дээдэлдэг, энийг үйл ажиллагаандаа төлөвшүүлсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн. Энэ бодлогын хүрээнд байгуулагдсан хүрээлэн нь манайх. Одоогоор 4 орон тоотой. Надаас гадна гурван судлаач гэсэн үг. Дээр нь УИХ-ын гишүүдээс бүрдсэн Бодлогын зөвлөх баг байгаа. Бид он дамнуулаад хууль зүйн салбарынхаа аль мундаг гэсэн судлаачид, МУИС, Шихихутуг, Отгонтэнгэр зэрэг хуулийн сургуулийн багш нар, урдаа барьдаг хуульч нараар гурван том суурь судалгаа хийлгэсэн. 300 гаруй хуульд хийсэн хүний эрхийн зөрчлийн судалгааг 20 орчим судлаачдын багаар хийлгэсэн байх жишээтэй. Бид тухайн хууль тогтоомжийн төсөл дээр тохирох судалгаанаас түүвэр хийж, ХЭҮК-ын илтгэлүүд, олон улсын гэрээ конвенцын хэрэгжилтийн тайлангуудыг нэгтгэж зөвлөмж, дүгнэлтээ УИХ-ын гишүүдээс бүрдсэн Бодлогын зөвлөлд танилцуулдаг. Баасанжаргалын ч юм уу, манай багийн дүгнэлтүүд байхгүй.
-Хүний эрхийн зөрчлийг засах судалгаа болгон танай хүрээлэнгээр дамжиж хуулийн төсөл болж УИХ-ын гишүүдээр өргөн баригдах уу. Эсвэл өргөн барьсан төслийн араас зөвлөмж гаргаад явах юм уу?
-Анхны төсөөлөл бол таны эхний асуулт шиг байсан. Бодит байдал дээр бид одоогийн хуулийг сайжруулахаар боловсруулсан төсөл дээр санал зөвлөмжөө өгөх байдлаар ажиллаж байна. Судлаачдаар хийлгэсэн судалгаагаа харж байгаад одоо байгаа хууль дээр байгаа зөрчлийг арилгах төсөл мөн үү. Нэмээд шинээр хязгаарлалтууд оруулж ирж байна уу. Зохицуулагдаагүй үлдэж байгаа асуудлууд байна уу гэдэг дээр анхаарч байна. Нээлттэй хэлэлцүүлгээр судлаачдаас гарсан санал, хуулиудад өгсөн мониторингийн дүн, хүний эрхийн төлөв байдлын судалгаа, төсөл дээр хийсэн дүн шинжилгээ гээд нийтдээ 4 төрлийн хавсралтыг УИХ-ын гишүүд буюу Бодлогын зөвлөлд өгдөг. Манайхаас очдог цаас их байх, гол нь уншаасай, хуулийн төсөлдөө тусгачихаасай гэж бодоод байж байна.
-Бодлогын зөвлөлд УИХ-ын хэдэн гишүүн байгаа билээ?
-Арван нэг.
-11 гишүүн гэдэг бол бараг л УИХ-ын Байнгын хороо. Танай хүрээлэн дэргэдээ УИХ-ын Байнгын хороотой болчихсон юм биш үү.
-/Инээв/. Тийм ч юм уу.
-Та бүхэн судалгаа, дүгнэлтээ тэр гишүүдэд танилцуулна. Тэд сонсоод, уншаад өөрсдөдөө шингээхээс гадна УИХ-ын чуулган, байнгын хороо, ажлын хэсэг дээр илэрхийлэх юм байна, тийм үү?
-Тэгнэ гэсэн үг.
-Яг хууль тогтоох юм руу орж байна, тийм ээ?
-Тийм. 11 гишүүндээ манай хүрээлэн хүний эрхийн нэн тэргүүний 10 асуудлыг хуваарилсан. Баярсайхан гишүүн гэхэд хүүхдийн эрхийн асуудлыг, Цогтбаатар гишүүн орон байртай байх эрхийн асуудлыг, ХЭҮК-ыг чадавхжуулах асуудлыг Сүхбаатар гишүүн хариуцсан байх жишээтэй. Бид асуудал хариуцсан гишүүддээ тухайн асуудалтай нь холбоотой бүх судалгаагаар хангаж, мэдээлэл өгөөд явдаг. Ингээд ирэхээр жишээ нь, Баярсайхан гишүүн зургадугаар сарын 1-нийг угтаад Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган хийж, судалгаа танилцуулж байх жишээтэй. Энэ мэтээр хууль тогтоох ажилд нэмэр болох болов уу гэж бодож байна.
-Хүүхдээ орхиж салсан эхнэр/нөхрийн цалингийн орлогын 50 хувийг сар бүр тэтгэмжид шилжүүлнэ гэдэг хуулийн төсөл танай өгсөн зөвлөмж үү?
-Үгүй. Яагаад ийм гарчигтай мэдээлэл явсан нь хачирхалтай. Хуулийн төслийг нь харвал тийм үг, өгүүлбэр байхгүй. Хүмүүс заалт болгоныг нь харвал төсөл нь нээлттэй, санал авах шатандаа яваа. Томъёолол нь, хүүхдийн асрамж тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо орлогын хэмжээг харгалзан үзнэ гэсэн байгаа. Шууд 50 хувь гэж байхгүй. Тэрийг танилцуулахдаа дор хаяж 50 хувь байвал зүгээр гэсэн байдлаар бодлоо хуваалцсан байж магадгүй юм. Тухайн хүний амьдрал, ямар зам мөр туулж явааг мэдэхгүй, дахиад хүүхэд, гэр бүлтэй боллоо гэхэд яах билээ. Тэр болгоныг харгалзаж шүүх шийдвэрээ гаргах замаар явах нь зүйтэй. Харин одоогийнх шиг зөвхөн амьжиргааны доод түвшингээр тогтоолгүй орлоготой нь уялдуулж хараач ээ гэдэг өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа юм.
-Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэнгээс гаргасан санал, дүгнэлт, зөвлөмжийг МАН-аас сонгогдсон гишүүд хүлээж авах ёстой гэсэн үүрэгжүүлсэн дүрэм, журам байхгүй биз дээ?
-Байхгүй. Саяын явсан процесс дээр жишээ авч ярилцая. Манайх зөвлөмжөө гаргаад ийм асуудлууд судалгаагаар үнэхээр байна, олон нийтийн шүүмж байна гэсэн. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэлэлцүүлгийг 3-4 дүгээр сард ХЗДХЯ хийсэн байсан. Тэр дээр хийсэн тэмдэглэлийг харахад хэдхэн санал оролцогчид хэлсэн байсан. Хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа хуулийн төслийг нь урьдчилж тараагаагүй, хүмүүс уншаагүй очсон, олон талт оролцоог хангаагүй санагдсан. Томъёолол нь бэлэн болсны дараа бид зөвлөмжөө бэлдэж танилцуулсан. Дараа нь Бодлогын зөвлөлдөө танилцуулахад энэ талаас нь харсан уу, илүү сайжруулах боломж байна уу, хүний эрхийн хязгаарлалт мөн үү, өөрөөр томъёолох боломж байна уу гээд санал ирсэн. Саналыг тусгаад Бодлогын зөвлөлдөө танилцуулсан. Ингээд УИХ дахь МАН-ын бүлэгт бичгээр хүргүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гараад манай ажил дууссан.
Бид Эрүүгийн хуулиар 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар долоон санал өгсөн санагдаж байна. Эрүүгийн хууль дээр жишээ нь цоо шинээр 12 үйлдлийг гэмт хэрэгт тооцож оруулж ирэх төсөл өргөн баригдсан. Тэрний нэг “Доромжлох” үйлдэл гэхэд 2002 оны Эрүүгийн хууль дээр байсан зохицуулалт. Олон улсаас дандаа доромжлох, худал мэдээлэл тараах, гүтгэх зэргийг Эрүүгийн хуульдаа оруулсан байсан нь хүний эрхийн зөрчил гэсэн дүгнэлт авдаг байсан. Тэрийгээ бид 2015 онд засаад нэг алхам урагшилсан байсан. Урагшаа хэд алхчихаад хойшоо нэлээд хэд ухарчихгүй юмсан гэдэг дээр саналаа өгсөн гэсэн үг.
-Хэвлэлийн эрх чөлөөгөөр Монгол Улс 22 байр ухарлаа. Юунаас болоод ухарсан гэсэн дүгнэлттэй байгаа вэ?
-Энийг бид илүү судлах шаардлагатай. Нарийн индикаторуудыг бид олж харж чадаагүй байна. Судлаачдын байр суурийг харахаар:
- Нэгдүгээрт цар тахлын үеэр хэвлэлийн эрх чөлөөг нэлээд хязгаарласан. Мэдээлэл хаалттай байсан гэдэг нь нэлээд том шалтгаан байсан уу гэж харсан.
- Хоёрдугаарт, сэтгүүлчдэд оногдуулж байгаа ял, зөрчлийн хариуцлага жин дарсан.
- Гуравдугаарт, энэ гомдлыг хэн гаргаад байна гэхээр ихэвчлэн улстөрч, эрх мэдэлтэй хүмүүс гаргаад байна. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл.
Жирийн иргэд хоорондын гомдол байгаа бол үүнийг арай өөр түвшинд хардаг. Үндсэн ийм гурван шалтгаан байна уу гэж харж байгаа. Миний сонссоноор Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарсан шалтгааны талаар ХЗДХЯ зургадугаар сард багтаад хэлэлцүүлэг хийх юм билээ. Олон нийтийн дунд ярих ёстой асуудал.
-ХЗДХЯ, ХЗҮХ-ээс зохион байгуулдаг хэлэлцүүлэгт хуулийн төслийн концепцыг дэмжсэн илтгэлүүд тавигдаж, хэд гурван багш, өмгөөлөгч үгээ хэлдэг. Хуулийн сургуулийн оюутнууд, хууль зүйн хүрээлэнгийн ажилтнаар танхимаа дүүргэсэн ийм хэлэлцүүлэгт олон сууж байсан. Ийм усан хэлэлцүүлэг хийсэн болсныгоо хэлэлцүүлэг хийсэн гэж тайлагнадаг. Бодитой санал хэлдэг, саналаа бичгээр өгдөг боловч тэр нь тусдаггүй хуульчид танай хүрээлэнд хандаж болох уу?
-Болно, үргэлж нээлттэй. Хэлэлцүүлэг хийдэг энэ форматыг бид эвдэх гээд энүүхэндээ үзэж байгаа. Эхлээд тухайн хууль дээрх хүний эрхийн зөрчилтэй заалтуудыг танилцуулчихна. Араас нь хуулийн төслийг танилцуулах үед заалт бүрээр тухайн зөрчил засагдаж, сайжирсан байна уу гэдгийг ярилцаад явах маягаар. Ингээд хэлэлцүүлэг хийгдсэний дараа албан ёсоор бичгээр саналаа цуглуулна. Миний ч энэ ажлыг сонгосон шалтгаан энэ. Би хуульчаар 18 жил ажиллахдаа сүүлийн хэдэн жилд нь хүний эрхийн чиглэлд сайн дурын ажил хийж байсан. Ингээд ажиллах явцад хүний эрхийн чиглэлд оруулсан хувь нэмэр маань тун бага юм билээ. Хий дэмий ажиллахаас, хашгирахаас цаашгүй, саналаа тусгуулъя гэхээр нүсэр системийн хаалттай нүүр тулдаг. Бичгээр өгсөн бодитой санал хаа замхарсан нь мэдэгдэхгүй алга болчихдог, тусдаггүй. Ийм учраас Стратеги академийн захирал Болорсайханы хугацаа тулгуу саналыг хүлээн авахдаа Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэнд ажиллах хугацаандаа хууль тогтоох систем дотор өөрийнхөө хувь нэмрийг бодитой оруулчих юмсан, дараа нь хүүхдүүддээ хэлэх үгтэй байя гэж бодсон. Ээж нь хуульчийн хувьд хийж чадахаа хийсэн шүү гээд ам бардам зогсч байх ёстой гэж.
-Сүүлийн асуулт. ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, УИХ, Засгийн газарт Хуулийн хэлтэс цалин аваад ажиллаж байна. Дахиад асуухад танайх юугаараа өөр гэж?
-Өчнөөн олон төрийн байгууллагаас гадна ХЭҮК бас байна. Хүний эрхийн чиглэлээр ажиллах дотоодын механизм ажиллаж байхад намын дэргэдэх төрийн бус байгууллагыг давхардуулж ажиллуулах ямар хэрэгтэй юм бол гэж энд ирэхээсээ өмнө би ч бодож байсан.
Төрийн байгууллагууд төрийн хийсэн хууль, тогтоомжийн төсөл дээр хэлж ярих боломж нь хязгаарлагдмал байдаг. ХЭҮК-ыг гэхэд зарим зүйл дээр яагаад дуугарахгүй уддаг юм бол гэж хүмүүс асуудаг. Тэнд нүсэр аппарат заавал хоорондоо хэлэлцэж, санал нэгдэж олонхиороо шийдэж байж албажуулдаг. Хууль тогтоомжийн төсөл дээр хүний эрхийн зөрчлийн заалтууд дээр саналаа шууд өгөх чиг үүрэг байхгүй гэдэг асуудал бий.
Нөгөөтэйгүүр, ХЗДХЯ өөрөө хуулийн төсөл өргөн барьж байгаа учраас өөрсдийн төсөл дээрээ саналаа өгөх боломжгүй гэх мэт асуудал бий.
МАН 300 гаруй гишүүнтэй аппарат. Энэ нам дээр төрийн бодлого тодорхойлохын тулд хүмүүс нэр дэвшиж байгаа. Намаас улстөрчид гарахдаа хүний эрхийн мэдлэг, ойлголттой болох гэдэг нь надад таалагдсан. Тэгээд явцын дунд энэ ажлуудыг яаж зөв механизмтай болгох вэ гэдэг дээр анхаарах ёстой гэж харж байгаа. Нөгөө талдаа төрийн үйл ажиллагаанд намын хэт оролцоо байна уу гэдэг ялгаа заагийг бид гаргах ёстой юм билээ. Гэхдээ энэ ажил өөрөө хүний эрхийн төлөө учраас оролцоо талаасаа гайгүй гэж бодож байна. Би энэ ажлыг тавдугаар сарын 4-нд авсан, сар л болж байна. Хийгдсэн судалгаануудыг өргөн барьж байгаа хууль тогтоомжийн төслүүдэд оруулахаар ажиллаж байна. Мэдээж УИХ-ын түвшинд оччихсон төсөл дээр саналаа өгөх нь хүнд юм. Тэгэхээр аль болох боловсруулж байгаа шатанд, боломж нь гарвал үзэл баримтлал, танилцуулгаа бэлдэх үед нь хүний эрхийн асуудлыг нь тусгах шаардлагатай гэж үзэж байгаа. Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах шатанд иргэд болон хуульчдын бичгээр хандаж саналаа өгдөг оролцоо нь бага юм байна.
Төрийн ажил хурдан шуурхай явах нь чухал боловч зайлшгүй олон нийтийн оролцоо, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй иргэдийн оролцоог жинхэнээсээ оруулдаг тогтолцоо чухал байгаа юм. Энэ рүү бид хүссэн хүсээгүй орж таарах гээд байна гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа.
Г.Улсболд