Хуулийн хулгай: Хөгжлийн банк, Сангийн хэрэгтнүүдийг өршөөх хууль хэлэлцэх гэж байна

3
2022 оны 6 сарын 162022-06-16
Хуулийн хулгай: Хөгжлийн банк, Сангийн хэрэгтнүүдийг өршөөх хууль хэлэлцэх гэж байна

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 54.5 хувийн саналаар буюу 1 гишүүний саналын илүүгээр хэлэлцэхийг дэмжлээ. Өнөөдөр УИХ-ын чуулганаар үзэл баримтлалыг нь дэмжих эсэхийг хэлэлцэх гэж байна.

ХЗДХЯ-наас өргөн барьсан энэхүү төслөөр бол “Тусгай сангийн хөрөнгө, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийг залилах” хэмээх гэмт хэргийг шинээр томъёолж, Эрүүгийн хуулийн 17.13 дугаар зүйл болгож байгаа юм байна.

Шуудхан хэлэхэд, энэ бол Хөгжлийн банкныхан, ЖДҮХС зэрэг Засгийн газрын сангаас зээл авсан, зээл гаргахад албан тушаалаараа нөлөөлсөн нөхдөд зориулж бичсэн өршөөлийн хууль байна.

Үйлдлийг нь, “Санхүүгийн нөхцөл байдал, мэдээлэл, тайланг худал мэдүүлж, эсхүл хуурамчаар үйлдэж тусгай сангаас, эсхүл зээл олгох эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан, баталгаа, батлан даалт гаргуулсан, хөнгөлөлт эдэлсэн, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зарцуулсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” байхыг заажээ. Хөгжлийн банк болон Засгийн газрын сангуудад тохиолдож, улсын төсөвт хохирол учруулсан үйлдлүүд.

ХЗДХЯ.PNG
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс

Мөн “Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хоёр дахь заалт анхаарал татлаа. Энэ бол УИХ-ын гишүүд, сайд, дэд сайдууд өөрсдийн компанидаа, хамаарал бүхий этгээдийнхээ компанидаа Хөгжлийн банкинд нөлөөлөх замаар зээл гаргуулсан үйлдлийг хэлж байна. Ингэж албан тушаалын гэмт хэргийг цагдаагийн шалгадаг залилах гэмт хэргийн дотор томъёолсноос гадна 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд багтаав.

Учир нь, одоогийн Эрүүгийн хуульд ялын доод хэмжээг 1 жилээс дээш 8 жилийн ялтай гэмт хэргийг үйлдсэнээс 5 жил өнгөрсөн бол яллагдагчаар тооцож болдоггүй хөөн хэлэлцэх тогтоосон байдаг.

Хөөн хэлэлцэх хугацаа.PNG
Эрүүгийн хуулиас

Хуулийг баталсан өдрөөс нь мөрдөнө гэж тооцвол 2022 оноос 5 жилийг хасахад 2017 оны хоёрдугаар хагасаас эхлэн Хөгжлийн банкинд хэрэг үйлдсэн нөхдийн гэмт үйлдлүүдийг багтаах нь ээ. МАН 2016 онд УИХ-ын сонгуульд ялсан, 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүд, сайд нарт ЖДҮХС тэргүүтэй Засгийн газрын сангуудаас зээл өгч авлигадсан, 2017 оноос эхэлсэн Хөгжлийн банкны хулгай одоо л илэрч байгаа зэргийг харвал энэ бол “хуулийн хулгай” байна.

Хөгжлийн банкны хэрэгтэй тэмцэнэ, авлигатай тэмцэнэ гэж байсан Засгийн газар ХЗДХЯ-аар Хөгжлийн банк, Сангуудын хэрэгтнүүдийг өршөөх хууль бичүүлж, өчигдөр УИХ-ын мэргэжлийн байнгын хороо болох Хууль зүйн байнгын хорооныхон дэмжив.

2017 оноос эхлэн үйлдэгдсэн хэргүүд, үүнээс цааш илрэх хэргүүд ийн зүйлчлэл мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд УИХ-ын өнөөдөр хэлэлцэх Эрүүгийн хуулийн 17.13 буюу Тусгай сангийн хөрөнгө, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийг залилах зүйлээр зүйлчлэгдэнэ. Энэ хэргийн хам хэрэгтнүүд болох албан тушаалтнууд хэрэг үйлдэгдсэн хугацаанаас 5 жил өнгөрсөн хэмээн хэрэг нь хэрэгсэхгүй болж, ял завших нь ээ.

Уг нь Эрүүгийн хуульд, "Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно" гэсэн заалт бий.

Гэхдээ "Үйлдэл, эс үйлдэлхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэсэн заалт бий.

Г.Улсболд

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Цэц тэдний тарьсан “давхар дээлний” маргааныг хагалахаар боллоо

Өөрчилсөн заалтаа 8 жил хөндөхгүй байх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байна.

11 өдрийн өмнө
Жаргалтай үгэнд вакумждаг нам дэлхийд байхгүй шүү

Цагдаа МАН-аас гаргасан гомдлоор хэрэг бүртгэлт явуулж, улмаар гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөгч бас И.Мөнхжаргалд “хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ” гээчийг авчээ. Энэ нь “дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх” хамгаалалт. Намын нэр хүндийг хамгаалж иргэндээ таслан сэргийлэх арга хэмжээ авсан тэрхүү мөрдөгч хэн юм бол доо?

19 өдрийн өмнө
Хуулийн хулгай: Хөгжлийн банк, Сангийн хэрэгтнүүдийг өршөөх хууль хэлэлцэх гэж байна

Гэмт хэргийг үйлдсэнээс 5 жил өнгөрсөн бол яллагдагчаар тооцож болдоггүй хөөн хэлэлцэх тогтоосон байдаг.

2 сарын өмнө
Хордож үхсэний дараа сануулдаг МХЕГ-аар яах юм бэ

Хяналтыг хохирол учраад, эсвэл эзэн холбогдогч нь тэнгэрт дэвшсэн хойно нь биш эрсдэл тооцож, угтуулж хийдэг санагдах юм.

3 сарын өмнө