Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэл батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 1 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 56.9 хувь нь нийслэлд бүртгэлтэй байна. 2010 онд хойш хоёр иргэдийн дунд нэг автомашин байсан. Тухайн үед замын хөдөлгөөний дундаж хурд 35 км цаг байсан. Улаанбаатар хотын замын сүлжээний багтаамж хүн амын болон тээврийн хэрэгслийн нягтаршил ихтэй хотуудтай харьцуулахад Бээжингээс ес , Нью-Йоркоос18, Лондонгоос 27, Чикаго хотоос 30 дахин бага байна.
Жайкагийн судалгаагаар нийслэлийн автомашины импорт энэ чигээрээ хурдтай нэмэгдвэл замын хөдөлгөөний хурд 2025 онд 8 км/ цаг, 2030 онд 5 км/ цаг хүртэл буурах тооцоо гарсан.
Автомашины импорт 2011 онд жилд дунджаар 70-80 мянга, 2019 онд 90 мянгад хүрсэн. Нийт хүн амын 47 хувь нь нийслэлд амьдарч байна. Орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо 10 жилийн дунджаар 30-40 мянгад хүрсэн. Нийслэл хотын авто замын сүлжээний даац нь 170 мянган автомашин боловч 220 мянгаас дээш гарах үед түгжрэл үүсдэг.Нэг өдөрт 250 мянгаас дээш автомашин хөдөлгөөнд оролцвол тэг зогсолт болдог. Бүртгэлтэй дөрвөн автомашин бүрийн нэг нь замын хөдөлгөөнд оролцож байгаа нь түгжрэлд нөлөөлж байна.
Э.БУРАМ