Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хорооны мэдээллээр баяр наадмын үеэр 24-25 бөх барилдах хүсэлтээ урьдчилсан байдлаар ирүүлсэн болохыг Бөхийн салбар хорооны дарга, Хууль зүйн дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг хэлэв. Түүний мэдээлснээр,
- Тува 5
- Халимаг 4
- Буриад 4
- Өвөр Монголын 2 бөх хүсэлтээ ирүүлсэн байна.
Бөхийн барилдаантай холбогдуулан тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд ямар нэгэн ялгаварлан гадуурхалт байх ёсгүй учир бид хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна. Тэдний ихэнх нь монгол туургатан буюу үндэсний бөхөөр хичээллэдэг мэргэжлийн бөхчүүд бий. Хэрэв бөхийн барилдааны 4,5 даваанд Дархан аварга зодог тайлах хүсэлт гаргавал алдрыг хүндэтгэн цолыг нь дуудаж, есөн хөхөлт цагаан туг тойрон зодгоо тайлан шавьдаа эсвэл үр хүүхдэдээ өвлөн үлдээх монгол бөхийн зан үйлийг анх удаа орчин цагт хийж МҮБХ-ноос хүндэтгэл үзүүлнэ” гэлээ. Мөн допингтой холбоотой асуудлаар “Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд допингийн шинжилгээнд үндэслэж буюу шинжилгээнд бүдрээгүй бөхөд цолны батламж олгоно гэж байсан ч хуульд өөрчлөлт орж уламжлалт байдлаараа явахаар болсон. Өөрөөр хэлбэл 12-ны өдөр амжилт үзүүлсэн бүх бөхөд батламж, цолыг олгоно. Мэдээж допингийн шинжилгээг Тагнуул, Цагдаагийн байгууллагын хамтаар авах ба хэрэв допинг хэрэглэсэн нь нотлогдон, шинжилгээндээ бүдэрвэл 14 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигтаа өөрчлөлт оруулж, цол хураах, дараагийн бөхөд нөхөн олгохоор болсон” гэсэн юм.
Б.ЦЭЦЭГ