ТЭТГЭЛГИЙН ЭРЭЛД: В.Путины нэрэмжит тэтгэлгээр суралцаж буй Б.Мишээлийн туршлагаас

1
2022 оны 6 сарын 242022-06-24
ТЭТГЭЛГИЙН ЭРЭЛД: В.Путины нэрэмжит тэтгэлгээр суралцаж буй Б.Мишээлийн туршлагаас

Дэлхийн шилдэг их дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцаж буй мянга мянган залуусын төлөөлөл Б.Мишээлийг ТЭТГЭЛГИЙН ЭРЭЛД буландаа урьж байна. Тэрбээр ОХУ-ын Засгийн Газрын Путины нэрэмжит тэтгэлгээр РНИМУ им Н.И. Пирогова сургуульд хүний их эмч мэргэжлээр суралцаж буй.

-------------------------

-В.Путины нэрэмжит тэтгэлэгт тэнцэхийн тулд шалгуур нь хэр өндөр босго оноотой байдаг вэ. Энэ тухай та өөрийн туршлагаасаа хуваалцахгүй юу. Тэр дундаа анагаах ухааны салбарт суралцахаар бэлдэж буй хүүхэд залуусын хувьд хэлний мэдлэг илүү чухал байх?

-Миний хувьд 2020 оны хавар тэтгэлэгт тэнцсэний дараа есдүгээр сараас хэлний бэлтгэлд хамрагдсан. Одоо РНИМУ им Н.И. Пирогова сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байна.

Мэдээж Анагаах ухааны сургууль болохоор хэлний мэдлэг маш чухал. Мөн мэргэжлийн хэллэгүүдийг маш сайн сурсан байх шаардлагатай. Тийм болохоор хэлний мэдлэг тааруу, мэргэжлийн хэллэгүүдээ сайн мэдэхгүй бол хичээлээ ойлгохгүй хоцрох, шалгалтандаа унах шантрах зэрэг олон асуудал тулгарна. 

Мэдээж хэлний бэлтгэл, их сургуульд суралцахаас өмнөх хамгийн том даваа бол тэтгэлэгт тэнцэх. Үүний тулд наад зах нь ерөнхий боловсролын сургуулийн голч оноо өндөр байх ёстой. Мөн эссэ  бичлэг их чухал. Гэхдээ бичигдээгүй хууль нь нийгмийн идэвх оролцоо.

Миний хувьд ерөнхий боловсролын сургуульд олон тэмцээн, уралдаанд оролцдог байсан нь тэтгэлэгт тэнцэхэд  минь нөлөөлсөн.

Тэтгэлгийн шалгуурын тухайд, РЦНК-д жил бүр тэтгэлэгийн шалгалт хоёр үе шаттай  болдог. Орос хэл болон мэргэжлийн хичээлийн дагуу нэг хичээлээр шалгалт өгдөг. Жишээ нь, анагаах ухааны чиглэлээр суралцах бол  Хими болон Орос хэлний хичээлийн шалгалт өгнө.

-Тэгвэл өөрөө суралцах хугацаандаа шантарч байсан үе байдаг уу. Тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байсан бол?

-Орост очсоны дараа танихгүй орчноос гадна хүмүүсийн яриаг сайн ойлгохгүй хэцүү санагдсан. Үүнээс илүү гэр бүлээ их санасан. Одоо ч санаж л байна /инээв/.  Хэдийгээр хэлний бэлтгэлд суусан, өөрөө хэлний мэдлэгтэй байлаа ч дөнгөж нэгдүгээр дамжаанд орох үед хичээлээ ойлгохгүй шантармаар үе олон байсан.

Хичээлийн хөтөлбөр нь маш хүнд, шахуу болохоор шалгалтаас шалгалтын хооронд л амьдардаг гэх үү дээ. Тэр бүрийд надад найдаж үлдсэн гэр бүл, найз нөхдийнхөө итгэлийг алдахгүй юмсан гэж их хичээдэг дээ.

Яагаад энд ирэх болсон, яагаад эхлэх болсон зорилгоо санадаг. Гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүстэйгээ сэтгэлгээ онгойтол ярилцаж тайвшираад хичээлээ хийдэг.

-Дээр хэлсэнчлэн  хэлний бэлтгэл их чухал болов уу?

-Хэлний бэлтгэлд зөвхөн орос хэл хөтөлбөрт нь байдаггүй. Мэргэжлийн болон суурь хичээлүүдийг давхар судалдаг. Энэ нь надад Их сургуульд орж нэгдүгээр дамжаанд суралцахад минь маш том хөшүүрэг болсон. Хэлний бэлтгэлийн давуу тал нь оюутан залуусыг нэгдүгээр дамжаанд суралцах бүх бэлтгэлийг нь хангаж өгдөг юм билээ. Дүрмийн шалгалтад бэлтгэхэдэ орос хэлний багш нараасаа туслалцаа авч бэлддэг байсан. Бас Ключ-28 гэсэн сургалтанд сууж  байсан. Энэ бүхэн өөрийгөө хөгжүүлэх, хэлний мэдлэгээ сайжруулахад дөхөм болсон.

-Үүнээс гадна Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо тэтгэлгийн шалгуурт  нөлөөлдөг үү?

-Тэтгэлэг шалгаруулалтад элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо огт нөлөөлдөггүй. Тэтгэлэгийн шалгалт  хаврын эхний саруудад болдог. Тухайн жилээс хамаарч хоёр, гуравдугаар саруудад ихэвчлэн шалгалтыг товлодог. Харин элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын сүүлээр болдог учраас хүүхэд залуус тэтгэлгийнхээ хуваарийг аль хэдийнэ авсан байдаг. Би ч бас тэтгэлгийнхээ хуваарийг өмнө нь  авсан. Гэхдээ өөрийг сорихоор элсэлтийн ерөнхий шалгалтад Хими Биологийн хичээлээр шалгалт өгсөн. Шалгалтын дүн, химийн хичээл 700 оноотой, биологийн хичээл 95 хувийн гүйцэтгэлтэй 750 орчим оноо авсан.

-Тэтгэлэгт тэнцсэн бол өөрийн суралцах сургуулийг сонгох нь чухал байдаг. Таны хувьд РНИМУ им Пирогова сургуулийг яагаад сонгосон бэ?

-Би багаасаа эмч болохийг мөрөөддөг байсан. Ахлах ангиасаа эхлэн энэ чиглэлэээр тэтгэлгийн талаарх мэдээлэл боломжуудыг судалж эхэлсэн. ОХУ-ын боловсролын систем нь анагаах ухааны чиглэлээр төдийгүй бусад чиглэлээр ч дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Мөн хэлний түвшний оноо шаардахгүй, сурах орчин сайтай, олон талаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой санагддаг.

Орост дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийн залуустай хамт суралцахад тэднээс туршлага солилцож байдаг. Манай сургуулийн тухайд, Орост төдийгүй Европт сургалтын  системээр дээгүүр байр эзэлдэг.

Дотоодынхноос гадна бусад улс орны залуус нийт 9000 гаруй оюутантай. 2018 онд The Higher Education (THE)  дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад албан ёсоор багтсан. Энэ жагсаалт нь үйл ажиллагаа, сургалтын систем, төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал гэх зэрэг үнэлгээнд үндэслэдэг. Хичээлийн хувьд ч маш шахуу хүнд хөтөлбөртэй.

-Тэтгэлгээр суралцахаар төлөвлөж бэлдэж байгаа хүүхэд залууст хандаж хэлэхэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мэргэжил бол насаараа чамтай хамт байх овог. Эцэг эхээс өгсөн нэр шиг чухал учраас өөрийн сонирхол, чадварт тохирсон маш чухал сонголт хийгээсэй гэж хүсч байна. Гадаадад суралцахдаа хувийн сахилга бат, гэр бүлийн хүмүүжил чухал. Тэтгэлэг авахад баярладаг ч тухайн улсад очоод суралцах үед шантрах үе маш их. Ийм үедээ анх ямар зорилготой байснаа санаж зоригтой тууштай байагарай. Би ч бас дөнгөж сурч эхэлж байгаа болохоор олон саад бэрхшээлтэй нүүр тулж явна. Тийм болохоор үеийнхэндээ “хэзээ ч битгий шантар”, “алдах эрхгүй”, “чи хамгийн сайн нь байх хэрэгтэй” гэх дарамттай үг хэлэхгүй. Зөвлөх ч үгүй. Хүн бүр л алдаж онож ухаардаг учраас алдсан ч өөрийгөө буруутгаж зүхэх хэрэггүй. Харин тэр уналт айдас дарамтнаас аль болох хурдан босох нь чухал шүү.

Г.БЯМБАСУВД

Санал болгох

МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувиар хямдрууллаа

Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ

21 цагийн өмнө
М.Бадарч: Би гүжирдүүлсэн

Улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн нь батлагдсан талаарх мэдээлэл өнөөдөр ч анхаарлын төвд байна. Тэгвэл Улсын арслан М.Бадарчаас гарч буй мэдээллийн талаар дараах тодруулгыг авлаа

1 өдрийн өмнө
ТӨСӨВГҮЙ гэх үгийн золио нь 13 настай охины амь

Зам тээврийн ослын улмаас 12 настай охин нас барж, 13 настай эмэгтэй Х нь  биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Дээрх хэрэг

1 өдрийн өмнө
ЭМЯ: Хөх хотод сурсан 30 сувилагч гэрчилгээгээ гардлаа

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.

1 өдрийн өмнө