Манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд тулгамдаад байгаа бэрхшээлүүдийн нэг бол ариун цэврийн байгууламж, тав тухтай нийтийн бие засах газрын асуудал юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржийн санаачилгаар улсын хэмжээнд нийтийн боловсон бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг үндэсний ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлэхээр болоод байгаа. Дотоодын аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон дэмжлэг болох энэхүү төслийн эхлэлийг тавин нийгмийн хариуцлагын хүрээнд “Магнай Трейд”, “Жи--Мобайл” компаниуд хамтран ажиллахаар тохиролцож тус компаниудын ерөнхий захирал Г.Магнай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн талаар хэлсэн үгэндээ БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж “Энэ үйл ажиллагааг зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэг байгууллагатай хамтран ажилласнаар зогсоохгүй. Цаашид алслагдсан аймаг сумдад салбартай аж ахуй нэгж, байгууллагуудаар дамжуулан, нийгмийн хариуцлагаараа манлайлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр болгон өргөжүүлнэ” гэдгээ илэрхийлсэн юм.
“Магнай трейд” ХХК тээврийн болон аялал жуулчлалын гол бүс нутгууд, зам дагуух шатахуун түгээх станцууддаа түшиглэн байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгууласнаар аялал жуулчлал эрхлэгчид, аялагчдад таатай нөхцөл байдал үүсэх юм. Мөн Жи-Мобайл ХХК 2022 онд дээрх бүс нутаг зам дагуу болон байгалийн үзэсгэлэнт газруудаар сүлжээний өргөтгөл хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү төсөл нь дотоодын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болохоос гадна, улс орон даяар хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгоос татгалзаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ.