УОК-оос Засгийн газрын хуралдаанд коронавирусийн талаарх тодорхой мэдээллүүдийг 7 хоног тутамд хүргэдэг. Халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийн дагуу УОК-ын тогтоол гарсан талаарх мэдээллийг хүргэлээ.
11-р сарын 26-ны өдөр ДЭМБ-аас бүртгэсэн Омикрон хувилбар дэлхийд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 100 гаруй оронд бүртгэгдээд байна. Энэ хувилбар маш хурдацтай тархдаг нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан.. Хоёр тунтай иргэд болон өвдөөд эдгэсэн иргэд халдвар авах эрсдэлтэй байгаа талаар мэдээлсэн юм. Тэгвэл өнөөдөр УОК-оос гарсан зарим шийдвэрийг танилцууллаа.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
"Омикрон хувилбар дэлхий нийтэд дэгдсэнтэй холбоотойгоор 11-р сарын 27-ны шийдвэрээр хилийн чанадаас ирж байгаа иргэдээс коронвирус илрүүлэх шинжилгээг авч байна. Өнөөдрийг хүртэл нийт 5600 хүнээс шинжилгээ авч нэвтрүүлэхэд 180 зөөвөрлөгдсөн тохиолдол орж ирсэн. Харин 37 тохиолдол 10 хоногийн гэрийн хяналтад байх үед илэрсэн. Учир нь гадаадаас ирсэн иргэд 10 хоног гэртээ тусгаарлагдаж байх хугацааны 4 дэх өдөр нь шинжилгээ авч байна. Энэ үед илэрсэн тохиолдолтой нийт 200 гаруй зөөвөрлөгдсөн тохиолдол манай улсад бүртгэгдлээ.
Өнөөдөр УОК-ийн гадаадаас ирж байгаа иргэдийн тусгаарлалтад өөрчлөлт оруулах тогтоол гарлаа. Үүнд гадаадаас ирж байгаа иргэн бүрийг 3 хоног зочид буудалд тусгаарлана. Ингээд 3 хоногийн дараа шинжилгээний хариу сөрөг гарвал гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. 72 цагийн хүчинтэй шинжилгээний хариутайгаар иргэд эх орондоо ирж байгаа ч дахин тусгаарлах шийдвэр гарсан. Манай улсад 11, 12, 1-р сард томуугийн идэвхтэй үе явагддаг учир омикрон хувилбар тархвал эмнэлгийн ачаалал нэмэгдэж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Хэрвээ омикрон хувилбарыг тархаахгүй барьж чадвал ААН-үүд дотоодод үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой. Омикрон хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал" хэмээн мэдэгдлээ.