Амьдрах орчин, ажиллах газраа зөв сонгох нь эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллах боломжийг бүрдүүлдэг

2022 оны 6 сарын 282022-06-28
Амьдрах орчин, ажиллах газраа зөв сонгох нь эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллах боломжийг бүрдүүлдэг

Ажил, мэргэжилдээ эзэн болж, хамт олондоо үлгэрлэн манлайлж, дэд ахлагчаас дэд хурандаа хүртэл Онцгой байдлын албанд 23 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа Завхан аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжавыг энэ удаад онцолж байна.

Дэд хурандаа Б.Ядамжав нь Завхан аймгийн Улиастай суманд төрж, өссөн. Өөрийн сонирхол, эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа тангараг өргөн, аймаг, орныхоо болоод хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө зорилго, сэтгэл нэгт алба хаагчдынхаа хамтаар үүргээ нэр төртэй биелүүлж байна.

1999 онд тухайн үеийн аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгчөөр ажилд орсноор түүний цэргийн хүн болох эхлэл тавигджээ. Арван жилд байхын спортын төрөл бүрт авьяастай. Сагс, гар бөмбөг тоглодог, шагайн харвааны II зэрэгтэй зэрэг нь Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шалгуурыг хангаж, шинэхэн “цэрэг” анхны тэмцээнээсээ хоёр медалийг хүртсэн нь энэхүү спортод “дурлах” томоохон шалтгаан болжээ. Түүнээс хойш найман жил мэргэжлийн спортын “амт”-ыг мэдэрч,  улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд удаа дараа амжилт үзүүлснээс 2001 онд Завхан аймагт зохион байгуулагдсан бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс таван төрөлд таван медаль хүртсэн нь тухайн үедээ тангараг нэгт нөхдийнхөө талархлыг хүлээсэн байна.

Ийнхүү мэргэжлийн спортод гаргасан амжилт, ажлынх нь бүтээмж, ажилдаа хандаж байгаа хандлага зэргийг нь үнэлэн Цагдаагийн академид мэргэжил эзэмшүүлж, 2006 онд Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангид салааны захирагчаар томилогдсноор офицер боллоо. Гал түймэр унтраах, аврах 43,33 дугаар ангиудад салааны захирагчийг албыг дөрвөн жил хашиж, 2011 оноос Онцгой байдлын газрын орлогчоор томилогдсоноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ ажиллаж байна.

            Завхан аймагт газар нутгийн онцлогоос шалтгаалж ой, хээрийн түймэр, усны осол, мал, амьтны гоц халдварт өвчин, зуд гээд гамшиг, ослын тохиолдлын тоо их. Сүүлийн үед аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, Отгонтэнгэр ууланд аялах, зугаалах иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан ууланд төөрөх, сураггүй алга болох зэрэг дуудлага нэмэгдэх болжээ. Тохиолдож болзошгүй эдгээр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг дэд хурандаа Б.Ядамжав хариуцдаг. Тэрбээр энэ ажилдаа аль хэдийн туршлагажин, албаныхаа хэмжээнд хэд, хэдэн шинэлэг санааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх тасагт буюу түүний шууд удирдлагад 8 алба хаагч ажилладаг. Эдгээр алба хаагчдадаа болон аймгийн Онцгой комиссын гишүүддээ 24 сумаа хувааж, хариуцуулсан. Тухайн суманд тохиолдож болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хариуцсан алба хаагч нь зохион байгуулж, тулгамдсан асуудлаа удирдлагадаа уламжлан шийдвэрлүүлдэг.

Аймгийн хэмжээний айл, өрх болоод албан байгууллагыг мөн л ахлагч бүрэлдэхүүндээ “даатгасан”. Ингэснээр гамшиг, ослын тоо буурч, ард иргэдэд хүргэх мэдээ, мэдээлэл хүртээмжтэй болжээ.

Түүнчлэн эрэн хайх, аврах ажиллагаанд морьдыг ашиглаж, алба хаагчдынхаа ажлыг хөнгөвчилж байна. Нийт дөрвөн морь, эмээл бусад эд хэрэгслийг бэлтгэн, морьдоо тээвэрлэх автомашиныг шийдвэрлэж, тусгайлан тоноглож бэлтгэжээ. Богд, Чигэстэй зэрэг томоохон голын эрэг дагуу иргэдийг үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд морин эргүүлийг мөн явуулж байна.

             Алба хаагчидтайгаа цэргийнхээ дүрмийн дагуу зөв харьцахад үл ойлголцол үүсч, асуудал гараад байдаггүй. Хүн бүрийн харилцааны онцлог, ажлын арга барилыг мэдчихвэл түүнд нь тааруулаад шаардлагаа тавиад байвал ажлын бүтээмж өндөр байдаг.  Алба маань залуужиж, олон жил ажилласан туршлагатай хамтрагч нар  гавьяаныхаа амралтад гарсан. Гэхдээ залгамж халаагаа сургах, алба хаагчдаа бэлтгэхэд анхаарч “багш-шавийн” барилдлагыг алба хаагчдынхаа дунд тогтоож, сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулж байгаа гэдгийг тэрбээр онцолсон юм.

Түүний хувьд мэргэжлээ дээшлүүлж, суралцахын хэрээр хамт олноо ч байнга, тасралтгүй сургалт, дадлагад хамруулахыг эрмэлздэг. Нэг сургуульдаа гурван удаа суралцсан ч гурван өөр нэртэй диплом ромботой. ДХИС нэршлээр 2021 онд Удирдлагын академи, Цагдаагийн академид  2006 онд бакалавр, ХСИС-д   2019 онд магистрын зэрэг тус тус хамгаалсан. Харин энэ жил алба хаагчдаас нь тав нь магистрт суралцан төгсжээ. Алба хаагчдынх нь 90 орчим хувь нь төрж, өссөн нутагтаа ажиллаж, амьдардаг учраас хүний нөөцийн хувьд дутагдалгүй, тогтвор суурьшилтай ажилладаг байна.

 Алба хаагчид нь хаашаа ч томилолт өвөртлөөд явсан ар гэртээ санаа зоволтгүйгээр ажлаа хийдэг. Бүтээлч сэтгэлгээтэй, бие биенээ дэмжсэн, нэг нэгнээ гэсэн сэтгэлийг хамт олноос нь очих бүртээ мэдэрч, тохижилтын болоод бүтээн байгуулалтаараа үргэлж “нүд баясгаж” чаддаг хамт олонд нь сэтгүүлч миний бие энд дашрамд талархал илэрхийлье.

Дэд хурандаа Б.Ядамжав дөрвөн хүүхэдтэй айлын дундах нь. Эгч, хоёр дүүтэй. Аав, ээж нь хоёулаа сэхээтэн. Аав нь Улиастай сумын захирагчийн орлогчоор,  ээж нь  аймгийн Тамгын газарт нягтлангаар олон жил ажилласан.  Эгч нь аймгийн шүүхэд шүүгч, охин дүү нь аймгийн Цагдаагийн газарт ажилладаг гээд цэргийн удам дамжсан гэнэ. Түүний эхнэр мөн л цэргийн хүн. Аймгийн Тагнуулын хэлтэст ахлах мэргэжилтэн албан тушаалтай. Анх Цагдаагийн академид сонсогч байхдаа эхнэртэйгээ танилцаж, ханилснаас хойш дөрвөн охинтой болжээ. Ихэр охидууд нь аравдугаар анги, удаах нь долдугаар анги. Харин бага нь цэцэрлэгт явдаг.  Хоёулаа цэргийн хүн учраас ажлынхаа онцлогийг ойлгож, бие биенээ сайн дэмждэг. Хамгийн гол нь хүн амьдрах орчин, ажиллах газраа зөв сонговол эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллах боломжийг бүрдүүлдэг гэдгийг онцолсон.

 Амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ салхинд гарах, охидууддаа гарынхаа хоолыг хийж өгөх дуртай. Сайн аавын тал дээр эхнэрээ гүйцэхгүй ч сайхан гэрийн эзэн байхыг хичээдэг.  Ууланд алхаж, мандаж байгаа нарыг харах нь түүний хувьд хамгийн сайн амралт болдог байна.  

Даруухан хэрнээ чамбай удирдагч тэрбээр Онцгой байдлын байгууллагын хэмжээнд газрын орлогчоор хамгийн олон жил ажиллаж байгаа цөөхөн дарга нарын нэг.  Ийм л энгийн хэрнээ хийсэн, бүтээсэн ажилтай. Нутаг орондоо хүндлэгдэж, хамт олноороо албандаа манлайлан яваа түүний хүсэл бүхэн гэгээтэй байж, хүрэх зам нь дардан байхын ерөөлийг өргөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

20 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө