Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар:
- Дарханы замын бүтээн байгуулалтын явц,
- 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай,
- Олон улсын нислэг болон Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны талаар,
- Газрын тос боловсруулах үйлдвэр болон Газрын тос дамжуулах хоолой төслүүдийн талаар,
- Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүдийн талаар зэрэг 40 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, Засгийн газар өнгөрсөн Лхагва гарагт дотоодын агаарын тээвэрлэгчдэд 2022 он дуустал бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгох, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТ ТӨХК-ийн Франкфуртын чиглэлийн энэ оны 6-9 дүгээр сард хийх нэмэлт 17 нислэгт олгох 4,7 тэрбум төгрөгийн татаасыг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр нь хянаж, санхүүжүүлэхээр болсон.
Мөн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулах талаар шийдвэр гаргасан юм. Монгол, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт заасны дагуу Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг айлын талын Эрээний хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Мөн чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгасан юм. Монгол Улсад Чөлөөт бүс байгуулах, түүнийг хэрэгжүүлэх үзэл баримтлал батлагдан 20 гаруй жил болсон, хууль эрх зүйн орчин бүрдсэн ч чөлөөт бүсийн хөгжил удаашралтай, тодорхой ахиц гарахгүй байгаа шалтгааныг тодруулах, Чөлөөт бүсийн онол аргазүйг судалж, эрдэмтэн судлаачдын зөвлөмж, судалгаа, шинжилгээ болон чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бодит асуудал, бодит нөхцөлд байдалд тулгуурлан хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг илрүүлэн цаашид чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцыг тодорхойлох шаардлагатай болжээ.
Э.Бурам