ТЭТГЭЛГИЙН ЭРЭЛД: Д.Арвинбилиг хэлний мэдлэгээс илүү хөдөлмөрч байх нь чухал

2022 оны 6 сарын 172022-06-17
ТЭТГЭЛГИЙН ЭРЭЛД:  Д.Арвинбилиг хэлний мэдлэгээс илүү хөдөлмөрч байх нь чухал

Гадаадад сурч, амьдарч буй мянга мянган залуусын төлөөлөл  Д.Арвинбилигийг тэтгэлгийн эрэлд буландаа урьж байна. Түүний хувьд БНСУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэг буюу GKS-т 2020 онд тэнцэж  Ёнсэй их сургуулийн бизнесийн удирдлагын гуравдугаар дамжаанд суралцаж буй. Ийнхүү цөөн хором ярилцсанаа хүргэе.

----------------------

-Таны хувьд Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн гэж сонссон. Уг тэтгэлгийн шалгуурын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын тэтгэлэгт сургуулиар болон Элчин сайдын яамаар (university track; embassy track)  дамжуулах гэсэн хоёр аргаар бүртгүүлэх боломж бий. Миний хувьд Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан хүсэлтээ өгч бүртгүүлсэн. Тэтгэлгийн тухайд гурван шатлалтай. Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулийн голч оноо 80-аас дээш байх ёстой.

Гэхдээ  англи солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо, сайн дурын ажил хийсэн батламж, төрөл бүрийн тэмцээн уралдаанд орсон шагнал зэрэг шалгуур нь горилогчдын дунд бичигдээгүй хууль болсон байдаг.

Мөн өөрийгөө тодорхойлсон эсээ болон суралцах төлөвлөгөө (personal statement, study plan) бичих шаардлагатай юм билээ. Ингэхдээ багш нараасаа тодорхойлолт буюу recommendation letter авдаг. Энэхүү тэтгэлэгт  тухайн жилд бүртгүүлсэн хүмүүсээс ердөө дөрөв нь л тэнцдэг. Дараа нь Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд очиж ярилцлагад ордог. Хэрэв ярилцлагад тэнцсэн бол сүүлийн шатны шалгуур болох Элчин сайдын яамнаас оюутнуудын материалыг нягталж шийддэг юм билээ. Тус Элчин сайдын яамнаас зөвшөөрсөн хариу ирүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн шилжилгээнд орсноор явах бүрэн эрхээ авна. Гэхдээ жил бүр  материал бүрдүүлэлт, тэтгэлгийн шалгуурт  бага зэрэг өөрчлөлт ордог юм билээ.

-Ердөө л дөрвөн хүн  тэтгэлэгт тэнцдэг гэхээр бусдаас ялгарахын тулд юун дээр илүү анхаарсан бэ. Өөрийнхөө туршлагаас хуваалцахгүй юу?

-Миний хувьд арван жилийн сурагч байх үеэсээ л гадаадын шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцна гэж бодож зорьсон. Тиймээс төрөл бүрийн олимпиад, сайн дурын ажилд оролцдог байсан л даа. Энэ нь материал бүрдүүлэхэд их тус болсон. 2019 оны зургадугаар  сард ахлах ангиа төгсөөд ирэх намар есдүгээр сард материалаа өгөх хүртэл хэлний шалгалтанд санаа зовохгүйгээр зөвхөн материал бүрдүүлэх, эсээ бичихэд зориулсан. Яагаад гэвэл тэтгэлэгт бүртгүүлсэн хүүхдүүд өндөр оноотой, гадаад хэлтэй гэх зэргээр маш сайн материал бүрдүүлж оролцдог болохоор бусдаас ялгарах арга нь эсээ, ярилцлагаа сайн өгөх гэж үзсэн.

Би хувьдаа ярилцлагаа маш сайн өгсөн гэж боддог. Хамгийн чухал нь, ярилцлагын өдөр сандралгүй, хүсэл мөрөөдөл зорилгоо нээлттэй илэрхийлсэн нь өрөөний уур амьсгалыг илүү тухтай, хаалтгүй болгож чадсан.

Тиймээс хэрэв ярилцлагад орохоор бол сандрахгүй илүү нээлттэй өөрийнхөөрөө байгаарай гэж залуустаа зөвлөе. Мэдээж тэтгэлэгт бэлдэж тэнцэх хүртэл бүхий л үед  гэр бүл маань намайг дэмжиж байсан.

-Зарим тохиолдолд тэтгэлгийн шалгуурт хэлний бэрхшээл гарч байсан уу?

-Манай сургууль гадаад хэлний гүнгийрүүлсэн сургалттай учраас хэлний бэрхшээл гарах, хүндрэлтэй зүйл гарч байгаагүй. Миний хувьд Ерөнхий боловсролын дунд 18 дугаар сургуульд наймдугаар ангиасаа солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй болсон. Ахлах ангиа дүүргэх хүртэл англи хэлний ангид суралцсан нь тэтгэлэгт тэнцэх маш том хөшүүрэг нь байсан болов уу гэж боддог.  Гэхдээ зөвхөн танхимын сургалтаар хэлний мэдлэгтэй болсон гэвэл өрөөсгөл. Өөрийгөө хөгжүүлж нэмэлтээр англи, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэх сургалтад явж байсан. Тиймээс ахлах ангиа  түвшин тогтоох шалгалтын дээд оноотой, англи солонгос хэлний ерөнхий мэдлэгтэй төгссөн.

-Тэтгэлэгт тэнцсэн  бол тийз болон амьжиргааны зардал зэргийг тухайн улсаас төлдөг үү. Аль эсвэл?

-Тэтгэлэгт тэнцсэн л бол дөрвөн жилийн сургалтын төлбөр, амьжиргааны зардал, ирж очих тийз, эрүүл мэндийн даатгал зэрэг зардлыг тухайн улс хариуцдаг. Хэрэв солонгос хэлний мэдлэг тааруухан бол нэг жилийн хэлний бэлтгэлийн зардлыг ч бас төлдөг юм билээ.

-БНСУ-д алдартай, шилдэг сургуулиуд цөөнгүй. Үүний нэг нь Ёнсэй. Яагаад энэ сургуулийг сонгосон бэ?

-Анх материалаа өгөхдөө сонгосон Ёнсэй, Ханяан, Кореа ( Yonsei univ, Hanyang univ, Korea univ) гэсэн гурван сургуульд өгөөд бүгдэд нь тэнцсэн. Ёнсэй-д суралцахаар болсон минь бизнесийн тэнхимээрээ хамгийн алдартай, зөвхөн азийн биш бусад олон орнуудаас ирсэн гадаад оюутнууд ихтэй, кампусын амьдрал зэрэг олон давуу талтай. Энэ нь сонирхол татсан. Нэгдүгээр дамжааны оюутнууд хамтдаа дотуур байранд амьдардаг residential college гэсэн хөтөлбөртэй. Мөн Акарака, Ёнгужон гэх мэт алдартай урлаг спортын фестивалууд зохион байгуулдаг.

-Гэр бүлээсээ анх удаа бие дааж гадаадад суралцангаа амьдрахад шантармаар зүйлс гарч байв уу?

-Гадаадад суралцахад хэл,соёлын ялгаа нь хэцүү санагдаж байсан. Сургуульдэх хэлээрээ хичээлээ үзэж байгаа хүүхдүүдтэй өрсөлдөх хэрэгтэй болдог.

Хэчнээн сайн хэлний оноотой ч мэдэхгүй чадахгүй зүйл маш их гардаг.  Монголд оюутнууд заримдаа эх хэлээрээ үзээд ойлгодоггүй хичээлийг гадаад хэлээр үзнэ гэдэг нь бусдаас хоёр дахин илүү хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн үг.

Нэг хэлээр ярьдаг ч ойлголцоно гэсэн баталгаа болохгүй, тухайн орны хүнтэй ойлгоцоход соёлыг нь бас ойлгодог байх хэрэгтэй. Жишээ нь Өмнөд Солонгост нэг насны зөрүүтэй бол ах эгч гэж хүндэтгэн ярих хэрэгтэй болдог.  Монголчуудын хувьд солонгос соёлтой илүү ойр байдаг юм болов уу гэж харсан. Гэсэн ч тухайн орныхоо хэл соёлын талаар ойлголттой болоод ирвэл мөнгө цаг хугацаагаа хэмнэж чадна. Дутагдалтай тал нь, монголчууд бэлэн будаа идэх дуртай, хувийнхаа ажлыг бусдад хэт их даатгаад зохицуулаад өгөх юм шиг санадаг. Техник технологи ашиглаад  өөрөө олон хэл дээр интернетээс хайлт хийгээд сурчихвал хүнээс гуйхгүйгээр мэдээллээ авах боломжтой шүү дээ.

Манай бизнесийн мэргэжлийн хувьд маш их багийн ажлуудтай байдаг. Тийм болохоор зарим үед сайн ахлагч зарим үед сайн дагагч болж олонтой эв дүйгээ олох аргад суралцаж байгаа.

-Ярилцлагын төгсгөлд асуухад хэлний мэдлэгтэй болсон туршлагаасаа бусдад зөвлөвөл юу гэж хэлэх вэ?

-Дургүйд хүчгүй гэдэг шиг өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаж гадаад хэлийг хобби болгож чадвал илүү сайн. Жишээ нь, би чөлөөт цагаараа кино нэвтрүүлэг интернет ашиглаж хэлээ сайжруулсан. Хүмүүс үг яаж цээжлэх вэ гэж асуугаад байдаг би хувьдаа үг ерөөсөө цээжлэх гэж хичээдэггүй. Мэдэхгүй үг гарч ирсэн тохиолдолд агуулгаас нь ойлгох гэж оролддог, тухайн өгүүлбэрт гол утга агуулсан түлхүүр үг байвал толь бичиг ашиглана. Толь бичгээс харсан үг дахин дахин энд тэнд гарч ирээд цаанаасаа толгойнд орчихсон байдаг. Тэтгэлэгт бэлдэж эхлэх явц бодож байгаагаас маш эрт эхлэдэг. Тэтгэлэгт тэнцсэн хүүхэд залуусыг харахад маш нээлттэй. Бас шинэ зүйлд суралцахдаа ялархаж биш сонирхож хийдэг сониуч залуус байдаг.

Н.МӨНХЦАЦРАЛ

Санал болгох

Б.Гүнбилэг: Эв нэгдлийг илэрхийлэх Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудал энэ намрын гол сэдвүүдийн нэг байх юм. Бид энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

12 өдрийн өмнө
Г.Баасан: Ч.Мөнхбаярт мөнгө өгсөн Дарханбаяр тагнуулынх байсан

Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх “Судалгаа, дүн шинжилгээний жигүүр” гэх байгууллага 1923 байгуулагдсан юм байна. Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлд Энэтхэгийн Судалгаа шинжилгээний жигүүр байгууллагын дарга Самант Кумар Гоел гэдэг хүнээс 2019 оны 9 сарын 9-нд и-мэйл ирсэн гэдэг. Тэр хүн 2019 оны 7 сарын 1-нд үүрэг гүйцэтгэгчээр тавигдсан боловч Азийг хариуцдаггүй гэдэг нь ил юм билээ. Тэр байгууллага нь тагнуулын байгууллага байсан гэж тэд ярьдаг. Энэ и-мэйлийг тагнуулынхан зохиож бичсэн.

2 сарын өмнө
ТЭТГЭЛГИЙН ЭРЭЛД:  Д.Арвинбилиг хэлний мэдлэгээс илүү хөдөлмөрч байх нь чухал

Гадаадад сурч, амьдарч буй мянга мянган залуусын төлөөлөл  Д.Арвинбилигийг тэтгэлгийн эрэлд буландаа урьж байна.

2 сарын өмнө