Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 20 хувь болж буурч байгаатай холбогдуулан тал талын байр суурийг хүргэж байна.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Ипотекийн зээлийн урьдчилгааг 20% болгон бууруулах асуудал яригдаж байна. 2013 оноос ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш, 120 гаруй мянган орон сууц нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилээс ипотекийн зээлийн хүүг 8%-аас 6 хувь болгон бууруулсан. Ингэснээр өрхийн орлого нэг сая төгрөгтэй хүн зээлд хамрагдах боломж бүрдсэн. Энэ онд 11600 хүн ипотекийн зээлд шинээр хамрагдаж, 800 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан байна. Ипотекийн зээл банкнууд дээр 99 хувийн баталгаатай зээлэндээ ордог. Харин ипотекийн зээлийн урьдчилгаа залуу гэр бүлүүдийн хувьд асуудал дагуулдаг. Тиймээс бууруулахаар хуульд тусгаж байна.
Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг: Манай байгууллага БХБЯ болон Монголын ипотекийн корпорацтай хамтарснаар орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй төлбөрийн чадваргүй иргэдэд батлан даалт гаргах чиглэлд ажиллах гэж байна. 30 хувийн 20 хувийг иргэн өөрөө бэлдэж, үлдсэн 10 хувьд нь зээлийн батлан даалт гаргахаар ажиллаж байна. Ингэснээр банк 80 хувьд зээл гаргаж, иргэн 20 хувийн урьдчилгааг гаргана. Гэхдээ банкны 80 хувиас 10 хувийг манайх батлан дааж байгаа гэсэн үг юм. Энэхүү арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын нэгэнд хангахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Монголын банкуудын холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар: Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлээд ипотекийн зээлийн урьдчилгаанд батлан даалт гаргахаар ажиллаж байна. Монголд барьцаа хөрөнгийн дутагдалтай хүмүүс олон бий. Тиймээс банк эдгээр иргэдэд зээл олгоход туслахад энэ сан туслах юм. Ингэснээр тогтвортой ажилтай орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэх юм. Ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудал банкуудад хүндрэлтэй байдаг. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваариар олгогддог байсан. Тэгэхээр тэр мөнгө нь хязгаарлагдмал байгаад байгаа юм. Үүнийг хурлаар хэлэлцэж цаашдаа шийдвэрлэхэд ажиллана.