СУРВАЛЖИЛГА: Түргэн хоолны хүүхдүүд

2
2022 оны 6 сарын 92022-06-09
СУРВАЛЖИЛГА: Түргэн хоолны хүүхдүүд

-Бэлэн гоймонгоо авмаар байна

-Боломжгүй, 16 нас хүрээгүй хүүхдэд бэлэн гоймон зарахгүй. Аль эсвэл иргэний үнэмлэхээ үзүүл.

-Гэртээ орхичихжээ. Зүгээр л одоо авчихъя, бэлэн гоймон идмээр байхад яагаад иргэний үнэмлэх заавал нэхээд байгаа юм бэ, би 16 нас хүрсэн...гэж  “GS25 сүлжээ дэлгүүрт нэгэн хүү, худалдагч хоёр ярилцах нь анхаарал татав.  Үеийнхнэсээ илүү өсгөлүүн бие бялдартай бас хүмүүсийн өхөөрддөгөөр “бондгор” тэр хүү бэлэн гоймон авахын төлөө эхэндээ худал ярьж, гуйж, сүүлдээ бухимдаж “өлсөөд байхад бэлэн гоймон яагаад зарахгүй байгаа юм бэ” гэж бухимдлаа. Түүн шиг бэлэн гоймон, чихэрлэг газтай ундаа, хотдог, пицца зэрэг түргэн хоолонд дуртай, “бондгор” хүүхдүүд нийтлэг болжээ. Зуны амралт эхэлж байгаа ч сүлжээ дэлгүүр, түргэн хоолны газар  хүүхэд, өсвөр үеийнхний хөл хөдөлгөөн татраагүй хэвээр.

 ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, ЗАЙРМАГ, БЭЛЭН ГОЙМОНГИЙН СУРТАЛЧИЛГАА ИХ БАЙНА

Борооны дараах мөөг шиг олширсон “СU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрийн хамгийн гүйлгээтэй хоол нь бэлэн гоймон, хотдог, чихэрлэг ундаа байна.  Мөн адил хүнсний дэлгүүр, супермаркетад ихэнх хүний сагсанд газтай, чихэрлэг ундаа, зайрмаг, элдэв амттан заавал бий. Харин жимс, ногоо авах нь цөөхөн харагддаг. Дөнгөж хэлд орсон жаал “75 75” гэж дуулж, багачууд нь чихэрлэг ундаа авах гэж дэлгүүрт уйлж, өсвөр үеийнхэн түргэн хоолонд дурлах болсон нь ердийн л үзэгдэл шиг болжээ.

Эцэг эхчүүд булцгар мярайлаг хүүхдээ бондгор гэж өхөөрдөж бас “унаган махтай, удмын махлаг” гэж өмөөрөхтэй ч таарч байв. Гэхдээ саяхан л өхөөрдөөд байсан бяцхан хүүхдүүд чинь дөнгөж 20 хүрээд л элдэв төрлийн өвчинд ороогдоход ойрхон байна.

Хэрэв арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд Монгол Улсын 5-9 насны хүүхдийн 12 хувь, 10-19 насны хүүхдийн 8 хувь таргалалтад өртөнө гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас анхааруулсан байна. Ялагуяа телевиз, нийгмийн сүлжээн дэх хоол хүнсний реклам хүүхдийг “уруу татах” болжээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах мэдээллийг өглөө.

НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.ЭНХМЯГМАР:

-Хүүхэд залуусыг таргалалтаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга бол телевиз, зар сурталчилгаанд хяналт тавих ёстой. Энэ талаарх хамгийн сүүлд 2020 оны судалгааны урьдчилсан үр дүнд манай улсын хувьд оргил цагаар буюу 18:00-23:00 цагийн хооронд маш их зар сурталчилгаа гардаг.

Цагт 20 ба түүнээс дээш хоол хүнсний тухай  зар сурталчилгаа явуулж байна. Ингэхдээ эрүүл бус хүнсний зар сурталчилгаа эрүүл хүнстэй харьцуулахад суталчилгаа гурав дахин их байгаа юм. Мөн эрүүл бус хоол, хүнсэнд чиглэсэн урамшуулал эрүүл хүнстэй харьцуулахад 2.3 дахин их байна.

Монголд гарч буй хүүхдэд чиглэсэн нэг сувгаар гарч буй зар сурталчилгаа нь бусад телевизийн сувгуудаас илүү байна.  Жишээ нь, зар сурталчилгааний 40 хувь нь ундаа. Мөн бэлэн хоол, зайрмагны сурталчилгаа маш их байна. Хэдийгээр хүүхэд өөрөө шийдвэр гаргахгүй ч ирээдүйн хэрэглэгч гэдэг утгаараа аж ахуйн нэгжүүдэд маш ашигтай байдаг. Бага насны хүүхэд болон өсвөр насныхан дунд зар сурталчилгаанд бүрэн дүгнэлт хийх чадвар нь хөгжөөүй тул эцэг эхчүүд тайлбарлаж ярилцаж байх хэрэгтэй гэлээ.

Хүүхдүүдийг өдөөгч нь реклам болжээ

74rmFkGJGqDAtkazjp6rfYSGBCTvoS21sb3WDohkkZ-JU5A3397.jpg

Харин АҮШУИС-аас хийсэн судалгаагаар хүүхдүүддээ чихэрлэг бүтээгдэхүүн авч өгдөг эцэг, эхчүүдийн 90 хувь нь буруу гэдгийг мэддэг. Харин мэддэг хэрнээ яагаад авч өгдөг вэ гэдгийг нь асуухад 83 хувь  нь зар сурталчилгаанаас шалтгаалдаг тухайгаа хэлжээ. Телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн сувгаар гуравхан цагийн дотор эрүүл хүнсний сурталчилгаа хоёр, эрүүл бус хүнсний сурталчилгаа долоо явсан бол БНХАУ, Япон, БНСУ-ын хүүхдийн нэвтрүүлгийн сувгийг үзэхэд хүүхдэд чиглэсэн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа байдаггүй байна.

          УЛААНБААТАРТ АМЬДАРЧ БАЙГАА ХҮҮХДҮҮД ТАРГАЛАХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ  

Тус  төв  НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Монгол Улс дахь хүүхдийн илүүдэл жин, тархлалтын цар хүрээ, шалтгааныг тодорхойлсон байна. Үр дүнд нь,  өсвөр насны хүүхэд буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолын улмаас илүүдэл жин, таргалалттай болж байна гэсэн дүгнэлт гарчээ. Ялангуяа  11-17 насныхан дунд 44 хувь нь телевиз үзэх, компьютер тоглоом тоглоом тоглох, ямар нэг байдлаар хөдөлгөөнгүй суухад өдөрт гурван цагийг зарцуулдаг байна. Тэгвэл ердөө нэг цаг ч хүрэхгүй хугацааг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулдаг болохыг судалгаа харуулжээ.

Мөн хооллолтын тухайд, 13-17 насны хүүхдүүдийн 34 хувь нь өдөрт нэгээс олон удаа хийжүүлсэн ундаа уудаг, 26 хувь нь долоо хоногт гурав ба түүнээс олон удаа түргэн хоолны газарт хооллодог байна. Харин тэдний 81 хувь нь өдөрт таван нэгжээс бага жимс ногоо хэрэглэдэг аж.

Ялангуяа нийслэлд амьдарч буй хүүхдүүд тэр дундаа хөвгүүд илүүдэл жин таргалалтад илүү өртөх болжээ. Гол асуудал нь, хүүхэд томрох тусам илүүдэл жин, таргалалтын тархалт нэмэгдэж байгаа юм. Үүнд хүнсний орчин салшгүй холбоотой. Энэ салбар эрүүл бус хүнс, ундааны худалдааг дэмжиж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлсэн.  

НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.БОЛОРМАА: 

IMG_5113.jpg

-Монгол хүүхдүүд таргалалт үүсгэх маш их эрсдэлтэй орчинд амьдарч байна. Ялангуяа хүнсний орчин маш их нөлөөлж байна. Наад зах нь, хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудад худалдаалж буй ихэнх бүтээгдэхүүн хүүхдийн таргалалтад нөлөөлж байна. Тоон баримт сөхвөл, улсын хэмжээнд тав хүртэлх насны 5 орчим хувь нь илүүдэл жинтэй байна. Олон улсын түвшинтэй харьцуулахад энэ нь тогтмол өндөр түвшинд байна. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд таргалалтын түвшин бага ч сүүлийн 20 жилийн хугацаанд эрс нэмэгдэж байна гэж дүгнэж банйа.

Одоо л бид арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд 10 хүрэхгүй жилийн дараа 5-19 насны дийлэнх нь тарган, илүүдэл жинтэй болох эрсдэлтэй байна. Иймд одооноос арга хэмжээ авах хэрэгтэй.

Үүнд хүнсний тогтолцоо маш их нөлөөлж байгаа нь олон улсын судалагаа гаргасан. Иймд арга хэмжээ авах ёстой гэж үзээд хэлэлцүүлэг зохион байгуулж байна гэлээ.

  МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР АЖЛАА "МЭДДЭГГҮЙ"

Хүн амын эрүүл мэнд хүнстэй салшгүй холбоотой. Ялангуяа хүнсний аюулгүй байдал эргэлзээ дагуулах болов. Хүнсний салбарын тухайд буруу хооллолт, худалдааг дэмждэг болохыг эрүүл мэндийн салбарынхан онцолсон. Үүнд ямар хяналт тавьдаг эсэхт мэрэгжлийн хяналтын байгууллага, стандарт хэмжилзүйн газраас мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм. Хүнсний аюулгүй байдал, хүүхдийн таргалалтын асуудлаар өнөөдөр “Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь” сэдвийн дор эрүүл мэндийн салбарынхан гарц хайсан уулзалтыг зохион байгуулсан  юм. Энэ уулзалтад Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон мэргэжлийн хяналтын ерөнхий газар, стандарт хэмжилзүйн газрын төлөөллүүд оролцсон. Стандартыг мөрдүүлэх, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих ёстой эдгээр байгууллагын зүгээс эл уулзалтад зүгээр л мэдээлэл сонсох зорилгоор л ирсэн гэдгийг хэлж байлаа.

Монголчуудын хувьд  чихэрлэг хүнс, далд өлсгөлөн, таргалт гэсэн гурвалсан дарамт маш их байгааг Эрүүл мэндийн яамнаас тодотгож байв. Өөрөөр хэлбэл, иргэд хоол хүнсээрээ хэрэгтэй шим тэжээлээ авч чаддаггүй гэсэн үг.

Мөн эрүүл бус хүнс нь эдийн засгийн байдлаас ч шалтгаалж байгааг НҮБ тайландаа дурджээ. Тодруулбал,эдийн засгийн орчин монголчуудыг хямд үнэтэй, эрүүл бус, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд нөлөөлж байна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

19 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө