Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: "2022 оны төсвийн гүйцэтгэлийн жил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор зарим авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төслийг баталлаа. Энэ тогтоолын төсөл нь 2022 оны төсвийн үйл ажиллагааг чанаржуулах зорилготой тогтоол юм. Тогтоол найман хэсгээс бүрдэж байна. Үүнд:
1. Орлогын чиглэлээр уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх
2. Төрийн өмчит компаниудын ашигт ажиллахаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх
3. Гадаад худалдааг хөнгөвчлөх
4. Нийгмийн суурь үйлчилгээний санхүүжилтийн шинэчлэл, төсвийн хэмнэлтийн горим
5. Төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх нарийвчилсан чиглэл
6. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх
7. Гадаадын зээл, тусламжийн хувьд дамжуулан зээлдүүлэгч нарын санхүүжүүлсэн төслийн өрийг барагдуулах
8. Эдийн засгийн чанарыг сайжруулах чиглэл өгсөн тогтоолууд гаргалаа.
Эдгээр асуудал дотор сүүлийн үед нийгэмд маргаан дагуулаад байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг нь өөрчлөх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэх мэт маргаан дагуулсан асуудлыг тодруулж өгсөн. Үүнд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль буюу 2020 оны 12-р сарын 24-нд батлагдсан хуулийн 20.1.18-д
“Боловсрол, эрүүл мэнд, нийгэм соёлын байгууллагын барилга, байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг орон нутгийн чиг үүрэгт шилжүсэн” гэж заасан.
Энэ ажил нь тухайн аймаг, сум, дүүргийн ЗДТГ-ын чиг үүргийн ажил болсон. Өөрөөр хэлбэл алба хаагч нар цалингийн фондтойгоо тийшээ шилжиж очиж байна гэсэн үг.
Үүнийг төсвийн хуулиар бус Орон нутгийн нэгжийн хуулиар жилийн өмнө зохицуулсан асуудал юм. Үүнтэй уялдуулж 2022 оны төсөв дээр тодорхой зүйлүүд тусгасан учраас энэ хууль 1-р сарын 1-нээс хэрэгжинэ. Ингэхдээ цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гээд бүх зардал жил бүр тусгадаг шигээ сум, дүүргийн ЗДТГ руу шилжиж очсон. Төсвийг нь багасгаад хувийн байгууллага руу шилжүүлж байгаа гэсэн зүйл огт байхгүй учраас цалин төсөвтэй холбоотой зүйлд санаа зовох зүйл байхгүй. Орон тоо ч багасахгүй.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилт хийсэн бол ирэх жил боловсролын байгууллагын санхүүжилт гүйцэтгэлд суурилна.
Өнөөдрийн хуралдааны дараа төсвийн ерөнхийлөн захирагч нарт буюу аймаг, дүүрэг, сумдад чиглэл очно. Тухайн төсвийн байгууллагуудын нийтлэг үйлчилгээний ажилтнуудын санал санаачилгыг аймаг, орон нутаг нарт гаргаж, бэлтгэл хангасан гэж үзвэл гэж үзвэл Сангийн яаманд ирүүлнэ. Сангийн яам судалж үзээд шийдвэр гаргана.