“Улаан бал” ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбууг “Forbes Mongolia” сэтгүүлээс 2021 оны уншигчдын нэрэмжит шагналаар шагналаа.
“Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэг 2018 оны 11-р сараас эхлэн олон нийтэд хүрч эхэлсэн. Нэвтрүүлгийн анхны зочноор “Босоо хөх монгол” ТББ-ынхан орж байсан бол ярилцлагын хамгийн сүүлийн зочноор ноён IZ хэмээн олонд танигдсан Г.Ирээдүй ороод байна.
“Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэг дугаар бүртээ тухайн долоо хоногт нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөж, олны анхаарал татаж буй сэдвийн хүрээнд хамгийн нөлөө бүхий зочдыг урьж оролцуулдагаараа онцлогтой.
NTV телевизээс хийсэн судалгаагаар “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлгийг дунджаар 200,000 өрх сувгаа тааруулж үздэг гэсэн дүн гарчээ. Зөвхөн телевизийн эфирээр дамжуулахын зэрэгцээ фэйсбүүк хуудсаар дамжуулж сошиал сүлжээгээр иргэдэд түгээдэг. Мөн "youtube" сувгаар олон нийтэд хүргэдэг. Интернет сүлжээгээр доод тал нь 250,000 хандалт авдаг байна.

Энэ нь нийт дүнгээр нэг нэвтрүүлэг дунджаар 400,000 өрхөд хүрч, нэг өрхийн ард 2-3 хүн үздэг гэж тооцвол дунджаар 1 сая иргэнд хүрдэг гэсэн судалгаа гарчээ.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу хөндсөн сэдэв бүрээрээ нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлж, асуудал хөнддөгөөрөө 2021 оны хамгийн нөлөө бүхий хүнээр шалгараад байна. Тэрээр 2019 онд хамгийн их үзэлттэй нэвтрүүлэгт олгодог "Алтан цамхаг" шагналыг хүртэж байсан юм.
Сэтгүүлч, хөтлөгч Ч.Лодойсамбуу “Улаан бал” нэвтрүүлэг хийхээс гадна “Улаан бал” тойм хийдэг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын бэлтгэдэг нэвтрүүлгийн тогтсон загварыг эвдэж, түүний баг промогоороо видео контентийн салбарт тэсрэлт хийж чадсан. Мөн тойм бүртээ дүр, дүрслэл ашигладаг нь олны анхаарлыг татдаг юм.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу 2019 оны 10-р сарын 16-нд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа "Улаан бал" нэвтрүүлгийн гол зорилго, мөн чанарыг тодорхойлохдоо:
“Ярилцлагад орж байгаа зочид маань зөв хандлагатай хүмүүс байдаг. Би тэднийг унагаахын төлөө асуудаггүй. Ерөөсөө хариултаа авъя. Хариулт өгөхгүй бол нэхье. Хариулт авдаг ярилцлагыг хийдэг болохыг хүсдэг.
Асуучихаад нөгөөх нь ямар ч хамаагүй хариулт өгөөд дараагийн асуулт руугаа ордог биш, хариултаа авдаг. Тэр хариулт нь зүгээр нэг хариулт биш. Нийгэмд өгөх гээд байгаа мэдээлэл, мессеж нь тодорхой байх ёстой. Сэтгүүл зүйн үүрэг тодорхой шүү дээ. Сайн сайхан нийгэм рүү хамтдаа явъя, гар чийдэн болъё. Зүгээр нэг дамжуулаад суудаг крант биш. Тийм учраас сэтгүүл зүй бас шүүлтүүртэй. Ядаж л хоточ нохой гэдэг гуншинтай. Тийм байя гэдэг утгаар асууж байгаа юм. Хариултаа авчихсан бол тэр хүнийг янз бүр болгох шаардлага надад байхгүй. Тэр чинь утгагүй зүйл. Тиймээс хариултаа авахын төлөөх арга.
...Томоотой байхаар хариулт авч чадахгүй. Томоотой байдалд нь томоотой сууж байгаад томоотой хариулт хэлээд гараад явчихдаг байдал одоо хүртэл байна. Бид чинь уг нь шударга үнэнийг хүргэнэ гэдэг том зарчимтай.
Үнэнийг хүргэхийн тулд томоотой байж болохгүй. Би бол хүнийг доромжилдоггүй. Миний асуулт, үйл хөдлөл, үйлдэл хүмүүст дасал болоогүй болохоор таалагдахгүй байгаа юм.” хэмээжээ.

“Улаан бал” ярилцлагын нэвтрүүлгийн найруулагчаар NTV телевизийн ерөнхий найруулагч С.Билгүүн 2 жилийн турш ажилласан. Харин өнгөрсөн 11-р сараас NTV телевизийн найруулагч Б.Номин ажиллаж эхлээд байна.


Ч.Лодойсамбуугийн намтарыг хүргэж байна. Тэрээр:
1987 онд Улаанбаатар хотод төрсөн.
2005-2009 онд “Хэвлэлийн хүрээлэн”-ийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежид сурч, төгссөн.
2007-2010 онд үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, Дизайны албаны даргаар ажилласан.
2009 онд “Өнөөгийн төр” гэрэл зургаараа “Оны шилдэг гэрэл зураг” Гран при шагнал хүртсэн.
2010-2011 онд “ShuuD.mn” сайтад гэрэл зургийн сурвалжлагч,
2011 оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл “Шууд” телевизийн нэвтрүүлэгч, мэдээний албаны сурвалжлагчаар ажиллаж байсан. “Гамбир” ток шоуны хөтлөгчөөр ажилладаг байсан
2012-2014 онд Боловсрол, Шинжлэх Ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч, Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллаж байсан.
2018 оны 11 сараас “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлгийг “TV-6” телевизэд санаачлан эхлүүлсэн.
2019 оны 9-р сараас NTV телевизийн Мэдээ шуурхай нэвтрүүлгийн газрын продюссерээр ажиллаж байна.
