Шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг хойшлуулав

2022 оны 7 сарын 12022-07-01
Шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг хойшлуулав

Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэл, хүн амын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл түр зогсоох санал гаргажээ. Түүний гаргасан саналыг өнөөдөр /2022.07.01/ НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцэх үеэр  Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Одсүрэн горимын санал гаргаж хуулийн төслийг хойшлуулав. Энэ үеэр ХҮН-ын бүлгийн зүгээс дараах дүгнэлтийг гаргаснаа уншиж танилцууллаа. 

Тодруулбал, "Хүн амын шилжилтийг хориглох зорилготой энэхүү оролдлогыг 1995 болон 2017 онд хоёр удаа авч хэрэгжүүлж боловч бүтэлгүйтсэн. Энэ удаад нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, дэд бүтэц, амьдрах орчин муудсан, хөрсний бохирдол, түгжрэлтэй холбон тайлбарлаж байна. Хөдөө орон нутгийн иргэдийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах нь Үндсэн хуульд заасан "Монгол Улсын иргэн улсынхаа нутагт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох үндсэн эрх, эрх чөлөөн"-д хандсан үйлдэл гэж НИТХ дахь ХҮН-ын бүлэг үзэж байна. Сүүлийн жилд цар тахал, Орос, Украины дайны улмаас эдийн засаг хүндэрсэн хүнд үеийг монголчууд бид хамтдаа туулж байна. Ийм үед иргэдийг хот, хөдөөгөөр нь талцуулсан нийгмийн үр ашиггүй маргаанд хөтлөх нь зохисгүй. Бид энэ саналыг эсэргүүцэж байна" гэжээ.

Статистик мэдээллээр жилд дунджаар 30 мянга гаруй хүн Улаанбаатар руу шилжин ирж суурьшдаг аж. Энэ нь дундаж аймгийн хүн амтай тэнцэхүйд тоон үзүүлэлт юм. Өмнө нь 2017 онд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу гурван жилийн хугацаанд зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэхдээ орон сууц худалдан авсан тохиолдолд шилжих боломжийг олгож байсан юм. 

Энэ шийдвэрийг дэмжвэл бид онигоонд орно шүү

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр:

-Санал оруулж ирсэн нийслэлийнхэн  шилжилт хөдөлгөөнийг зогсоохыг дэмжих эсэх тухай асуудал болохоос зогсоох тухай асуудал биш гээд ярьцгааж  байна. Гэхдээ дэмжлээ гэхэд  Үндсэн хуулийн зөрчилд тооцогдоно.  Үүнийг эсэргүүцэхээс өөр аргагүй. Хүний эрх чөлөөнд халдаж байна. 1995 оны шийдвэрийг Дээд шүүх Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож байсан удаатай. Тэр үндэслэлүүдийг та нар харсан уу. Иргэдийн ихэнх нь дэмжихгүй байгааг та нар анзаарсан байлгүй. Нийгмийг талцуулах нь.Төлөөлөгчид асуудлуудыг дэмжээд ажил хэрэгч хандаж байгаа. Гэхдээ энэ удаагийн саналыг дэмжихгүй шүү.

Үүн дээр АН-ын бүлэг дүгнэлтээ унших ёстой байсан. Уг нь их хүлээж байлаа. Шулуухан хэлэхэд АН сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлмээр байна.

Хаагуур яваад байгаа юм. АН-ын төлөөлөгчид хурал дээр уурлаад зогсч байх ёстой байсан шүү. Сөрөг хүчин уг асуудал дээр хүчтэй дуугарах ёстой. Хүний эрхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Энэ шийдвэрийг дэмжвэл бид онигоонд орно шүү. эрх баригч намын гишүүд дунд уг саналыг дэмжихгүй хүмүүс байгаа байх. Кнопоо битгий дараарай. Эсвэл гараад явчхаж болно шүү дээ. Энэ санал битгий дэмжигдээсэй л гэж хүсч байна.  

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Одсүрэн:

-Асуудлыг том өнцгөөс нь зөвөөр хармаар байна. Иргэдийнхээ эрхэнд халдах ямар нэгэн үйлдэл гаргаж болохгүй. Хамгийн гол нь иргэдийн шилжил хөдөлгөөнийг хязгаарлах гэдгийг шууд утгаар нь ойлгож болохгүй. Олон улсын жишгээр нэг газраас нөгөө газарт шилжихэд ажлын байр, орон сууц, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг олон хүчин зүйлсийг авч хэлэлцдэг. Хэт төвлөрлийн улмаас нийслэлд агаарын бохирдол, түгжрэл үүсч байна. Гурван жилийн дараа өдөрт түгжрэлд 5-аас илүү цаг зарцуулдаг болно.  ИТХ дэмжсэн саналаа Засаг даргад  өргөн барих талаар ярьж байна.Түүнээс биш ИТХ өнөөдөр эцсийн шийдвэр гаргаад шилжилт хөдөлгөөнийг зогсооно гэсэн үг биш. Нарийвчилсан үнэлгээ, тооцоо хийсний дараа цааш өргөн барина.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар:

-ИТХ-д иргэдийн шилжилт хөдөлгөөнийг шийдэх  бүрэн эрх нь бий. Гэхдээ энэ удаа асуудлыг Засгийн газарт шилжүүлж байгаа гэж ойлголоо. Бид саналаа хүргүүлэх юм байна.Түр шилжилт хөдөлгөөнийг зогсооно гэхээр нийгэмд  түр суурьших иргэдийг бас оруулахгүй гэх ойлголт яваад байна. Байнга оршин суух иргэдэд хамаатай. Нийслэл хотын иргэд болох иргэд дараах шаардлагыг хангах юм байна.

Тухайлбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай, хотод орон сууц худалдаж авсан, албан томилолтоор нийслэлд 6-аас дээш хугацаагаар томилогдон ажиллах төрийн албан хаагч түүний гэр бүлд л хамаарна. 

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Одсүрэн:

-Б.Сүхбаатар төлөөлөгч маш зөв ойлгосон байна. Түр шилжилтийг хязгаарлахгүй. Иргэний үнэмлэх дээрх  оршин суух хаягаа  орон нутгаас нийслэлд шилжүүлэх иргэдэд л хамаарна. 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:

-Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд "Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, түдгэлзүүлэхийг хориглоно" гэж  заасан. Хотын даргын оруулж ирсэн тогтоолын төсөл дээр Засгийн газарт санал өгч шилжилт хөдөлгөөнийг хориглуулах гээд байна. 2017 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг тогтоосны дараа шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэрийг Засаг дарга гаргаж байсан. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар:

-Би хувьдаа хуульд өөрчлөлт оруулах гээд байна гэж ойлгосон. 

Э.БУРАМ

 

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

20 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө