Ж.БАЯСГАЛАН: Махны гарал үүслийг QR кодоор таних боломжтой

2022 оны 6 сарын 132022-06-13
Ж.БАЯСГАЛАН: Махны гарал үүслийг QR кодоор таних боломжтой

Хүн амын эрүүл мэнд хүнстэй салшгүй холбоотой. Ялангуяа хүнсний аюулгүй байдал эргэлзээ дагуулах болов. Хүнсний салбарын тухайд буруу хооллолт, худалдааг дэмждэг болохыг эрүүл мэндийн салбарынхан онцолж буй. Эрүүл бус хүнс нь эдийн засгийн байдлаас ч шалтгаалж байгааг НҮБ тайландаа дурджээ. Тодруулбал,эдийн засгийн орчин монголчуудыг хямд үнэтэй, эрүүл бус, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд нөлөөлдөг байна. Энэ талаар  НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Баясгалантай ярилцлаа. 

-----------------------------

-Монголчуудын дийлэнх нь далд өлсгөлөнд нэрвэгдсэн гэж сонслоо. Эрүүл мэндийн яамнаас хүн амын дунд энэ тухай мэдээлсэн. Далд өлсгөлөн гэж юуг хэлж байна вэ?

-Хүн өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодис шим тэжээлийг авч чадахгүй байхыг далд өлсгөлөн гэдэг. Бид үндэсний хэмжээнд  хүн амын дунд хоол тэжээлийн судалгааг таван жил тутамд  хийдэг. Хамгийн сүүлд, 2017 оны судалгааны тайлан бий. Тоон баримтаас харвал, хүн амын 90 гаруй хувь нь D амин дэмийн дутагдалтай байна. Мөн төмрийн болон A амин дэмийн дутагдалтай байгаа юм. Эдгээр нь хүний бие организмын өсөлт хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тиймээс бид бүхэн хоол хүнсээ сонгохдоо аль болох олон нэр төрлийн хүнс хэрэглэх нь чухал. Жишээ нь, лууван A амин дэмээр баялаг бол чацаргана болон цетрусийн төрлийн жимс нь С амин дэм их. Мөн зөвхөн махнаас гадна вандуй, шош, өндөг зэрэг нь уураг агуулсан байдаг. Энэ мэтчилэн олон нэр төрлийн хүнсийг зөв зохистой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Үүнээс гадна хөдөлгөөн маш чухал. Хүн өдөрт 30 минутаас дээш идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Энэ нь даралт ихсэх, зүрх судасны өвчин гэх мэт халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

-Гэсэн ч сүүлийн жилүүдэд таргалалт асуудал болсныг эмч мэргэжилтнүүд анхааруулах боллоо?

- Дэлхий нийт таргалалалт асуудал болж байна.  Яагаад гэвэл таргалалт  халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс болж байна. Артерийн даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг өвчлөлийг нэмэгдүүлж байна. Манай улсын хувьд таргалалтад олон хүчин зүйлс нөлөөлж байна. Орчин нөхцлийн хувьд, орон нутгийн иргэд Улаанбаатар руу шилжиж, хотын нягтаршил ихэсч байна. Бүгд л автомашинтай, алхах зай байдаггүй. Мөн импортын бараа голлох болж, шошгон дээр нь  элсэн чихэр, давсны агууламж өндөр байгаа юм. Энэ нь хоосон илчлэг хүнд өгдөг тул тэжээллэг чанар байхгүйгээс таргалалтад нөлөөлж байна. Иймд хоол хүнсээ сонгохдоо анхаарах хэрэгтэй. Ялангуяа жирэмсэн ээжүүд төрсний дараа зургаан сар эхийн сүүгээр хооллох, үүнээс дээш нэмэгдэл хоолыг өгвөл ирээдүйн иргэн зөв эрүүл хүн болж өснө.

-Ялангуяа хүүхдийн таргалалт анхаарал татах хэмжээнд хүрснийг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-Хүүхдүүдийн дунд таргалалт эрс нэмэгдэж байгаа нь хүн бүрийн сэтгэл зовоосон асуудал болсон. Энэ нь хотжилт, хүнсний үйлдвэрлэл нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Иймд хүүхдүүдийг эрүүл зөв хүнс сонгоход нь эцэг эхчүүд үлгэр дууриалал өгөх ёстой.  Хүүхэд бол эцэг эхийн толь байдаг шүү дээ. Жишээ нь, аав ээж нар хүүхдээ битгий хийжүүлсэн ундаа уу гэж хэлдэг атал өөрсдөө хэрэглэдэг. Үүнийг нь харсан хүүхдүүдэд ундаа уух сэдэл төрнө гэсэн үг. Тэр дундаа ээжүүд хоол хүнсээ зөв сонгох, энэ талаарх мэдлэгтэй болох хэрэгтэй. Мөн бид нар хүүхэд рүү анхаарал хандуулж байгаа нь бага наснаас нь амьдралын зөв хэв маягт сургаж дадуулах зорилготой. Харин насанд хүрсэн хүний амьдралын хэв маяг, дадал зуршлыг өөрчлөх хэцүү. Жишээ нь, би хийжүүлсэн ундааг биед хортой гэдгийг мэдсэн ч хэрэглэсээр байвал энэ нь буруу дадал. Харин хүүхэд багшийн хэлсэн үгийг хүлээж авсан байдаг. Иймд хүүхдэд багаас нь амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэхэд хоол хүнсний тухай ойлголтуудыг өгөх нь чухал. Ингэснээр тухайн хүүхэд насанд хүрсэн ч өөрт хэрэгтэй хоол хүнсээ зөв сонгож сурна. Улмаар хүн амын дунд өвчлөл багасна гэсэн үг.

-Таны хэлэхдээ биед хэрэгтэй шим тэжээлийг авахын тулд олон төрлийн хүнсийг хоолонд хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөлөө. Гэхдээ монголчуудын голлох хүнс нь мах, гурил шүү дээ. Бид хэр их хоолны соёлтой ард түмэн бол?

-Монголчууд хоолны асар их соёлтой ард түмэн. Энгийн жишээ дурдъя, бидний эмээ өвөө, эцэг эх өвөл нь мах хэрэглэж, зун гэдэс цайлгана гэж цагаан идээг түлхүү хэрэглэдэг байсан. Ер нь хооллолт тухайн орны уламжлал ёс жаягт нөлөөлж байдаг. Эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд бид өдөр бүр будаа хэрэглэх нь зохимжгүй. Бидний соёл нь ч ийм биш. Харин япон хүн өдөр бүр будаа иддэг нь тухайн орны уур амьсгалд дасан зохицсон бие организмтай. Тэгвэл Монгол хүний хоолны голлох сонголт нь мах махан бүтээгдэхүүн, гурил байдаг. Иймд гурилыг бүхэл үр тариатай холих, өндөг хэрэглэх зэргээр баяжуулсан хүнсийг хэрэглэснээр бие организмд хэрэгтэй эрдэс бодисыг авна.

-Хүн амын дийлэнх нь Улаанбаатарт төвлөрч, суурин амьдралтай болсон. Үүнийг дагаад хоолны соёл ч бас алдагдаж байна уу. Таны хувьд хэрхэн харж байна?

-Дэлхий даяарчлагдаж, импортын бараа ихэсч байна. Хэдийгээр хоолны тухай маш их мээдэлэл цахим орчинд нийтлэгддэг ч шүүлтээ зөв хийх нь чухал юм. Мөн бид хэт туйлширдаг. Үүнээс болж зөв сонголт хийж чаддаггүй. Хамгийн гол нь, хүн өөртөө бас хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрийн амаар орж буй хоол нь ямар эд эрхтэн, эсэд нөлөөлж байгааг бодож сонговол зөв хоол иднэ, мэдлэгтэй болно.

-Нөгөөтэйгүүр, махтай холбоотой хүнсний аюулгүй байдлын асуудал олон нийтийн дунд анхаарал татаж буй. Мах сонгохдоо бид нар тэр бүрийд анзаардаггүй байх. Зах дээр зарж байгаа махыг яаж таньж мэдэх вэ?

-Хүнсний аюулгүй байдал бол маш том асуудал. Манай байгууллагын тухайд хүнсэнд агуулагдаж буй шим тэжээлийн талаарх судалгааг хийдэг. Дээр нь олон нийтэд зориулсан сурталчилгаа явуулдаг. Хүн бүр хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэж туйлширч байна. Энэ нь хүний өөрийн хариуцлага. Дэлгүүрээс сонгож буй хоол хүнсний гарал үүсэл нь тодорхой байх ёстой. Үүнийг анхаарах хэрэгтэй. Манай улсын хувьд дэвшилттэй зүйл их бий. Жишээ нь, малчдын мах QR кодтой болсон. Миний хувьд “Хүчит шонхор” захаас мах авдаг. Хэрэв махны гарал үүслийн талаарх мэдээллийг авъя гэвэл QR код уншуулахад л аймаг, сум, малчны нэр тодорхой  болно. Тиймээс хувь хүний хариуцлага чухал. 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Б.Гүнбилэг: Эв нэгдлийг илэрхийлэх Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудал энэ намрын гол сэдвүүдийн нэг байх юм. Бид энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

12 өдрийн өмнө
Г.Баасан: Ч.Мөнхбаярт мөнгө өгсөн Дарханбаяр тагнуулынх байсан

Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх “Судалгаа, дүн шинжилгээний жигүүр” гэх байгууллага 1923 байгуулагдсан юм байна. Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлд Энэтхэгийн Судалгаа шинжилгээний жигүүр байгууллагын дарга Самант Кумар Гоел гэдэг хүнээс 2019 оны 9 сарын 9-нд и-мэйл ирсэн гэдэг. Тэр хүн 2019 оны 7 сарын 1-нд үүрэг гүйцэтгэгчээр тавигдсан боловч Азийг хариуцдаггүй гэдэг нь ил юм билээ. Тэр байгууллага нь тагнуулын байгууллага байсан гэж тэд ярьдаг. Энэ и-мэйлийг тагнуулынхан зохиож бичсэн.

2 сарын өмнө
ТЭТГЭЛГИЙН ЭРЭЛД:  Д.Арвинбилиг хэлний мэдлэгээс илүү хөдөлмөрч байх нь чухал

Гадаадад сурч, амьдарч буй мянга мянган залуусын төлөөлөл  Д.Арвинбилигийг тэтгэлгийн эрэлд буландаа урьж байна.

2 сарын өмнө