Шүүхийн шинэтгэлийг бүтэн болгоё-Прокурорын хууль

1
2022 оны 6 сарын 152022-06-15
Шүүхийн шинэтгэлийг бүтэн болгоё-Прокурорын хууль

Шүүхийн шинэтгэлийн үйл явц дөрөв дэх Засгийн газартаа үргэлжилж байна. 2012 оны парламент Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүх байгуулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталсан. Зам дундаас алдаа оноогоо шүүрдэн өнөөгийн парламент Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болгон багцалсан. Өмнөх шинэтгэл Хуульчдыг холбоог байгуулснаараа, шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас салгаснаараа, шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангаснаараа, Японы Жайка төслийн тусламжтайгаар эвлэрүүлэн зуучлалыг Монголд нэвтрүүлснээрээ онцлог байв. Харин сүүлийн шинэтгэл Шүүхийн сахилгын болон Мэргэшлийн хороог байгуулан, хариуцлагыг чангатгаснаараа онцлог хэмээгдэж байна.

1.

Энэ шинэтгэлийг нэг шат ахиулж хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд хүний эрхийг хязгаарлах бол шүүхээс зөвшөөрөл авдаг болсон. Мөн хэргийг шалгаж, нотлох ажил хууль ёсоор явсан эсэхийг хэлэлцдэг урьдчилсан хэлэлцүүлгийг нэг тусдаа, гэм буруутай эсэхийг хэлэлцэн ялыг нь хэлэлцдэг шүүх хурлыг нэг тусдаа шүүх хэлэлцдэг болов. Хамгийн сүүлд гэм буруугийн шүүх хурлаас хэргийг прокурорт буцаадаг явдлыг УИХ болиуллаа. Энэ бол прокурорт маш их хариуцлага, итгэл хүлээлгэсэн явдал. Прокурорууд аливаа гэмт хэргийг хэрэг бүртгэх шатнаас нь эхлээд мөрдөн шалгах явцад нь хяналт тавин, яллах болон цагаатгах талыг тэнцүү цуглуулж байгаа эсэхийг хянаж, мөрдөгчийн ажил хангалттай, тухайн асуудал нотлогдсон гэж үзвэл ял төлөвлөж, шүүх хуралд яллах байр сууринаас оролцдог. Үүнээс өмнө хэргийг хэрэгсэхгүй болгох ч эрхтэй. Хүний хувь заяаг шүүхээс ч дутуугүй шийдэх эрхтэй шүүх засаглалын нэг мөчир юм. Ийм учраас прокурорын хараат бус, бие даасан байдлыг хамгаалах нь чухал байна.

2017 оноос хойш УИХ, Засгийн газар прокурорын хуульд тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийсэнгүй. Хийх ёстой ажлаа өөрсдөө хийхгүй хэрнээ “шударга бусын хонгил”-ын нэг төлөөлөгчөөр прокуроруудаа нэрлэж, тэднийг дэвсэлсээр өнөөдрийг хүргэлээ. Прокурорын хуулийг засч сайжруулъя гэсэн яриа хөөрөө үе үе л Төрийн ордонд, гишүүдийн амнаас гардаг. Гэсэн хэдий ч улстөрчийг, хэн нэгэн компанийн хуулийн зөвлөхийг Ерөнхий прокуророор томилж болох агуулгатай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж ухралт хийх шахлаа. Сэтгүүлчид, УИХ дахь АН-ын бүлэг, МАН-ын дэргэдэх Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэнгээс сануулж, сэрэмжлүүлээгүй бол яах байсан юм бол, бүү мэд.

2.

Прокурорын тухай хуулиас харахад прокурорын байгууллага нэгдмэл төвлөрсөн буюу босоо удирдлагатай. Прокурорууд хуучин нийгмийн үлдэгдэл болсон цэргийн маягийн мөрдэс зүүнэ, шат шатны прокурорууд дээд шатны прокурортоо ажлаа хариуцна, Улсын ерөнхий прокурор ёстой л “бүх юмны дарга”. Ерөнхий прокурор нь захиргааны ажил, томилгоо, байцаан шийтгэх ажилд ч оролцоно. Энэ эрх мэдлийг хязгаарлаж, задлах шаардлагатай.

Ер нь прокурор хэмээх хуульчид хуульч хүнийх нь хувьд бие даасан, хараат бусаар ажиллах орон зайг нь Прокурорын тухай хуулиар олгоогүй. Нэг хэрэг хянаж байтал дээд шатны прокурор нь татаж аваад хяначихдаг, үүрэг чиглэл өгчихдөг, өөр тийш хэргийг нь шилжүүлчихдэг. Гэтэл шүүх бол анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүд нэгэндээ нөлөөлдөггүй, шүүгч нар нь нэгэндээ, Ерөнхий шүүгч нь шүүгч нартаа зааж зааварлах, нөлөөлөхийг хориглосон хуультай. Нөлөөллийн ийм хамгаалалтыг прокурорын байгууллагад бий болгох шаардлагатай. Шүүгч нар ийм гомдол гаргадаг, прокурорын боогоод ирсэн хэргийн хүрээнд бид хайрцаглагдаад байна гэж. Прокурор тухайн хэрэг маргааны удирдагчийн ажил хийж байгаа. Ямар даалгавар бичнэ, тэр даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдана. Заавар, чиглэл, үүрэг өгөөд тэрийгээ хянадаг. Шалгаж байх процесст үзлэг, нэгжлэг хийх, таслан сэргийлэх арга хэмжээ авах гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болгонд зөвшөөрөл өгөх эрх нь прокурорт байдаг. Эцсийн дүнд хэргээ аваад, яллах дүгнэлтээ үйлдээд шүүхэд ордог. Магадгүй үндэслэл байвал хэргээ шүүхэд өгөхгүйгээр хэрэгсэхгүй болгож болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын шат дунджаар 1 жилийн хугацаа. Ингээд боогоод ирсэн хэргийн чанарыг шүүх үнэлнэ. Боогоод ирсэн хэргийн чанар ямар байна, яллах болон цагаатгах талын баримтууд ямар байна, оролцогчийн эрхийг хангасан уу, зөрчсөн үү, үнэхээр гэмт хэрэг байсан уу, зүгээр иргэний маргааныг чирээд аваад ирсэн үү гэх мэт энэ бүх шийдвэр гаргалтын ард прокурор байдаг гэж судлаачид хэлдэг. Гэтэл өнөөдөр шийдвэр гаргахад нөлөөлсөн прокурор хөшигний ард үлдэж, өмнөөс нь шүүгч нар адлуулж байх жишээтэй.

3.

Шүүхийн захиргааг шүүхээс нь салгаагүй байхад Ерөнхий шүүгч нар компаниудаас тусламж гуйдаг, төрийн бусад байгууллагаа царайчилдаг, эргээд тэднийхээ барьцаанд ордог байлаа. Аль шүүхэд хэнийг ажиллуулахаа Дээд шүүх сонгон шалгаруулдаг байдал нь эргээд томилсон шүүгчдээ нөлөөлдөг байдлыг бий болгосон байв. ШЕЗ хэмээн байгууллагатай болсноор шүүх, шүүгчийн хараат бус бие даасан байдлыг хангах, шүүгчийн болон захиргааны ажилтны сонгон шалгаруулалт, төсөв хөрөнгө, бичиг цаасны ажил тийшээ шилжсэн. Гэтэл прокурорын байгууллагыг энэ талаас нь харж, хуулийг нь өөрчилсөнгүй. Яллах ажил бол цэвэр хуульчийн ажил. Энэ ажлыг хийх хуульч бие даасан байх ёстой. Түүнээс төрийн захиргааны ажилтан шиг томилгоо болон бичиг цаас, төсөв хөрөнгийн захиргааны ажил хөөгөөд байж болохгүй гэж үздэг.

Нөгөөтэйгүүр, Улсын ерөнхий прокурорт алдаа эндэгдэл гаргасан прокурорт хариуцлага тооцох, шагнаж урамшуулах, нийслэлээс дүүрэг рүү, сумаас аймаг руу дэвшүүлэх, бууруулах, томилох, халах эрхийг нь өгсөн. Энэ бүгдийн цаана хянагдаж байгаа гэмт хэрэг, бүр цаана нь хэргээ шийдүүлэх гэж байгаа хүн, хуулийн этгээдийн хувь заяа чирэгддэг. Дээхнэ, эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн тагнуулын ажилтан прокурорт томилогдоод тухайн хэргийнх нь оролцогч өөр хэргээр шүүхээр орж байх үед хэргийг нь хянаж байсан прокурорын байгууллагын хүмүүсийг ийш тийш явуулсан явдал гарч байв.

Г.Улсболд

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

5 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө