СУРВАЛЖИЛГА: Энгийн загвартай, цайвар дээл гүйлгээтэй байна

1
2022 оны 6 сарын 242022-06-24
СУРВАЛЖИЛГА: Энгийн загвартай, цайвар дээл гүйлгээтэй байна

“Наадам, наадам...” гэх яриа хаа сайгүй өрнөж баярын уур амьсгал оржээ. Энэ жил монголчууд цар тахалгүй юм шиг дэнж хотойтол баярлахаар гоёлоо зэхэж, баяр амралтын өдрүүдийг тэсэн ядаж хүлээж байгаа нь илт.  Цар тахал, хөл хорио, хязгаарлалтын дэглэмээс шалтгаалж хоёр жил дамнан гэр бүлээрээ, цахимаар наадсан монголчууд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган Төв цэнгэлдэх хүрээлэнд  хүчит бөхийн барилдаанаа үзэж, Хүй долоон худагт хүлгийн тоосонд хийморио сэргээх нь. Үндэсний их баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ өдрүүдэд баярын гоёлоо бэлдэхэд нь хэрэгтэй болов уу хэмээн TIME.MN дараахь сурвалжилгыг бэлтгэлээ.

-------------------------------------

                                            ҮНДЭСНИЙ БРЭНДҮҮДИЙН ХӨГЖҮҮЛСЭН УРБАН ЗАГВАРУУД

ивээлө.jpg

Үндэсний брэндүүд загвараараа өрсөлдөж дээл, гоёлоо санал болгож байна. Хүмүүсийн мэдэх Iveel, deer, борголжин зэрэг брэндийн загваруудыг харвал илүү европ хэв маягтай болжээ. Тухайлбал, Deer брэндийнхэн  чөлөөт сул цамцыг трэнд болгожээ. Өнгө, материалын тухайд, даавуун бор шаргал, саарал өнгө илүү зонхилж байна. Үнийг нь сонирхвол, монгол захтай цамц 148 мянган төгрөг, даашинз 158 мянган төгрөг.

Харин Iveel брэндийн тухайд өнгө өнгийн цэцэг, шигтгээ гэхээс илүүтэй гэр бүлийн хос монгол захтай цамц, богино даашинзыг санал болгожээ. Силк, торон материалыг хослуулсан төдийгүй уламжлалт хэв маягаа хадгалсан хээ угалз, дээлийн босоо зах зэргийг дааншинзтай хослуулжээ.

ивээл.jpg

Мөн Борголжин брэндийн тухайд усан ягаан, цагаан, цайвар өнгийн даашинз, үсний гоёл хантаазыг энэ жил онцолж байна. Энэ мэтчилэн үндэсний брэндүүдийг харахад аль болох бусдаас илүү загварлаг байхад үндэсний гоёлд илүү анхаарчээ.

Үндэсний гоёлын загварыг хөгжүүлж байгаа нь энэ гэхдээ уламжлалт загварыг хэт алдагдуулсан нь ч байна. Энэ тухай загвар зохион бүтээгч... /хэл ам нь тасрахгүй хэмээн нэрээ нууцлахыг хүсэв/ бидэнтэй бодлоо хуваалцсан.

Тэрээр  “Зах зээлийн эрэлтээ бодоод л орчин үеийн хэв маягийг үндэсний хувцастай хослуулж загвар гаргаж эхэлсэн. Гэхдээ үнэн холих хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр, түүхэн судалгаа, баримт нотолгоонд суурилсан хувцасны загвар нь үнэн зүйл өгүүлэх хэрэгтэй. Эргээд бид үндэснийхээ хувцсыг хойч үедээ уламжлуулан үлдээнэ. Харамсалтай нь, үндэсний хувцасны загварыг бантан хутгаж байна. Загварыг нь замбараагүй өөрчилж, нэг нэгийнхээ загвараас хуулбарлаж байна. Би аль болохоор үндэснийхээ хувцасны хэв шинжийг нь алдагдуулахгүйгээр хойч үедээ үлдээе гэж боддог. Үндэсний хувцасаар маань гоёж гангардаг маш олон улс бий шүү дээ. Түүхээ ч бас хүмүүс мэдэх хэрэгтэй. Дээл гэхээр л зөвхөн босоо захтай биш шүү дээ. Таван төрлийн зах байна. Босоо, нумарсан, хагалбар, дөрвөлжин гэх мэт. Судлаад үзвэл үндэсний хувцсыг маш гоё элемент ашиглан орчин үеийн хувцастай хольж болно. Тэр бүү хэл Европын хатагтай ноёд язгууртнуудын өмсч байсан хувцаст Монголын өв соёл шингэсэн байдаг” гэсэн юм.

ДҮНЖИНГАРАВ ЗАХ: ДЭЭЛИЙН ХУДАЛДАА САЙНГҮЙ БАЙНА

дээла.jpg

Дараа нь үндэсний үйлдвэрлэгчдээс гадна дэлгүүрийн лангуу, зах худалдааны төвүүдэд дээл ямар үнэтэй байгааг сонирхож Дүнжингарав худалдааны төвийг зорилоо. Тус худалдааны төвөөр өчигдөр ороход хөл хөдөлгөөн сийрэг байв. 

Эрээн-Замын-Үүдийн хил хаалттай, бараа материалын хомсдол, үнийн өсөлт,  иргэдийн худалдан авах чадвар буурсан зэрэг нь дээлийн худалдааны орлогод муугаар нөлөөлсөн тухай худалдаачид ярьж байна.
 

Тэдний яриаг батлах гэсэн шиг дээл сонирхож байгаа хүмүүс сонирхсон дээлийг нь худалдагч үнэтэй дуугарвал дурамжхан цаашаа явах нь нийтлэг. Дээл сонирхож байгаа хүмүүс загвар, материалаас илүү үнэ ханш лавлаж байлаа. Иргэдийн хувьд дунджаар 60-100 мянган төгрөгт энгийн нимгэн загварлаг дээл сонирхож байгаа ч бодсоноос нь 2 дахин үнэтэй байгааг бидэнд ярьсан юм.

Харин худалдаачдын зүгээс дээлний үнэ нэмэгдээгүй гэх тайлбар өгч байлаа. Дүнжингарав худалдааны төвд дээлний лангууны тасгийн худалдагч Б.Дамдин “Covid-19  халдварын  өмнөх үетэй харьцуулахад дээлний үнэ нэмэгдсэн ч өнгөрсөн  жилийн үнэ ханшаар л борлуулж байгаа. Хил гааль асуудалгүй үед арай хямд материалын сонголт ихтэй байсан ч одоо сонголтгүй болсон. Баяр наадам дөхсөн учраас сүүлийн хоёр хоногоос л худалдан авалт нэмэгдэж байна” гэлээ.

Мөн худалдагч Д.Нарантунгалаг “Баяр дөхсөн болохоор худалдан авалт сүүлийн үед нэмэгдэж байна. Найр наадам болох гээд цар тахлын үетэй харьцуулахад хөл хөдөлгөөнтэй байгаа. Гэхдээ дийлэнх нь үнэ асуугаад буцдагийг нуугаад яах вэ. Хил хаагдаагүй байхад өдөрт 10-аас илүү дээл амархан зардаг байлаа. Баярын үеэр хоёр худалдагч зэрэг ажиллаад ачааллаа дийлдэггүй байсан. Одоо  зүгээр л зогсдог болчихлоо. Өдөрт тавыг зарвал дээд нь болж байна. Тийм болохоор бид өөрсдөө урласан дээлээ ажлын өртөг тооцохгүй материалынх нь үнээр л зарж байна. Ажлын өртөг тооцвол хүмүүс худалдан авч чадахгүй. Материалын үнэ урьд жилүүдийнхээс 30 орчим хувиар нэмэгдсэн. Манай дээлнүүд 150-300 мянган төгрөгийн хооронд зарж байгаа. Бусад газартай харьцуулахад илүү хямдхан үнэ шүү” гэлээ. Мөн хажууд нь зогссон нэгэн худалдагч “Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс дээл худалдан авах нь багассан” гэж үг нэмэрлэлээ.

Захын худалдаачдын хэлснээр уламжлалт загвараас илүү ганган дээл хамгийн гүйлгээтэй байдаг гэнэ. Мөн торгон хос цамц, гэр бүлийн 3-6 хос дээл борлуулалт сайтай юм байна. Залуусын хувьд зөвхөн баярт гэлтгүй өдөр тутамдаа өмсөх загварын дээл сонирхдог болсон гэнэ.

Өнгөний тухайд цайвар шаргал, цагаан өнгө сонирхох нь нийтлэг байгаа аж. Дээл сонирхож яваа хүмүүсийн зарим нь өнгө, материал, хийцийг нь илүү нягталж бас шилэх аястай ч харагдсан. Харин худалдаачид дээлээ зарахын тулд аль болох загварлаг гэсэн дээлээ санал болгож байлаа. Дээлийн үнэ ханш дунджаар 150-400 мянган төгрөгийн хооронд байна. Энэ бол зөвхөн дээлийн үнэ юм. Тэгвэл хантааз, цамц дунджаар 80 мянган төгрөгийн үнээр борлуулж байсан юм.  

Харин хувиараа дээлийн захиалга авч байгаа хүмүүстэй утсаар холбогдож асуувал “Материалаа өгөөд 150 мянгаар дээлээ оёулж болно. Залуучууд хуучны энгийн загвартай, хоргойгоор эмжсэн дээл сонирхож асуудаг  болсон” гэж байлаа.

ХУУЧИН ТОРГО ҮНЭД ОРЖЭЭ

торго.jpg

Бид дээлийн лангуунаас гарч торго, бүс даавууны үнэ ямархуу байгааг сонирхлоо. Даавуу хэмжиж зогссон худалдагч “Даавууны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдээгүй. Гэхдээ цар тахлаас өмнөх үетэй харьцуулахад өссөн” гэлээ.

Захаас гарч Улаанбаатар шилэн банкны замын эсрэг талд байрлах торго бөс барааны дэлгүүрүүдээр орлоо. Зам дагуух, зэрэгцсэн зургаан дэлгүүрээр ороход ганцхан үйлчлүүлэгч таарав. Бусад нь эл хуль, худалдагчид зурагт үзэж, буйдан дээрээ утсаа "маажсан" шиг өдрийг өнгөрөөж байна.

Лангуу дүүрэн өрсөн өнгө өнгийн торго, дурдан бүгд хоёр, гурван жилийн өмнөх борлогдоогүй үлдсэн бараанууд аж. Хил хаалттай тул энэ жилдээ шинэ торгоны бараа харах бараг л боломжгүй гэнэ.

Учир нь торгыг онлайнаар захиалж болох ч эрсдэлтэй төдийгүй ачаа тээврийн зардал өндөр. Бас биечлэн очиж авахаас өөр аргагүй бараа гэдгийг зарим нь хэлж байлаа. Дунджаар боломжийн материалтай, хамгийн гүйлгээтэй гэх торго нэг метр нь 32 мянган төгрөг байсан бол 40-50 мянган төгрөг болжээ. Учир нь юань, ам.долларын ханш өссөн, ачаа тээврийн зардал нэмэгдсэн гэж “Гоёл торго бөс бараа”-ны дэлгүүрийн худалдагч Ш.Цог хэлж байв. Түүний ярьснаар хамгийн үнэтэй нь 120 мянган төгрөгийнх гэнэ. Урд хөрш хилээ хаасан нь торго бүс барааны үнэ өсөх гол шалтгаан болж байгааг худалдаачид хэлсэн.

Энэ мэтчилэн худалдаачид тээврийн зардал өсч, барааны хомсдолд орсныг шагширч, хүмүүс дээлийн үнэ өссөнийг сонсоод гайхсан дүр зураг ганцхан зах, дэлгүүрээр ороход л харагдаж байна.

Н.МӨНХЦАЦРАЛ

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

20 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө