Ипотекийн зээлийн хүлээгдэл 8 сар болтлоо нэмэгджээ

1
2022 оны 6 сарын 212022-06-21
Ипотекийн зээлийн хүлээгдэл 8 сар болтлоо нэмэгджээ

Цар тахлын улмаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жил буюу 2022 он дуустал  хойшлуулсан. Гэвч арилжааны банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн шинэ зээлээ олгох зохицуулалттай учраас өмнөх зээлтэй хүмүүс зээлээ төлөхгүй хойшлуулахын хэрээр дараагийн зээлүүд гарахад хүндрэл учирдаг. Улмаар арилжааны банкууд ипотекийн зээлийг  олгохгүй хязгаарласан талаар иргэд ярих болжээ. Энэ талаар банкуудаас тодруулахад “Иргэдийн зээлийн хүсэлтийг авч байгаа боловч удаашралтай байгаа” гэх адилхан хариултыг өгөв.

--------------------------------------------

Капитрон банк:

-Он гарсаар  8.3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг банк гаргадаг. Санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал байгаа учир хүлээгдэл үүссэн. Уг нь 6 хувийн зээл судлахад харьцангүй бага хугацаа шаарддаг. Гэвч зээлийн эргэн төлөлтийг  хоёр жил хойшлуулсантай холбогдуулан санхүүжилт саарсан.  Энгийнээр хэлэхэд, 1 сая төгрөгийн зээл төлдөг 100 хүн нэг хүнд зээл олгох санхүүжилтийг босгодог.  

Хаан банк:

-2021 онд хамгийн их ипотекийн зээл олгосон. 116.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанкнаас авч, 76.1 тэрбум төгрөгийг өөрийн банкнаас гаргаж нийт 192.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ үед эх үүсвэр  сайн байсан учраас нэг зээлийг хоёр сар судлаад олгодог байсан. Гэвч ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулчхаар санхүүжилт асуудалтай болж ирсэн. Өнөөдрийн байдлаар дараалал нэмэгдээд нэг зээлийг найман сар судалж олгох хэмжээнд хүрээд байна. 

Голомт банк:

-2021 онд Монголбанкны эх үүсвэрээр 131 тэрбум, өөрийн банкны эх үүсвэрээр 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. 100 сая төгрөг хүртэлх зээлийг Монголбанкны эх үүсвэрээр олгож байна. Тэдгээр иргэд өмнөх оноос гурав дахин нэмэгдсэн. Гадуур орон сууцны метр квадрат нь хамгийн багадаа хоёр сая төгрөгөөс дээш байна. Тэгэхээр зээлийн эх үүсвэр, байрны үнэ зэргээс хамаарч иргэдийн хүлээлт харилцан адилгүй. Эх үүсвэрээ хүлээгээд олголт удааширдаг талтай. Хамгийн багадаа гурван сар хүлээж байна.

Төрийн банк:

-Зээл хүсч байгаа иргэдийн бүрдүүлж байгаа материалаас шалтгаалаад шаардлага хангасан материал ирсэн тохиолдолд 21 хоногт шийдэж байна. Мэдээж Монголбанкнаас олгож байгаа эх үүсвэрийн хэмжээнд зээл олгоно. Иргэдээс зээлийн хүсэлт авч байна.

Ипотекийн зээл олголт зогсоогүй

Монголбанк:

-Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон. Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус хугацаанд нийт 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгоод байна. Энэ оны эхний тавдугаар сард нийт 233  тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2845 өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны  дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван  удаа хойшлуулсан Сүүлийн буюу тав дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Дээрх зээлдэгчид 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуурт өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна.

Э.БУРАМ

Санал болгох

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар бүрдүүлж байна. Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгүүдийг таван бүсэд хуваан, жилд нэг удаа 0.6-1 хувийн татвар хураадаг. Тухайлбал, хотын төвийн буюу нэгдүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгөөс нэг хувийн татвар хурааж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Энэ зөрчлийг шийдвэрлэхээр Ажлын хэсэг ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

11 өдрийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна

Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.

11 өдрийн өмнө
"Ариг банк" Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгж боллоо

Монгол Улсын банк санхүүгийн салбарт 26 дах жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ДОТООДЫН 100 хувь хөрөнгө оруулалттай Ариг банк нь энэ жил “Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгж”-ийн нэгээр шалгарсан байна

19 өдрийн өмнө
ТАНИЛЦ | Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

"Шунхлай Холдинг Төв оффис" төсөл Шунхлай плаза болон Шунхлай Тауэр барилгын хучилт, лифтний хонгил цутгалт.

19 өдрийн өмнө