Сурвалжилга: Хоосон тогоо, дүүрэн хундага

1
2022 оны 6 сарын 282022-06-28
Сурвалжилга: Хоосон тогоо, дүүрэн хундага

11.00 цагт. Хотын төвөөс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гурван мэргэжилтэнтэй хамт гарлаа. Дээрх хамтарсан баг хороо тус бүрээс эрсдэлт нөхцөлд амьдарч буй таван өрхийг сонгож, үнэлгээ хийхээр ажилдаа гарч буй нь энэ. Эрсдэлт бүлэгт эцэг эх нь архины хамааралтай, хүүхдийн тусламжийн 108 утсанд удаа дараа дуудлага өгсөн,  түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхэдтэй өрх хамаарна.

Олон давхар өндөр, шилэн барилгаас алсрах тусам борог амьдрал улам тодорно.

Сүлжилдсэн олон хашаанд байрлах айл бүр өөр, өөрийн гэсэн “өнгөтэй”. Гэвч энд  ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэх хар өнгө  илүүтэй давамгайлах аж. Хоногийн хоолоо аргацаахын тулд дэлгүүрт өр тавих ээж, айлын эзэнгүй хашаанд ганц нэг юм мултлан суух залуус, хур хогон дунд тоглох хүүхдүүд. Гэр хорооллын  гудамжны үзүүр бүрт иймэрхүү эмгэнэлтэй дүр зураг угтана.

Ийн бодох зуур аль хэдийнэ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд иржээ. Эрсдэлт бүлэгт амьдарч буй хүүхдүүдийн мэдээллийг  авахаар хороо руу  ороход өрхийн эмч нь согтуу угтав. Үнэрээ дарахаар амны хаалт зүүсэн ч үнэр нь хамар сэтлэх шахна. Түүнд бид ямар шалтгаанаар ирснээ хэдэнтээ тайлбарласан ч өөдөөс хэдэрлэн уурлаж, ойлголцоход тун хүнд байв. Тиймээс согтолтын зэргийг нь тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөд  5 бүхэл гарсан гэдгийг сүүлд нь бид мэдсэн юм. Тэр "товарищ" Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын хүүхэд гэнэ. Өөрөөр хэлбэл, шууд удирдлага дороо өөр мэргэжилтэй хүүгээ өрхийн эмчээр ажиллуулж, хүү нь ажлын байран дээрээ архидан согтуурч сул цалин аваад сууж байна.

Ёстой  л төрийн алба төрлийн алба болсон гэдгийн тод жишээ энэ байх.

Одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар “Төр төмбөгөр ёс ёмбогор, төрөө дээдлэх ёс, төрийн сүлдэндээ сүү өргөдөг зэрэг Азийн эрх зүй, зан заншил, соёл төрийн албаны нэр хүндээр хэрэгжих ёстой. Угтаа бол чадвартай, чадалтай, сэтгэлтэй  нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно” гэдгийг онцлон ярьж байлаа. Гэвч өнөөдөр иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой  анхан шатны нэгж болох хороодод “цэвэрлэгээ” хийх цаг болсныг ийнхүү сануулж байна. Тэгэхгүй бол төрлийн алба данхайж, төрийн алба чанаргүйжиж дуусах нь.

Ямартай ч бид хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчдаар замчлуулан сонгож авсан  өрхүүдээр орохоор хөдлөв.  Бидний авсан мэдээллээр дээрх хороонд 3109 өрх амьдардаг бөгөөд үүнээс бүтэн өнчин 417,  эмзэг бүлэгт хамаарах 20, архинаас хамааралтай өрхийн 17, хамтарсан багийн хяналтад байдаг 13,  хойд аав, ээжтэйгээ амьдардаг 51 хүүхэд байна.

"Аав  архи уудаггүй"

IMG_5813.jpg

Хамгийн эхэнд “Ганцын задгай”-д  амьдардаг өрх толгойлсон эцэг Т-ийнд  ирэв. Түүний нэрийг өөрчилсөн гэдгийг энд онцолъё. Гэрийн гадаа 9-8 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд тоглож харагдана. Тэднийг тойроод архи, пивоны шил, хуванцар сав хаа сайгүй хөглөрчээ. Хүүхдүүдийн өмссөн хувцас хир даг болж, ямар өнгөтэй нь ч мэдэгдэхээргүй бөгөөд хөлс, шороотой холилдон тэдний царай нь ч мөн  халтайжээ. Аав нь тоосгоны үйлдвэрийн манаачаар ажилладаг бөгөөд биднийг очиход хашаа барихаар явсан учраас гэр нь эзэнгүй  байв.

Аавыг нь хүлээх зуур гэр доторхыг ажиглавал гэрийн булан бүрт овоолоостой хиртэй хувцас хөглөрч, шалаар дүүрэн тоос шороо. Хэдэн сарын  өмнө хийсэн  юм гэж бодмоор хатсан мантуу ширээн дээр хогтой хамт хөглөрнө. Эндээс хөргөгчний хаалган дээрх BTS хамтлагийн стикер наалтууд хамгийн их  анхаарал татав. Том охин нь есөн настай бөгөөд дээрх хамтлагийн шүтэн бишрэгч. Охин юм ярихдаа муу ч “Надад BTS хамтлагийн V таалагддаг” гэдгийг  ичингүйрэн хэлэв. Түүний хувьд оёдолчин болох мөрөөдөлтэй. Эрэгтэй дүү нь 8 настай боловч хэл ярианы хөгжил тааруу юм. Цаашилбал, хөргөгч нь хоосон. Хүүхдүүд өдөрт юу, идэж уудаг юм бүү мэд.

IMG_5811.jpg

Харин иргэн Т-ийн хувьд эхнэрээсээ салснаас хойш архинд орж, ах дүү нартаа хаягдаж, түүний амьдрал өдрөөс өдөрт уруудаж эхэлжээ. Ажилд оръё гэхээр 40 гаруй настай түүнийг голдог. Дээр нь архины хамааралтай, танил, талгүй бол ажилд авахгүй. Тиймээс тэрбээр хоногийн хоолоо олж идэхийн тулд хуучин тоосгоны үйлдвэрийн манаачаар ажиллаж эхэлсэн нь энэ. Сарын 250 мянган төгрөгийн орлоготой ч амьдрахад бас чанга гэдгийг хэлж байсан юм. Эхнэр нь салснаасаа хойш хүүхдийн мөнгийг өөр дээрээ авдаг байж. Харин саяхнаас нөхрийнхөө данстай холбосон байна. Тэглээ гээд  хоёр хүүхдэд дэм болсонгүй. Хүүхдийн мөнгийг аав нь архинд зарах болсон гэх.

Хэдийгээр том охин нь аавыгаа “Архи огт уудаггүй” гэж өмөөрөвч хэсгийн байцаагч “Би ажлаа өнгөрсөн гуравдугаар сард хүлээж авсан. Энэ хавийн айлуудтай уулзах гээд ирэх бүрт л  эхнэр, нөхөр хоёулаа  согтуу байдаг байсан. Бүртгэл хийх гээд ирэхэд надтай лав эрүүл таараагүй дээ тэр хоёр. Удалгүй эхнэр нь хаяад явсан. Аав нь хүүхдийн мөнгийг  аваад архинд зарчихдаг болсон. Өнөөдөр ямар азаар эрүүл байгаа юм” гэх нь тэр.

Хуучин тоосгоны үйлдвэрийг тойроод хөдөө орон нутгаас ирсэн иргэд зөвшөөрөлгүй бууцгаажээ. Хаа сайгүй ухсан том нүх, төмрийн хаягдал ихтэйн дээр харуй бүрийд  хөл алдаад нүх рүү унахад  амьд гарна гэх баталгаа алга. Товчхондоо энд “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан Үндсэн хуулийн заалт цаасан дээрээ “хөгширчээ”.

Иргэн Т ярианы төгсгөлд хэлэхдээ эхнэртэйгээ эвлэрэхээр болсон бөгөөд удахгүй буцаад хамтдаа амьдарна гэсэн юм. Ямартай ч тэд эргэн нийлж гундсан энэ амьдралаа өөд нь татаасай гэж найдсаар  бид дараагийн айлыг зорив.  

Хүүхдүүдийг нагац эгч нь өөрийн асрамжид авах тухай ярьжээ

IMG_5834.jpg

Дараа нь 17 настай Г-ийн гэрээр оров. Өнчин гэрийн хойморьт зул асч, маанийн хүрд эргэнэ. Г нь дороо  8, 11, 15 насны гурван дүүтэй бөгөөд саяхнаас айл гэрийг толгойлох болжээ. Олон  жилийн өмнө ээж нь, долоо хоногийн өмнө аав нь өвчний улмаас бурхны оронд заларсан байна. Хүүхдүүд бүгд сургуульд суралцдаг бөгөөд 15 настай дүүг нь багаас нь тусгай сургуульд оруулсан нь алдаа болжээ. Хэдийгээр охин хожимдож хэлд орсон ч өнөөдрийг хүртэл тус сургуульд явсаар байна. Энэ үеэр түүнийг энгийн сургууль руу шилжүүлэх асуудал  хөндөгдөж хичээлийн хоцрогдлыг нь нөхөхийн тулд хичээлийн дараах хөтөлбөрт шилжүүлэхээр болов.

Хүнсний талоны 70 мянган төгрөг,  хүүхэд бүрийн тоогоор 100 мянган төгрөгийн халамжаар амьдарч байгаа аж.

Дээрх хүүхдүүдийг нагац эгч нь өөрийн асрамжид авах тухай ярьсан юм байна. Том охиныг их дээд сургуульд ороход нь боловсролын зээлийн сан болон буцалтгүй тусламжид хамруулах, тэжээгчээ алдсаны тэтгэмж, бүтэн өнчний тэтгэмжийг хугацаа алдалгүй олгох, хүүхдүүдийн сурах орчин нөхцөлд нь анхаарч ажиллана гэдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрынхан хэлэв. Мөн цаашлаад хүүхдүүдийн асран хамгаалагч болох нагац эгчтэй нь хүүхдийн 100 мянган төгрөгийг үрэлгүйгээр  хүүхэд тус бүрийн дансанд хуримтлал үүсгэх, тэжээгчээ алдсаны тэтгэмж, бүтэн өнчний тэтгэмжийг хүүхдүүдийн хэрэглээнд зарцуулах  талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрнэ гэлээ. Харин хүүхдүүд энэ байдлыг хүсч байгаа эсэхийг үл мэднэ.

Төрийн бодлого, шийдвэр анхан шатны нэгж дээр хэрэгжихгүй байна

263050199_3029203957333344_1037617331332406480_n.jpg

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү “Одоо ажиллаж байгаа хөгжлийн нийгмийн ажилтан  өөрийн чиг үүрэг дээрээ нэмээд хүүхдийн асуудлыг хариуцаж байна. Дангаараа хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан байдаггүй. Хороодын хүн ам, хүүхдийн тоо харилцан адилгүй учраас албан хаагчдын ачаалал өөр, өөр. 10 мянган хүнтэй хороо байхад 4 мянган хүнтэй хороо байна. Ялгаагүй  нэг хөгжлийн нийгмийн ажилтантай. Мөн одоо ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын 40 гаруй хувь нь мэргэжлийн бус байна. Мэргэжлийн бус хэрнээ энэ чиглэлээр олон жил ажилласан хүн мэргэжлийн хүнээсээ ч илүү ажиллаж байгаа тохиолдол байна. Тиймээс хороодын  боловсон хүчин, хүний нөөцийн асуудал анхаарах ёстой асуудлуудын нэг болжээ. Хороодын хамтарсан баг нь тогтвортой байгаа хорооны ажил нь жигдэрсэн байхад нийгмийн ажилтан, засаг дарга нь солигдчихсон дүүргүүд өмнөх ажилтнуудаасаа материалуудаа хүлээж аваагүй байх жишээний.

Эрсдэлт бүлгийн айлаар орно, хүнсний тусламж үзүүлнэ гээд очтол нийгмийн ажилтан нь биднийг хэсгийн ахлагчийнхаа гэрт аваачсан. Шалтгаанаа "Дөрвөн хүүхэдтэй. Том охин нь саажилттай учраас тусламж шаардлагатай" гэж тайлбарласан. 

Гэвч тухайн айл  сарын хоёр сая төгрөгийн орлоготой, ээж, аав нь ажил хийдэг, хүүхдүүдийг нь хамар хашаанд нь эмээ, өвөө нь эргэж тойрдог байсан юм билээ.

Энэ мэтээр анхан шатны нэгж дээр  төрийн бодлого, шийдвэр хэрэгжихгүй, төрийн халамж очих ёстой эзэндээ хүрдэггүй гэдэг нь  "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  харагдлаа. Бид 18 баг болж хуваагдсан. Багууд тухайн хорооны хамтарсан баг зөвлөн туслах, тухайн хорооны өрхийн эмнэлэгт хүүхдийг хамгаалах чиглэлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ юуг анхаарах, боловсролын орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд сургууль дээр байгаа хүүхэд хамгааллын баг хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ямар чиг үүрэгтэй ажиллах талаар зөвлөн тусалсан.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэд, хэдэн бэлгийн хүчирхийллийг илрүүлж, холбогдох байгууллагуудад нь шилжүүлсэн.

Өчигдөр Налайх, Багануур дүүрэгт ажилласан. Нэгдсэн тайланг энэ долоо хоногийн сүүлээр хэлэлцэнэ. 18 баг нэгдсэн тайлангаа хэлэлцэж нэгтгэж дүгнээд зөвлөмж саналуудыг холбогдох газруудад хүргүүлнэ. Хүн амын тооноос хамаарч албан хаагчдын тоо, хүний нөөцийн бодлого хэрхэх  вэ гэдэг дээр бодлогын санал шийдлүүдийг гаргана" гэдгийг онцлов. 

Өдөрт хамгийн ихдээ 15-20 шил архи зарагддаг

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа нийт дуудлагын 78 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байдаг бөгөөд архины хамааралтай гэр бүлд  элдэв  асуудал гардаг гэдгийг албаныхан хэлж байлаа. Гудамжны үзүүрийн хүнсний дэлгүүрийн гадна хэдэн хүн архины бөглөө мултлаад суухтай таарав. Тэд өдрийн талыг хүнсний дэлгүүрийн урд байрлах хүүхдийн тоглоомын талбайд архидаж өнгөрөөдөг.  Хүүхдүүдийг тоглуулахгүй бүр хөөдөг гэх. Нэг ёсондоо хүүхдийн талбай тэдний “дош” болжээ.

Тэдэн дунд ажил төрөлтэй, гэр бүлтэй ч хүн бий. Гэхдээ сархад савнаасаа бусдыг дийлдэг гэгчээр тэд архинд дийлджээ. Дэлгүүрт “Монгол стандарт” архи  3800 төгрөг, 0.33  литрийн “Хараа” архи 8700, 0.75 нь 15700 төгрөгөөр зарагдаж байна. Өдөрт хамгийн багадаа 10, ихдээ 15-20 шил архи зарагддаг аж.

Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай болсон тухай судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гаргажээ. Уг судалгаанд Монгол Улсад архины дон туссан 10 мянган хүн бий гэсэн байна. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 10 жилээр бага байгаад архи нөлөөлсөн гэдгийг тодотгоод  “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг  эхлүүлэх талаар дуулгасан. 

Гэвч архитай тэмцье гэвэл эхлээд асуудалтай нь тэмцэх хэрэгтэй болов уу. Асуудал нь халамж, ажилгүйдэл болчихоод байна.

Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа бий. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул хөдөлмөр эрхлэх боломжтой 18-39 насныхан ажил орлогогүй байгаа нь архидалтын  гол шалтгаан болжээ. Төрийн халамж хэт данхайсан нь хөдөлмөрийн зах зээлд ийнхүү  сөрөг үр дагавар авчрах болсон гэдгийг судлаачид хэлж буй.

Гэр хороололд, уулын энгэрт алслагдан амьдарч байгаа иргэдийн амьдрал иймэрхүү дүр зурагтай байна. Өнөөдөр Монголд гурван хүний тутмын нэг нь ядуу бас "арчаагүй" амьдарч байгаа жинхэнэ дүр зургийг захын дүүргүүдийн гэр хорооллоос харж болохоор.

IMG_5743.jpg

IMG_5818-2.jpg

IMG_5822.jpg

Э.СОСОРБУРАМ

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

21 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө