Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноогоод байна. Түүнийг цагдан хорихоор авч явсны дараа хүү Б.Чулуудай нь шүүхийн шийдвэртэй холбоотойгоор өчигдөр үзэл бодлоо илэрхийлсэн бол Ардчилсан намын гишүүд 21 цаг 30 минутад С.Зоригийн хөшөөний урд цуглаж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл:
Ардчиллыг дэмжигч залуус өнөөдөр энд цуглараад байна. Шүүхийн шийдвэрийг бид бүгдээрээ л цочирдож хүлээн авч байна. Э.Бат-Үүл баатар яллагджээ, тэр тусмаа хорих ялаар шийтгэгджээ гэдэг нь бидэнд асар цочирдом мэдээ боллоо. Учир нь Монголд ардчилсан хувьсгалын суурийг тавьж, ухамсарт амьдралынхаа ихэнх хугацааг Монголын ард түмний үг хэлэх эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцсэн. Улаанбаатар хотыг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ардчиллын туг болсон лидерүүдийг зохион байгуулалттай, системтэйгээр нийгэмд ялтан болгож байна. Бид хуулийн хүрээнд Э.Бат-Үүл баатрыг гаргаж авахад анхаарч ажиллана.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Монголын ардчилал, эрх чөлөөнд ноцтой аюул занал учруулж байна. Яагаад улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан МАН-ын Д.Хаянхярваа, Б.Ундармаа торгуулаад өнгөрч байгаа юм. МАН-ын гишүүдийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдаж байдаг. АН-ын Э.Бат-Үүл баатар яагаад хорих ял авч байгаа юм. Хуулийн алагчилсан шударга ёс гэж энэ. Өөрсдөө хуулийн засаглал тогтооно гэсэн хаана байна вэ. У.Хүрэлсүх ерөнхийлөгч болвол хонгил нураан, шударга ёс тогтооно гэсэн чинь хаана байнаа. Цаашдаа бид намынхаа бүх гишүүдийг өмгөөлж, хамгаална гэдгийг л хариуцлагатай хэлье. Минй судалснаар түүний улсад учруулсан хохирол байхгүй юм байна лээ.

М.Тулгат: Энэ хүнийг маш олон жил шалгасан. С.Зоригийн хэрэг гэж олон жил шалгасан бол одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар буруутгаж байна. Өнөөдрийн үйл явдлыг улс төрийн хэлмэгдүүлэлтийн цуваа гэж харж байна. Эрх баригчид 60 тэрбум, ЖДҮ, концепцийн асуудлууд, Капитал банкны дампуурлын асуудлууд зэрэг маш том хэргүүд үйлдсэн. Гэвч өөрсдөө торгуулаад өнгөрдөг бол ардчиллын цөөн хэдэн лидерүүдийг барьж, хорьж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байна.

С.Эрдэнэ: Э.Бат-Үүлтэй намын асуудлаар өдөр болгон уулзаж байсан. Түүнээс 10, 100 дахин илүү гэмт хэрэг хийсэн нөхдүүдийн толгойг илээд байдаг ч түүнийг хорих ялаар шийтгэлээ. Би өнөөдөр гэм буруугийн асуудлыг ярихгүй. Гэхдээ шударга ёс үнэхээр алдагдлаа. Нэг хэсэгт нь ямар ч хэрэг хийж байсан хууль үйлчилдэггүй бол нөгөө хэсэг нь бага зэргийн алдаа гаргангуут шууд дэвсэлж байна.
