Их долоо ОХУ-ын газрын тосных нь дээд үнийг тогтоохоор тохиролцов

2022 оны 6 сарын 302022-06-30
Их долоо ОХУ-ын газрын тосных нь дээд үнийг тогтоохоор тохиролцов

Европын Холбоог оролцуулсан Их долоогийн дээд хэмжээний уулзалт Германы Бавари мужийн Эльмау шилтгээнд өнгөрсөн ням гарагт эхэлж, гурав хоног үргэлжлээд өчигдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 28-нд өндөрлөлөө.

Уулзалтаар Оросын эсрэг хориг арга хэмжээ, Украинд үзүүлэх тусламж, хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх дэд бүтцийн төсөл хөтөлбөр, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.  Уулзалтад Энэтхэг, Сенегал, Аргентин, Индонез, Өмнөд Африкийн төлөөлөгчдийг хүнсний хомсдол,  уур амьсгалын асуудлаар урьж оролцуулсан бол Украины Ерөнхийлөгч В.Зеленский цахимаар оролцлоо. Их долоогийн удирдагчид Дээд хэмжээний уулзалтаа дуусгаад өнөөдөр Мадридад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

Дээд хэмжээний уулзалтад Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Италийн Ерөнхий сайд М.Драги, Германы Канцлер О.Шольц, Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Японы Ерөнхий сайд Ф.Кишида, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Ч.Мишель, Европын Комиссын Ерөнхийлөгч У.Лейен нар оролцлоо.

Уулзалтаар Их Долоогийн удирдагчид ОХУ-аас алт шинээр импортлохыг хориглох болсноо зарлаж, Оросын газрын тосны дээд үнийг тогтоох талаар тохиролцоонд хүрлээ.

Их Долоогийн орнууд 2022 онд Украинд 29 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлсэн бол дахин санхүүжилт нэмж олгох, цэргийн тусламжаа үргэлжлүүлэх, түүний дотор АНУ зенитийн пуужингийн дэвшилтэт цогцолбор, нэмэлт их буу, их бууны сум, агаарын довтолгооноос хамгаалах радарууд нийлүүлэхээ мэдэгдлээ.

Мөн Украинд цэргийн гэмт хэрэг үйлдсэн, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн, хүний ​​эрхийг зөрчсөн, эрх мэдлээ хууль бусаар хэрэгжүүлсэн, Украины үр тариаг хулгайлсан, дайнаас хууль бусаар ашиг олсон этгээдүүдэд хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Дээд хэмжээний уулзалтаар Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг сөрөх зорилгоор хөгжиж буй орнуудад зориулж, ойрын таван жилийн хугацаанд 600 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөг хэлэлцлээ. Тухайлбал, АНУ 200 тэрбум ам.доллар, Европын Холбоо 300 тэрбум евро босгохоо зарлаж, дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэлийн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Их Долоогийн орнууд эхний ээлжид Ангол дахь нарны технологи, Сенегал дахь вакцин үйлдвэрлэх төслүүдийг санхүүжүүлэхээ мэдэгдэж байна. Хятадын “Бүс ба Зам” санаачилга нь худалдааны харилцааг хөгжүүлдэг ч өрийн дарамтад орсон орнууд өр төлбөрөө төлж чадахгүйд хүрч үндсэн хөрөнгөө шилжүүлэхийг албаддаг “өрийн урхи” болсон бол Их Долоогийн дэвшүүлж байгаа энэхүү төлөвлөгөө нь жижиг буурай орнуудыг өрийн дарамтад оруулахгүй, үр өгөөж нь хөгжил дэвшилд хүргэх  арга зам гэж үзэж байна. 

Дээд хэмжээний уулзалтаар барууны өндөр хөгжилтэй орнууд Орос-Украины асуудлаар нэгдмэл байр сууриа бататгаж, Оросын дайны санхүүжилтийг саармагжуулах, Хятадын нөлөөнөөс жижиг буурай орнуудыг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх болсон нь энэ удаагийн уулзалтын гол онцлог байлаа.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2022/06/27/politics/joe-biden-g7-summit-day-two-volodymyr-zelensky/index.html

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө