2 сая долларын хахууль ба хууль

3
2022 оны 6 сарын 272022-06-27
2 сая долларын хахууль ба хууль

Нийслэлд хэрэгжүүлэх LRT буюу баганан тулгуурт хөнгөн галт тэргийн төслийн мэдээллийг Засгийн газрын 247-р тогтоолын хавсралт буюу Төрийн нууцын жагсаалтад хамруулах гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдлаа.

Төслийн мэдээллийг маш нууцын зэрэглэлд 20 жилийн хугацаагаар оруулах Засгийн газрын тогтоолын төсөл бэлэн болчихсон, харин Засгийн газар батлаагүй гэдгийг legalinfo.mn-ээс харж болно.

LRT-г лоббидож, нууцад хамруулах гэж байхад нь чимээгүй байлаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр руу твиттэрээр дайрснаас үүдэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар гурвын дунд хэрүүл өрнөв.

Твиттэрт өрнөсөн хэрүүл

Б.Энхбаяр:

-Ч.Хүрэлбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүдийг 2 сая ам.долларын авлига авч LRT-г дэмжиж байгаа гэдэг гүтгэлгийг тараасан байна лээ…

Ч.Хүрэлбаатар:

-Гүтгүүлж явсан болохоос гүтгэж явсангүй. Доромжлуулж явсан болохоос доромжилж явсангүй ээ.

Ж.Сүхбаатар:

-Улсын төсөв олон олон жил өөрөө хариуцчихаад хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдээ хээвнэг олон сая доллар авчихсан гэж санаатайгаар зохион байгуулалттай гүтгэлэг тараалгачихаад ариун гэгээнтэн хүний дүрээр бичихээс гар чинь салгалддаггүй юм уу” гэхэд LRT төслийг зүтгүүлж буй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нартай хүч элбэж, жиргээг нь өөрийн твиттэрээр хуудсаар дамжуулжээ.

2 эргэлзээ

1. УИХ-ын гишүүд нэгнийгээ хулгайч, авлигачаар нь дууддаг боловч тэдний үгийг үндэслэн АТГ, Цагдаа, ТЕГ мухарлан шалгаж байсангүй. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг хуулиа саяхан л өөрчилсөн шүү дээ. Харин иргэний сошиалдаа бичсэн үг, яриа нь үнэн бодитой эсэхийг шалгаж, худлаа байвал тухайн иргэнийг торгодог юм билээ. Ямар боловч 2 сая ам.долларын авлигыг LRT төслийг дэмжсэний хариу болгож УИХ-ын гишүүдэд өгсөн гэсэн мэдээ тарсан юм бол араас нь шалгаж тогтоох л хэрэгтэй. Үнэн үү, худлаа юу. Төрийн ордноор дүүрэн хулгайч цуглачихсан юм шиг, зарим нь бүгдийнх нь хулгайг мэддэг юм шиг мэдээллийг УИХ-ын гишүүд ямар ч буух эзэн, буцах хаяггүйгээр амнаасаа унагаад байж болохгүй. Хулгайч байгаа бол тэрийгээ Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хороондоо хэлдэг. Тэр нь хуулийн байгууллага руу явуулдаг байх хэрэгтэй юм биш үү.

2756_7281559b4ae21fca12575d0eb3594722.jpg

2. Дээр дурдсанчлан Засгийн газрын тогтоолын төсөл батлагдаагүй байна. Харин тийм төсөл боловсруулагдсан байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хорооны хурал дээр хэлэлцээгүй, дарга нь дэмжээгүй төслийг маш нууцад оруулж байгаад олны нүд, чихнээс холуур хийх гэжээ. Ер нь бол LRT төсөл, түүний санхүүжилт, тендер, ТЭЗҮ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор маш нууцад хамруулаад байх мэдээлэл мөн үү. Мөн гэж үзэхэд,  ердийн тогтоолын төсөл нийгмийн сүлжээнд дэлгэгдэж болох ч маш нууцад хамруулах гэж байгаа тогтоолын төсөл хаанаас, хэнээс задрав гэдгийг олох хэрэгтэй юм биш үү. Ер нь цаашид маш нууцад хамруулах гэж байгаа бол тэрхүү Засгийн газрын тогтоолын төсөл нь хавсралттайгаа олон нийтийн сүлжээнд дэлгэгдээд байж болох юм уу. Засгийн газрын тогтоолын төсөл нь Засгийн газрын хуулийн хэлтэс болон сайд нарт л тараагдаж байгаа.

Гол асуудал: Хууль

Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталсан. Одоо Төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна.

Шинэчлэхгүй бол саяынх шиг “нууцад хамруулж байгаад хулгайгаар хийх гэлээ” гэсэн хардлага Засгийн газрыг байнга дагана. Яагаад гэвэл нууцад хамруулж байгаад хулгай хийсэн тохиолдлууд олон гарч байсан. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Т.Доржханд, “Улсын нууцад маш их хэмжээний хулгай байна. Төв банкны гэрээ хэлэлцээрүүд бүгдээрээ улсын нууцад орчихсон. Түүнийг нь үзье гэхэд үзэж болдоггүй. Тэрэнд 1.6 их наяд төгрөгийн хулгай байна” гэж байв.

1(119).jpg

Энэ асуудлаар 2021 оны 5 сард хоёр хуульч залуу Цэцэд хандаж байсан. Тэд “албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар тогтоолгох” зорилго тавиад Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дэх заалтыг Үндсэн хууль цэцийн дунд суудлын хурлаар хэлэлцүүлсэн ч заргаа авч чадаагүй. Цэцийн дунд суудлын дээрх шийдвэрийг УИХ одоо хэр хэлэлцээгүй байгаа. Засгийн газраас бие даасан хууль оруулж ирэхээр судалгаа хийж байгаа гэдэг ч төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээс өмнө албаны нууц байтугай төрийн нууц нэрээр нууцлах шаардлагагүй улстөрийн шийдлээ нууцад хамруулж байгаад хүчээр хэрэгжүүлдэг явдал гарч болохыг үгүйсгэхгүй юм.

Төгсгөлд нь, нийслэлд 926.1 сая ам.долларын өртөгтэй Хөнгөн галт тэргийн төсөл /LRT/ хэрэгжүүлэхийн тулд 510 сая ам.долларын зээлд Засгийн газраар баталгаа гаргуулах УИХ-ын тогтоолын төсөл бичиж орж ирсэн нь шүүмжлэл дагуулах нь аргагүй байсан. УИХ-д өргөн барьсан төслийнх нь танилцуулгаас үзэхэд, Д.Сумъяабазар өөрөө л даваагүй байж баахан дэвчихсэн юм билээ. Энэ тухай Сангийн яамны танилцуулгаас тодорхой харж болно.

2022 оны 4 сарын 15-ны байдлаар:

* LRT төслийн бүтээн байгуулалтад шаардлагдах эх үүсвэрийн зээлдүүлэгч тал, зээлийн нөхцөл тодорхойгүй.

* Засгийн газраас өрийн баталгаа гаргуулах гэж байгаа “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг дөнгөж 2022 оны 3 сарын 24-ний НИТХ-ын хурлаар л дөнгөж үүсгэн байгуулсан.

* Байгуулагдаад 1 сар болж байгаа “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК нь “сүүлийн 3 жил ашигтай ажилласан байх” санхүүгийн шалгуур хангадаггүй.

* “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-иа улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаараа аваагүй.

* “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийнх нь ТУЗ, гүйцэтгэх удирдлага байхгүй.

* LRT төсөл ашиглалтад орсноосоо хойш анхны хөрөнгө оруулалтаа 28 жилийн дараа нөхнө гэдгийг иргэдэд хэлээгүй.

* LRT төслийг ашиглалтад оруулснаар жил бүр Нийслэлийн төсвөөс 47 сая ам.доллар татаасанд өгөхөөс гадна тасалбарын үнийг нэмэхээс аргагүйд хүрэх талаар мэдэгдээгүй.

* LRT-г ажиллуулах цахилгаан эрчим хүчийг хаанаас хангах нь эргэлзээтэй.

* Засгийн газар өрийн баталгаа гаргах нь Өрийн удирдлагын тухай хууль зөрчигдөх эрсдэлтэй гэх мэт дүгнэлтийг Сангийн яам хийсэн байсан. Түгжрэлийг шийднэ гэж төсвөөс 420 гаруй тэрбум төгрөг жил бүр авахаар болсныхоо хэргийг гаргахын оронд түүхий төслийнхээ бурууг түүнд нялзаагаад яах вэ гэж бид өмнө нь бичиж байв.

Г.Улсболд

 

Санал болгох

2 сая долларын хахууль ба хууль

Нийслэлд хэрэгжүүлэх LRT буюу баганан тулгуурт хөнгөн галт тэргийн төслийн мэдээллийг Засгийн газрын 247-р тогтоолын хавсралт буюу Төрийн нууцын жагсаалтад хамруулах гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдлаа.

2 сарын өмнө
Шүүхийн шинэтгэлийг бүтэн болгоё-Прокурорын хууль

Шүүхийн шинэтгэлийн үйл явц дөрөв дэх Засгийн газартаа үргэлжилж байна. 2012 оны парламент Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүх байгуулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталсан. Зам дундаас алдаа оноогоо шүүрдэн өнөөгийн парламент Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болгон багцалсан. Өмнөх шинэтгэл Хуульчдыг холбоог байгуулснаараа, шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас салгаснаараа, шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангаснаараа, Японы Жайка төслийн тусламжтайгаар эвлэрүүлэн зуучлалыг Монголд нэвтрүүлснээрээ онцлог байв. Харин сүүлийн шинэтгэл Шүүхийн сахилгын болон Мэргэшлийн хороог байгуулан, хариуцлагыг чангатгаснаараа онцлог хэмээгдэж байна.

2 сарын өмнө
XX зууны нэрт эрдэмтэн, Төрийн шагналт Намгарын Лонжид агсны бариулсан БАЙГАЛИЙН МӨСӨН ЗООРЬ

Цул мөсөн зоорь Улаанбаатарт 7 (500 – 1000 тонны багтаамжтай), Завхан аймгийн Тосонцэнгэлд 1 (100 тонны багтаамжтай), Хөвсгөл аймгийн Мөрөнд 1 (150 тонны багтаамжтай) зэрэг 27 гаруйг барьж байгуулсан байдаг.

3 сарын өмнө
ТОП 100 БА ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ

төрийн өмчит оролцоотой компаниуд 2021 оны ТОП-100 компанийг тэргүүлсэн нь анхаарал татаж буй.

3 сарын өмнө