Эх орны чанартай бүтээгдэхүүн Монголыг төлөөлж дэлхийд хүрч байна

1
2022 оны 6 сарын 132022-06-13
Эх орны чанартай бүтээгдэхүүн Монголыг төлөөлж дэлхийд хүрч байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт АПУ компанийн 3 том үйлдвэр, 1 агуулахтай нэг бүрчлэн танилцаж, ажилчидтай нь уулзсан. Түүнтэй хамт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эдийн засгийн болон Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын зөвлөхүүд хамт ирсэн.

Үдийн зоогон дээр Ерөнхийлөгч босоод “Би хоёр охинтой. Том нь 1990 онд картын барааны үед төрсөн, намхан. Бага нь 2000 оных, эгчээсээ өндөр. Би 182 см. П.Батсайхан захирал бид 2 тухайн үеийн залуучуудынхаа дунд нуруулаг залуучуудын тоонд орж явлаа. Өнөөдөр хүүхдүүдээ харцгаа, 45, 46 размерын гутал өмсдөг өндөр сайхан залуучууд. Энэ бол улс орон өөрчлөгдөж байгаагийн асар том шинж гэж би хардаг. “Аман хуур”-ын Соном өвгөнд одоогийн манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нас чацуу залуу хүн дүр бүтээсэн. Тэр хүний нүүр амыг өөрчлөөгүй, байгаа байдал нь тэр. Авгай Дарьд нь тоглосон  бүсгүй өнөөдрийн УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай нас чацуу байсан юм билээ шүү. Амьдрал ямар байсан байна. Монголчуудын амьдралын чанар сүүлийн 30 жилд ингэж их өөрчлөгдсөн байна.

Бид 2 том хөршийн дунд амьдарч байгаа. Усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай гэж би байнга хэлдэг. Асар том хүн далайн зах зээл дээр монголчууд гарах ёстой. АПУ компани гарч байна. Сэнгүр пивоо БНХАУ-д, БНСУ-д Алтанговь пивоо, архины эх орон ОХУ-д архиа гаргаж байна гэж байна. Ингээд бид эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бусад улсад гаргаж, Монголын брэндийг дэлхийд бий болгох ёстой. Бидний хамгийн том зорилтыг АПУ компани биелүүлж байгаад би хамгийн их баяртай байна. Дээр нь улсынхаа Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний гаргасан зарлигийг хэрэгжүүлж өндөр градустай архийг бага градус руу шилжүүлж, архины хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхэд АПУ-гийн хамт олон өөрсдөө санаачилга гаргаж ажиллаж байгаад би баяртай байна” гэсэн юм.

Төрийн тэргүүн саяхан “Хүнсний аюулгүй байдал, хангамж” хөдөлгөөнийг зарлаж, ойрын 5 жилд эх орондоо үйлдвэрлэсэн 19 нэр төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, гадагшаа экспортолдог болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөгөө УИХ-ын тогтоол болгон батлуулахаар төслөө өргөн барьсан юм. Ингээд хүнсний томоохон үйлдвэрүүдэд биечлэн очиж, нэг талаар бүтээгдэхүүн, технологийг нь бүртгэж, нөгөө талаар хөгжлийн шийдлийг нь хэрхэн төрөөс дэмжихээ судалж яваа нь гэж дээрх үйл явдлаас ойлгосон. Эх орныхоо дотоодын хүнсний үйлдвэрүүдэд айлчлахдаа удахгүй 100 жилийн ойгоо угтах АПУ-д түрүүлж зочилсонд жил бүр 300 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлдэг тус компанийнхан бэлгэшээж байх юм.

Ц.Эрдэнэбилэг: Хүнсний аюулгүй байдал бол үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн хариуцлагатай салшгүй холбоотой

_UGA6773-min.JPG

АПУ компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, “1924 онд Улаанбаатар хотод 14-хөн ажилчинтай үйлдвэрлэл эхэлж байсан бид өнөөдөр 14000 дотоод, гадаадын хувьцаа эзэмшигчтэй олон нийтийн компани болсон. Бид өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа компаниудаас ногдол ашиг хуваарилтаараа нэгт, зах зээлийн үнэлгээгээрээ нэгт, хувьцаа эзэмшигчдийн тоогоороо 5-д жагсч байгаа. 2000 гаруй ажиллагсдаа ажлын байрны таатай нөхцөлөөр хангаж, Монгол Улсаас анх удаа “Ажиллахад таатай байгууллага” олон улсын гэрчилгээг 2021 онд хүлээн авсны зэрэгцээ, 11 мянга гаруй харилцагчдаараа дамжуулан хэрэглэгчдээ эрүүл, аюулгүй, олон улсын чанарын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Бид сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд томоохон хөрөнгө оруулалт хийсэн нь бидний нийгмийн хариуцлага болсон гэж бодож байгаа. Тийм учраас аз жаргалтай, илүү баяр баясгалантайгаар цааш цаашдаа ч гэсэн хөрөнгө оруулалтаа хийнэ гэж үзэж байгаа. Мөн 2017 онд АПУ компани Хайнекен компанитай нэгдэж, манай компанийн 20 гаруй хувийг эзэмшдэг. Энэ бол бидний хувьд засаглалыг илүү сайжруулах, бизнесийн процессыг, шийдвэр гаргалтыг сайжруулах үнэхээр олон талт дэмжлэг болж, өнөөгийн үнэ цэнийг олоход онцгой нөлөөлөл үзүүлсэн гэж бодож байна. Компанийн хэмжээнд COVID-ийн хугацаанд хүн төвт олон ажлыг хийсэн. Ажилчдынхаа цалинг тодорхой хэмжээнд өсгөж чадлаа, эрүүл байхад онцгой анхаарч компанийн хэмжээнд ихээхэн зардал гаргаж ажиллалаа. Бид хамтран ажилладаг харилцагч нартаа бусад хүмүүст олон тусламжийн үзүүлсэн. Гэрээсээ гараад аз жаргалтайгаар ажиллаж, аз жаргалтайгаар гэртээ очдог байхын төлөө олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Хүнсний аюулгүй байдлын талаар Ерөнхийлөгч олон асуудлыг гаргаж ирж байгаа. Энэ бол хүнс үйлдвэрлэгч бидний хувьд хамгийн чухал асуудал байдаг. Нэгдүгээрт, хүнсний аюулгүй байдал гэдэг бол үйлдвэрлэгчийн хариуцлага болон хэрэглэгчийн хариуцлагатай холбоотой асуудал. Хүнсний аюулгүй байдлыг стандарттай холбож ярихаас аргагүй. АПУ компани бол групп компанийн түвшинд түүхий эд, туслах материал, орж байгаа бүхий л түвшинд, үйлдвэрлэл, агуулах, тээвэрлэлт, дэлгүүр гээд бүхий л явцыг тодорхойлж, системжүүлсэн. Энэ бол үнэхээр Монгол Улсад хийгдсэн системийн томоохон өөрчлөлт байлаа гэж бодож байна” хэмээн танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч АПУ компанийн үйлдвэрт айлчилж байгаа анхны тохиолдол гэнэ. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч дунд сургуулийн сурагч байхдаа АПУ-гийн үйлдвэрт орж үзэж байжээ. Тэрээр, “Өнөөдөр эргэж ирж харахад өдөр, шөнө шиг ялгаатай болсон байна. Ажилчдын цайны газраас эхлээд үйлдвэрлэлийн технологи, лаборатори, хийж бүтээж байгаа зүйл өөрчлөгдсөн байна. Энэ бол Монгол Улсын хөгжил дэвшлийн бас нэгэн илэрхийллийн нэг гэж бодож байна. АПУ компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг өнөөдөр нүдээр харлаа. Үнэхээр ард түмэндээ чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг ирж үзлээ. Бид бахархах ёстой. Үүний нэг нь АПУ компанийн та бүхний үйлдвэр, би өөрийн нүдээр хараад та бүхнээр бахархаж байлаа” гэснээс гадна Сэнгүр пиво Өвөрмонголд сайн зарагдаж байна уу гэж тодотгон асууж байв.

COVID-ийн үед дотоодын гар ариутгагчийн хэрэгцээг хангаж ажиллажээ

АПУ компанийн “Натур агро” цэвэр спирт гарган авах үйлдвэр Монголын 60 гаруй тариалан эрхлэгчээс улаанбуудай татан авдаг бөгөөд буудайг тээрэмдэх, чанах, исгэх, нэрэх үе шат нь автомат ажиллагаатай. Спиртийн үйлдвэрийн дарга Ч.Эрдэнэсугарын танилцуулснаар улаанбуудайг ирсэн даруйд богино хугацаанд шинжилгээ хийдэг бөгөөд үйлдвэрлэлд Герман улсын Шмитт фирмийн бүрэн автомат ажиллагаатай сүүлийн үеийн техник, технологи нэвтрүүлжээ. Тус үйлдвэр нь шингэн шаарыг малчид, фермерүүдэд малын тэжээд болгон нийлүүлдэг бөгөөд нэрэлтээс гарсан техникийн спиртээрээ COVID-ийн үед дотоодын гар ариутгагчийн хэрэгцээг хангаж ажиллажээ. Тус үйлдвэр дээд зэргийг альфа спирт голчлон үйлдвэрлэдэг юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн танилцуулгынхаа үеэр АПУ компанийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан, “Тариаланчдын нийлүүлсэн улаанбуудай, малчны хотноос гарсан сүү харилцагчдад эцсийн бүтээгдэхүүн болон хүрэх хүртэл үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагандаа бүрэн хяналттай байдаг тул АПУ компанийн бүтээгдэхүүн стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдэгт хэрэглэгч, харилцагчид итгэлтэй байж болно” хэмээн онцолсон юм.

 

_UGA6653-min.JPG

Хүнсний аюулгүй байдлын хангахад автомат агуулах, тээвэр, логистикийн ач холбогдол өндөр. АПУ 2013 онд Германы Krones компанитай хамтран Азид топ 5-д тооцогдох Монголын хамгийн том автомат агуулах ашиглалтад оруулсан. Энэ нь үйлдвэрлэгдсэн архи, пиво, ус, ундааг технологийн горимд нь хадгалах, хэрэглэгч, түгээгчийн гарт чанарыг нь сулруулахгүй хүргэх автомат систем тухай агуулахын ахлах менежер Д.Бямбацогт танилцуулж байв. Автомат агуулах нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон дуусах хугацаагаар нь автоматаар ангилж, хугацаа дууссан тохиолдолд устгах горимтой бөгөөд ийм бүрэн хэмжээний автомат мөшгөлтийн систем чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэх гол цөм нь болдог байна.

Малчдыг дэмжих уламжлал-инновацийг хослуулсан Монгол сарлаг төсөл

Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний 30 хувийг дангаар хангадаг “АПУ Дэйри” монгол сүүний үйлдвэрээр Ерөнхийлөгч зочлох үеэрээ Монгол сарлаг төслийн нээлтийн гал бадраах ёслолд оролцсон. Төрийн тэргүүний хувьд монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг мэдэгдүүлж, эрүүлжүүлэн чирэгжүүлэх санаачилгыг бүх талаар дэмжихээ аль эрт илэрхийлсэн. Үйлдвэрийн менежер Ц.Сайнбаярын танилцуулснаар “АПУ Дэйри” 2014 оноос эхлэн 40 гарй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд нийлүүлсэн бөгөөд Сайн брэнд, Дээж брэнд, Цэвэр сүү брэндийн үнээний сүү, олон төрлийн тараг, ааруул, цөөхий, цөцгий, масло үйлдвэрлэхээс гадна сүүлд Good Vibes брэндийн шэйк үйлдвэрлэж эхэлжээ. Дотоодын ферм, малчдаас сүүгээ татаж Герман, Швед, Япон технологи ашиглаж боловсруулж савлан, эрүүл, чанартай бүтээгдэхүүн санал болгодог байна. Антибиотик, бруцеллёз, соматик эсийн шинжилгээг сүүнд хийх өөрийн лабораторитой бөгөөд малын шивтэр, буузны үнэрийг дэаретор төхөөрөмжийн тусламжтайгаар вакумдан салгаж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг тул “АПУ Дэйри”-гийн бүтээгдэхүүн найдвартай гэв.

 

_UGA6646-min.JPG

Монгол Сарлаг төслийн тухайд долдугаар сард бүрэн эхэлнэ. Архангай аймгийн Чулуут сумын иргэн, Монгол Улсын аварга малчин, Алтан унаганы эзэн Э.Самбууням гуай, “Энэ төсөл малчин бидэнд үнэхээр хэрэгтэй. Боловсруулж байгаа цагаан идээг стандартын өндөр түвшинд аваачиж Монгол төдийгүй гадаадад авчрах боломж байдаг. Төсөл хэрэгжсэнээр бидний орлого нэмэгдэнэ. Малчдад сааль саадаггүй ч өвс хороодог олон мал бий. Тэднийг эргэлтэд оруулж, саальчин бүсгүйчүүдийн ажлыг ихэд хөнгөвчилнө. Стандарт хангасан саваар ч хангаж, гэр үйлдвэрлэлийг дэмжсэн нүдээ олсон том төслийн галыг бадраалаа. Стандарт хангасан сав, хөлдөөгч контайнер тавьж, тээврийн асуудлыг шийдэх юм байна. Уламжлалт аргыг сэргээсэн, орчин цагтай нийлүүлсэн мундаг төсөл эхлэх гэж байна. Борлуулах ажлыг хариуцах болохоор ажлаа л хийж чадвал дансанд мөнгө ороод байх юм байна. Монголд цагаан идээний асар их нөөц байна” гэлээ.

287070065_403762595097192_2790311735946667430_n.jpg

АПУ Дэйри компанийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай, “Сарлагийн сүүнээс бүтэж байгаа бүтээгдэхүүнийг Чулуут сумын 25 өрхтэй хамтран гэр үйлдвэрлэлийг бий болгоод, тэндээс гарсан бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод чанарын аюулгүй байдлыг сахин авчирч эцсийн бүтээгдэхүүн болгох төслийн ажлын нээлтийг хийлээ. Сарлагийн сүүний шим тэжээлийн үзүүлэлт маш өндөр. Сарлагийн сүүний тослог 5-9 хувийн өндөр үзүүлэлттэй. Бид хамгийн байгалийн гаралтай сүүн бүтээгдэхүүн болох ааруул, өрөм, аарц зэрэгт орчин цагийн инновацийг шингээсэн бүтээгдэхүүн болгож Улаанбаатар хотын хэрэглэгчид болон бусад 21 аймгийн хэрэглэгчиддээ нийлүүлэх боломж бүрдэж байна. Энэ боломжийн эерэг үр дүнд өрхийн орлого нэмэгдэнэ. Сүү саах процессыг автоматжуулна. Үйлдвэрийн процессыг нээлттэй үзүүлж, хэрэглэгчийн гарт хүрч байгаа бүтээгдэхүүн чанар, стандартын шалгуурыг хэрхэн давдаг, түүхий эд материал ямар органик болохыг бодитоор үзүүлсэн үйл явдал боллоо. Монгол сүүний үйлдвэрийн хувьд малчидтайгаа өдөр тутам хамтран ажиллаж, тэдний сүүг гэрээс нь авч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчийн гарт хүргэж ажиллаж байна. Магадгүй хэрэглэгчдийн хувьд тодорхой түвшинд хүнсний аюулгүй байдал тал дээр асуулт байдаг байсан бол энэ бүхэн хариулт болж чадлаа гэж бид дүгнэж байна. Бидний төвлөрч ажиллаж байгаа бол бидний ирээдүй болсон хүүхдүүд, гэр бүлд аз жаргал авчрах эрүүл хүнсийг хэрхэн бүтээх тал дээр ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд АПУ Дэйри монгол сүүний үйлдвэр олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна орон нутагт, тэр дундаа алслагдсан аймгуудад гэр үйлдвэрлэлийг шинээр бий болгох, гэр үйлдвэрлэлд уламжлал ёсоор хийгдэж байгаа монгол угсаатны цагаан идээг хэрхэн орчин үеийн, чанарын өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн болгож хэрэглэгчийн гарт хүргэх вэ гэдэг төслийн нээлтээ хийлээ. Өнөөдөр Ерөнхийлөгчийн танилцуулж чадлаа” гэсэн.

 

287221468_403762648430520_757153014509893418_n.jpg

Цар тахлын үеийн дэлхийн эдийн засгийн хямрал, Орос-Украины асуудлаас үүдэлтэй том гүрнүүдийн хориг арга хэмжээ, эдгээрээс үүдэх хүнсний хомсдол бодитоор нүүрлэх эрсдэл дунд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг зарлаж, ойрын 5 жилдээ багтаан гол нэрийн 19 нэр төрлийн хүнсээр дотоодоо хангадаг болох зорилт дэвшүүлсэн нь цаг үеийн шаардлага байсан. Энэ хүрээнд Төрийн тэргүүн У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт хүнсний лабораториудаар, дараагаар нь дотоодынхоо хүнсний томоохон компаниудын үйлдвэр, агуулахуудаар орж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологитой нь танилцаж, хамт олонтой нь уулзаж ярилцсан нь цаг үеэ оллоо. Монгол Улс аль хүнсээ дотооддоо үйлдвэрлэж чадаад гадагшаа гаргаж байгааг, үйлдвэрлэгчдэд ямар боломж бөгөөд бэрхшээл байгааг, ер нь бидэнд хүнсний үйлдвэрлэлийн ямар нөөц байгааг биеэр мэдэрсэн, энэ нь цаашдынх нь шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй уулзалтууд болсон байж таарна. Бид албаны хүмүүсийг АПУ-гаас буцахын өмнө цаашид хэрхэх талаар мэдээлэл цуглуулснаа хүргэе.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Сүүг хуурайшуулж нөөцлөх боломжийг орон нутагт бий болгох шаардлагатай

-АПУ компани манай ууган үйлдвэрүүдийн нэг. Европын стандарт, технологийг бүрэн нэвтрүүлсэн үйлдвэр байна. Түүхий эд бэлтгэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх шат дамжлагатай нь танилцлаа. АПУ компани сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэлээд манлайлан ажиллаж байгаа. Нэг талдаа эрүүл, нөгөө талдаа аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгойлон ажиллаж байгаа үйлдвэрүүдийн маань нэг. Сүүний салбар эмзэг байгаа, бид дотоодынхоо 50 хувийг л хангаж байгаа. Сүү компани, АПУ Дэйри 2 хамтраад дотоодын сүүний зах зээлийн 80 хувийг хуваан эзэмшдэг. Сүүний үйлдвэрүүдээ түшиглэж бид хүн амынхаа сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангана гэж бодож байгаа. Тийм учраас дэмжинэ гэж харж байгаа. Бид бэлчээрийн малынхаа сүүний нөөцийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Хуурайшуулж, хуурай сүү бэлтгэн нөөцлөх боломжийг орон нутагт бий болгох шаардлагатай байгаа. Нөгөө талдаа бяслагийн үйлдвэрлэлийг орон нутагт бүсчилж хөгжүүлэх шаардлагатай байна. Одоохондоо сүүний үйлдвэрлэлийн түүхий эд орон нутаг тойрсон нийлүүлэгч нараас яваад байна. Цаашдаа бид төвийн болон баруун бүсийг АПУ компани, зүүн бүсийг Сүү компани гэдэг ч юм уу кластер байдлаар хөгжүүлэхэд бодлогын хувьд дэмжиж ажиллах боломжтой. АПУ компани Архангай аймгийн Чулуут сумыг сонгоод ажиллаж байгаа юм байна. Фермерүүд гэхээсээ илүү бэлчээрийн мал аж ахуйг түшиглээд малчдынхаа бий болгож байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх тал дээр АПУ компани нэлээд санаачилгатай ажиллаж байгаа юм байна. Сарлагийн сүүний саалтуурыг Төвөд явж судалсан ч гэх юм уу, ингээд ноу хау-г нэвтрүүлээд ажиллаж байна. 1 дор 6 үхрийг 2-3 минутад саах боломжтэй хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулсан төхөөрөмж бүтээсэн байна. Ингээд аж ахуйн нэгжүүд маань ард иргэдтэйгээ хамтарсан үйлдвэрлэлийг хийнэ гэвэл төр, засгаас дэмжинэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай: Архины хатуулгийг бууруулах Төрийн тэргүүний саналыг санаачилгаараа биелүүлжээ

-Дотооддоо үйлдвэрлэдэг, дотооддоо нөөц боломж сайтай, орон зайтай орнуудын эдийн засаг тогтвортой, эмзэг байдал багатай, гаднын ямар нэг шок эрсдэл тохиолдсон нөхцөлд харьцангуй дархлаатай байдаг. Манайх ч ийм байсан. Сүүлийн жилүүдэд харин анхаарах шаардлагатай болж байна. Тэр дундаа хүнсний хангамж, аюулгүй байдалд Төрийн тэргүүн онцгой анхаарч байгаа. Өнөөдөр бид АПУ компанид ирлээ. Үндэсний томоохон энэ үйлдвэр хэчнээн их хөрөнгө оруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож байгааг бид харж байна. Ялангуяа шингэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний салбар аль орны эдийн засагт голлох нөлөөтэй байдаг. Ерөнхийлөгч ч бас ойрын таван жилдээ хүнсний үйлдвэрлэлээр дотоодоо хангая, аюулгүй хүнс хэрэглэе, цаашлаад экспортлогч орон болъё гэж харж байгаа. Ер нь геополитикийн нөхцөл байдал, БНХАУ-ын хүн амын өсөлт, 2030 он хүртэлх хүнсний хомсдлын асуудал нэлээд яригдахаар байна. Тийм учраас манайхыг тойрч байгаа том зах зээл рүү хүнс, хөдөө аж ахуйн салбараа түшээд гарч чадахаар байна. Ард иргэд нь хувийн хэвшил, төр засагтайгаа нийлээд ойрын 5 жилд үр дүнд хүрч чадах юм гэдгийг харуулахыг зорьж байна.

Нөгөө талдаа бас хүнсний хангамжийг анхаарахыг цаг үе шаардаж байна. КОВИД-ын дараах дэлхий нийтийн асуудал нь хүнсний хангамж, хүнсний хомсдол. Ийм нөхцөлд Монгол Улс анхаарах шаардлагатай байна. Тийм учраас Төрийн тэргүүн УИХ-ын тогтоолын төсөл хэлбэрээр ирэх 5 жилийн хүнсний салбарт хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгөө өргөн бариад байна. Энэ өдрүүдэд УИХ-д хэлэлцэж байна. Хоёрт гэвэл, хүнсний салбарын зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байна. Хүнсний үйлдвэрүүдээрээ бас ороод, бодит байдалтай танилцаж, төр хувийн хэвшил яаж түншилж хамтарч ажиллахаа ярьж байна. АПУ компани дотоодоо шингэн хүнсээр хангаад зогсохгүй гадаадад экспортолж байгаа сайн жишээгээ танилцууллаа. АПУ компани бусад компани, үйлдвэрүүдэд үлгэр болох сайн туршлагуудаа харуулж байна. Энэ компани экспортод анхаарч, импортыг орлож, хариуцлагатай хэрэглээнд анхаарна гэдгээ хэлж байна. Төрийн тэргүүн өнгөрсөн хавар Эрүүл монгол хүн аяныг эхлүүлж, согтуурах ундааны өндөр градусыг буулгах санаачилга гаргасан. АПУ компани санаачилгаараа 34 градустай архийг үйлдвэрлэж эхлэн Төрийн тэргүүнийхээ санаачилгыг дэмжиж байгаад талархаж байна.

Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан: Дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авч дэмждэг байх хэрэгтэй

-Цар тахлын үе, Орос-Украины мөргөлдөөн бидэнд ихийг ойлгуулж байна. Дотооддоо бид үйлдвэрлэж чадахгүй юм бол бид аль нэг улсын хараат удахгүй болох юм байна. Эхлээд эдийн засгийн хувьд, дараа нь тусгаар тогтнолын хувьд гэж. Тэгэхээр нэн тэргүүнд өөрийн хөрсөнд ургуулсан, өөрийн мал аж ахуйг түшсэн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал. Цаашлаад хувцас хунараа өөрсдөө хийгээд өмсчихдөг байх нь чухал гэдгээрээ Ерөнхийлөгчийн санаачилга маш ач холбогдолтой. Өнөөдөр хүн болгон дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг болох хэрэгтэй. Дэлхийн II дайны дараа БНСУ, Японы ард түмэн импортын бараанаас үнэтэй, чанар муутай байсан ч өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдан авч дэмжсээр өнөөдрийн түвшинд хүрсэн. Бид энэ жишгээр үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Дараачийн ээлжинд экспортолдог болох талаар ажиллах хэрэгтэй.

Г.Улсболд

Санал болгох

Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

8 өдрийн өмнө
Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монголд бий болгохоор зөвлөхүүд урьжээ

Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.

8 өдрийн өмнө
Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

11 өдрийн өмнө