Б. Энхтулга
Сэтгүүлч

ТУЛГА тойрсон: Боловсордоггүй боловсролын салбар...

2021 оны 12 сарын 62021-12-06
ТУЛГА тойрсон: Боловсордоггүй боловсролын салбар...

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар авснаас хойш оюутан, сурагчид, цэцэрлэгийн насны сургалт ёстой л утгаа алдаж дууслаа. Нэг жил цахим хичээлийн нэрэн дор олигтой мэдлэг авч чадаагүй сурагчид энэ жил өлгөн, салган 9 долоо хоног хүрэхгүй хугацаанд танхимаар сургалт авчхаад гэрийн мухар луу шилжиж байна. Ингэхдээ бүр хоёр сар орчим амраах шийдвэрийг БШУЯ-аас гаргалаа. Энэ шийдвэр эцэг, эхчүүдийг хүүхэдтэй нь хамт шийтгэчихлээ гэхэд хилсдэхгүй. Гуравдугаар ангийн хүүхэд олигтой ч бичиж чадахгүй дөрөвдүгээр ангидаа дэвшиж, хоёр настай хүүхэд цэцэрлэгт явж үзэлгүй дөрвөн нас хүрэх нь. Ковидийн нэрээр хорьж байгаа энэ хүүхдүүд монголын ирээдүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Угаас дэвшилтэт систем, чанар гэх зүйл яригддаггүй байсан боловсролын салбар ковидийн үед улам л доройтож эхэллээ. Гамшгаас болж арга хэмжээ авч байгаа нь энэ гэж байгаа ч салбар нь өөрөө гамшиг болоход тун ойрхон боллоо. 

Цэцэрлэг, сургуулийг 12-р сарын 17-оос хоёрдугаар сарын 3 хүртэл амраахаар болов.

Дэлхийд сургуулийн насны 3 хүүхэд тутмын нэг нь сургууль хаасан үед зайнаас суралцах боломж, бололцоо байхгүй байна. НҮБ-ын судалгаанаас...

Улсын хэмжээнд сургуулийн насны 640 гаруй мянга, цэцэрлэгийн насны 260 гаруй мянган хүүхэд байдаг. Нарийн гаргасан судалгаа байхгүй ч энэ дундаас асран хамгаалагчгүй гэртээ үлдэх олон хүүхэд бий гэдэгт эргэлзэхгүй байна.  900 гаруй мянган хүүхдийн ар гэр харилцан адилгүй. Хүүхдийг нь хараад өгөх ах, дүү, ээж, аавтай хүн байхад харж өгөх хэн ч байхгүй хоёул ажил хийдэг залуу хос ч бий. Ер нь дийлэнх нь залуу хосууд байгаа. Амьдралаа залгуулахын тулд аргагүйн эрхэнд хэн нэгэнд найдаж үлдээх эсвэл гаднаас нь цоожлоод ажилдаа явахаас өөр аргагүйд хүрдэг гэдгийг өнгөрсөн хөл хорионы үед бүгд харсан. Хүүхдээ цоожилж явснаас болж хүүхдүүд нь гэртэйгээ шатсан, өндрөөс унаж нас барсан, тогонд цохиулж нас барсан, хамаатных нь ах, дүү хүчирхийлсэн гээд бичихэд ч өр эмтэрмээр олон хэрэг гарч байлаа.

Ердийн үед эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 30-35 орчим хувийг хүүхдүүд эзэлдэг байсан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн (2020.11.11)-ий дараа энэ үзүүлэлт 40-50 орчим хувь болж өсчээ. 2020 он гарсны дараа эхний гурван сард гэхэд л зөвхөн түлэнхийн шархтай бага насны 1000 орчим хүүхэд ГССҮТ-д хандаж байсан.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдийн 60-70 хувь нь сургууль амрахаар ирдэггүй учраас цэцэрлэгүүдийг амраана.

Сайдын хэлсэн яг энэ шалтгаанаар дээр дурдсан ослууд болдог. Аав, ээж нь нэгэнт сургууль нь амарчихсан 8-14 насны хүүхдэдээ 2-3 настай дүүг нь даатгаж хамтад нь цоожлоод ажилдаа явдаг. Ингээд өөрийнхөө биеийг ч авч явах чадвар бүрэн суугаагүй ах, эгч нар гэрээ харах бас дүү нарынхаа аюулгүй байдлыг хангах, дээрээс нь теле хичээлээ хийх үүрэг хүлээнэ. Аав, ээжүүд сургууль, цэцэрлэгээс гадуур хүүхдийнхээ аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй ч ажил хийхгүй бол ам хөдлөхгүй учраас эрсдэлтэй алхам хийхээс өөр гарцгүй болдог. Сургууль, цэцэрлэгтээ явах цагтаа хүүхдүүд явж байсан бол иймэрхүү хэргүүд гарахгүй байсан нь нэг талын үнэн байж болох.

Өсвөр насны долоон хүүхэд тутмын нэг нь өнгөрсөн жилийн ихэнх хугацааг гэртээ хөл хорионд өнгөрүүлсэн тул ганцаардал, сэтгэл зүйн түгшүүр, дарамт мэдэрсэн байна. НҮБ-ын судалгаанаас...

Манай улстай ижилхэн нөхцөл байдалтай байгаа олон орнууд бий. Гэхдээ тэд хэзээ ч хүүхдийн сурч, боловсрох эрхэнд халдаагүй. Харин манайх боловсролын салбар нь өөрсдөө засгийн газартайгаа нийлж байгаад хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг ковидийн нөхцөл нэрээр боож, хавчиж, татвар төлөгчид иргэдийнхээ амьдралд хүндээр нөлөөлөх шийдвэр гаргаж байна. Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг удаан хугацаагаар зогсоох болсон шийдвэр нь гурав дахь тунгийн хамрагдалт бага учраас гэж тайлбарлаж байгаа. Гарц байхгүй биш байгаа. Эцэг, эхчүүд нь гуравдугаар тун хийлгэсэн бол хүүхдийг цэцэрлэгт хамруулж болно гэдэг ч юм уу. Вакциныг албадаж болохгүй л дээ. Гэхдээ энэ мэтийн эрсдэл дээр бол эсэргүүцэхгүй. Ямар ч гарц, шийдэл байхгүй үлдсэн ганц арга нь хаах мэтээр тайлбарлаж байна. Шийдэл олохыг хүсэхгүй байгаа юм. Ийм маягаар иргэдийн амьдралд их, бага хэмжээгээр нөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн хугацаанд боловсролын яам гэлтгүй УОК, НОК маш их гаргасан. Зурагтгүй айл ховор ч хүний нийгэм учраас ийм айл тодорхой хэмжээнд бий. Энэ айлын хүүхдүүд онлайн хичээлээ яаж үзэх үү, нөгөө олон дүү нартайгаа үлдсэн хүүхэд хичээлээ хийх үү, дүү нараа харах уу гээд олон асуудалтай зүйлстэй тулгарах нь тодорхой.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Боловсролын яамнаас нэг хувилбарыг судалж үзэж байгаа. Тэр бол хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, харах хүнгүй, заавал ч үгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг анги бүрийн биш, дундын анги байгуулж авч магадгүй. Тэгэхлээр цэцэрлэгийг 100 хувь хаахгүй гэсэн үг.

Олон эцэг, эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас Боловсролын сайд өнөөдөр ийм мэдэгдэл хийсэн. Энэ нь бага ч болов эцэг, эхчүүдийг тайвшруулж байгаа ч энэ төрөлд нь багтах уу үгүй юу гээд бас л асуудал гарч ирнэ. Зүгээр л хэвийн байгаа зүйлийг хэвийнээр нь зохицуулаад явж яагаад болохгүй гэж. Нийгэм өөрөө коронавирустайгаа зохицоод амьдарч эхэлж байна. Төр, засгаас хаах биш зохицоод амьдрах гээд ядаж байгаа иргэдээ түшиж, дэмнэсэн шийдвэр яагаад гаргаж болохгүй байгаа юм бэ. Боловсролын салбар үеийн үед л асуудалтай байж ирсэн. Ямар ч шинэчлэл хийгддэггүй, багш нар нь соц үеийн хуучны арга барилтай, хүүхдийн эрх сургууль дээрээ зөрчигддөг гэх мэт. Хамгийн сүүлийн жишээ дурдхад Архангайн мэргэжлийн дипломгүй багш дөрвөн настай хүүхдүүдийг хичээл заах нэрийдлээр зодож байгаа бичлэг.

Нэг л боловсорч өгөхгүй л байна даа боловсролын салбар маань... Хүүхдүүдэд сурч, боловсрох, нийгэмших мөн эцэг, эхчүүдэд ажлаа сэтгэл амар хийх нөхцөл байдлыг нь олгох хэрэгтэй.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Хенриетта Фор “КОВИД-19  цар тахлын үеийн нэг жилийн хугацаанд хүүхдийн эрхийн бүхий л чиглэлд гарсан ахиц дэвшилд ухралт гарлаа. Өлсгөлөн, хөл хорио, тусгаарлалт, хүчирхийлэл, сэтгэл зүйн хямрал, ядууралд өртсөн, хүчинд автаж хүнтэй гэрлэсэн хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэдний сурч боловсрох, нийгэмших боломж, эрүүл мэнд, хоол тэжээл, хамгаалал зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж буурчээ. Цар тахлын үр дагавар хүүхдийн цаашдын ирээдүйд ч арилшгүй ул мөрөө үлдээх нь эргэлзээгүй“

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Сайжруулсан УТАА

Утааг ялсан Ерөнхийлөгчийн шахмал түлш урт хугацааны бодлого биш байсан гэдэг нь энэ цаг мөчид харагдаж байна.

7 өдрийн өмнө
Утааны цаад шалтгаан буюу дутуу хаталттай НОЙТОН шахмал түлш

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр өгсөн мэдээлэлдээ: “Үнэхээр чийгтэй түлш гарч байгаа бол шалгаж үзэх, түүнийг залруулах, горим болон орцонд өөрчлөлт орсон эсэхийг шалгах” талаар мэдээллээ. Мөн “Складад байгаа буюу бүрэн хатсан 24 мянган тонн түлшээр долоо хоногийн туршид иргэдийг хангаад үзье” гэх мэдээллийг өглөө. Тэгэхээр одоо үйлдвэрээс гарч байгаа шахмал түлш дутуу хаталттай байж болзошгүй нь илүү баттай болоод байна. Харин үүнийг харахын тулд бидэнд долоо хоног шаардлагатай юм.

9 өдрийн өмнө
Тортогт дарагдсан ТАХИЛТЫН айлууд

Бохирдолтой бүсэд 639 айл өрх,  27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр "Тавантолгой түлш" ХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлэх шийдвэр гаргаж хохирогч иргэдийг тайвшруулсан юм. Харин өнөөдрийг хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэхгүй иргэдийг хохироосон хэвээр байгаа юм. 

9 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Үндсэн хуулийн хэрэгждэггүй заалтууд

"ТУЛГА тойрсон" бичвэрээрээ үндсэн хуульд соёрхон баталсан ч хэрэгждэггүй хэд хэдэн заалтыг бичиж байна.

9 өдрийн өмнө