Сурвалжилга: Эмээлт захад хонь 150.000-300.000 төгрөгийн үнэтэй байна

2022 оны 6 сарын 302022-06-30
Сурвалжилга: Эмээлт захад хонь 150.000-300.000 төгрөгийн үнэтэй байна

Цар тахлын эхний жил Үндэсний их баяр наадмаараа хот, сууриндаа хөл хоригдож, хоёр дахь жилд нь цахимаар “наадсан” монголчууд өнөө жилийн баярт ач холбогдол өгч, нижгэр тэмдэглэхээр зэхэж буй нь хүмүүсийн ярианаас илт. Өнөө жилийн наадмын амралт 9 хоног.

Биднийг өчигдөр очиход Эмээлт зах ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хонь майлалдахын хажуугаар "эндээс хонь үзээрэй", "хэдэн төгрөгөнд сонирхож байна", "тарган хонь байна шүү" гэж наймаачид нэгнээсээ даван хоолой мэдэн хашгирна.

Энд Дундговь, Өмнөговь, Завхан, Архангай зэрэг аймгаас малчид хонио ачиж иржээ. Тэд шинжилгээний гэрчилгээг үзүүлж зөвшөөрлөө аваад хонио хашаанд оруулан наймаагаа хийдэг аж.

IMG_9096.jpeg

Эмээлт зах дээр хонь 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Төлөг доод тал нь 150 мянган төгрөг, нас бие гүйцсэн тарган эр хонь 300 мянган төгрөг хүрч байна. “Өмнө жилийнхээс үнэ нэмэгдээгүй байгаа. Дундаж сайхан тарган хонь 230 мянган төгрөг хавьцаа авчихна. Наадам дөхөх тусам үнэ нэмэгдэх магадлалтай” гэж наймаачид хэлж байлаа.

Нүдээр харахад үс ноос ихтэй туранхай хонийг хүмүүс тарган гэж андуурч авах тохиолдол их байдаг нь ажиглагдлаа. Тэгвэл яаж тарган, туранхайг ялгаж авах талаар мөн вакцинжуулалтын тухай малчдаас багахан тодруулга авсан юм.

Малчин Н: Тарганыг ялгах амархан, өдийд хонь авахад вакцинтай гэж айлтгүй

-"Малд 5-6 сарын хооронд аймаг, сумдаас нэгдсэн журмаар вакцин хийдэг. Вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болдог учраас өдийд хонь авахад айлтгүй ээ. Хонийг гуяных нь зузаан, нимгэнээр хараад хэр тарга тэвээрэг авсныг амархан ялгаж болно. Тарган хонины гуя дүүрэн том харагддаг" гээд хоёр хонийг зэрэгцүүлэн дээш харуулж үзүүллээ. Үнэхээр л гаднаас харахад ялгагдахааргүй хоёр хонины гуя дээш харуулаад харахад өөр байлаа.

Харин малчин С, “Сайхан тарганыг нь ялгаад өгье. Нурууных нь ясыг бариад үзэхэд тарган туранхай нь шууд мэдэгдэнэ. Эсвэл сүүлнийх нь зузаан нимгэнээр бас мэдэж болноо. Мэдээж туранхай малын нуруу нь хэрзийгээд, сүүл нь жижигхэн нимгэн байдаг.  Хүмүүс сайн ялгаж чадахгүй туранхай хонь аваад байх шиг байна. Манай хонинууд бүгд жигд тарган. Алийг нь авах вэ” гэж сүүлийг нь өргөж үзүүлж байв.

IMG_9101.jpeg

Хонь төхөөрөхөд 20.000, хуйхлахад 40.000 төгрөг

Бидний хажууд "Энэ хаанахын хонь вэ", "Хэд гэж байна", " Арай хямд нь аль вэ" гэж хоёр хөгшин сураглаж зогслоо. Тэднээс үнийн хувьд ямар байгааг асуухад “Бодсоноос гайгүй үнэтэй байна шүү, наадам арай ч дөхөөгүй учир хямд байх шиг байна. Өмнө жил үнэтэй байсан. Хүүхдүүддээ шинэ шөл уулгачих санаатай явна” гэж хэлээд шилж харсаар 230 мянган төгрөгт хонио аваад төхөөрүүлэхээр араас нь дагаж явав.

Хонио сонгож авсан иргэд хажуу бойны газарт төхөөрүүлж болно. Гуя хааг нь салгаж янзлахад 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэнд ч мөн адил дараалал ихтэй байх бөгөөд хэдхэн минутын дотор өнөөх хонийг хоёр уут мах болгоод өгч байна.

Тэд хэлэхдээ "хүмүүс өөрсдөө янзалж чадахгүй эсвэл ажиллагаатай гээд  хонио энд гаргуулаад аваад явдаг. Хотод очоод байрны айлууд гаргах газар байхгүй учир арга ч үгүй биз” гэцгээж байв. Мөн худалдан авагчдад мал төхөөрөх газар эсвэл машин хүртэл нь тэргээр хонь зөөх үйлчилгээ 1000 төгрөг юм байна.

IMG_9109.jpeg

Хонио гэртээ өөрсдөө янзалдаг хүмүүс нь амьд хонио машиндаа ачиж хөдөлнө. Төхөөрсөн хонины толгой, өвчүү, сүүлийг хуйхлахад 7000 төгрөг. Очиж сонирхвол утаа хиншүү ханхалсан саравчинд хонины толгой, өвчүү барьсан хүмүүс дарааллаж зогссон байлаа.

IMG_9113.jpeg

Мөн хажуухан талд нь хорхог, боодог хийхэд бэлдэж бүтнээр нь хуйхлахад 40 мянган төгрөгийн үнэтэй гэж байв. Хотын иргэдийн ажил, цаг хугацааг хэмнэсэн Эмээлт захад наадмын хүнсний бэлтгэл ийн өрнөх аж.

Н.Мөнхцацрал

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

20 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө