ЦЕГ: Найман хүүхэд нас барж тав нь ухаангүй байна

2022 оны 6 сарын 302022-06-30
ЦЕГ: Найман хүүхэд нас барж тав нь ухаангүй байна

Хүүхэд мориноос унаж бэртсэн, гэмтсэн амь насаа алдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад сүүлийн үед  бүртгэгдэх болжээ. Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангийн хэлснээр сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унаж, чирэгдэж бэртэж гэмтсэн гэх 13 тохиолдол бүртгэгджээ. Тэдний 8 нь амь насаа алдсан бол 5 нь гэмтэж эмнэлэгт ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гэхдээ энэ нь хурдан морины уралдаантай холбоогүй гэнэ. Энэ тухай хэлэхдээ “Эцэг эхчүүд хүүхдээ зуны амралтаар эмээ, өвөө рүү нь явуулж байна. Гэтэл морь унаж сураагүй хүүхдийг мориор хонинд явуулдаг, эцэг эх эмээ өвөө нь морь унуулдаг зэрэг шалтгаанаас болж орон нутагт хүүхдүүд гэмтэж амь насаа алдаж байна” гэлээ.

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр хүүхэд тогонд цохиулж нас баржээ. Мөн эд зүйлд дарагдсан  4 хүүхдийн 3 нь амь насаа алдсан бол өндрөөс 10 хүүхэд унаж бэртсэний гурав нь тагтнаас унаж энджээ. Энэ мэтчилэн харамсалтай тохиолдлоор энэ он гарснаас хойш таван сарын хугацаанд 36 хүүхэд нас барж 312 хүүхэд гэмтсэн байна. Энэ тухай Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Эцэг эхчүүд хүүхдээ харж байна гээд хана налуулсан том эд зүйлийн хажууд хүүхдээ тавьдаг. Үүнээс болж хүүхэд хаалганд дарагддаг тохиолдлууд бүртгэгдэж байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд учрах хор хөнөөлийг тооцож анхаараач гэж хэлмээр байна” гэлээ.

Зуны амралт эхэлсэнтэй холбоотой хурдан морь унаач хүүхдүүдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн хамтран мэдээлэл хийж байна. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийг өгсөн юм. Мөн  Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү "Энэ онд зохион байгуулсан бүртгэлтэй хурдан морины уралдаануудад оролцсон есөн хүүхэд бэртэж, нэг нь харамсалтайгаар амь насаа алдсан. Үүнтэй зэрэгцээд ямар нэг бүртгэл хийлгээгүй уул, овооны тахилга ил далд болж байна. Иймд  орон нутгийн Засаг дарга нарыг бүртгэлгүй үсэргээ, сунгаануудыг заавал бүртгэж, хяналт тавьж ажиллахыг уриалъя. Хурдан морины бүртгэлтэй уралдаанд хүүхэд бэртэж, гэмтэх нь бага бол бүртгэлгүй уралдаанд  хүүхэд унаж, гэмтэж байна. Хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр уралдуулах тохиолдол байгаа тул үүн дээр мөн аймаг, нийслэлийн засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллахыг уриалж байна"  гэлээ. 

 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

20 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө