У.Долгормаа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулах боломжгүй

2022 оны 6 сарын 272022-06-27
У.Долгормаа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулах боломжгүй

Сүүлийн үед Төв талбай элэг нэгтнүүдээсээ  хандив гуйсан эцэг, эхчүүдийн хөлд дарагдах болсон. Монголд “Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” төрийн бус байгууллага байгуулагдтал асуудал даамжирчээ. Улмаар иргэд  "Хүүхдийн төлөө фондод" цугларсан мөнгөний талыг нь хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулж болох эсэх талаар ярих болсон. Энэ талаар  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын Хүүхдийн хөгжил, оролцооны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Долгормаагаас  тодрууллаа.

-------------------------------------------------------

Тэрбээр "Энэхүү журам нь 2019 онд Засгийн газрын 172 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах түүнд хяналт тавих тухай журмаар зохицуулагдсан  чиглэлийн  дагуу  ажиллаж байна.Хүүхдийн төлөө сангийн  хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журамд  фондын мөнгийг хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулах талаар тусгаагүй.  Учир нь Хүүхдийн төлөө сан нь үндсэн гурван чиглэлд  зарцуулагдана.  

Тус журмын нэгдүгээрт хүүхдэд чиглэсэн бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээ, хоёрдугаарт олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээнд орсон хүүхдэд шагнал урамшуулал өгөх, гуравдугаарт тив дэлхийн уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан бэлтгэл хийж оролцох гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлнэ гэж заасан. 

Энэхүү дэмжлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тухайн тэмцээний төлбөр, замын зардал, бэлтгэл сургуулилтын, хувцас тоног төхөөрөмж, мөн тэмцээнтэй холбоотой төлбөр хураамжийг хүүхдийн төлөө сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг болгон үзүүлнэ гэсэн гурван чиглэлд зарцуулагдахаар журамлагдсан.  Олон улсын, тив дэлхийн тэмцээнд амжилт гаргаад ирсэн  хүүхдүүдийг хэдэн орны хүүхэдтэй өрсөлдсөн,  ямар амжилт гаргаснаас нь шалтгаалаад дээд тал таван сая төгрөгийн урамшуулал олгож байгаа. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  тэмцээнд оролцох хүртэлх бүх зардлаа урьдчилж  бичиг баримтаа бүрдүүлээд авч байгаа.

Хүүхдийн төлөө фондод Авто тээврийн үндэсний төвийн тусгай дугаар борлуулалтын газраас улсын орлогоор 3.4 тэрбум, Хүүхдийн төлөө фонд ТББ-аас  2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт  орж ирсэн. Сүүлд  иргэн аж ахуй нэгжээс 10 сая төгрөгийн  санхүүжилт орсон.

Энэхүү 5.5 тэрбум төгрөгийн  санхүүжилтээс  2021 оны арванхоёрдугаар сард олон улс тив дэлхийн уралдаанд оролцсон 15 хүүхдэд  25 сая төгрөгийн шагнал урамшуулал, 2022 оны зургаадугаар сарын нэгэнд мөн эх орноо төлөөлөн оролцсон 30 хүүхдэд 81.7 сая төгрөгийн шагнал урамшуулал олгосон. 2022 он гарснаар Авто тээврийн үндэсний төвөөс тусгай дугаар борлуулсны орлого 500 сая төгрөг орж ирсэн. Хүүхдийн төлөө санд энэ оны  байдлаар 6 тэрбум төгрөг хуримтлагдаж үүнээс уралдаан тэмцээнд орсон хүүхдүүдийн шагнал урамшуулал гарсан байна" гэлээ.

Ташрамд дурдахад, Хүүхдийн фонд байгуулах тухай Соёлын яамны санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд  48 жилийн дараа дахин сэргээсэн Хүүхдийн төлөө фондод хөрөнгө цуглуулах Монгол туургатан уран бүтээлчдийн теле концертыг долоон цаг гаруй МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн билээ.

Г.Бямбасувд

  

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

21 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө