Үндэстний цөөнх гэгддэг Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Увс аймгийн алслагдмал газар зүйн байдал, өвөрмөц соёл, зан заншлаас улбаалан казах, тува хүүхдүүдэд чиглэсэн боловсролын бодлого, ялангуяа эх хэл, соёл хосолсон үйлчилгээг сонгох талаар төрөөс тодорхой бодлого үгүйлэгдэж эрх нь зөрчигдөж байгаа талаар Баян-Өлгий аймгийн иргэн М.Рысбек өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монголчууд казах үндэстний талаар нийтлэг буруу ойлголт үүсгэсэн байдаг. Үүний талаар тайлбар мэдээлэл хиймээр байна. Сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарахад монгол хэлний шалгалтад Баян-Өлгий аймгийн сурагчид сүүл мушгисан гэсэн хариу гарсан. Энэ асуудал сурах бичгийн хүртээмж, багш сурган хүмүүжүүлэгчийн чадварын түвшинтэй шууд холбоотой юм.
Алслагдсан аймаг, сумдад сурах бичгийн хүртээмж 30% буюу маш муу хүртээмжтэй байна. Мөн Баян-Өлгий аймагт багшаар ажиллаж буй боловсон хүчний мэдлэг маш тааруу байгаа тухай судалгаа байгаа юм. Монгол хэлийг долоо хоногт 5-7 цаг ордог боловч чанар муу, хичээл орох цагийг нэмсэн ч ахисан үр дүн гарахгүй байсаар уг шалгалтад сүүл мушгисан дүн гарлаа.
Уг систем нь хүүхдүүдийг казах хэл ч үгүй, монгол хэл ч үгүй боловсрол муутай хүн болгоход хүргэж байгаа юм. Казах хүүхдүүд монгол хэл сурах хүсэлгүйдээ биш суралцах систем нь муу учир монгол хэлний түвшин нь тааруу байна.
Мөн ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангиас эхлэн монгол хэл заах тухай хэлэлцсэн. Энэ нь тухайн хүүхдийн хувьд маш их ачаалал бөгөөд үндэстний сурах, боловсрох, хэл шашинаа сонгох эрхийг зөрчсөн асуудал. Аливаа эрх зөрчигдөх суурь нь тогтолцоонд байдаг буюу бүлгийн суралцагчдын талаарх бодлого шийдвэр хийдэлтэй, төсөв хөрөнгө оруулалт дутуу дулимаг эсвэл эрэлт хэрэгцээг нь үл хайхарч буйн илрэл болж байна. Дэлхийн олон улсад хүний хэл сурах эрхэд халдахгүйгээр өөрийн сонголт болгож үлдээдэг. Энэ асуудалд Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд Л.Энх-Амгалангаас судалгаа шинжилгээ хийж үр дүнтэй арга хэмжээ авахыг шаардаж байна” гэлээ.
Мөн тэрээр нэгдүгээр ангиас буюу зургаан настай хүүхдэд хүчээр монгол хэл заах асуудалд эсэргүүцэл үзүүлж тууштай тэмцэнэ гэдгээ онцоллоо.