БУРХАНТЫН ХӨНДИЙ ДЭХ НУУЦААС: 1800 жил хадгалагдсан хүний тархи, буга олов

3
2022 оны 6 сарын 272022-06-27
БУРХАНТЫН ХӨНДИЙ ДЭХ НУУЦААС:  1800 жил хадгалагдсан хүний тархи, буга олов

Мянга, мянган жилийн түүхийг  ч эргүүлэх  үнэт өв эх орны минь хэвлийд бий. Тэртээгээс эдүгээ хүртэлх нууц өнөөдөр ч оньсого хэвээр. Өвөг дээдсийг онголсон газар буурал түүхийн улбаа болж бидэнд үлдэхдээ олны нүдэнд өртсөн нь маш ховор. Саяхан Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн багш  доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны багийнхан Сяньби улсын хаад, язгууртны бунхант булшийг нээн илрүүлсэн нь олны харааг булаав. Эл дурсгал нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Говил уулын ар бэлээс олдсон тухай мэдээлэл өвсөнд тавьсан түймэр шиг тархсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дуранд өртөөд буй эл дурсгалт газарт очвол бунхант оршуулга кинон дээр гардагтай адил болов уу, ямархуу дурсгал байгаа бол гэж бодохоор сонирхол татна. Бид бодит байдлыг сурвалжлахаар Дархан-Уул аймгийг зорилоо.

----------------------------------------

БУНХАНТ БУЛШНЫ ЭРЭЛД

2022.06.25.

Улаанбаатар хотоос өглөөний 06:00 цагт хөдөлсөн ч үйл явдлаа ярихад гайхмаар хол томилолт боллоо. Хотоос Дархан-Уул аймаг хүртэл  220 километр бол цааш Хонгор сум, Шарын гол сум хүртэл багагүй хол зам туулна. Уг нь дурсгалт газар очих хүртэл Т.Идэрхангай доктор зөвлөж, замд тосохоор тохирсон ч сүлжээгүй газарт бидний аль нь ч ярьсан шигээ уулзалдаж чадсангүй. Иймд хар таамгаар өөрсдөө очихоос аргагүй нөхцөлд орсон юм.

Юуны өмнө зорьсон газраа очихдоо Хонгор сумын нутгаар баримжаалав. Хэдий Говил уулын ар бэлдэх Сяньби гүрний хаад язгууртны булш тус сумын нутагт хамаарах ч  Шарын гол сумын төвөөс холгүйхэн аж.

Гэхдээ л ихэс дээдсийг онголсон газар тул нууцлаг болохыг нь гадарлах ч яг хаана гэдгийг нь тааж мэдэх аргагүй.  Бид Шарын гол сумын төвөөр дайран өнгөрөх зуур Засаг даргатай нь уулзвал “Энүүхэнд таван километр хүрэхгүй газар нэг уул даваад бий. Та нар өөрсдөө олж очно гэвэл хэзээ ч олохгүй” гэж хэлээд онцгой байдлын албан хаагчаар замчлуулахыг зөвлөлөө. Түүний хэлсэн шиг онцгой байдлын албан хаагчид нь бидний хөтөч болсонгүй. Яагаад гэвэл, дурсгалт газар руу дуудлагаар очсон албан хаагчид нь өөрсдөө тэнд байгаа  гэнэ. Ямартай ч дурсгалт газарт очих хүртэл замын чиг авч  google map хөтөч болов. Гэсэн ч замдаа төөрч, зам мухардаж бас шантрах үе ч гарсаныг нуугаад яах вэ. Ийм боловч эрлээ зогсоолгүй үргэлжлүүлсээр олон даваа, гол мөрөн тойрсоор очлоо. Энэ үед оройны 19:00 цаг болжээ. Хотоос 06.00 цагт хөдөлсөн бид ийм олон цаг томилолт авсан газраа хайсан юм.

БУРХАНТЫН ХӨНДИЙ ДЭХ ТҮҮХЭН НЭЭЛТ

_UGA3293-2.jpg
1800 жилийн өмнөх хүний тархи бүтнээрээ

Түүх тэрлэн он цаг хэлхэх өвөг дээдсийн  цогцсыг онголсон булш нууцлаг аж. Уулын өндөрлөгт байрлах энэ газрыг Бурхантын хөндий гэх. Т.Идэрхангай доктороор ахлуулсан судалгааны багийнхан майхан гэр барьж отогложээ. Тэд энд 20 гаруй хонож буй.
 

Сяньби улсын хаад, язгууртны бунхант булшны малтлага судалгаа ид өрнөж байсан юм. Нийт 19 бунхан байх агаад 13 нь язгууртных бол 5 нь энгийн иргэнийх мөн нэг нь тахилынх  болохыг  Т.Идэрхангай доктор хэлсэн.

Тэрбээр эл малтлага судалгаанаас археологийн салбарын түүхэнд байгаагүй бугын эвэр толгой бүтнээрээ, бас хүний чулуужсан тархи олдсоныг онцолж байлаа.

Энэ тухай ярихдаа “Монголд анх удаа 1800 жилийн өмнөх хүний тархи малтлага судалгаанаас илэрч байна. Археологийн малтлага судалгаанаас өмнө нь хүний тархи гарч байсан удаа байхгүй. Дагз орчмын тархины хэлбэр нь хүртэл үлдсэн байна гэхээр хөрсөнд гайхалтай хадгалагдсан болохыг харж болохоор байна. Мэдээж судалгааны явцад илүү нарийн мэдээлэл тодорхой болно. Мөн бид том бухны үүдэвчийг дөнгөж нээж хүзүүвч хүртэл малтлаа. Эндээс тарваганы бүтэн яс төдийгүй тарвагатай төстэй араатан байж магадгүй хурц шүдтэй памбагар хоншоортой хоёр амьтны яс олдсон. Багалзуурын цаанаас одоогоор бугын эвэр толгойтойгоо олдсон нь маш онцлог байна. Буга бол монголчуудын түүхтэй салшгүй холбоотой, тотем шүтлэг нь байсан. Жишээ нь, Монголд хүрэл чулуун зэвсгийн үеэс авхуулаад 1300 орчим буган хөшөө байдаг. Монголын нууц товчоонд хүртэл дурдсан байдаг шүү дээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл булш, бунханаас буга олдож байсангүй. Ямарваа байдлаар бугыг илэрхийлсэн аль эсвэл эвэр олддог. Гэхнээ бугын толгой малтлага судалгаанаас илэрч байгаа нь маш сонирхолтой олдвор. Одоогоор бүтэн биетэйгээ байна уу, аль эсвэл бугын зүлд үү гэдгийг нь хэлэхэд эрт байгаа” гэв.

бугын эвэр.jpg
Бугын толгой хэсгийг дөнгөж малтаад байгаа нь

Түүний хэлсэн том бунхан бол энд бусад бунхнаас хамгийн том зай талбайг хамарчээ. Нийт 17X17 хэмжээтэй бөгөөд таван метрийн гүнтэй, үүдэвчний оронд шаталсан хэлбэрийг гаргаж. Мөн ус зайлуулах суваг татсанаараа онцлог. Энэ бунхны малтлага судалгаа дөнгөж эхэлж байгаа тул илүү ямар олдвор олдох нь нууцлаг.

Ямартай ч бунхны тойрог хэмжээнээс харвал зэрэг дэвээр бусдаасаа илүү, язгууртан байсныг илэрхийлж буйг археологчид хэлсэн. Бунхнаас буга, араатан амьтны яс олдсон нь наранд буцах үед нь дагалдуулсан тул анчин байх магадлалтай гэж тэд таамаглаж байгаа аж. Бунхны орой гэр шиг бөгөөд хоймор хэсгээс хоёр талаасаа ус зайлуулах суваг татсан нарийн зохион байгуулалттай болох нь нүдэнд туссан. Мөн бунхан луу ороход шаталсан байгаа нь хэр баргийн хүн ороход төвөгтэй тул судалгааны багаас голчлон эрэгтэйчүүд нь шат тавьж орж байлаа 

Судалгааг эхлүүлэхэд бэхэлгээ хийсэн ч нурангид дарагдах аюултай болохыг залуухан судлаач нарт Т.Идэрхангай багш нь байн байн анхааруулж байсан юм.

Оюутнууд нь “Багш аа бугын эврээ өнөөдөртөө багтаа гаргаж авмаар байна, шороо нураад байх юм” гэхэд хариуд “Болгоомжтой, наагуур чинь маш том том чулуутай юм билээ” гэж анхааруулна.

1800 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ЦАГ ХУГАЦААГ "ЗОГСООСОН" НЬ

авс1.jpg

Энэ бунхныг тойроод намхан толгод дараалсан байх нь бүгд бунхан гэнэ. Мэргэжилтэн л биш бол гаднаас нь хараад хэн ч бунхан гэж мэдэх юм алга. Археологчдын нээн илрүүлж малтлага судалгааг нь явуулж буй хоёр бунхны нэг нь энэ байсан юм. Нөгөө нь хэвлэлийнхний дуранд өртөөд байгаа авс болон вааран эдлэл, бусад олдворууд олдсон гурван метр орчмын гүнтэй жижиг хэмжээний бунхан.

Анх удаа бунхан руу орж үзэх ховор агшин тохиов. Хэдийгээр судалгааны багийнхан бүгд л дор бүрнээ хариуцсан ажлаа хийгээд завгүй  ч биднийг  хөтөлж зааж зөвлөсөөр  бунхан руу орсон юм. Бид малтлага судалгаанаас авс, араатан амьтны яс зэрэг олдсон гэх бунхан руу орлоо. Мэдээж дурсгалт газарт, түүх соёлын хосгүй үнэт өв тул булан тохой эрмэгт нь хүрч эмтэлж болохгүй тул маш их болгоомж шаардана.

zurh.jpg

Бунхан луу орох налуу хэсгийг үүдэвч гэх ба налуу замтай. Шаварлаг, маш чийгтэй орчин. Үүдэвч хэсгээр ороход хоёр талдаа чулуун ханатай болох нь мэдрэгдэх. Мөн үүдэвчээс цааш хаалганы хэсэг агуй руу орж байгаа юм шиг  дотор нь нэг хүн багтах хэмжээний орчин угтлаа.

Залуу судлаачдын хэлснээр авсыг үүд рүү харуулж тавьсан байсан төдийгүй модон хаалгыг том чулуугаар даруулсан байжээ. Зан үйлийн гэж болохуйц үүдэнд нь гурван жижиг ваар, дотор нь мөн авсны дэргэдэх ваар, амьтны яс олджээ.

zurg.jpg

Бунханд дөхөх бүрт хүйт дааж, дотор нь маш хүйтэн орчинтой байсан юм. Гайхалтай нь, бунхнаас гаргаж ирсэн авс өчигдөрхөн юм шиг шинээрээ, эвдрэл цуурал гэмтэлгүй, шороонд дарагдсан зүйлгүй байж.

Яг л 1800 жилийн тэртээх цаг хугацааг "зогсоосон юм шиг.  Энэ нь цэвдэгтэй ойр тул ийм учиртай. Бидний харахад ч бас бунхнаас гаргасан авс улаан хүрэн өнгөтэй, өгөрч муудсан зүйл алга.

 Авсны тухайд ухмал бөгөөд ганц модоор хийсэн нь сонирхолтой. Бүдүүн модыг ухаж ийнхүү хүн багтах хэмжээний болгож урласан байх тул нэг ч хадаасны ором алга. Мөн эл авс нь тагтай байсныг судлаачид хэлсэн.

авс.jpg

Харин авсан дахь хүний араг яс л жаахан энд тэндээ, анхны байрлалаасаа өөрчлөгдсөн байв. Энэ нь магадгүй бунхнаас олдсон үеийн мэрэгч амьтан, шувуунаас болсныг үгүйсгэхгүй гэх.

Одоогоор судлаачид тухайн бунхны эзэн хэн байсныг тодорхойлох боломжгүй гэдгийг хэлсэн ч эмэгтэй хүн байж болзошгүй  гэж таамаглаж байгаа бололтой.

Магадгүй, тухайн авснаас гоёл чимэглэл бололтой алаг чулуу гэж болохоор ховор чулуу олдсонтой холбоотой ч байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхэн цаг хугацааны явцад судалгааны үр дүнд тодорхой болох биз ээ.

АЛТ ЭРДЭНЭС МӨНГӨН ЭДЛЭЛ ХАЙГААД Ч ХЭРЭГГҮЙ

ваар.jpg

Бунхант булшнаас сонирхол татсан олдворуудын нэг бол яах аргагүй ваар. Ил гаргасан ваарны ойролцоо эгнүүлэн өрсөн томоос жижиг хүртэл дугуй ваарнаас нэг хагархай олдоогүй. Эвдэрч цуурч, бутарсан нь цөөн.  Гурван том ваарны хоёрт нь үр тариа, нэгд нь цагаан идээтэйгээ байжээ. Энэ тухай Т.Идэрхангай доктор ярихдаа “Энэ жилийн малтлага судалгаагаар нэг том, нэг жижиг булшийг сонгосон. Гэхдээ нэг жижиг булш нь малтлагын явцад бунхан байлаа. Сяньби нь Хүннүгийн үеийн дараагийн үе учраас хүннүтэй холбоотой олдворууд нийтлэг олддог. Уламжлалт өмнөх эд хэрэгсэл нь үе дамжсан байдаг  Жишээ нь, ваарнаас харж болно.

Жижиг бунхант булшнаас олдсон ваарнууд нь Хүннүгийн хэв шинжийн үндсэн хоёр төрөл байгаа юм. Бутан хэлбэрийн болон хотго буюу тогоо шиг ваар байгаа юм. Ялгаатай нь, Хүннүгийн үеийн булшнаас олддоггүй пийшинтэй. Ийм олдвор өнгөрсөн жил энд хоёр бунхант оршуулгаас гарсан.

Пийшин дээрх зориулалтын сав нь хүртэл байдаг. Энэ жилийн тухайд одоогоор ваар илрээд байна. Мөн хүннүгээс ялгаатай нь газар дор бунхалсан тул хадгалалт маш сайн. Дээр нь хүннүгийн үеийн дурсгалт газраас модон эдлэл гардаггүй. Байлаа ч муудаж ялзраад үгүй болсон байдаг. Гэтэл айргийн газраас манайхаас ч бас сяньбигийн үеийн дурсгалт газраас модон эдлэл гарч байна. Малтлагаар илүү модон эдлэл гарах байх. Бас хүннүгийн үеийн дурсгалаас алт мөнгөн эдлэл илүү гардаг бол Сяньбигийн үеийн олдвороос ийм эдлэл гарахгүй. Мөн Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны онцлог нь үүдэвчтэй байдаг” гэсэн юм.

ӨВГӨДИЙН УХААН

Эдүгээ бидний хувьд түүхэн дурсгалт, соёлын хосгүй үнэт өв  болох язгууртныг онголсон газар нь харвал маш нууцлаг.

Тэр дундаа ихэс дээдэс, язгууртныг оршоосон газрын байршил хэр баргийн хүн олохооргүй уулын орой, моддын дунд зэрэг одоо ч далд хэвээр. Үүний нэгэн тод жишээ нь Сяньбигийн үеийн язгууртны бунхант булш юм.

Хэр баргийн хүн олохооргүй уулын өндөрлөг газарт атал голоор хүрээлсэн, гаталж товчилж очиход бэрх. Мөн ихэс дээдсийг оршоосон нь цэвдэгт ойр газрыг сонгосон нь удаан хугацаанд тэр л үед нь мөнхөлжээ. Газрын байршил нь гэхэд л хөрс нь шаварлаг, цэвдэгтэй.

Түүнчлэн хожмын өдөр хэн нэгэн ашиг хонжоо хайсан нь булшийг буртаглах вий гэхээс болгоомжилсон бололтой маш нарийн зохион байгуулалттай хийжээ. Энд язгууртны булш нэг нь ч тоногдоогүй бүтэн байгаа нь онцлог.

Харин язгууртнуудаас зэрэг дэвээр доогуур иргэдийн булшинд тийм ч их ач холбогдол өгөөд байдаггүй ч язгууртны булшаас наагуур байрласан нь ч нарийн учир, тооцоололтой байдгийг судлаач нар хэлж байлаа. Археологчдын нөр их хөдөлмөр, судалгааны үр дүнд л өнөөдөр бид “өчүүхэн” хэсэгтэй нь  танилцаж байгаа нь энэ.

хангай.jpg
Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн багш  доктор Т.Идэрхангай

Т.Идэрхангай докторын нээн илрүүлээд буй Сяньбигийн үеийн язгууртны булш нь бүхэл бүтэн түүхийг ч үгүйсгэхээр чухал том нээлт болоод байна. Учир нь, түүхэн сурвалж бичгээр Сяньби Монгол хүн биш аль эсвэл мөн болох, Монголын газар нутаг байсан үгүй эсэх нь эргэлзээтэй. Эрдэмтдийг талцуулсаар өнөө хүрэв.

Тэгвэл Сяньби бидний өвөг дээдэс мөн гэдгийг, Монголын газар нутагт амьдарч байсныг батлах нэгэн том нотолгоо нь Сяньбигийн үеийн түүхэн дурсгалт газар боллоо.

Нөгөөтэйгүүр, эл нууцлаг байсан газрыг хэрхэн нээж илрүүлсэн нь бас сонин. Энэ тухай  Т.Идэрхангай доктор “Би өөрөө ажилдаа хэтэрхий их хайртай. Зав л гарвал түүхийн дурсгалт газруудыг хайх нь миний хобби. Чөлөөт цагаараа гүүглээр хайдаг л даа. Гэхдээ харагдахгүй. Ер нь магадлалтай л байдаг. Агаарын зургаас харахад овгор юу байгаа нь мэдэгддэггүй. Ийм газруудыг тэмдэглэж чөлөөт цагаараа, ажлаар явахдаа  сонирхож судалж хардаг. Ингэж судлах явцдаа л Сяньбигийн үеийн дурсгалт газрыг 2018 оны есдүгээр сард Ерөө сумаас Дарханаар дайрсан юм. Тухайн үедээ Сяньбигийн үеийн дурсгалт газар гэдгийг мэдэхгүй. Харин малтлага судалгаагаар бунхан гарч ирэхэд л бүртгэсэн. Малтлага судалгааны ажлыг 2021 оноос эхлүүлсэн. Энэ жил хоёр дахь удаагийн малтлагыг эхлүүлээд байна” гэсэн юм. Энэ түүхэн дурсгалт газартай Тагнуулын ерөнхий газар болон соёлын яамны салбар, аймаг орон нутгийн удирдлагууд танилцаж хамгаалалтад авна гэдгээ “амласан” байна.

 

судлачд.jpg

Археологийн малтлага судалгаа багийн ажил болох нь энд харагдаж байлаа. Бунхан дотор малтлага хийж байгаа нэгэндээ бусад нь хувингаар шороог нь татаж гаргаж зөөж асгах, багс, багаж дөхүүлж өгөх, баримтжуулалт хийх зэргээр зүгээр бие биедээ тусална. Хээрийн салхинд борлож, хөлс нь бурзайж, хувцас нь шороо болж халтартах. Тэдний хөдөлмөр цаг наргүй хүндхэн болохыг хэлүүлэлтгүй өөрсдөө гэрчилнэ. Нар жаргаж тэд судалгаагаа дуусгаж  бид ч бас Улаанбаатарын зүг зорилоо.

Гэрэл зургуудаас сонирхуулахад, 

_GAA1807.jpg
3 метрийн гүн дэх бунхант булшнаас гаргасан ухмал авс
мод1.jpg
нэг ч хадаасны ором байхгүй, бүдүүн модыг ухаж авс хийжээ

 

даавуу.jpg
1800 жилийн тэртээх хувцасны өөдөс эдүгээ бүтнээрээ
яс.jpg
судлаачид авсыг гаргаж цэвэрлэгээ хийсний дараах баримтжуулалтын хэсгээс. 
чулуу.jpg
авснаас олдсон алаг чулуу
үүдэвч.jpg
17X17 хэмжээтэй энэ бунхан 5 метрийн гүнтэй, ОБЕГ-аас бэхэлгээ хийсний дараах судлаачид малтлагаа эхлүүлж байгаа нь
хөндий.jpg
бунхны үүдэнд 
судлаач.jpg
УБИС-ийн залуу судлаачийн тэмдэглэлийн хэсгээс. Тэр энд 20 гаруй хонож байна.
залуу эрдэмтэд.jpg
залуу эрдэмтэд 

СУРВАЛЖИЛСАН: Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.УУГАНСҮХ

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

20 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө