Коронавирус ба Хөгжлийн бэрхшээл

2021 оны 12 сарын 32021-12-03
Коронавирус ба Хөгжлийн бэрхшээл

Жил бүрийн 12 дугаар сарын гурван онцгой өдөр байдаг. Энэ өдрийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан шинэхэн дугаараа бэлтгэлээ. Зочдоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Жайкагийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, мөн Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэх төслийн зөвлөх Уэхара Шоко, Монголын дауны холбооны гишүүн ​​Ж.Баттогоо нар уригдсан юм.

В.Ганзориг: Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Бусдын ялгаатай талыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүн хамгийн сул дорой нэгэн байдаг гээд нэг япон ээж надад хэлж байсан юм. Ер нь хөгжлийн бэрхшээл гэдгийг та бүхэн юу гэж ойлгодог вэ?

А.Ариунзаяа: Бид асуудлаасаа зугтаад нэр томъёогоо одоог хүртэл зөв ойлгож хэвшээгүй байгаа. Өмнө бид тахир дутуу гэж нэрлэдэг байсан. Энэ нэр томъёо Нийгмийн даатгалын хууль дээр өөрчлөгдөөгүй одоог хүртэл хэвээр үлдсэн байдаг. Харин одоогийн хуулиар бид хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж томъёолсон. 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод Монгол Улс нэгдэн орж, түүний үзэл санаанд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-тай болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг “бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон байгаа. Үүнээс гадна хүмүүст тусгай хэрэгцээт, ялгаатай хөгжилтэй хүмүүс гэж ярьж бичдэг. 

Ж.Баттогоо: Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг утгаараа ийм хүмүүсийг олон нийт ихэнхдээ ялгаварлан гадуурхах хандлага одоог хүртэл байгаа. Гэхдээ нэг үеэ бодвол хүмүүсийн харилцаа, хандлага эерэг, зөөлөн болж байгааг энд хэлэх ёстой. 

Х.Чиба: Би олон жилийн өмнө НҮБ-д дадлага хийж ажлын гараагаа эхэлж байхдаа хөгжлийн бэрхшээл нийгмийн учир шалтгаанаас үүдэлтэй гэдгийг ойлгосон. Хөгжлийн бэрхшээлтэй хүнээс илүүтэйгээр тэр хүнийг хүлээн авч буй нийгэм өөрөө энэ асуудлын хамгийн том бэрхшээл болдог. Би одоо ч гэсэн энэ үзэл баримтлалдаа тууштай байдаг. 1983 оноос эхэлж дэлхийн даяар энэ өдрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хөгжлийн бэрхшээлийн үндсэн шалтгаан тухайн хүнийг хэрхэн хүлээн авч буй нийгэмдээ оршдог юм шүү. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!

Ш.Уэхара: Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын төсөл дээр ажилладаг. Бидний хувьд тэгш хамруулах, тусгай хэрэгцээт гэдэг үгсийг заавал хэрэглэх шаардлага гардаг. Дээрх үед Орос улсад энэ чиглэлийн боловсрол эзэмшсэн хүмүүсийг согог зүйч гэж нэрлэдэг байв. Эдгээр хүмүүс хүүхдээс согог олж засна гэдэг ойлголттой байв. Харин одоо бол тэр хүүхдүүдэд асуудал байхгүй ээ. Харин тэр хүүхдүүдийн орчинг өөрчилж, эргэн тойрны хүмүүс нь өөрчлөгдөж байж асуудлыг шийднэ гэдэг зарчимтай болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамтдаа хөгжих, хамтран суралцах, цуг амьдрах чиг хандлагаар боловсролын системд, монголын нийгэмд өөрчлөлт орох ёстой. Монгол ба Япон улсын хувьд энэ асуудал яг адилхан. Том зөрүү байхгүй. Монгол Улс сүүлийн жилүүдэд энэ салбарт их ахиц гаргаж байгаа. Үүнд би талархаж явдаг.

В.Ганзориг: Коронавирусын энэ хүнд нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл хүмүүс нь хүртэл бие биенээ ялгаварлан гадуурхаж, эрхийг нь зөрчсөн тохиолдол одоог хүртэл гарсаар байна. Гэтэл энэ зовлонг хөгжлийн бэрхшээлтэй иргэд насан туршдаа нуруун дээрээ үүрч явдаг нь аймшигтай. Цар тахлын энэ цаг үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал юу байна вэ?

А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлууд ковид гэлтгүй ердийн үед ч байсаар ирсэн. Яг ковидын үеийг онцолбол олон сорилттой тулж байгаа. Тухайлбал, байнгын асаргаа шаардлагатай гэр бүлийг дурдмаар байна. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнээс гадна асран хамгаалагчийн асуудал энд бүх юман дээр давхар хөндөгдөнө. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст дохионы орчуулгын асуудал хурцаар тавигдаж байна. Энэ хүнд цаг үед тэд шинэ мэдээ, мэдээллээр шуурхай хангагдах ёстой. Энэ асуудлыг шийдэх зорилгоор https://duudlaga.mn/ гээд дохионы хэлмэрчийн үйлчилгээг цахим хуудас болон аппликэйншээр гаргасан. Бэрхшээлийн төрлөөс хамаараад энэ мэтээр хэрэгцээнүүүд нь өөр өөр байдаг шүү гэдгийг ковидын энэ цаг үед нийтээрээ ойлгож мэдэрч байна.

Ж.Баттогоо: Манай гэр бүлийн хувьд хүүхэд маань насанд хүрсэн тул угаасаа л гэртээ байдаг. Цар тахлын дэглэмээ бариад гэрээсээ гарахгүй сууж байгаа. Гэртээ байгаа болохоор харьцангуй асуудал багатай л байна. 

Ш.Уэхара: Цар тахал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах нөхцөлд онцгой нөлөө үзүүлж байна. Долоо хоногоор ээлжлэн танхим, цахимаар хичээллэж байгаа ч энэ дундаас хичээлээсээ хамгийн их хоцрогдож буй бүлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Нийгмийн харилцаанд орохгүй удахаар нэмэлт дарамт ийм хүүхдүүдэд төдийгүй гэр бүлд нь үүсдэг. 

Х.Чиба: Миний хувьд коронавирус гарснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал хүндрээд байна гэж хардаггүй. Нийгэмд угаасаа байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүнд асуудлууд коронавирусын энэ цаг үед ил гарч ирж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг ахлаж ажилладаг. Цар тахлын улмаас байгууллагууд цомхотгол хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээсээ эхэлж байгаа нь маш харамсалтай байна. Гэрээрээ, хувиараа аж ахуй эрхэлдэг жижиг, дунд бизнес хийдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал ковид, хөл хорионы үеэр орлогогүй, ажилгүй болж хүнд байдалд орсон. 

В.Ганзориг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт гэсэн гурван том асуудал байдаг. Энэ тал дээр та бүхний хийж байгаа ажлууд юм байна вэ?

А.Ариунзаяа: Хэдэн жилийн өмнө Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагийг төрийн зүгээс тусгайлан байгуулсан. Хууль эрх зүйн орчноо сайжруулж байна. Энэ хэрээр олон нийтийн хандлага эерэг тал руугаа аажуухан ч гэсэн өөрчлөгдөж байгаа. Энэ ажил дээр Японы ЖАЙКА байгууллагын хувь нэмэр маш өндөр байдаг. 2016-2020 онд Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч чадсан. Яг одоо манай яам хамтраад 2021-2025 оны хооронд хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төслийг эхлүүлээд байна. Азийн хөгжлийн банк хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах том төслийг мөн эхлүүлсэн. Энэ бүх ажлыг ковидтой шууд холбон ойлгож болохгүй. Эдгээр иргэдийнхээ эрхийг хамгаалах талаар 2018 онд гурван сайдын хамтарсан тушаал гарч байсан. Одоо үүнийг шинэчлэх сайжруулахаар ажиллаж байна. 

Бидний эргэн тойрны бүх орчин иргэддээ ээлтэй, бүх хүмүүст хүртээмжтэй байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байртай боллоо гэж бодоход гэрээсээ гараад гудамжаар яваад ажилдаа саадгүй очиж чадаж байна уу? Иймээс иргэдийн ойлголт хандлагаас гадна бүхий л орчин, нийгмийн дэд бүтцээ нэн даруй хүртээмжтэй болгох, сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Энэ бол бүх нийтийн үүрэг байх ёстой. Манай хүн амын 3-4% нь хөгжлийн бэрхшээлтэй. Үүнээс 42% нь төрөлхийн, 58% нь олдмол шалтгаантай. Олдмол шалтгаанаас урьдчилан сэргийлэх, төрөлхийн шалтгааныг шинжлэх ухаанч аргаар судлах, эрт илрүүлэлт ба хүртээмжтэй нийгмийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатай байгаа. 

Боловсролын салбарын хувьд тусгай сургуулиас илүү энгийн сургуульд хүүхдүүдэд ганцаарчилсан хөтөлбөрийг бэрхшээл бүрийг нь харгалзан, онцлогийг нь мэдэрч хамтад нь сургах ёстой. Дохионы хэл, хэлмэрчийн асуудлыг нь шийдээд өгвөл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд асуудалгүй сурах бүрэн боломжтой. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг ярихад энэ талын маш олон хууль тогтоомж байдаг. Бодлогын хөшүүргэ байдаг хэдий ч албан байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах гэхээр эрүүл мэнд, боловсрол, ур чадвартай, нийгмийн дэд бүтэцтэй холбоотой асуудал гарч ирдэг. Тэгэхээр бүх салбарынхан маань хамтарч ажиллаж байж энэ асуудлыг углуургаар нь шийдэж чадна. Ахиц бол гарч байгаа.

Х.Чиба: ЖАЙКА 2016 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцооны төслийг эхлүүлсэн. 2021 оноос төслийн хоёрдугаар шат буюу хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төслийг эхлүүлээд явж байна. Энэ төслийн хүрээнд бид суурь судалгаа хийсэн. Энэ судалгаагаар хамгийн том асуудал нь аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө гэдэг үр дүн гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад аж ахуйн нэгжүүдийн ойлголт маш сул байдаг нь хамгийн том бэрхшээл болдог. Ихэнх ажил олгогчид чадваргүй, сул дорой, эрүүл мэндийн асуудалтай гэж үзэн ажилд авах дургүй байдаг. Бид төслөөрөө дамжуулан ажил олгогчдын энэ хандлагыг өөрчилнө, нөлөөллийг ажлуудыг түлхүү явуулна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбож өгдөг гүүрэн холбоос, хүний нөөц зайлшгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах хүсэлтэй компани байдаг ч яаж авах уу, хаанаас мэдээлэл авах, яаж энэ хүмүүсийг тогтвортой ажилуулах зэргээ мэддэггүй. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл ажилд орохыг хүсэхэд мөн л үүнтэй холбоотой мэдээллийг хаанаас, яаж авах нь тодорхойгүй байдаг. Иймээс бид энэ төслийнхөө хүрээнд Job Coach буюу ажлын байрны дадлагажуулагчийг бий болгоно. Энэ төслийг Монгол Улсын Засгийн газар маш сайн дэмжин хамтран ажиллаж байгаа. Энэ холбоос, дэд бүтцийг бий болгохийн тулд онлайн үйлчилгээ, технологийн дэвшлийг сайн ашиглаж байгааг энд хэлэх ёстой. Иймээс манай төсөл амжилттай хэрэгжиж, бодитой тогтолцоо болж чадна гэдэгт итгэлтэй байгаа. 

Ш.Уэхара: Би тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хоёрдугаар шатыг хариуцан ажилладаг. Энэ төслийн эхний шатаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, нийгмийн оролцоон дээр анхаарч ажилласан. Эрүүл мэндийн яамтай хамтраад 18 сартай хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийг тогтмол хийдэг болгож, үүнийг орон даяар тогтолцоо болгож чадсан. Хэрэв энэ үзлэгээр тухайн хүүхдэд ямар нэг хоцрогдол байна гэж гарвал тухайн орон нутгийн “Эх хүүхдийн хөтөлбөр”-т хамруулдаг. Энэ хөтөлбөрт орсноор өрхийн эмчтэйгээ хамтран хоцрогдлоо арилгах, хүүхдээ хөгжүүлэх тал дээр ажилладаг. Улмаар харъяа газрынхаа ердийн цэцэрлэг, сургуульд хүүхдийг нь хамруулах зорилготой юм. 

Энэ төслийнхөө хоёрдугаар шатанд илүү ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг рүү хандаж ажиллаж байгаа. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг тэгш хамруулан сургахад хүүхдэд асуудал байдаггүй. Харин эргэн тойрны орчныг нь өөрчлөх, энгийн хүүхдүүдтэй хамтдаа суралцахад нь туслах ёстой. Хамтдаа нийгэмдээ амьдрах талаас нь нийгмийн өөрчлөлтийг бид хамт хийх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгохын тулд сургууль тэр хүүхдийг өөрчлөхөөс илүүтэйгээр эхлээд захирал, багш, нийгмийн ажилтан, эцэг, эхтэй хамтран орчин, хандлага, системээ өөрчлөх ёстой. Ингэж байж бид тухайн хүүхдэд аз жаргал бэлэглэж чадна. 

Ж.Баттогоо: Манай дауны холбооны хөдөлмөр сургалтын төсөлд Мицубиши корпорац дэмжлэг үзүүлэн эхлүүлсэн. 2019 оноос эхлэн даунтай насанд хүрсэн залуусаа хөдөлмөрийн ур чадварт бэлтгэх төсөл эхлүүлж, жилийн хугацаанд 10 хүүхэд сургасан. Хувийн хэвшил биднийг дэмжээд, одоо Шангри-Ла зочид буудал, Азийн сан, GCR Монгол компаниудтай хамтран ажиллаж байгаа. Энэ залуус маань хөдөлмөрийн гэрээ байгуулаад, татвар төлөгч болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөдөлмөрт бэлтгэх гэхээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв авдаггүй. Өнгөрсөн туршлагаас харахад тодорхой хэмжээний санхүүжилт байвал бид Дауны холбоон дээрээ цөөхөн ч гэсэн хэдэн хүүхдүүдээ бэлдээд, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж болохоор санагддаг. 

А.Ариунзаяа: Ажил хийе гэвэл боломж байгаа мэт боловч ийм хөгжлийн ялгаатай хүмүүс байдаг шүү гэдгийг бүр хүүхэд байхаас нь нийгмийн гишүүддээ ойлгуулж, мэдрүүлдэг байх нь чухал. Дауны хам шинж гэхэд өөрийн онцлогтой. Иймээс яг тэр онцлогт тааруулсан ажлын байрыг олох, бэлтгэх, сургах ёстой. Даунтай хүүхэд төрлөө гэхэд бусад аав, ээжүүд нь тэр хост сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бие биенээ дэмжих нь чухал. Энэ мэтээр хүүхэд дөнгөж төрмөгц нь нийгэмд хүлээгээд авбал эхнээсээ л бүх зүйлд тэгш хамрагдаад явна. Ингэж чадахгүй байгаагаас бусад хүүхдүүд өөрсдөөс нь өөр хүүхэд байдаг шүү гэдгийг ухамсартайгаар ойлгож өсч хүмүүжиж, хамт орших ёстой гэдгээ ухаарч чадахгүй байна. Багадаа энэ ойлголтыг авч зөв хүмүүмжсэн хүүхэд насанд хүрсэн хойноо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хэзээ ч ялгаварлан гадуурхаж, өөрөөр хандахгүй. 

В.Ганзориг: Японы ЖАЙКА байгууллага дээрх асуудлуудыг шийдэх томоохон төслүүдийг ид хэрэгжүүлж байгаа. Та бүхэн хэзээ анхны үр дүнгээ харна гэж төсөөлж төлөвлөж байгаа вэ?

А.Ариунзаяа: Хичнээн хүртээмжтэй сургууль байсан ч тусгай хэрэгцээт боловсролын багш нараа бэлдэхгүй бол ахиц гарахгүй. Цаасан дээрх сайхан бодлого амьдрал дээр хэрэгжихэд яах аргагүй хугацаа ордог. 

Х.Чиба: Хүний нөөц бэлдэхэд хугацаа хэрэгтэй. Гэхдээ бид ирэх жил буюу 2022 оноос эхлэн ажлын байрны дадлагажуулагчдыг бэлтгэж эхлэнэ. Үүнтэй зэрэгцээд бид туршилтын загвар төслөө хэрэгжүүлж эхлэнэ. Ирэх хоёр жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх маш чухал үе байх болно. 2023 он гэхэд бид 200 гаруй хүнийг Job coach буюу ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэн гаргана. Жишиг төсөл хэрэгжүүлэхдээ бэрхшээл бүрээр нь, тухайлбал дауны хам шинжтэй хүнийг ямар ажлын байранд яаж дадлагажуулан тогтвортой ажиллуулах тогтолцоог үүсгэнэ гэсэн үг. 

Ш.Уэхара: Бид төслийнхөө эхний шатанд зөвхөн тусгай сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалтын ганцаарчилсан төлөвлөгөө гарган хамтран ажилладаг байсан. Харин удалгүй ерөнхий боловсролын сургуулийн багш нарт ийм төлөвлөгөө хэрэгтэй болсон. Ингээд 2018 оноос эхлэн бүх сургуулиудад сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах сайдын тушаал гарсан. Тусгай сургуулиас энгийн сургууль руу том шилжилт явагдаж байна. Иймээс ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, тэгш хамруулах тогтолцоо ЕБС-иудад маш чухал. Одоогийн байдлаар Монгол Улс даяар 6 мянган хүүхдэд ганцаарсан сургалтын төлөвлөгөөг гаргаж өгөөд хамтран ажиллаж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг бүр талаар дэмжин ажиллаж үүрэг хүлээх систем рүү шилжиж байгаа. Бүх цэцэрлэг, сургууль дээр захирал, менежер, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл бүхий дэмжих баг байгуулна. ЕБС бүр сэтгэл зүйчтэй болно. Эхнээсээ цэцэрлэгүүд дээр энэ систем ажиллаад эхэлсэн байгаа. 

Манай төслийн хоёрдугаар шатны хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэнтэй хамтраад тэгш хамруулан сургах цахим хөтөлбөр, хичээлүүдийг боловсруулаад дуусч байна. Үүнийг бүх багш нар заавал суралцах ёстой гэдэг агуулгаар бэлдэж байгаа. Үүний дотор хөгжлийн бэрхшээлийн төрөл тус бүрээр нь заах аргуудыг оруулж байгаа. Энэ бүхэн ирэх 2022 онд бэлэн болж онлайнаар тавигдана. Багш хаанаас ч гэсэн энэ сургалтын материал руу орж, мэргэжил, арга зүйгээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж болно гэсэн үг. 

В.Ганзориг: Япончууд Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлэхдээ ажиллаж, сайжруулах салбаруудаа яаж сонгодог юм бол?

Х.Чиба: Тухайн орны засгийн газраас хэрэгжүүлэх төслийн салбар, санааг эхэлж гаргадаг. Гэхдээ бид аль нэг улсын засгийн газраас саналыг нь авсан ч гэсэн өөрсдөө нөхцөл байдлын, урьдчилсан, тандалт гээд давхар судалгаануудыг заавал хийдэг. Хоёр тал санал нэгдсэн тохиолдолд төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг. Монгол Улсын Засгийн газар 2012 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хөндөж, дорвитой алхмууд хийж эхэлсэн. 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль батлагдана гэдгийг урьдчилж тооцоод 2012 онд ЖАЙКА-д хандаж байсан түүхтэй. Улмаар төслийн судалгаануудыг эхлүүлж 2015 онд дуусгаад, 2016 оноос төслүүд бодитой хэрэгжиж эхэлсэн. 

Ж.Баттогоо: Эцэг, эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хоцрогдолтой, бусдаас ялгаатай хөгжилтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх маш чухал. Өөрсдөө хүүхдээ хүлээн зөвшөөрч чадахгүй бол бусад хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Хүүхдийнхээ ялгаатай талыг хүлээн зөвшөөрч чадвал эцэг, эхчүүд бусдад хүлээцтэй ханддаг болдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх эерэг өөрчлөлтийг аав, ээжүүд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Иймээс эмзэглэх хэрэггүй, хүнд үеэ даван туулахын тулд хүүхдээ аль болох хурдан хүлээн зөвшөөрөх нь хүүхдээ хөгжүүлэх хамгийн чухал алхам шүү. 

Ш.Уэхара: Хувийн түүхээ хуваалцмаар санагдлаа. Манай ээж тусгай сургуулийн багш байсан. Шинэ жилийн баяраар ээжийгээ дагаад ажил дээр нь очдог байсан. Миний үеийн боловч надаас өөр хүүхдүүдийг тэнд хараад гайхаад, яагаад надаас өөр байгаа юм бол гэж боддог байсан. Одоо эргээд харахад хэрвээ тэр хүүхдүүд тусгай биш энгийн сургуульд явдаг байсан бол би өөрөөсөө өөр хүүхдүүд байдаг гэдгийг хамаагүй эрт ойлгож мэдэх байсан гэж боддог. Анхнаасаа л хамтдаа амьдарч, анхнаасаа цуг сурч байсан ч болоосой гэж одоог хүртэл их харамсдаг. Тэгсэн бол би хэдий бага байсан ч хэзээ ч тэднийг өөр хүүхдүүд байна гэж харахгүй байх байсан. Ийм учраас насанд хүрсэн хойноо энэ салбарыг сонгон зорьж ажиллаж байна. Яг энэ асуудлыг Монгол Улс өнөөдөр шийдэх гээд ажиллаж байна. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой, бие биенээ ойлгодог, хүндэлдэг, хайрладаг нийгэм байгуулъя гээд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлээд, Засгийн газар нь дэмжээд хууль гаргаад, сургууль, цэцэрлэг, ТББ-ууд нь идэвхтэй ажиллаад явж байгаа нь үнэхээр талархууштай. Монгол Улс хүртээмжтэй нийгэм рүү шилжих шилжилтийг маш хурдтай хийж байна гэж би боддог. Япон энэ асуудлаа шийдсэн, та нараас илүү хөгжсөн улс биш. Монголд байгаа асуудлууд Японд байж л байгаа. Иймээс Япон, Монгол нийтлэг асуудлаа хамтран шийдэх шийдэл дээр ажиллаж байгаадаа би туйлын их баяртай байдаг. 

Х.Чиба: Энэ төсөл дээр ажиллаж байгаагаа би их азтай тохиолдол гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллагууд маш идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Ийм учраас энэ төсөл заавал амжилттай болно. Та бүхэн итгэж болно шүү. Үүний цаана Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн орчин тэр чигээрээ сайжрах учиртай. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж чадаж байгаа ажлын байранд ямар ч хүн ажиллаж чадах ёстой. Иймээс бид бүх хүнд хүртээлтэй ажлын байрны тогтолцоог бий болгохоор хичээж байгаа юм шүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцож чадаж байгаа нийгмийн оролцоо бүх хүний хувьд тэгш оролцоо болж байдаг гэдгийг ойлгоорой. Иймээс манай төслийг дэмжиж ажиллаарай гэж хүсмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө хийж байгаа төсөл бүр цаагуураа Монгол Улсын иргэн бүрийн сайн сайхны төлөө хийгдэж байгаа ажлууд юм шү. 

А.Ариунзаяа: Үнэн! Ээлтэй нийгэм гэдэг бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш бүх хүнд ээлтэй байхыг хэлдэг. Тэр утгаараа гудамжны зам харгуй хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай, жаахан хүүхэд, тэргэнцэртэй, хүүхдийн тэргээ түрээд явж байгаа бүх хүмүүст ээлтэй, хүртээмжтэй байх ёстой. Энэ төслүүдийг хэрэгжүүлж буй ЖАЙКА-д хувиасаа, нийт иргэд, эцэг эхчүүд болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 10 дугаар цэцэрлэгийг ажлыг яаралтай дуусгах, жил бүр ийм бүтээн байгуулалт хийх ёстой гэдэг чиглэл өгч байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль тогтоомжоо төр засаг өөрсдөө үлгэрлэн биелүүлэх ёстой гээд зөвлөхөөрөө нэг хүнийг авна гээд “Түгээмэл Хөгжил” төвийн тэргэнцэртэй иргэн Ч.Ундрахбаяртай хамтран ажиллаж байгаа. 

Эцэст нь хүүхдээ хүлээн зөвшөөрч, нийгэм үлгэр дууриалал үзүүлэн ажиллаж, нийгэмдээ оролцоотой амьдарч буй эцэг, эхчүүддээ талархал илэрхийлмээр байна. Та нар өөрсдөөрөө дамжуулан нийгэмд асар том эерэг өөрчлөлт хийж байгаа шүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тухайн иргэд өөрсдөө, тэдний гэр бүл гарган ирж ярьж, төр, нийгмээ шахах тусам эерэг өөрчлөлтийг хурдан хугацаанд хийж чаддаг. Нийгмийн хамтын оролцоо бүхий л салбарт маш их хэрэгтэй байна. Хүүхдийн санг бид байгуулсан. Энэ сангийн журамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд яг тусгайлан зориулсан заалтууд орсон. Олон улсын тэмцээн, уралдаан, наадамд оролцох өөрийнх нь болон асран хамгаалагчийн зардал, тамирчин, уран бүтээлчдийн бэлтгэл хийх боломжийг энэ сангаас санхүүжүүлнэ. Хэдий ийм ч эцэг эхчүүдийн оролцоо чухал хэвээрээ байгаа шүү гэдгийг онцолмоор байна.

В.Ганзориг: Бие эрхтэн, оюун ухаан, орчин нөхцлийн саад тотгороос шалтгаалж хүн нийгэмдээ бүрэн бөгөөд өгөөжтэй оролцоотой байж, бусадтай адилхан тэгж боломж эдэлж чадахгүй байгааг хөгжлийн бэрхшээл гэнэ гэдэг НҮБ-ын тодорхойлолтоор би нэвтрүүлгээ төгсгөхийг хүсч байна. Энэ нэвтрүүлгийг үзсэн та бүхэн хөгжлийн бэрхшээл гэж юу болох, энэ асуудлыг шийдэх нь ямар чухал, үүнд хүн бүрийн оролцоо яагаад хэрэгтэй гэдгийг багахан ч болов ойлгосон гэж итгэж байна.

Санал болгох

ТУЛГА тойрсон: Сайжруулсан УТАА

Утааг ялсан Ерөнхийлөгчийн шахмал түлш урт хугацааны бодлого биш байсан гэдэг нь энэ цаг мөчид харагдаж байна.

7 өдрийн өмнө
Утааны цаад шалтгаан буюу дутуу хаталттай НОЙТОН шахмал түлш

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр өгсөн мэдээлэлдээ: “Үнэхээр чийгтэй түлш гарч байгаа бол шалгаж үзэх, түүнийг залруулах, горим болон орцонд өөрчлөлт орсон эсэхийг шалгах” талаар мэдээллээ. Мөн “Складад байгаа буюу бүрэн хатсан 24 мянган тонн түлшээр долоо хоногийн туршид иргэдийг хангаад үзье” гэх мэдээллийг өглөө. Тэгэхээр одоо үйлдвэрээс гарч байгаа шахмал түлш дутуу хаталттай байж болзошгүй нь илүү баттай болоод байна. Харин үүнийг харахын тулд бидэнд долоо хоног шаардлагатай юм.

9 өдрийн өмнө
Тортогт дарагдсан ТАХИЛТЫН айлууд

Бохирдолтой бүсэд 639 айл өрх,  27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр "Тавантолгой түлш" ХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлэх шийдвэр гаргаж хохирогч иргэдийг тайвшруулсан юм. Харин өнөөдрийг хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэхгүй иргэдийг хохироосон хэвээр байгаа юм. 

9 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Үндсэн хуулийн хэрэгждэггүй заалтууд

"ТУЛГА тойрсон" бичвэрээрээ үндсэн хуульд соёрхон баталсан ч хэрэгждэггүй хэд хэдэн заалтыг бичиж байна.

9 өдрийн өмнө