Төрийн ял, шагнал хоёр нэг энгэрт хадагдаж болохгүй

21
2022 оны 6 сарын 102022-06-10
Төрийн ял, шагнал хоёр нэг энгэрт хадагдаж болохгүй

"Төрийн цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл. Цолондоо тэнцэж, цолоо дааж, үлгэр жишээч амьдрах ёстой. Монгол төр өгч болсон юм, авч бас болдог" гэж Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд хандан хэлж байлаа. Тэр эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн генералуудын, допинг хэрэглэсэн бөхчүүдийн, Засгийн газрын тогтоол зөрчиж морин уралдаан зохион байгуулан ММУСХ-ны удирдлагуудын цолыг хурааж байв. 

Энэ жишиг хэвээр мөрдөгдөж байгаа бол double standart үүсгэхгүйн тулд өчигдөр /2022.06.09/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс 16 жилийн хорих ял шийтгүүлсэн ялтан Н.Түвшинбаярт Ерөнхийлөгчөөс олгосон цол хэргэмийг хураах шаардлага үүсч байна. 

Түүнд Төрийн тэргүүний зарлигаар

  • 2008 онд Хөдөлмөрийн баатар,
  • 2008 онд Монгол Улсын гавьяат тамирчин,
  • 2008 онд Сүхбаатарын одон,
  • 2008 Алтангадас одон,
  • 2017 онд “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Найдангийн Түвшинбаяр бол Монгол Улсын нэр хүндийг олимп, тив, дэлхийн дэвжээнд өндөрт өргөж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн бөх мөн. Хэдий тийм боловч эрдэнэт хүний амь насыг хөнөөсөн, удаа дараа архидан согтуурсан үедээ бусдыг зодож гэмтээсэн үйлдлээрээ Төрийн тэргүүнээс олгосон төрийн дээд одон медаль, цол хэргэмийг зүүх ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Төрийн ял, төрийн шагнал хоёр нэг энгэрт хадагдаж болохгүй. Н.Түвшинбаярт зарлигаар олгосон одон медалийг хураах эсэхийг Ерөнхийлөгч өөрөө  шийднэ.

Ер нь бол Монгол төрийн эрхэм хүндтэй цолыг дааж явах, нийгмийн алдартны хувьд олон нийтэд зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстойг хэнбугай ч Н.Түвшинбаярын жишээнээс ойлгох нь чухал.

2018 онд  Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн дөрвөн генералын цолыг хураах зарлига гаргаж байв.  Тухайлбал:

olloo_mn_1524617716_olloo_mn_1524565392_genral.jpg

  • Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж 3.5 жилийн ял сонсч, улмаар хорих ялаа дуусгасан Ч.Амарболд,
  • ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн улсын нөөцөөс их хэмжээний мөнгө завшиж  3.6 жилийн хорих ял сонссон П.Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол,
  • ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “МИГ-21” онгоцны моторыг тухайн үеийн ханшаар нэг тэрбум орчим төгрөгөөр худалдан 3.5 жилийн хорих ял авсан  Т.Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цол,
  • Монгол Улсын харьяатаас гарсан Х.Жекейд олгосон "Бригадын генерал" цолыг тус, тус хураасан.

Тухайн үед  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд "Хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан бол Ерөнхийлөгчийн өгдөг бүх цолыг хураана. Эрүүгийн хэргээр шийдэгдэж, ял авсан хүмүүсийн цолыг хураах хуультай" гэж ярьж байжээ. 

Харин 2021 онд зургадугаар сард Х.Баттулга Ч.Амарболдын генерал цолыг сэргээхдээ “Монголын төр тусгай албан хаагчдаа үүрэг өгч, даалгавар өгчихөөд дараа нь үүрэг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй” гэдгийг онцолсон байдаг.

Генералуудын цолыг ийнхүү хураасны дараа Х.Баттулга Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж харанхуй шөнө зохион байгуулсан Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг гаргасан билээ. 

Э.Оюунболдын цолыг хурааж, бөхчүүдэд цол нөхөн олгов

бөх.jpg

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нар түрүү үзүүр булаалдахаар тунан Э.Оюунболд түрүүлж, аварга цол хүртэж байв. Гэвч Э.Оюунболд допингийн шинжилгээнд бүдэрч, энэ асуудал тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээр ирээд гурван жил гацсан байдаг.  Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсны дараа буюу 2021 оны есдүгээр сард Э.Оюунболдын улсын аварга цолыг хураах, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимэг олгуулах зарлиг гаргасан. 

  • Уг шийдвэр биелсэнээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод унасан Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын аварга Намсрайжавын Батсуурьт “Улсын Даян аварга” цол
  • Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Цэдэнбазарын Одбаярт “Улаан заан” цол
  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монгол хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Баянзулын Цэдэнсодномд “Улсын харцага” цол
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх Улсын начин Баярсайханы Орхонбаярт “Улсын харцага” цол
  • Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Даян” дэвжээний бөх аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдад “Улсын харцага” цол
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаярт “Улсын харцага” цол
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Цэрэнбатын Сандагдоржид “Улсын начин” цолыг тус, тус олгосон.

Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Улсын арслан Б.Содномдоржид “Үлэмж бадрах”, Улсын начин Б.Эрдэнэхүүд “Өсөх идэр”, Улсын начин Н.Мустафад “Өсөх идэр”, Улсын начин Б.Суманчулуунд “Өсөх идэр” чимэг  олгосон юм.

Э.СОСОРБУРАМ

 

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

21 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө