О.Мөнхсайхан: Хувийн байдал нь итгэл даахгүй хүн нийтийн эрх ашгийг төлөөлж чадахгүй

2
2021 оны 12 сарын 62021-12-06
О.Мөнхсайхан: Хувийн байдал нь итгэл даахгүй хүн нийтийн эрх ашгийг төлөөлж чадахгүй

“Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал: Тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр томоохон судалгаа гарчээ.Засаг барьж буй МАН энэхүү судалгааг хууль тогтоох ажлын эргэлтэд оруулж, чиглэл болгон ажиллана хэмээсэн. Бид дээрх судалгааны багийн ахлагч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхантай ярилцлаа.

----------------------------------------------------------------

-“Freedom house” байгууллагын судалгаанаас үзвэл Монгол бол ардчиллын стандарт хангасан улс. Бусад судалгаагаар “төгс бус ардчилалтай” гэж үзэж байна. Ардчилал аюулд орлоо, дарангуйлал тогтлоо гэсэн дүгнэлтийг зарим улс төрийн хүчин өгдөг. Тэгэхээр судлаач танаас асууя, бид дарангуйлалд байна уу?

-1992 оны Үндсэн хууль бол Монголын төрт ёсны түүхэнд анх удаагаа хүн бүрийг хүн гэж хүлээн зөвшөөрч, хүн хувьдаа эдлэх наад захын үндсэн эрхүүдийг цогцоор нь тусгасан. Үүнд нэг талаасаа 1990 оноос өмнөх нийгэмд байсан эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах зэрэг социал эрхүүдийг уламжилсан. Нөгөө талаасаа 1990 оноос өмнө гарч байсан хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг дахин давтахгүй байх үүднээс иргэний болон улс төрийн зэрэг маш олон эрхийг тусгаж өгсөн. Шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан үндсэн эрхүүдийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд монголчууд ерөнхийд нь эдэлж байгаа. Адил түвшний, адил гараанаас гарсан улсуудтай харьцуулбал бас л эрхээ эдэлж байгаа гэдэг ангилалд ордог. “Freedom house” бол улсуудыг иргэний болон улс төрийн эрхээ хэр эдэлж байгаагаар нь жил бүр судлаад эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэж ангилдаг. Пост коммунистууд орнуудаас зөвхөн Монгол болон Төв болон Зүүн Европын орнууд эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтдаг. Манай хойд, урд хөрш болон стан-ууд бол хагас эрх чөлөөтэйд ч багтдаггүй. Иймд, адилхан социалист дэглэмтэй байж байгаад шилжсэн улсууд дотроо Монгол Улс дэвшилттэй гэж хэлж болно.

Хоёр дахь буюу Rule of law индекс нь хууль дээдлэх ёсыг хэр хэрэгжүүлж байна гэдгээрээ ангилдаг. Энэ дотроо нэг багц шалгуур нь хүний үндсэн эрх, эрх чөлөө. Тэр судалгаараа 100 гаруй улсын 30 нь манайх шиг доогуур дундаж орлоготой. Тэр 30 дотроо манай улс тогтмол 3-4 дүгээр байранд жагсдаг. Хөндлөнгийн эдгээр судалгаагаас харвал ижил гараанаас гарсан улсууд дотроо Монгол Улс гайгүй явж байгаа юм байна. Энийгээ бид хүлээн зөвшөөрч, үүнээсээ дордож болохгүй. Эдгээр судалгаанд хүний эрхийн олон асуудал бий ч дурддаг. Мөн, НҮБ-ын санал зөвлөмжүүд, ЕАБХАБ-ын дүгнэлтүүд, ХЭҮК-ын тайлан, хувь судлаачдын зөвлөмжөөр Монголд хүний эрхийн олон зөрчил байна. Япон, Герман гээд ардчилал хөгжсөн орнуудтай харьцуулбал Монголд болоогүй зүйлс их байгаа.

Судлаачийн хувьд өнгөрсөн 30 жилээ харахад Монгол Улсад ололт байна, шийдэх ёстой зүйлс бас олон байна. Энэ хоёрын аль нэг рүү туйлшрах нь өрөөсгөл. Хүний эрхийг зөрчдөг аймшигтай улс болсон юм шиг, эсвэл хүний эрх шийдэгдчихсэн юм шиг ярих утгагүй. Асуудлыг бодитоор харж, онилох хэрэгтэй.

-Бодитой харахын тулд “Хүний эрхийн төлөв байдал, асуудал, шийдэл” гэсэн судалгааг МАН-аас санал тавьсны дагуу хийсэн юм байна гэж ойлгосон.

-Би МУИС-д, Р.Очирбал багш Отгонтэнгэрт хүний эрхийн хичээл заадаг. Бидэнд санал тавьсны дагуу 30 хоногийн хугацаанд өмнө нь Монгол Улсад өгч байсан зөвлөмж, хүний эрхийн байгууллагуудын тайлан зэргийг хамруулаад орхигдсон зүйлсийг нэмж судлаад голыг нь гаргахыг хичээсэн л дээ. Та бүхэн судалгаа хийгээд гаргаж ирвэл хүний эрхийн асуудлуудыг бодлогын хувьд шийдье гэсэн улс төрийн хүсэл зориг хаа хаанаа үүсэж буй юм болов уу гэж найдаж ажилласан.

-УИХ-д жил бүр ХЭҮК хүний эрхийн төлөв байдлын тайлан танилцуулж, хэлэлцүүлдэг. Та бүхний судалгаа үүнээс юугаар ялгарах бол?

-Монгол Улсад ХЭҮК байгуулагдаад 20 жил болж байна. Хүний нөөц, санхүүгийн хязгаарлагдмал байдлаасаа шалтгаалж хүний эрхийн тодорхой сэдвээс сонгож сайн тайлан бэлтгэдэг. Мэдээж ХЭҮК-ын тайланг хамруулсан. Дээрээс нь Монгол Улс НҮБ-ын өмнө олон үүрэг хүлээсэн, тийшээ тайлан гаргадаг. Хариуд нь хүний эрхийн гэрээний хороодоос манай улсад зөвлөмж ирдэг учраас тэрийг харсан. Манай Засгийн газрын сайн тал нь НҮБ-ын тусгай илтгэгч нарыг сайн урьж авчирдаг. Тусгай илтгэгч нарын илтгэлийг харсан. Жишээ нь 2005 онд Манфред Новак гэдэг экспертийг авчирч, “хавтгайдаа эрүү шүүлт байна” гэсэн дүгнэлт авсны дараа олон алхам хийсэн байлаа. Түүнчлэн UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улс нэгдэж орсон олон улсын гэрээгээр хамгаална гээд амласан эрхүүдийн хэрэгжилтээ 4 жил тутамд цогцоор нь тайлагнадаг. Энэ процессод Монгол Улсын хүний эрхийн чиглэлээрх төрийн бус байгууллагуудын нэгдсэн Хүний эрхийн форум тусдаа илтгэл явуулдаг. Эдгээрийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хэлэлцээд Монгол Улсад зөвлөмж өгснийг шүүж үзсэн. Нээлттэй нийгэм форум, Эмнести интернэшнл зэрэг хүний эрхийн ТББ-уудын судалгааг боломжоороо нэгтгэж, тоймлож харсан. Мөн судалгаа дунд хийгдээгүй орхисон зүйл байсныг чадахаараа нөхөж судалсан. Жишээлбэл, Шашин шүтэх, эс шүтэх тухай, Сангийн тухай, Холбооны тухай хуулийн төслүүд гэх мэт дээр нэмж судалгаа хийх шаардлага гарч байгаа юм л даа. Ялгаа нь ийм.

-Судалгаа хийх явцад хүний эрхийн аль үзүүлэлтүүд унасан байгаа харагдсан бэ. Өөрөөр хэлбэл, эрэмбэлэхэд алийг нь түрүүлж засах шаардлагатай байна?

-Бид хоёрын судалгаа хүний эрхийн нийтлэг асуудлаас гадна дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээрх нь, иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө. Хоёрдугаарх нь, эдийн засаг, нийгэм соёлын эрх. Гуравдугаарх нь, бүлгийн эрх. Дөрөвдүгээрт, хүний эрхийг хангах механизм гээд. Эрх бүрт ахиц байна, бас засч залруулах ёстой асуудал байна. Жишээлбэл, иргэний болон улс төрийн эрх дээр Монгол Улс цаазаар авах ялыг халж маш том дэвшил гаргасан. Энэ нь өөрөө гэм буруугүй хүнийг цаазлахгүй байх, хүний амьд явах эрх, хүний нэр төр халдашгүй байх эрхийг хангасан алхам. Одоо Цэц дээр маргаан үүсээд 2-3 жил болж байна. Эрх болгон дээр төлөөлүүлээд заримаас нь жишээлж ярья.

-За.

-Жишээлбэл, эрүү шүүлтээс ангид байх эрх. Эрүү шүүлт гэдэг нь төрийн байгууллага, албан тушаалтнаас, эсхүл тэдгээрийн зөвшөөрлөөр тодорхой хүн, гуравдагч этгээдэд гэмт хэрэг илрүүлэх, ял шийтгэл эдлүүлэх зэрэг тодорхой зорилгоор бие махбод эсхүл сэтгэл санаанд нь хүчтэй шаналал учруулдаг. Эрүү шүүлт Монголын түүхэнд хавтгайд нь байсан. 1992 оны Үндсэн хуулиар бараг анх удаа хориглосон. Гэхдээ гарсаар байгаа. Жишээлбэл, хоол унд өгөхгүй олон хоног хорих, цохиж зодох, тамхины галаар түлэх явдал байлаа. Энэ нь хүний эрхэм чанар, нэр төрийг үгүйсгэчихдэг. Яагаад гэхээр хүнийг зорилгод хүрэх арга хэрэгсэл болгож ашигладаг. Сүүлдээ шаардаж байгаа зүйлийг нь хэлэхгүй, хийхгүй бол тэсэхийн аргагүй байдалд хүнийг оруулдаг. Хүн юу зөв буруу, үнэн худлыг өөрийнхөөрөө илэрхийлэх боломжгүй болгодог. Тийм учраас олон улсын эрх зүйгээр хүнийг хэзээ ч эрүүдэн шүүж болохгүй. Энэ эрх дээр ахиц бол гарсан. Тухайлбал, Эрүүгийн хуульд тодорхойлолтыг нь өргөжүүлж оруулж өгсөн, Эрүү шүүлтийн эсрэг конвенцын нэмэлт протоколд нэгдсэн зэргийг дурдаж болно. Гэхдээ л асуудал байна.

2014 онд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Үүнээс болоод Монголд эрүү шүүлтийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгаж, тогтоодог тогтолцоо байхгүйтэй адил болсон. Тагнуул, цагдаа, АТГ гурав бие биенийхээ асуудлыг харилцан сольж шалгадаг, бас шалгадаггүй.

НҮБ-ын хороод, ХЭҮК болон судлаачид “Энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар шалгадаг бүтцийг бий болгооч” гэсэн зөвлөмжийг 7 жил өгч байна. Яагаад гэхээр эрүү шүүлт бол хүний нүднээс далд, бусдын эрхшээлд орсон хүн дээр үйлдэгддэг гэмт хэрэг. Хэргийг нь ихэвчлэн цагдаа, мөрдөгч, тагнуул, эрүүгийн төлөөлөгч үйлддэг мөртлөө өөрөө өөрсдийнхөө үйлдлийг шалгах болчихсон нь эргээд хариуцлага тооцож чаддаггүй, эрүүдэн шүүсэн нь тогтоогддоггүй байдалд хүргэсэн. Хохирсон хүн нь эдийн болон эдийн бус гэм хороо нөхөн төлүүлж чаддаггүй, энэ хэрэгт оноох ял нь хөнгөн.

Rule of law индексээр Монгол Улс хүний хувийн халдашгүй байдлын эрхийг хамгийн муу хамгаалдаг гэдэг дүн авсан. Энэ эрх нь дотроо гурав сална.

  • Нэгдүгээрт, хүний өөрийнхөөрөө байх орон зайг хамгаалах. Тухайлбал, хүний орон байр халдашгүй байх эрхтэй.
  • Хоёрдугаарт, хувийн амьдралтай холбоотой шийдвэрээ өөрөө бие дааж гаргах эрх. Ямар боловсрол эзэмших вэ, ямар ажил хийх вэ, хэнтэй нөхөрлөх, хэнтэй гэр бүл болох вэ гэх мэтчилэнг тухайн хүн өөрөө шийднэ.
  • Гуравдугаарт, хүний хувийн нууц, мэдээллээ хамгаалах эрх.

Олон жишээ ярьж болно. Регистрийн дугаар, гэрийн хаяг, хурууны хээ, бусадтай хуваалцахыг хүсдэггүй нууц гээд тухайн хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох мэдээллүүд. Эдгээрийг хамгаалах эрх зүйн орчин Монголд байхгүйтэй адил. Хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаа зохицуулагдаагүй, урвуулан ашиглахаас сэргийлэх хамгаалалт байхгүй. Хувийн банк, хувийн дэлгүүр, хувийн байгууллага хүний хурууны хээг уншуулж авдаг, алдагдвал эсхүл өөр зорилгоор ашиглавал яах билээ, тодорхойгүй. Цуглуулсан мэдээллийг устгуулах эрх нь иргэнд байхгүй. Эсвэл алдаатай мэдээллийг залруулах эрх байхгүй. Тэгэхээр Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулаад УИХ хэлэлцээд явж байна. Энэ нь дээрх асуудлыг шийдвэрлэх том алхам боловч хуулийн төслийг сайжруулах шаардлага бий. Жишээлбэл, хүний алдаатай мэдээллийг залруулах эрх тусгагдаагүй, Биометрик өгөгдлийг цуглуулах боломжийг ажил олгогчид олгосон байсан зэргийг засах хэрэгтэй.

Мөн нэг талаас гэмт хэрэг мөрдөн шалгаж илрүүлэх, нөгөө талаас хүний эрх хоёрын балансыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль олгох ёстой байдаг. Одоогийн энэ хуульд хүнийг баривчлах, цагдан хорих үндэслэлийг тодорхой болгож өгсөн, баривчлах хугацааг 48 цаг болгосон боловч бусад талаар асуудал байна. Жишээлбэл, хүний бие болон орон байранд үзлэг, нэгжлэг хийх, хүний биеэс биологийн дээж авах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зэргээр хүний эрх рүү халдах ажлыг ямар үндэслэл, журмаар явуулах вэ гэдгээ нарийвчилж хуульд тусгаагүй, ерөнхий орхисон. Тийм учраас тухайн ажиллагааг хийж байгаа албан тушаалтны үзэмж, дур зоргоор хийгдэж хүний эрх зөрчигдөх байдал гардаг.

-Журмуудаар зохицуулчихдаг, тэр нь нууц.

-Тийм. Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журмыг хуульд бараг бичээгүй, ерөнхий. Тэгсэн мөртлөө Ерөнхий прокурор, Тагнуулын дарга хоёр хамтарч уг журмыг батална. Журам нь надад олдохгүй. Гэтэл хуульд заасан үндэслэл, журмаас гадна хэнийг ч мөрдөн мөшгиж болохгүй гэж Үндсэн хуульд бичиж хориглосон. Хуульд үндэслэл, журмаа бич гэж Үндсэн хуульд бичсэн байхад тэрийг нь журмаар зохицуулж явдаг. Хүнийг нууцаар мөрдөн шалгана гэдэг бол тухайн иргэн хувиараа юу хийдэг, хэнтэй найзалдаг, юу ярьдаг зэргийг өөрт нь мэдэгдэхгүй мөрдөн мөшгинө гэсэн үг. Зүй нь, энэ аргыг тухайн гэмт хэргийн хүнд, хөнгөн шинж чанар, хэр хэмжээг нь харгалзаж хэрэглэдэг. Европын орнуудад жишээ нь 5-аас дээш жилийн ялтай хэрэг дээр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулдаг. Ердийн арга хэрэгслээр илрүүлэх боломжгүй бол эцсийн арга болгож хэрэглэдэг. Дээрээс нь хугацаатай, хугацаа нь дуусахаар дахин зөвшөөрөл авч байж хийдэг байх ёстой. Хүнийг шалгаад явж байтал цагаатгавал тэр хүнтэй холбоотойгоор цуглуулсан мэдээллийг устгах ёстой. Эдгээр нь манай хуульд байхгүйгээс болоод ямар ч хэрэг дээр, ямар ч хугацаагаар явуулж болдгийн дээр шүүхийн хяналтгүй. Бүгдийг нь прокурорын зөвшөөрлөөр хийдэг.

Прокурор бол нэгдмэл босоо удирдлагатай, мөрдөн шалгах ажлыг удирдан чиглүүлж явуулдаг учраас илүү яллах талаас нь хардаг. Хэдий яллах, цагаатгах талыг тэнцүү харгалзах ёстой боловч яллах тал дээрээ илүү зогсдог. Шүүхтэй харьцуулахад прокурорын босоо тогтолцоо нь өөрөө хараат бус байдлыг нь сулруулж өгдөг. Захидал харилцаа руу нь, хувийн амьдрал руу нь, орон байр руу нь, бие махбод руу нь зайлшгүй тохиолдолд халдах гэж байгаа бол шүүхээс л зөвшөөрлөө авдаг болгож шинэчлэх шаардлага байгаа.

Хувийн амьдралтайгаа холбоотой шийдвэрээ өөрөө гаргах эрх гэдэг дээр жишээ болгож хэлэхэд, манай улс хүнийг нэрээ нэг л удаа солихыг зөвшөөрдөг. Залилан, гэмт хэргээс сэргийлэх зорилго байдаг л байх. Өөрийгөө хэн бэ гэдгийг тодорхойлох энэ эрхийг механикаар ингэж хязгаарлах нь тухайн зорилгодоо хүрэхэд тохирсон арга хэмжээ биш. Эцэг, эх нь төрөхөд нэрийг нь өгдөг учраас хүн нэрээ өөрөө сонгодоггүй шүү дээ.

-Шударгаар шүүлгэх эрхийн тухайд?

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Н.Норовсамбуу зэрэг мэргэшсэн судлаачдын гаргаж тавьсантай санал нэгддэг. Иргэдийн гэрээний, гэм хорын, өмч хөрөнгийн маргаанууд хурдан шуурхай, үр нөлөөтэй, шударгаар шүүлгэдэг процедур байхгүй байна гэдэг.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд гэм буруугийн шүүх хурлаас прокурорт буцаахыг больё гэдэгтэй судалгаагаар санал нэгдсэн. Уг нь, 2017 онд уг хуулиар прокурорт буцаахыг хориглосон байсан боловч Үндсэн хуулийн цэцийн шийдсэн шал өөр заалтыг засахдаа далимдуулаад өөрчилсөн. Одоо Б.Энхбаяр гишүүн хуулийн төсөл санаачилан энэ үүдийг буцаагаад хаая гэж байгаа нь шударгаар шүүлгэх эрхийг хангах маш чухал алхам байхгүй юу. Яагаад гэхээр, хүний гэм буруутай эсэх нь шүүхийн өмнө эргэлзээгүй нотлогдох ёстой. Тэрийг прокурор нотлох үүрэгтэй. Эрүүгийн хэрэгт гэм буруу багцаагаар 90-ээс дээш хувьтай нотлогдох ёстой гэж үздэг. Тэгж нотолж чадаагүй бол гэм буруугүй гэж үзэх ёстой.

Иргэний шүүх дээр бол 50+1 гэсэн зарчмаар аль илүү нотолгоотой талд нь шийддэг. Хэрэв прокурор ял завшуулчихаж магадгүй гэсэн хардлага байгаа бол прокурорын тогтолцоог нь хуулиар засах ёстой болохоос шүүхээ прокурор шиг ажиллуулж болохгүй.

За бас, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээс гадна дуугүй байх эрх зөрчигдөөд байна. Баривчлагдаагүй сэжигтнээс гэрчийн хувьд мэдүүлэг авчихаад эргээд мэдүүлгийг нь өөрийнх нь эсрэг ашиглаад явчихдаг. Үүнийг маш олон прокурор, өмгөөлөгч хэлж байна. Зүй нь, ямар ч хүнээс гэрч, сэжигтнээс мэдүүлэг авахдаа “Та өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Дуугүй байх эрхтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж танилцуулаад, эдгээр эрхээ эдлэх боломжийг олгох ёстой. Хуулийн цоорхойгоос болоод энэ эрх хэрэгжихгүй байна. Түүнчлэн, хүн эрүүгийн хэрэгт буруутгагдсан цагаасаа эхлээд өмгөөлөгчөөс туслалцаа авах эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай судалгаа бий. Хууль зүйн туслалцаа авч байж эрхээ хангуулах байтал шүүх хурал нь товлогдоход л сая өмгөөлөгч хайгаад явдаг. Хэрэгт дөнгөж шалгагдаж эхэлсэн хүнд ийм боломж олгохгүй байна. Мөн, төлбөрийн чадваргүй яллагдагч нар бол улсын өмгөөлөгч томилж өгдөг ч иргэний болон захиргааны хэргийн хариуцагчид бас ийм боломж бүрдүүлж өгөөгүй. Засгийн газар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд явж байгаа нь сайн.

-Панамын баримт, Диваажингийн баримт, Пандорагийн баримт гээд сэтгүүлчид цувралаар дэлхийн улстөрчдийн оффшор дахь хөрөнгийг илчилж, мөнгө угаасан үйлдлүүдийг ил болголоо. Ерөөсөө л хүний хувийн мэдээллийг нийтэд гаргачихаж байгаа юм. Тэгээд сэтгүүл зүйн том шагналууд авч байна. Харин Монголын улстөрчид, ялангуяа гишүүд “Бид ч гэсэн хүн шүү дээ. Нууцтай шүү дээ” гээд мэдээллийг нь дэлгэхийг хуулиудаар хориглох гээд байна. Хувь хүний нууцын хууль, Нийтийн мэдээллийн хуулийн төсөл дээр ийм маргаан гараад удчихлаа. Алийг нь чухалчлах ёстой юм бэ?

-Наад асуудал чинь судалгаагаар гарч ирсэн. Нийтийн эрх ашигтай холбоотой асуудал дээр бол хувийн асуудал нь яригдахаас өөр арга байхгүй. Ялангуяа ардчилсан нийгэмд улстөрчид, өндөр албан тушаал хэрэгжүүлж байгаа хүмүүс, нийтийн албан тушаалтнуудын тухайд бүр илүү яригдана. Энэ хүмүүс хүний амьдралын хувь заяаг шийдсэн, нийтийн эрх ашгийг хөндөх шийдвэрүүдийг байнга гаргаж байгаа хүмүүс байхгүй юу. Тэдний хувийн зарим үйлдэл нь итгэл дайхгүй байвал тэрийг ч бас иргэд мэдэх эрхтэй. Яагаад гэвэл, хувийн асуудал нь эргэлзээтэй хүн нийтийн эрх ашиг дээр итгэл дааж явна гэдэг эргэлзээтэй. Тийм учраас ардчилсан нийгэмд “олон нийтийн зүтгэлтэн” гэж нэрлэгддэг урлаг, соёлын одуудаас эхлээд улстөрчид, албан тушаалтнууд өөрсдийнх нь эсрэг иргэдийнхээ санал, шүүмжийг хүлцэн тэвчдэг, сонсдог байх ёстой. Эмзэглээд байж хэрэггүй.

Хоёрдугаарт, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар сэтгүүлчдийн бичсэн мэргэжлийн шүүмжлэлийг гүтгэлээ гээд, худал мэдээлэл тараалаа гээд, хувийн мэдээллийг нь тараалаа гээд хуулийн байгууллагад өгөөд байж болохгүй. Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль дээр нийтийн албан тушаалтны нийтийн эрх ашигтай холбоотой мэдээллийг ердийн хувь хүний хувийн мэдээлэл хамгаалахаас сулруулсан зохицуулалт шаардлагатай. Иргэний нийгмийнхэн энэ асуудлыг маш их ярьж байгаа.

Цаашлаад сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй. Одоогийн Эрүүгийн хуульд байгаа худал мэдээлэл тараах гэмт хэргийг ихэвчлэн нийтийн эрх ашгийн төлөө шүүмжилсэн шүүмжийг хааж боохын төлөө эрх мэдэлтнүүд ашиглаад байна. Эрүүгийн хуулиар зохицуулж байгаа бол урвуулан ашиглахаас нь сэргийлсэн тайлбар хийж өгөх шаардлагатай харагдаж байгаа.

Жишээлбэл, илт худал гэдгийг нь мэдсээр байж санаатай тарааж байгаа үйлдлийг тооцож болно. Гэтэл манайд санаа, зорилгыг нь нотлохгүйгээр “худлаа байна аа” гээд тоо, үгний зөрүүн дээр дөрөөлөөд торгож, шийтгэхийг урьтал болгоод байна. Худлаа гэдгийг нь мэдсээр байж санаа зорилготойгоор тарааж байвал гүтгэлэг байхгүй юу. Ихэнх сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа хийхдээ санамсаргүй гаргасан алдаагаар торгож шийтгээд байгаа юм. Нөгөө талаар гүтгэлэг бол хүн алсан, автын осол гаргасан гэх үйл баримтын асуудал. Энэ дээр гүтгэлэг ярихаас биш болсон үйл явдал дээр өгсөн үнэлэмжийг гүтгэлэг гэж үзээд байгаа нь байж болохгүй.

Дээрээс нь Харилцаа холбооны зохицуулах хороо Ерөнхий сайдаас хэт хамааралтай бүрддэг учраас хараат бус байгууллага биш. Үе үе цахим орчинд хүн итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хааж боодог. Ингэж хаах үндэслэл журмыг нь хуульчлаагүй байхад үзэмжээрээ хааж боодог. Дээрээс нь, Төрийн болон албаны нууцын асуудал байна. Албаны нууцад хамаарах мэдээллийг Засгийн газар жагсаан нууцлахаар болчихсон. Ингэснээр албаны нууцад хамааруулах мэдээлэл өмнөхөөсөө 9 дахин өссөн гэсэн судалгаа гарсан байна лээ. Энэ мэтийг засахгүйгээр иргэдийн итгэл эвдсэн, нийтийн эрх ашгийг зөрчсөн аливаа үйлдэл, шийдвэрийг Засгийн газар өөрөө нууцлаад байх асуудал руу орчихоод байгаа. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, бусдын эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй биш байхад иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж болохгүй.

-Ердийн журмаар эрхээ хамгаалж чадахгүй бол иргэн Цэцэд өргөдөл гаргахыг нээхгүйгээр үндсэн эрхийн баталгаа бүрэн бүрдэхгүй-

-“Монголд жагсаал багадаагүй. Харин ч хангалттай их жагсаал хийж, эрхээ хэтрүүлж байна” гэх хууль тогтоогчтой таарсан. Гэтэл, тайван жагсаал, цуглаан бол байдаг л нэг үзэгдэл. Харин үүнийг Засаг даргаас зөвшөөрөл авдаг, авахгүй бол цагдаагаар тараалгадаг зохицуулалттай явж ирлээ. Хүний эрхийн дэд хорооны хурал дээр ХЭҮК энэ хууль нь хоцрогдсон бөгөөд хүний эрхийн зөрчлийн үндэс болохыг хэлсэн. Араас нь Н.Учрал гишүүн хуулийн төсөл өргөн барьсан санагдаж байна. Жагсаал цуглаан хийх эрх манайд ямар байгаа талаар судалгаанд юу дурдсан бэ?

-Энийг 30-аад жил ярьж байна даа. Ямар нам засгийн эрхийг барьж байгаагаас үл шалтгаалаад Засаг дарга нар заримдаа үзэмжээрээ, хуульд байхгүй үндэслэлээр жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалздаг. Үндсэн хуульд тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй гэсэн тусгайлсан эрх байгаа. Энэ бол хүчирхийлэл үйлдээгүй, хүн амын эрүүл мэндийг эрсдэлд оруулаагүй, бусдын эрхэнд халдаагүй, үндэсний аюулгүй байдалд занал учруулаагүй бүх жагсаал цуглааныг хүлээн зөвшөөрнө гэсэн санаа байхгүй юу. Тэгэхээр жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгээгүй бол хориотой учраас энэ бол зөвшөөрлийн тогтолцоо. Ийм зөвшөөрөл авч хийнэ гэдэг бол тайван жагсаал, цуглаанд тавьсан хориглолт болоод байна. Жишээ нь, таван залуу Сүхбаатарын талбайд цуглаад тайван замаар шүүмж хэлэхэд тэрийг нь хааж боодог эрх зүйн орчныг өөрчлөхгүйгээр хүний энэ эрхийг хангах боломжгүй. Мөн чөлөөтэй зорчих, эвлэлдэн нэгдэх, сонгох сонгогдох эрх зэрэг дээр судалгаа хийсэн.

-Даргад үйлчилдэггүй хууль иргэдэд үйлчлээд байна гэсэн шүүмж сүүлийн 2 жил өрнөж байна. No Double standard гээд хөдөлгөөн хүртэл гарлаа.

-Туйлын эрхээс бусад эрх чөлөөг үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөө, нийтийн хэв журмыг хамгаалахад үнэхээр зайлшгүй бол хязгаарлаж болдог. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй гээд бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй хэвлэж тараагаад байж болохгүй. Жагсаж цуглах эрхтэй гээд буу шийдэм авчраад хүн рүү чиглүүлээд байж болохгүй. Эх газрын эрх зүйн тогтолцоотой улсад нийгмийн хэв журам гэдгийг өргөн утгаар ойлгодог. Нэгдүгээрт, хүчирхийлэлгүй амар тайван байдлыг ойлгодог. Хоёрдугаарт, хүн амын эрүүл мэнд. Гуравдугаарт, нийтийн ёс суртахуун. Тэгэхээр тарваган тахал гарахад чөлөөтэй зорчих эрхийг хязгаарладаг шиг COVID-ын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үнэхээр зайлшгүй бол жагсаж цуглах эрхийг хязгаарлаж болно. Гэхдээ, жагсаал, цуглааныг хориглох мөртлөө хүмүүс өөр байдлаар олуулаа уулзах, бөөгнөрөхийг зөвшөөрсөн бол тайван жагсаал цуглаан зөвшөөрөгдөх л ёстой. Зах дотор цуглаж болж байхад тайван жагсаал цуглаан хийхээр хүн амын эрүүл мэндэд хор учруулна гэж хориод байж болохгүй. Эндээс зайлшгүй биш гэдэг нь харагдаад байна шүү дээ. Тэгэхээр хууль өөрөө тэгш үйлчилж байна уу, хуулийг хэрэгжүүлэхдээ шүүх нь ялгаж салгаж байна уу гэдэг асуудал байгаа юм. Шүүх заримдаа ялгаж салгахгүй байна. ХЭҮК ч хуулийн хэрэгжилтэд хяналт сайн тавих хэрэгтэй.

-За сүүлийн асуулт. Манай улсад хүний эрхийг хангах механизм хэр бүрдсэн байна. Цаашид юу хийх шаардлагатай байна?

-Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах үүрэгтэй. Энэ дотроос хүний эрхийг хамгаалах тусгайлсан чиг үүрэгтэй ХЭҮК, Үндсэн хуулийн цэц, прокурор, шүүх гэсэн байгууллагууд бий. Шүүхийн хууль, ХЭҮК-ын хууль шинэчлэгдсэн учраас дүгнэлт хийхэд эрт. Шүүхийн төсвийн асуудлыг төр шийдэх ёстой. Улсын хэмжээнд ажилладаг ХЭҮК-ын төсөв ч маш хязгаарлагдмал, хүн бүл цөөн, унаа тэрэг байхгүй. ХЭҮК-ын гишүүдийг сонгон шалгаруулах журмыг Байнгын хорооны тогтоолоор биш, өөрийнх нь хуульд бичмээр юм билээ. Хуульд бичихгүй бол журмыг дараагийн хэн ч, хэд ч өөрчилж дордуулах эрсдэлтэй. ХЭҮК-ын дарга томилогдож чадахгүй бүтэн нэг жил болж байна. Судлаач бидний хувьд даргаа дотроосоо сонгох нь бие даан ажиллах нөхцөл болно гэж саналаа өгч байсан.

Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх тодорхой тохиолдолд зөрчигдсөн эсэхийг уг нь Үндсэн хуулийн цэц зохих журмаар хүлээж аваад шийддэг болох шаардлагатай. Цэц хууль Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хийсвэр байдлаар хянадаг. Уг нь Үндсэн хуулийн 66.1-т “Иргэний мэдээллээр Цэц өөрийн санаачилгаар Үндсэн хуулийн маргаан үүсгэж хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт орсон. Гэвч хуулиа гаргахдаа ердийн журмаар эрх нь зөрчигдөөд эрхээ хамгаалж чадахгүй бол цэц рүү хандахыг нь хаачихсан. Энэ бол хүний эрх хамгаалах тогтолцоонд байгаа хамгийн том тулгамдсан асуудал. Бодоод үз л дээ, Үндсэн хууль дээр байгаа эрхийг тухайн хүний тохиолдолд зөрчсөн эсэхийг нь шууд Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэглээд тогтоодог шүүх нь ажиллахгүй байна шүү дээ.

Дээрээс нь Үндсэн хуулийн цэц рүү хууль зүйн өндөр мэргэшилтэй хүнийг томилох ёстой бөгөөд ийм мундаг хүмүүсийг томилж байсан ч заримдаа тийм мэргэжлийн шаардлага хангаагүй хүнийг томилдог. Нөгөө хүн нь дахин томилогдохын тулд өөрийг нь нэр дэвшүүлдэг хүнд тал засдаг, нөлөөнд нь ордог. Хэн дуртай иргэн нь УИХ-ын олонхиороо баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг Цэц рүү өгч, улс төрийн арга хэрэгсэл болгодог, гол асуудлаас нь хөндийрүүлдэг. Ийм гажиг Хорват, Монгол зэрэг цөөн улсад л байдаг. Шүүх, захиргааны байгууллагад хандсан ч үндсэн эрх нь зөрчигдсөн хэвээр гэж үзвэл иргэн нь Цэцэд хандаг байх, харин хуулийн тодорхой заалт Үндсэн хуульд харшилсан гэвэл УИХ-ын дор хаяж 8 гишүүн Цэцэд хандаж шийдүүлдэг байх хэрэгтэй.

Эцэст нь, прокурорын байгууллага агуулгаараа Үндсэн хуульт ардчилсан тогтолцооны институц болж чадаагүйг онцолъё. Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавьдаг. Гэтэл улстөрч эсхүл мөрдөгч байсан хүнийг Улсын ерөнхий прокуророор тавиад, нөгөөх нь прокурорыг улс төрийн байгууллага шиг удирдах гэж оролдсон, эсхүл баахан цагдаа нарыг прокурорын удирдах албанд тавьсан.

Ерөнхий прокурор дээр маш их эрх мэдэл төвлөрсөн. Хэнийг прокуророор томилох вэ, шилжүүлэх үү гэдэг нь Ерөнхий прокурорын гарт. Дээрээс нь, прокурор сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоод шийтгэл огцруулах чиг үүрэгтэй Ёс зүйн зөвлөлийг нь Ерөнхий прокурор томилно. Тэр зөвлөлөөс гарч ирсэн саналыг Ерөнхий прокурор эцэслэдэг. Тэгээд Ерөнхий прокурор ямар ч хэргийг татаж хянана. Энэ байдлаар Ерөнхий прокурорт хэт эрх мэдэл төвлөрүүлсэн хуультай байгаа нь хараат бус байдлыг нь эрсдэлд оруулдаг.

Хувь прокурорын хараат бус байдал хэцүү болчихож байгаа юм. Цаашдаа прокурорын сонгон шалгаруулалтыг прокурор, хуульчид, хууль зүйн эрдэмтдээс бүрдсэн зөвлөл шийддэг байдлаар зохицуулах шаардлагатай. Сахилгын асуудлыг ч бас ийм байдлаар зохицуулъя. Дээрээс нь прокурорын байгууллагад байдаг хүний эрх рүү халдах зөвшөөрлийг хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд шүүхээс авдаг болгож өөрчилье.

----------------------------------------------------------------

Ярилцсан Г.Улсболд

 

Санал болгох

Х.Тэмүүжин: Ардын намын өмнөөс ардчилсан Үндсэн хуулийг мэрнэ гэдэг бол доромжлол

Хуульч Х.Тэмүүжинтэй олон ярилцаж байна даа. Төрд УИХ-ын гишүүн, сайд хийж, намд албан тушаал хашиж, сургуульд багшилж байхдаа тэр сэтгүүлчдээс зугтаж байгаагүй ил эх сурвалж. Эрх зүйн салбарт үргэлж хүчтэй дуу хоолой байдаг түүнтэй дахиад л “цаг үеийн асуудлаар” ярилцсанаа хүргэе.

14 өдрийн өмнө
С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас тогтоол гаргаж, “Дархан бэр” цол тэмдгээр шагнуулах иргэдийн бүрдүүлэх материалыг жагсаасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сэдвийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэгтэй ярилцлаа.

15 өдрийн өмнө
"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

Бэрхшээл сааданд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэж явдаг Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж ирсэн 29 жилийн түүхийг хуваалцаж, олны анхаарлыг татсан билээ.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа гэмтэл авсан. Суумгай болсон ч амьдралд бууж өгөлгүй ахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Гэсэн ч ахин бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж өнөөдөр туялзуур сэлэмний УАШТ-д орохоор бэлтгэлээ хийж байна. Түүний зорилго бол Паралимпод орж амжилт үзүүлэх юм.

18 өдрийн өмнө
Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд оролцлоо. Түүнтэй Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болон сонгодог парламент, сонгуулийн холимог тогтолцооны талаар ярилцлаа.

25 өдрийн өмнө