С.Мөнхчулуун: Хөтөлийн үйлдвэр цементээ 15000 төгрөг болгосон нь хуулийн зөрчил биш

3
2022 оны 7 сарын 42022-07-04
С.Мөнхчулуун: Хөтөлийн үйлдвэр цементээ 15000 төгрөг болгосон нь хуулийн зөрчил биш

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гурвалжингийн гүүрний дор байрлах 44 худалдааны төвд 50 кг-ын шуудайтай портланд цемент 20.000-22.000 төгрөгөөр зарагдаж байна. Захын гадна талд 24.000-25.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Харин өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших "Цемент шохой" үйлдвэр тус захад 50 кг-ын шуудайтай портланд маркийн цементээ 15.000 төгрөгөөр нийлүүлж эхэллээ. Хэдэн сарын өмнө төрийн өмчит компани болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирал Л.Наранбаатар “Бид цементийн үнийн хөөрөгдөлд цохилт өгч байгаа юм. Ингэснээр орон сууцны үнэ буурах боломжтой болно” гэсэн. Үүнтэй холбогдуулан цахим орчинд “Төрийн компани үнээ хүчээр багасгах нь бусад цементийн үйлдвэрийг алдагдалд ороход хүргэнэ” гэсэн шүүмжлэл гарч байна.

Бид энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай утсаар холбогдож, тодрууллаа.

-Компаниудыг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тохиолдолд Өрсөлдөөний хууль зөрчсөн гэж торгодог. Харин нэг компани бусдаасаа доогуур үнээр бараагаа зарвал хууль зөрчсөн гэж үзэх үү. Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэр 15.000 төгрөгөөр цементээ зарах нь зөрчил болох уу?

-Хөтөлийн цементийн үйлдвэр нь давамгай байдалтай ААН биш. Монгол Улсын хэмжээнд цементийн салбарт МАК компанийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тодорхойлсон. Цементийн зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын 33 буюу түүнээс дээш хувийг эзэлдэг гэсэн үг. Хөтөлийн цементийн үйлдвэр энэ хэмжээнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.4-т зааснаар бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулсан гэж үзэх боломжгүй.

-Барилгын материалын захуудад дотоодын үйлдвэрүүдийн шуудай цемент 18.000-22.000 төгрөгийн үнэтэй байна. Хамаагүй бага үнээр цементээ зараад эхэлж байгаа нь бараагаа бодит зардлаас доогуур үнэлж борлуулсан үйлдэл биш үү?

-ШӨХТГ цементийн үнээр шалгалт хийж байна. МАК, Монцемент хоёр Улаанбаатар хотод цэгтэй. Хөтөл цемент цэггүй байсан тул өрсөлдөөнийг нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатарт цемент худалдах цэгтэй болох, борлуулагчид нь үнэ хөөрөгдөхгүй байхад анхаарах зөвлөмж Хөтөлд хүргэсэн. Хууль зөрчсөн эсэхийг шалгаж тогтооно. Энэ тухайд судалгаа хийгдэж таарна.

290576697_330550135954083_3822455205895356844_n.jpg
Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрээс гаргаж байгаа үнэ тонн нь 238350 төгрөг буюу 1 ууттай 50 кг нь 11917₮ юм байна. Өөрөөр хэлбэл, өртгөөс доогуур үнээр зараагүй.

-Төрийн компани цементийн үнийг багаар борлуулсан хэвээр удвал бусад компанийн ижил марк, стандартын цемент борлуулагдахгүй. Энэ байдлаар удвал давамгай байдалтай ААН болох уу?

-Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоохын тулд өмнөх оных нь борлуулалт, ашиг зэрэг олон хүчин зүйлийг судладаг. Хөтөлийн цементийн үйлдвэрийн борлуулалт, ашиг зэрэг нь үзүүлэлт цар тахлын үед тийм ч сайн байгаагүй. Дараа жил үзүүлэлт нь төдий л өөрчлөгдөхгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ төрийн компанийн хувиар зах зээлд ямар байдлаар нөлөөлж байгааг бид судлах болно.

Г.Улсболд

 

Санал болгох

Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

8 өдрийн өмнө
Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монголд бий болгохоор зөвлөхүүд урьжээ

Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.

8 өдрийн өмнө
Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

11 өдрийн өмнө