УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат өнөөдөр /2022.07.01/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийг тараах шийдвэр гаргаснаа дуулгалаа. Мэдээллийн эхэнд АН-ын бүлгээс гаргасан мэдэгдлийг уншиж танилцуулав.
---------------------------------
Тус мэдэгдэлд "АН сөрөг хүчний байр сууриа зоригтой хамгаалж ирсэн. Гэтэл АН-ын байр сууриа илэрхийлэх гол индэр болсон парламент дахь бүлгийг түйвээх асуудлыг МАН, Монгол дахь В.Путины засаглалын гар хөл болсон Х.Баттулга самарч байна. Тэд АН-ын дотор шургуулсан долоон гишүүнтэй үгсэн хуйвалдаж ямар ч яаралтай горимын заалтгүйгээр Д.Ганбатыг солих асуудлыг чуулганы хэлэлцэх асуудлын өмнө оруулсан.
Тиймээс АН-ын үнэт зүйлсийг Оросын гар хөл болсон хүмүүст алдахгүй хамгаалахын тулд УИХ дахь АН-ын бүлгийг албан ёсоор тарааж байна.
Гадны улсын гар хөл болж Монгол Улсын хөгжлийг хэдэн арван жилээр нь гацааж, бохир мөнгийг нь хил давуулан оруулж байгаад үйлдэл дээрээ баригдаж байсан Х.Баттулга нартай хамтран В.Путины гадаад хэргийн сайдын айлчлалд зориулан АН-ын бүлгийг бутаргах ажлыг МАН үнэмлэхүй олонхоороо түрий барьж гардан гүйцэтгэж байна. Энэ нь Монгол Улсын түүхэнд хар толбо болж үлдэх нь мэдээж. Монгол Улсын парламентад В.Путины дэглэм тогтохоос урьдчилан сэргийлэх үүднээс АН аргагүй эрхэнд Х.Баттулга нарын хамтран удирдаж буй тоглоомын бүлгийг тараах шийдвэр гаргалаа" гэжээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Бүлэг тараах тухай. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нь бүлгээс гарах өргөдлөө өгсөн учраас үлдсэн гишүүдийн тоо УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан тооны хязгаарт хүрэхгүй болсон тул 2022 оны долдугаар сарын 1-ээс эхлэн УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгох. Бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон талаарх албан ёсны шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлнэ. Ийм шийдвэр гаргах болсон нь эрх баригч намтай холбоотой. Бид МАН-ын тавьсан жүжигт тоглохгүй.Нөгөө талаасаа ард түмний амьдралаар тоглоод дуусч байгаа эрх баригчдын өвөрт гүйж орж үнэт зүйлээ худалддаг нь бид биш" гэдгийг онцлов.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН-аас бүлэг байгуулсан намын шийдвэрийг баталгаажуулсан тогтоолоор УИХ дахь АН-ын бүлэг найман гишүүнтэй. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэж заасан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохоор тус, тус заасан. Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох үндэслэл нэгэнт бүрдсэн тул АН-ын бүлгийн үйл ажиллагаа өнөөдөр ийнхүү дуусгавар боллоо" гэв.
Э.БУРАМ