СУРВАЛЖИЛГА: 10000 үзмэртэй Чингис хаан музейгээр "аялсан нь"

2022 оны 6 сарын 272022-06-27
СУРВАЛЖИЛГА: 10000 үзмэртэй Чингис хаан музейгээр "аялсан нь"

Төрийн ордны  хаяанд Их эзэн хааны нэрээр овоглосон шинэхэн музей ирэх сард үүдээ нээхээр төлөвлөж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө үзмэрүүдээ дэлгэх сургаар нь хүмүүс битүүхэн хүлээлттэй. Ямар үзмэрүүд дэлгэсэн бол, дотор нь орж үзэхэд ямар бол, үнэр нь, өнгө нь ямар бол, хөтөч ямар хувцастай бол гээд тэсгэл алдана. Магадгүй нээлтээ хийх өдрөө музейд дэлгэсэн үзмэрүүдээр олон нийтийг гайхшруулах биз. Бид Чингис хаан музейг нээлтээ хийхээс нь өмнө уншигчдадаа харуулчихъя хэмээн ярилцаж, Соёлын яамны хэвлэлийн төлөөлөгч руу утас цохиход холбогдох хүмүүсээс нь зөвшөөрөл аваад хэлье гэв. Ингээд бидэнд тус музейг сурвалжлах зөвшөөрөл өгч, бид "Чингис хаан” музейн хаалга руу ойртсоноор сурвалжилга маань эхэлж байна.

---------------------------------

ҮЗВЭЛ ҮНС ХАРВАЛ ХАЛЬС БОЛНО

мз.jpg

Нийт есөн давхар бүхий эл музейн наймдугаар давхар хүртэл үзэсгэлэнгийн танхим байх юм. Иймд давхар бүртээ аль хэдийнэ үзмэрүүдээ дэлгээд эхэлсэн болов уу гэж таамаглав. Төсөөлсөн шиг үүдээр нь ороход музейн эрдэм шинжилгээний ажилтнууд бужигнаж, ярилцаж бас музейнхээ гоё сайхныг танилцуулсангүй. Одоогоор нээлтээ хийгээгүй тул музейн төв хаалга хаалттай гэв. 

Иймд баруун хойд хаалгаар орвол нэгдүгээр давхараас цааш хөл гишгэх нь байтугай зураг авахыг музейн ажилтан бидэнд хориглолоо. “Одоогоор музей албан ёсны нээлтээ хийгээгүй тул гадны хүн орох нь хуулиар хориотой. Хэрэв дотогш нэвтэрсэн бол хариуцлага хүлээнэ” гэв. "Үзмэрийн зургийг деталь бүрээр авахгүй, нийтээр нь авч болох уу. Ядаж л танхимыг нь авъя. Сурвалжилга юм чинь хүмүүст харуулах зурагтай байх хэрэгтэй" гэхэд зөвшөөрсөнгүй. Ядаж л сэтгүүлч нь танхимуудаар харгалзах хүнтэй явж, үзэж харж болох уу. Үзэж харсан сэтгэгдлээ уншигчидтайгаа хуваалцахыг хүсч байна" гэхэд мөн л шуудхан үгүй гэв.

"Түүх соёлын үнэт дурсгалууд байгаа учраас болохгүй. Учирүй цэрэг, цагдаа ирээд манаагүй ч хараа хяналтад нь байгаа учраас үзүүлж болохгүй" гэлээ. Ингээд Соёлын яам нь зөвшөөрчихөөд байхад Чингисийн музейн ажилтан нь музейгээ бидэнд үзүүлэхээс татгалзлаа. Байгалийн түүхийн музейг нурааж суурин дээр нь барихаас эхлээд л олны шүүмж, хэл аманд өртсөн Чингисийн музейнхэн дахиад шүүмжлүүлэхээс нуруугаа авахуулж дээ гэсэн бодлоор цайруулж бид үүдэнд нь зогсч байгаад мэдээллээ аваад буцсан юм.

ХИЛИЙН ГАЦАА МУЗЕЙН НЭЭЛТЭД ДӨНГӨ БОЛЖЭЭ

Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” музейн дотоод үзмэрийн дэглэлт, зохион байгуулалтын бэлтгэл дуусах шатандаа оржээ. Эрдэм шинжилгээний ажилчид үзмэрийн дэглэлт, тайлбар бичгийг хана, шилэн хоргонд байршуулаад толгой өндийх завгүй байгаа аж. /Уг нь завгүй ажиллаж байгаа хүмүүсийн зураг ч сурвалжилганд маань чимэг болох байсан/

Үзэсгэлэнгийн танхимын тухайд товч танилцуулахад, төв хаалгаар ороход нэгдүгээр давхар зочид хүлээн авах, түр үзэсгэлэнгийн танхим байх юм. Үзэгчид хоёрдугаар давхраас эхлэн Хүннүгийн үеэс эхлэн Богд Хаант Монгол Улс хүртэл үеийн түүхээр аялах нь. Түүхийн он цагийн дарааллаар нь давхар бүрийг нарийн зохион байгуулсан юм байна. Сонирхуулахад, Эртний төрт улсууд гэсэн танхим 2-4 дүгээр давхар хүртэл үргэлжилнэ. Дараа нь Их Монгол Улсын танхим тавдугаар давхарт бол Эзэнт гүрний танхим зургадугаар давхарт, XV-XVII дугаар зууны үеийн алтан угсааны танхим долдугаар давхарт, Монгол бахархалын танхим наймдугаар давхарт байрлах нь.

Үндсэндээ урьд өмнө нь олон нийтийн хүртээл болгоогүй археологийн ховор нандин түүх соёлын хосгүй үнэт 10 мянга гаруй бүтээлийг үзмэрт дэлгэнэ. Дээр нь гадаадын улс орнуудад хадгалж буй Монголтой холбоотой эд өлгийн зүйлс багтаж буй. Гэхдээ эх хувилбарыг нь биш хуулбарыг нь татан авчээ. Гадныханд монжуулсан гэх үү, түүх соёлын олон үзмэрээ гадаадад алдсан улсдаа бид. 

Мөн Чингис хааны алтан баримлыг шүншиглэж есдүгээр давхар болох хүндэтгэлийн танхимд залах нь. Энд 13 дугаар зууны үед Чингис хааны орд өргөө хэлбэртэй байхаар тохижуулжээ. Түүнчлэн хаадын лааны тосон баримлыг байршуулахаар захиалгаар урлуулж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь, Япон улсаас Хубилай хааны  цэргийн флотын  8 метр урт усан онгоцны хуулбарыг музейд байрлуулахаар төлөвлөжээ. Мөн энэхүү флоттой холбоотой номын зургууд зэрэг ховор үзмэрүүд ч бас багтаж байгаа юм. Одоогоор хил гаалийн улмаас эл үзмэр овор хэмжээ их тул гацсан байгаа аж. Улмаар “Чингис хаан” музей долдугаар сарын 3-нд нээлтээ хийхээр байсныг хойшлуулсан нь ийм шалтгаантай.

Чингис хаан” музейн эрдэм шинжилгээ судалгааны хэлтсийн дарга Н.Батболд: Жинхэнэ үзмэрээр дэлхийд цойлно

бата.jpg

Музейтэйгээ танилцуулаагүй ч мэдээлэл өгсөн хүн нь “Чингис хаан” музейн эрдэм шинжилгээ судалгааны хэлтсийн дарга Н.Батболд байлаа. Хошууч цолтой, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын судлаачаар ажиллаж байсан хүн байлаа. /Оруулаагүйн учир тодрох шиг, тагнуулынхан ч сүртэй хүмүүс дээ/

Тэрээр,

-Нэршлийн тухайд  “Чингис хаан”  нэртэй болохоос хаад язгууртны музей юм. Манай музей Үндэсний их баяр наадмаас өмнө нээлтээ хийх эсэхийг хэлж мэдэхгүй. Музейг долдугаар сарын 3-нд нээхээр товлосон ч хил гаальтай холбоотой шалтгаанаас үүдэн хойшилж магадгүй. Бидний зүгээс аль болох хурдан нээлтээ хийхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоор ажиллаж байна. Соёлын яамнаас хил дээр гацсан үзмэрийг татан авах, бид үзмэрийн  дэглэлтээ хариуцах зэргээр тал талд хичээж байна.

Ерөнхийдөө музейд дэлгэх 10 мянга орчим үзмэрийн 90 гаруй хувь нь жинхэнэ. Энэ бол сүүлийн 20 гаруй жил археологчдын нөр их хөдөлмөрийн үр дүн олж илрүүлсэн музейн сан хөмрөгт өнөөдрийг хүртэл хадгалсан олон нийтэд дэлгэгдээгүй соёлын үнэт зүйлс. Дийлэнх нь хаад язгууртантай холбоотой.

Жишээ нь, Хүннүгийн үеийнх бол алт мөнгөн чимэглэл,адууны хэрэгсэл, хударга хазаар гэх зэрэг үзмэр байх юм. Тэгэхээр манай музей оргинал үзмэрээр дэлхийд цойлох болов уу гэж харж байна. Мэдээж үзмэрийн хадгалалт хамгаалалт олон улсын музейн стандартыг мөрдөж байгаа. Кино театр, хурлын танхим үзэсгэлэнгийн танхимаас тусдаа байх юм.  Музейн онцлог нь дижитал үзмэртэй. Энэ нь шилэн хоргоны цаана байрлуулсан үзмэрийг гар утаснаасаа  3D байдлаар харах боломжтой. Тайлбарыг нь QR код уншуулж харна. Дээр нь музейн аппликэйшнээр нэвтэрч үзмэрийн танхимуудтай танилцаж болно" гэв.

"ЧИНГИС ХААН" МУЗЕЙН ЗАХИРАЛ НЬ ГАДААДЫНХАНД БОЛОХООР ХӨТӨЧ ХИЙГЭЭД ЯВДАГ

1234 (1).jpg

Дотор нь орж танилцсан сэтгэгдлээ, нүд гайхам зургуудаа уншигчидтай хуваалцаж чадаагүй ч авсан мэдээллээ хүргэхэд ийм байна. Гомдлын мөр гэдэг шиг материалаа бичиж байхдаа Чингис хаан музейн фэйсбүүк хуудаснаас музейн танхим, үзмэрүүдийн зураг байвал хавсаргая гэж нэгжлээ л дээ.

Гэтэл саяхан л биднийг сурвалжлахаар очиход "дотогшоо нэвтрэх нь хуулиараа хориотой, хамгаалалттай, бид хууль зөрчиж болохгүй" гээд сүржигнээд байсан “Чингис хаан” музейд гадаадын Элчин сайд нар өчнөөн орсон, үзмэрийг нь үзчихсэн, бүр зургийг нь дарсан, тэр зургаа сошиал дээрээ тавьсан байгааг хараад инээд хүрэх шиг.

Юүтүүб дээр, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг сэтгүүлч, зураглаач дагуулж очоод бичлэг хийлгээд цацчихсан, өөрөө тайлбарлаад танхим дундуур яваад, дээвэр дээр нь хүртэл гарчихсан нь байна.

Чехийн Элчин сайд саяхан өөрийн твиттэр хуудсан дээр Чингис хаан музейн захирал, Соёлын сайд асан С.Чулуунаар хөтөч хийлгэн музейн ховор нандин үзмэрүүдийг үзэж харсанаа бичиж, зургаар баримтжуулан цацжээ.

Тус музейгээр Унгар, АНУ, Япон зэрэг улсын Элчин сайд нар зочилж, үзмэрүүдтэй нь танилцаж зургаа авахуулсан шиг явж байгаа нь баримттайгаа. Олон нийтэд үзүүлэх гэж сурвалжлагаар ирэхэд сүржигнэж явуулчихаад, УИХ-ын гишүүн, Элчин сайд нарт зусардах нь ёстой л "double standart" боллоо. Үзэгчдэд гэнэтийн бэлэг байг гээд хадгалаад байгаа юм уу гэхээр хууль яриад байгаа юм. Хууль дээр байна уу гээд харахаар Музейн тухай хууль дээр заалт нь байхгүй байгаа юм. 

"ЧИНГИС ХААН" ГЭЖ НЭРЛЭЧИХЭЭД ӨӨР ТҮҮХ ЯРИХ НЬ УТГАГҮЙ

Сурвалжилгын төгсгөлд мэдээллээ баяжуулж, бас олон талт эх сурвалж болгож судлаач, түүхчдийн үгийг хүргэж байна.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхч, доктор Д.Анхбаяр: “Чингис хаан”-ыг минь аварч хайрла

-Чингис хаан хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд тав, зургадугаар  давхар л оногдсон нь халаглах багадаж хараах ихдэхээр зүйл болжээ. Мөн гурав, дөрөвдүгээр давхар нь Хүннү тэргүүтэй эртний улсуудын түүх, тав, зургадугаар давхар нь Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхэнд зориулагдах ажээ. Тэгэхээр долоо, наймдугаар  давхар нь Манжийн үе, Богд хаант Монгол улсын үед зориулагдах нь тодорхой. Тэгвэл энэ музейг Чингис хаан хэмээн нэрийдэх ямар шаардлага байгаа юм бэ? Дээрээс өгсөн зааврын дагуу төрт ёсны түүхийг үзүүлэх юм бол Г.Занабазарын Дарь эх бурхныг залах нь ямар учиртай юм бэ? Өнөөдрийн афоризмд бүх үзмэр Чингис хаантай холбоотой байх ёстой юм бол Хүннү зэрэг эртний улсууд, Манжийн эрхшээл, Богд хаант Монгол Улсыг яаж холбох гээд байгаа юм бэ? Нэгэнт ийм байдлаар дүүргэх бол Үндэсний түүхийн музей, Төрийн түүхийн музейтэй давхардсан юм болохгүй юу?” гэж цахим хуудастаа  “Чингис хаан”-ыг минь аварч хайрла гэж ёгтолж байв.  

МУБИС-ийн доктор Ж.Гэрэлбадрах: “Чингис хаан” гэж музейг нэрлэчихээд өөр түүх ярих нь утгагүй

-“Чингис хаан” музей гэж нэрлэсэн бол хааныхаа тухай л үзүүлэх ёстой болохоос дунд нь Хүннү, Богд хаант улс зэрэг өөр түүх өгүүлж болохгүй. Угтаа бол музейд Чингис хааныг төрснөөс нас барах хүртэлх түүхэн үеийг музейн бүх танхимд дэглэж харуулах учиртай. Техник технологийн дэвшлийг ашиглаад Чингис хааны зураг, бүх баримтуудыг ямар ч хувилбараар харуулж болно. Зөвхөн Чингис хаантай холбогдох эд өлгийн зүйлс, баримт эх сурвалж, ном зохиол гээд маш их зүйл бий. Чингис хааны музейд ороход л 1-9 давхар хүртэл монголчуудад үлдээсэн өв соёл, түүхийг нь харж ойлгож бахархах сэтгэл олон нийтэд үлдэх ёстой. Чингис хааны бага нас, идэр нас, дараа нь Их Монгол Улс байгуулахын төлөөх тэмцэл, Хамаг Монгол Улсыг захирсан үе, гадаад харилцааг бэхжүүлэхийн төлөөх улс орнуудтай дайтсан жилүүд, Их Монгол Улсын үндэс суурийг тавьсан Эзэнт гүрний бүх цаг үеэр аялж болно шүү дээ. Ийм байж л Чингис хааны музей болно. Гэтэл хоёрхон танхимд Эзэнт гүрний түүхийг дэлгээд, бусад танхимуудад өөр түүхэн цаг үеийг харуулахаар утга, агуулга хоёр нь зөрж байна. Угтаа бол Чингис хааны музей гэж нэрлэчихээд өөр түүх өгүүлж болохгүй. Музейд Чингис хааны тухай л өгүүлэх ёстой болохоос биш Хүннү, Занабазар, VIII Богджавзандамба хутагт байх нь огт хамаагүй. Бид ямаа гэчихээд тэмээ яриад байж болохгүйтэй адил гэж байв.

Хотын төвд шинэ өнгө нэмсэн “Чингис” хаан музейн эргэн тойронд жуулчид хэрхэн буух вэ? гэдэг нь тодорхойгүй. Эргэн тойрон автозамын уулзвар, автобусны зогсоол бараг л байхгүй. Гэсэн ч музей нэгэнт үүдээ нээвэл үзэгчид  аргаа олох биз ээ.

Сурвалжилсан Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Гэрэл зургийг Б.УУГАНСҮХ

 

 

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

21 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө