Р.Очирбал: Нийгмийн бүх түвшинд хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай

2021 оны 12 сарын 62021-12-06
Р.Очирбал: Нийгмийн бүх түвшинд хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай

Хүний эрхийн ахисан түвшний судалгааны талаар “Отгонтэнгэр” их сургуулийн багш, хуульч Р.Очирбалтай ярилцлаа.

-Хүний эрхийн талаарх ахисан түвшний судалгааг хуульчдын баг хийж дууссан байна. Нэг ёсондоо Монгол Улс энэ судалгааг луужин болгож бодлого, зохицуулалтдаа тусгах нь гэж ойлгосон. Ажил хэрэг болгох эрэмбэ дараа гэж байгаа бол таны тусгайлан авч судалсан хэсгээс нэн тэргүүнд шийдэж, дэвшил гаргаасай гэж та алийг санал болгох вэ?

-Энэ судалгаанд миний бие эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн чиглэлээр түлхүү ажилласан. Судалгаа хийх явцад хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хангах чиглэлээр шаардлагатай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боломжийн хэмжээнд баталсан нь ажиглагдсан. Энэ бол дэвшил. Гэвч тэдгээр хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг бодитоор, үр дүнтэй хэрэгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ер нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг дэвшилттэйгээр хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүжилтийн дутмаг байдал нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болж байгааг олон төрлийн судалгаанд нийтлэг дурдсан байсан.

Цаашид хамгийн нэн тэргүүнд анхаарах асуудал бол хүний эрхийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх явдал. Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр олон зуун хууль, хэдэн мянгаар тоологдох тогтоол, стандарт, дүрэм, журам байгаа хэдий ч нийгмийн үйлчилгээг хүргэж байгаа төрийн албан хаагчдын хүний эрхийн хандлага, соёл хангалтгүй байдал нь хууль тогтоомжийг хүний эрхийн агуулгаар хэрэгжүүлэхгүй байх шалтгаан болж байна. Үнэндээ жирийн иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт, хандлага мөн хангалтгүй байна. Эрхээ мэдэхгүй хүн өөрийнх нь эрх зөрчигдөж байгааг, уг асуудлыг хаана ямар байгууллагад, ямар журмаар хандахаа ч мэдэхгүй байгаа нь хамгийн том бэрхшээл. Иймээс нийгмийн бүх түвшинд хүний эрхийн боловсролын нэмэгдүүлэх шаардлагатай.

-ХЭҮК болон олон улсын байгууллага, иргэний нийг­мийнхнээс өгсөн санал, зөвлөмж дээр нэмээд та бүхний боловсруулсан судалгааг эргэлтэд оруулахгүйгээр яг энэ байдлаар явбал ямар нийгэм угтах вэ?

-Миний бодлоор судалгаа, шинжилгээний ажилд үндэслэн аливаа бодлого, шийдвэр гаргах тал дээр манай улсад нэлээд эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллагууд нь цөөнгүй нэмэгдэж байна. Судалгаанд үндэслээгүй, тулгамдсан асуудлаа нийгмийн харилцан хамааралд нь үндэслэн зөв тодорхойлж чадаагүй ямар ч шийдвэр нийгэмд зорилгоо бүрэн хангаж чадахгүй. Үүний үр дагаварт цаг хугацаа, олон хүний хөдөлмөр, төсвийн орлогыг ямар ч үр нөлөөгүйгээр тарамдана гэж үзэж байна. Хамгийн гол нь ардчилсан нийгэмд дэх суурь үнэт зүйл болсон хүний эрх зөрчигдөж хүмүүний амьдралын чанар доройтно.

-Монгол шиг уул уурхайгаа түшиж хөгжиж байгаа, дөнгөж л зах зээлд шилжээд удаагүй, ардчиллыг бэхжүүлж байгаа орнуудад хүний эрхийн аль зөрчил түлхүү гардаг, үүнийг хэрхэн анхаарч зөрчигдөхгүй байх зохицуулалтыг нь хийдэг вэ?

-Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах эрх хот суурин газар, хөдөө, орон нутагт нийтлэг зөрчигдөж байгааг судалгаанд маш тодор­хой дурдсан. Ялангуяа уул уурхайгаас үүдсэн байгаль орчны асуудал, нэмээд дэлхийн дахинд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэн малчдын эрхийг хамгаалах, бэлчээрийн уламжлал ахуй, соёлыг хамгаалах асуудал маш тулгамдсан асуудал болж байна. Ашигт малтмалын хуульд ашигт малтмалаас үүдэн байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой маш тодорхой зохицуулалт байдаг хэдий ч төсөл, хөтөлбөрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нэр төдий хийдэг, байгаль орчны нөхөн сэргээлтийг зохих стандартын дагуу хийдэггүй зэрэг нийтлэг зөрчил байгааг байгаль орчны чиглэлийн олон судалгаанд дурдсан байсан.

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, орон нутгийн иргэдийн бодит, үр нөлөөтэй оролцоог сайжруулах шаардлагатай. Түүнчлэн хариуцлагатай уул уурхайг бий болгох, уул уурхайн нийгэм, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд улс орнуудад уул уухайн төсөл, хөтөлбөрийн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрч­лөлтөд нөлөөлөх байдлыг үнэлгээг хийдэг туршлага нийтлэг болж байна. Иймд дээрх нөлөөллийн үнэлгээг хийх замаар хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах шаардлагатай.

Мөн уул уурхай, ашигт малт­малын харилцаанд ирээдүй хойч үеийн ашиг сонирхлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг даян дэлхийн санаачилгыг үр нөлөөтэй дэмжих зэрэг асуудал чухлаар хөндөгдөж байна. Түүнчлэн цэвэр агаар амьсгалах, цэнгэг ус уух, байгалийн болон хүний гараар бүтээгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг үнэлэх, мэдрэх бишрэх, хойч үедээ үе залгамжлуулах эрх зэрэг ногоон гэгдэх эрхийг хуульчлан хамгаалах зайлшгүй шаардлага үүсч байна.

-Сурч боловсрох, эрүүл аюул­гүй нийгэмд амьдрах, баталгаат хоол хүнсээр хангагдах эрхийг бүрэн дүүрэн хангах наад захын шалгуур нь юу байдаг, үүнийг илүү сайжруулахын тулд юу хийх шаардлагатай байгаа вэ?

-Манай улсын хувьд олон улсын хувьд нэгэнт тодорхой болсон олон улсын шалгуур үзүүлэлт нэг бүрээр хүний эрхийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх, хянах үйл ажиллагаа дутмаг байна. Тухайлбал, хоол хүнсний хүрэлцээтэй байдал гэдэг нь дотоодын үйлдвэрлэл болон импортын зохих чанар хангасан хангалттай хэмжээний хоол хүнсээр тухайн улсын бүхий л иргэн хангагдах утгыг илэрхийлэхийн зэрэгцээ мал маллах, загасчлах, ан хийх, газар тариалан эрхлэх гэх зэргээр газар болон байгалаас  өөрийгөө хоол хүнсээр хангадаг иргэдийг амьжиргааны баталгаат эх үүсвэрээс нь салгахгүй байх утгыг илэрхийлдэг. Харин манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хүнсний тухай хууль болон бусад хууль тогтоомжоор дээрх харилцааг зохицуулаагүй. Мөн эрүүл мэндийн салбарт эмнэлгийн хүрэлцээ муу, эмнэлэгийн ор хүрэлцээгүй хэмээн олонтаа шүүмжилдэг хэдий ч эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцээтэй, хүртээмжтэй, чанартай байх зэрэг олон улсын шалгуураар бид нөхцөл байдлаа төдийлөн үнэлж хэвшээгүй, энэ талаарх судалгаа хангалттай бус байна.

-Иргэд өөртөө зориулж машин авснаар түгжрэл үүс­гэ­лээ гэж эргээд иргэдээ буруут­гадаг. Гэтэл нийтийн тээвэр хөгжөөгүй, хотоо төлөвлөн хөгжүүлэхдээ, газраа олгохдоо түгжрэлээ тооцоогүй. Хот удирдаж байгаа дарга нар буруугүй, харин хотод амьдарч, түгжрэл үүсгэж байгаа иргэд буруутай мэтээр ярьдаг. Бурууг хаанаас хайх вэ. Амар тайван, аюулгүй байх ая тухыг яаж хангах вэ?

-Хот төлөвлөлт ба хүний эрхийн асуудал орчин үеийн нэн чухал асуудал болж байна. Хүн амын орон нутгаас хот, суурин газар руу шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь хот, суурин газрын нийгмийн дэд бүтэц, тухайлбал сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гэх зэрэг үйлчилгээнд үлэмж дарамт учруулж нийгмийн үйлчилгээний хүртээмжтэй, чанартай, хүрэлцээтэй байдалд томоохон хүндрэл үүсгэж байна. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр агаар, хөрс, усны бохирдол нэмэгдэж хотын замын түгжрэл ноцтой түвшинд хүрлээ. Энэ мэт системийн шинжтэй гажуудалд жирийн иргэдийг гэхээсээ илүү төр бодлого, зохицуулалтын алдааг шүүн хэлэлцэх нь зөв болов уу.

Тухайлбал, авто замын түгж­рэлийг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүн ээлжинд хүн болон байгаль орчинд ээлтэй, үйлчил­гээний зохих шаардлагыг хан­гасан нийтийн тээврийн үйл­чил­гээний хүрэлцээтэй, хүр­тээмжтэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нөхцөлийг хангасаар байтал хувийн тээврийн хэрэгслийн ашиглалт бодитоор буурахгүй бол авто замын татвар, тээврийн хэрэгслийн татвар зэргийг шат дараатай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Мэдээж системийн шинжтэй асуудалд иргэд, олон нийтийн идэвх, санаачилга, бодит оролцоо чухал.

-Эрүүл, аюулгүй нийгэм эсвэл аз жаргалтай хотод тавьдаг эрхийн шалгуур нь юу вэ?

-Олон улсын түвшинд хүн амьдрахад тохиромжтой хотод тавигдах шалгуур үзүүлэлт нэгэнт тодорхой болсон. Ундны цэвэр ус, эрүүл, зохистой хоол хүнс, нийтийн тээвэр, боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй, тогтвортой хүрээлэн байгаа орчин гэх зэрэг нь аз жаргалтай хотод тавьдаг суурь шаардлага юм.Түүнчлэн гэмт хэргийн гаралтын түвшин үүнд нөлөөлнө.

Манай улсад хот төлөвлөлт, тэр тусмаа хот суурин газрын дахин хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийн улмаас хүний эрх зөрчигдөхгүй байх асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Хэдийгээр хот, суурин газрыг дахин хөгжүүлэх нь иргэдийн шаардлагад нийцсэн орон байртай байх эрх, нийгмийн дэд бүтэц буюу эмнэлэг, сургууль, ногоон байгууламж зэргийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Гэвч Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа хот төлөвлөлтийн төсөл, хөтөлбөр барилгажилтын асуудалд хэт анхаарч нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй, хүрэлцээтэй байдал, нийтээр ашиглах ногоон байгууламж зэрэгт анхаарахгүй байгааг иргэд, иргэний нийгмийн байгууллага шүүмжилсээр байна.

-Нүүдэлчдийн соёл, монгол соёлыг хадгалах, үндэсний ялгарал бөгөөд ижилслийг хангахад аль чиг үүргүүдээ хөгжүүлэх шаардлагатай вэ?

-Даяарчлалын үед улс орон, үндэстнүүд ялгаатай соёлын онцлогоо хэрхэн урт хуга­цаанд тогвортой хамгаалах, хадгалахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Монголын нүүдэлчдийн ахуй, амьдралын хэв шинж, соёл нь дэлхийн цөөн тооны бүс нутагт уламжлагдан хадгалагдан үлдсэн даяарчлалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий соёл болох талаар олон судалгаанд дурдсан байна лээ. Гэвч энэхүү соёлын бүрэлдэхүүнийг ахуйн уламжлалт хэв шинжийг хадгалах, хамгаалах, соёлыг тээгч малчдын мэдлэг, туршлагыг ирээдүй хойч үедээ үе уламжлан үлдээх, талаарх төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалт дулимаг байгаа нь хамтын эрх нийтлэг зөрчигдөх нөхцлийг бүрдүүлж байна. 2012 онд баталсан Төрөөс соёлын талаар баримтлах бодлогод Монголын нүүдэлчдийн уламжлалт сонгодог, үндэсний соёлоо дэлхийн соёлын ололттой жишиглэн хөгжүүлнэ хэмээн тусгасан хэдий ч нүүдлийн соёл, түүнийг үе уламжлан тээгч, дамжуулагч малчдын ахуй, соёлын онцлогийг хэрхэн хамгаалах асуудал өнөөг хүртэл тодорхой бус байсаар байна.

-Та бүхний хийсэн судалгааг Монголд буулгах, хэрэгжүүлэх, хэвшүүлэх хөрс нь байгаа юу. Хүсэл зориг нь, дэмжлэг нь байгаа юу?

-Хүний эрхийн хууль тогтоом­жийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нийгмийн хүлээлт маш өндөр байна хэмээн үзэж байна. Иргэний нийгэм, бизнесийн хамтын ажиллагаа нь зохих хөгжлийн түвшиндээ хүрсэн гэж дүгнэж байна. Улс төрийн хүсэл зориг, төр, иргэний нийгэм, бизнесийн хамтын ажиллагааг хүний эрхийг хангах чиглэлд бодлогын хувьд чиглүүлж чадвал хүний эрхийн чиглэлийн олон судалгаа өөрийн зорилго, чиг үүргээ хангана хэмээн итгэж байна.

Ярилцсан Г.Улсболд

Санал болгох

Х.Тэмүүжин: Ардын намын өмнөөс ардчилсан Үндсэн хуулийг мэрнэ гэдэг бол доромжлол

Хуульч Х.Тэмүүжинтэй олон ярилцаж байна даа. Төрд УИХ-ын гишүүн, сайд хийж, намд албан тушаал хашиж, сургуульд багшилж байхдаа тэр сэтгүүлчдээс зугтаж байгаагүй ил эх сурвалж. Эрх зүйн салбарт үргэлж хүчтэй дуу хоолой байдаг түүнтэй дахиад л “цаг үеийн асуудлаар” ярилцсанаа хүргэе.

14 өдрийн өмнө
С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас тогтоол гаргаж, “Дархан бэр” цол тэмдгээр шагнуулах иргэдийн бүрдүүлэх материалыг жагсаасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сэдвийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэгтэй ярилцлаа.

15 өдрийн өмнө
"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

Бэрхшээл сааданд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэж явдаг Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж ирсэн 29 жилийн түүхийг хуваалцаж, олны анхаарлыг татсан билээ.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа гэмтэл авсан. Суумгай болсон ч амьдралд бууж өгөлгүй ахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Гэсэн ч ахин бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж өнөөдөр туялзуур сэлэмний УАШТ-д орохоор бэлтгэлээ хийж байна. Түүний зорилго бол Паралимпод орж амжилт үзүүлэх юм.

18 өдрийн өмнө
Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд оролцлоо. Түүнтэй Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болон сонгодог парламент, сонгуулийн холимог тогтолцооны талаар ярилцлаа.

25 өдрийн өмнө