Г.Баасан: Ч.Мөнхбаярт мөнгө өгсөн Дарханбаяр тагнуулынх байсан

7
2022 оны 6 сарын 292022-06-29
Г.Баасан: Ч.Мөнхбаярт мөнгө өгсөн Дарханбаяр тагнуулынх байсан

Чулуундоржийн Мөнхбаярт өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 10 жилийн хорих ял оноов. Түүнийг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Бид Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасантай өнөөдөр уулзаж ярилцлаа. Тэрээр өмнө дэлгээгүй мэдээллээ TIME.MN-д хуваалцсан юм.

------------------------------------------

-Та өөрийнхөө үйлчлүүлэгч Ч.Мөнхбаярын талаар хэр ихийг мэдэх вэ. Залуу сэтгүүлч бид Сүхбаатарын талбайд олон удаа жагсаал, цуглаанд оролцож, өөрөө зохион байгуулж байсныг нь бол мэднэ. Тэрнээс илүүгээр мэдэхгүй юм.

-Ч.Мөнхбаяр дэлхий дээр байгаа тасарсан яс, үсэрсэн цус болох тархан суурьшсан монголчуудынхаа төлөө үндэсний үзэлтэй. Монгол хэл бичгийн төлөө, өвөрмонголчуудын эрхийн төлөө, тэр бүү хэл хазарачуудын төлөө тэмцэж явсан хүн. Монгол-Хятадын харилцаа алдаа дутагдалтай байгааг шүүмжилдэг. Гэх мэтээр Ч.Мөнхбаярын тэмцэл, үзэл санаа дандаа л Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг, соёлын төлөө байдаг. Зөөлөн дуутай ч зүгээр суудаггүй хүн. Биеэ авч яваа байдлаас нь шуналгүй хүн гэдэг нь мэдэгддэг. Би Ардчилал сонины эрхлэгчээр ажиллаж байхад нь сэтгүүлч мэргэжилтэй гэдгийг нь мэдэж авсан.

-Түүнийг 2022 оны хоёрдугаар сарын 17-нд тагнуулын ажилтнууд хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан. Тэгээд өчигдөр ял шийтгэх хүртэл нь гаргаагүй. Танд хэзээ хандаж, өмгөөллийн туслалцаа авч эхэлсэн бэ?

-Тэр орой намайг гэртээ амарч байхад 22.00 цаг өнгөрч байхад над руу өөрөө утасдаж юу болсноо хэлсэн. Өдөр 16.00 цагийн үед баривчлагдаад, өдөржин сошиал дээр шуугисан юм билээ. Тэгээд ТЕГ дээр шөнө очиход их олон хүн цугласан, лайв, бичлэг хийцгээж байсан. Би “Өмгөөлөгч нь байна аа, дуудлагаар ирлээ” гээд орж уулзахад Ч.Мөнхбаяр цочролд орчихсон байсан. 55 настай, үс нь бууралтсан хүн шүү дээ, валидолоо хайгаад л. “Тайвшир аа” гэхэд би яах вэ, буу зэвсэг болсон, нүүр амаа тагласан хүмүүс 80 настай ээж, дүү хоёр дээр минь дайрч орж айлгаад гэр орныг маань нэгжиж байна гээд самарчихсан. Ээжид санаа зовоод байна. Би жагсаал цуглааны замыг сонгосон үзэл бодолдоо үнэнч хүн, даагаад гарна” гэж байсан. Ээж нь зүрх, даралтын эмээр шахуу амьдардаг, бие тааруу хүн байна лээ. Өчигдөр би орж уулзахдаа хүүд нь 10 жилийн ял сонсгосныг зүрхшээгээд хэлж чадаагүй гарсан. Хэл ам эвлэхгүй болохоор “Хүүгийнх нь асуудал үргэлжилнэ. Та тайван байж биеэ бодоорой” гээд явсан.

-Өчигдрийг хүртэл хэдэн удаа байцаалт, тайлбар авсан бэ. Та тэр болгонд нь байлцсан уу?

-Ердөө хоёр. Баривчилдаг эхний өдрөө тагнуул дээр сэжигтнээр, барьж Цагдан хорих 461-т хийгээд яллагдагчаар нэг удаа л байцаалт авсан. Тагнуулын мөрдөн байцаагч бол тулгаад л, загнаад л, айлгаад байсан. Сандарч шоконд орсон хүнээс тэгж байцаалт авахаар нь Ч.Мөнхбаярт “Чи өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй” гэж 3-4 удаа сануулахад хажуунаас прокурор хүртэл энгийн хувцастай ирчихээд “Та битгий нөлөөлөөд бай” гэж намайг хүртэл загнаад байсан. Хөгшин ээж рүү нь хар хувцастай хүмүүс дайрч ороод, гэрийг нь сүйдлэхээр жирийн сэтгүүлч хүн хүндээр хүлээн авч, сэтгэл санаа нь цочирдоно. Цочирдсон хүн асуулт ойлгож, сэтгэл зүйгээ барьж тайлбар, байцаалт өгөх хэцүү. Тийм байхад л улам загнаж, тулгаж байцаасан. Би Ч.Мөнхбаярыг баригдсан өдрөөс өнөөдрийг хүртэл өөрөө хилсдэж байгаа юм шиг л сэтгэл санаа, цаг хугацаагаар хамт явж байна. Надтай хамт А.Батдорж өмгөөлөгч хэрэг дээр ажиллаж байна.

thumb_size.jpg

-Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул саатуулсан. Тэрээр гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж мөнгөн урамшуулал авч байсан гэж ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч нийтэд мэдээлсэн шүү дээ.

-Үүрэг даалгавар авсан, туршуул тагнуул хийсэн, тайлангаа тавьсан, цалин хөлс авсан гэдэг дандаа тагнуулын мөрдөгчийн амнаас гарсан үг. Ч.Мөнхбаярын амнаас тийм үг гараагүй. Хавтаст хэрэг дотор ч Ч.Мөнхбаярын буруутайг нотлосон баримт байдаггүй.

-Хэдэн гэрчтэй, хэдэн хавтас хэрэг вэ?

-Энэ хэрэг 7 хавтастай. 11 гэрчтэй. Хэрэг дотор утасны яриа, мессеж, гэрчүүдийн мэдүүлэг, фото зургууд байдаг.

-Ийм олон гэрчтэй юм уу?

-Хоёр нь Элчин сайдын яамны хүн. Үлдсэн нь Ч.Мөнхбаярын жагсаал цуглаанд оролцож байсан хүмүүс. Тэр хүмүүс Ч.Мөнхбаярыг буруутгаагүй харин ч өмөөрсөн. Үзэл бодлоо дагаад жагсаал цуглаанд оролцоод явдаг хүмүүс юм билээ.

-Гол асуудал руу орж байна. Тагнуулын байгууллага бол гадаадын аль улсын тагнуулын албатай хамтарсан гэдгийг хэлээгүй. Улс хоорондын харилцааг бодсон байх. Харин маргааш нь Монгол дахь Энэтхэгийн Элчин сайдын яамны ажилтнаас мөнгө авдаг байсан гэдэг мэдээлэл сайтуудаар цацагдсан. Гэрч гэх хоёр хүн Энэтхэгийн Элчингийнх мөн үү?

-Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх “Судалгаа, дүн шинжилгээний жигүүр” гэх байгууллага 1923 байгуулагдсан юм байна. Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлд Энэтхэгийн Судалгаа шинжилгээний жигүүр байгууллагын дарга Самант Кумар Гоел гэдэг хүнээс 2019 оны 9 сарын 9-нд и-мэйл ирсэн гэдэг. Тэр хүн 2019 оны 7 сарын 1-нд үүрэг гүйцэтгэгчээр тавигдсан боловч Азийг хариуцдаггүй гэдэг нь ил юм билээ. Тэр байгууллага нь тагнуулын байгууллага байсан гэж тэд ярьдаг. Энэ и-мэйлийг тагнуулынхан зохиож бичсэн.

Манай тагнуулын байгууллага захидлыг зохиож бичихдээ “Эрхэм Монголын тагнуулын байгууллагын дарга Д.Гэрэл танаа. Улаанбаатар хотод өмнө нь Энэтхэгээс суусан Элчин сайд Махапутри хугацаа нь дууссан. Энэ хүн бол манай тагнуулын байгууллагын төлөөлөгч байсан. Хамтран ажилласанд баяр хүргэе. Манан гэдэг хүн одоо очиж байна. Энэ хүн арвин туршлагатай хүн. Манайхаас танайд томилогдож байгаа. Хамтын ажиллагаа, харилцаагаа бэхжүүлнэ гэж найдаж байна. Ноён Гоел” гэсэн бичиг хийж байгаа юм.

Энэ захидлыг ТЕГ-ын дарга Д.Гэрэлд ирсэн гээд байгаа юм. Д.Гэрэл даргатай би утсаар ярьсан, тийм захидал ирээгүй гэсэн. Тэр зохиомол захидлыг үндэслэж Манан бол тагнуул, Ч.Мөнхбаяр Манан гэдэг тагнуултай уулзсан гээд байгаа юм. Одоо Судалгаа, дүн шинжилгээний жигүүр гэдэг байгууллагын нэр өөрчлөгдөж Засгийн газрын дэргэдэх Олон нийт, иргэдтэй харилцах байгууллага болсон байна. Энэ байгууллага 1923 онд байгуулагдсан байхад 1968 онд байгуулагдсан гэж тагнуулын байгууллагын нэрэн дээр худлаа бичсэн байна.

-Манан гэдэг нь юун хүн билээ?

-Энэтхэгийн Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Шири Ражендра Жха Манан. Тэр хүнийг Энэтхэгийн тагнуул гэж Монголын тагнуулын байгууллага хэлж байгаа юм. Хэрвээ гадаадын тагнуулын ажилтан Монгол Улсад тагнуул хийж байгаад баригдвал тэр дор нь манай улс хөөж гаргах хуультай. Ийм зүйл огт хийгдээгүйгээс харахад тагнуул гэдгийг нь нотлосон зүйл алга. Судалгаа, дүн шинжилгээний жигүүр гэдэг байгууллага нь өөрөө ил байгууллага. Сайт дээрээ бүх мэдээллээ ил тавьсан, Энэтхэгийн нутаг дэвсгэрээ хариуцсан салбар нэгжүүдтэй байгууллага юм байна. Монголд төлөөлөгчийн газар байтугай, төлөөлөгч нь байхгүй.

-Нэг гэрч нь Манан бөгөөд түүнтэй уулзсан гэж тагнуулынхан үзэж. Нөгөө гэрч болох Элчин сайдын яамны хүн хэн байв?

-Дарханбаяр гэдэг орчуулагч залуу.

-200 сая төгрөгтэй дүйцэх валют авч байх үедээ Наран моллын тэндээс баригдсан тухай хэвлэлийнхэн бичсэн. ТЕГ-аас бол урамшуулал авч байхад нь үйлдэл дээр нь барьсан гэдэг. Ч.Мөнхбаярыг баривчлахад Дарханбаяр тэнд байсан уу?

-Байсан.

_UGA3496-2.jpg

-Тэгээд Манан болон Дарханбаяр нарыг яллаагүй. Гэрчээр тооцсон нь ямар учиртай юм бол?

-Харин тийм. Ер нь Дарханбаярыг би Монголын тагнуулын байгууллагын халхавчаар Энэтхэгийн Элчин сайдын яаманд ажиллаж Ч.Мөнхбаярыг хилс хэрэгт гүтгэх даалгавар биелүүлсэн гэж хардаж байна. Ч.Мөнхбаяр англи хэлгүй, орос хэлтэй. Тэр Р.Ж.Манан англи хэлтэй, монгол хэлгүй. Энэ хоёрыг уулзсан бүх үед Дарханбаяр орчуулагчаар хамт байсан. Утсаар Ч.Мөнхбаяр руу “Манан тантай тэнд уулзая гэж байна” гэж ярьдаг. “Танд мөнгө өгүүллээ” гэж авчирч өгдөг ийм хүн. 2020 оноос Ч.Мөнхбаяртай уулзаж эхэлсэн. Тэр хугацаанаас эхлээд Монголын тагнуулынхан мэдээлэл цуглуулж мөрдөн мөшгиж эхэлсэн. 2 жил гүйцэтгэх ажилд оролцож тагнуулд мэдээ зөөж байсан хүн гэж хардаж байна. Хэрэв гадаадын тагнуултай уулзаад, мөнгө төгрөг авч өгөлцөөд байгааг Монголын тагнуул мэдсэн бол нэн даруй таслан зогсоож, монгол хүнээ гэмт хэрэгт оролцож, хохирохоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй шүү дээ. Гэтэл тэгээгүй болох нь, бүр Дарханбаярыг оролцуулан харилцааг нь улам лавшруулж байсан нь харагдаж байгаа юм. Гэмт хэрэгт хамтран оролцсон Дарханбаяр өнөөдөр гэрчээр мэдүүлэг өгөөд эрх чөлөөтэй явж байгаа биз дээ.

-Үйлдэл нь төгс болохыг хүлээж байсан юм болов уу?

-Үйлдэл нь төгс болохыг шаарддаггүй хэрэг л дээ.

-Сонин л юм. За тэгвэл Ч.Мөнхбаяр яагаад тэр Энэтхэг хүнтэй уулзаж, яагаад мөнгө авсан юм бэ?

-Ярилцлагын эхэнд хэлсэн дээ. Ч.Мөнхбаяр хүний эрхийг хамгаалах, хэл бичгээ хамгаалахын төлөө явсан. Энэ шугамаар уулзалдаж, дэмжлэг авсан юм билээ. Тэдний хооронд зөвхөн хүний эрхийн төлөө яриа өрнөсөн нь бичлэгээрээ хавтаст хэрэгт байдаг. Эх орноо худалдаж, том төслүүдийг зогсоохын тулд гадны тагнуулын гар хөл болоод, эргэж тайлагнаад байсан зүйл байхгүй. Хүүхдүүдийн дунд монгол бичгийн уралдаан зохион байгуулах зардал мөнгөн дээр нь дэмжлэг өгсөн юм билээ.

-Тэр их валют яагаад гэртээ хадгалсан юм бол?

-Ээж нь настай хүн. Ч.Мөнхбаяр ээжийнхээ эм тарианд хэрэг болно гээд олон улсын хурал цуглаанд илтгэл тавьсны мөнгөө цуглуулж хадгалдаг байсан юм билээ.

10.jpg

-Энэтхэг хүнтэй 2020 оноос 2022 он хүртэл уулзсан байж. Цар тахлын 2 жилд олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулах боломж ер нь гараагүй. Ч.Мөнхбаяр 2 удаа жагсаал хийсэн. Нэг нь, БНХАУ Өвөрмонголын хичээлийн хөтөлбөрөөс монголбичгийг хассантай холбоотойгоор тэдний эрхийг хамгаалъя гэсэн жагсаал. Нөгөөг нь данхан малгай өмсчихөөд “Засгийн газар, УИХ тар” гэж лоозон барьж жагссан жагсаал. Хэвлэлээр бол хөрш орнуудтай хагаралдуулах, харилцааг муутгах жагсаалууд гадны санхүүжилтээр хийсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл явсан. Та тэр тухай уншсан уу?

-Тийм захиалгат мэдээлэл шүүх хурлын өмнө болон баривчлагдсаны дараа явсан. Үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрхийг Үндсэн хуулиараа ардчилсан Монгол Улс иргэддээ өгсөн. Ч.Мөнхбаярыг Оросын захиалгаар, Японы захиалгаар, Америкийн захиалгаар жагсаал хийлээ гэж гүтгэдэг. Гэтэл тэр хүн өөрт байдаг итгэл үнэмшлээрээ л жагсаал хийсэн гэдгээ захидалдаа бичиж байсан. Намайг ч гэсэн ид жагсаал хийгээд явж байхад элдвээр гүтгэж доромжилдог байсан. Ямар сэдвээр жагсаал хийхийг нь хорьж цагддаг, чимээгүй болгохын тулд тагнуулын ажилтан томилж ятгаж сэнхрүүлж хэрэгт оруулдаг байж болох уу. Нэмээд хэлэхэд, шүүх, прокурор, мөрдөгч нар ийм болсон гэж би ер бодоогүй. Та нар Хятадын эсрэг жагсаал хийсэн, Хятадын бодлогыг сөрсөн гэж прокурор, мөрдөгч нар Ч.Мөнхбаярыг зандарч байсан шүү. Монголын хууль хяналтынхан яагаад Хятадын нэрийн өмнөөс монгол хүнийг, Монголын хуулийн байгууллага дотор ингэж байгаа юм.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Давж заалдаад явах байх. Анхан шатны шүүх хурлын шийдвэр гарсан болохоор задалж ярьж болж байгаа байх, тийм үү?

-Тийм ээ. Өнөөдрийг хүртэл чимээгүй байлаа. Одоо л ярьж болж байна. Шүүхийн шийдвэр 14 хоногтоо албажиж ирэхээр давж заалдана гэж бодож байна.

Г.Улсболд

Санал болгох

Н.Отгончимэг: Шүүгчийн хэтийдсэн ачааллыг багасгахгүй бол сүүлдээ шилдэг хуульч нар ирэхээ болино

Хаврын сонгон шалгаруулалтад 127 нэр дэвшигч бүртгүүлэхэд 6 хувь нь буюу 7 хүн босго давж тэнцлээ. Сая намрын сонгон шалгаруултад 108 хүн бүртгүүлэхэд 80 нь шалгалтдаа оролцож 20 хувь нь буюу 21 хүн босгод тэнцээд байна.

1 сарын өмнө
Б.Энхболд: Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг олон улсын стандарт, зарчим шингээсэн хуулиар хамгаалах ёстой

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор Б.Энхболдтой ярилцлаа. Бид Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн асуудлаар ярилцлаа.

2 сарын өмнө
Н.Мандуул: Хөгжлийн Банкны зээлийн хэрэгт 83 хүн яллагдагчаар татагдсан. Энэ бол эрүүгийн түүхэнд том хэрэг

Монголбанк 2021 оны эцсээр манайд шалгалт хийхдээ 755 тэрбумын Эрсдэлийн сан байгуулах акт тавьсан. Үүний дараа чанаргүй зээлийн активуудыг олон нийтэд танилцуулж, олны анхааралд оруул­сан. Үүнээс хойш бид эргэн төлөлт, активын чанараа сайжруулах талд маш их анхаарч ирлээ. Өнгөрсөн зун Олон улсын аудит оруулсан. Энэ аудитын баг болон Монголбанктай ярилцаад 2022 оны эцэст Эрсдэлийн сангаа 350 тэрбумаар байгуулахаар болсон. Эрсдэлийн сангийн хөрөнгө зарлага хэлбэрээр гардаггүй ч нягтлан бодох бүртгэлд зарлагаар тооцогдож явдаг юм. Энд бараг 400 тэрбумын зөрүү гарч байгаа биз. Хөгжлийн банк өнгөрсөн онд 7.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Зээл төлүүлэх ажлаа эрчтэй хийгээд явах юм бол оны эцэст 50-60 тэрбумын ашигтай ажиллах болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

2 сарын өмнө
Ж.Соронзон: 30 жил багшийн эрэлд

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал, Монгол улсын гавьяат багш, доктор Ж.Соронзонтой сургуулийн үйл ажиллагааны онцлог, хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар ярилцсаныг хүргэж байна

3 сарын өмнө