Ид шид түгээсэн өвлийн өвөө ирлээ

1
2021 оны 12 сарын 202021-12-20
Ид шид түгээсэн өвлийн өвөө ирлээ

Тачигнасан жиндүү өвлийн хүйтэн өдрүүдэд гэрэлтэй цонх, суунагласан утаа бүрийн ард өрх гэрийн амьдрал буцална. Гэвч түлэх түлшгүй хүйтэн гэрт, хөнжлийн ард нуугдах багачууд олон. Хичээлдээ явж чадахгүй, телевиз, утас, датагүйгээс хичээлээ үзэж чадахгүй, өдрийн хоолондоо юу идэхээ ч мэдэхгүй хүүхдүүдэд итгэл найдвар бэлэглэхээр өвлийн өвөө цасан охидоо дагуулсаар айсуй.

Улаанбаатар хотын алслагдмал дүүргүүдийн машин ч хүрч чадахгүй хэсгүүдэд бэлгийн уутаа үүрсээр багачууд руу тэмүүлэн алхах эдгээр залуус “Ид шидийн уут” аяны сайн дурынхан юм. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаярын багийн залуус хагас сайны өглөө 8 цагаас бэлэг тараах ажлаа эхэллээ. Тэдний очсон эхний айл ХУД-ийн 4-р хороонд яармагийн эцэст байрлах Ж-гийн гэр бүл. 8 болон 10 настай эгч дүү хоёр өвлийн өвгөнийг харж баярласан ч бишүүрхэж, догдолсоор угтлаа.

Тэд бол бага зэргийн саажилттай гэсэн оноштой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм. Ээж нь саажилттай гэсэн оноштой, гэртээ өөрийн чадахаар юм оёж, үйлдвэрлэл эрхэлдэг. Харин аав нь гэр бүлээ авч явахын тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг байна. Тэд өнгөрсөн жил өвлийн өвөө ирэхийг удаан хүлээсэн талаараа ярилаа. Хичээлээ хийж чадаж байгаа эсэхийг лавлахад зайнаас хичээллэх нь тэдэнд хүндрэлтэй байгааг хэллээ. Энгийн хүүхдүүдтэй харьцуулахад бүрэг гэмээр эгч дүүс бага зэргийн саажилттай учир өөрийгөө илэрхийлэх онцлог нь энэ ажээ. Хүүхдүүдэд зориулж цасан охидууд шинэ жилийн  дуу дуулж, өвлийн өвгөн бэлгээ өглөө.

ЭГЧ ДҮҮ 2.png

Дараагийн зорьсон айл бол Иргэн Х-ийнх. 2-7 насны буюу бага насны 5 хүүтэй. Хүүхдүүд нь тус бүр нэг жилийн зайтай төржээ. Хүүхдүүдийн аав ээж 25-тай залуу хос. “Лантуун дохио” ТББ анх тэдэнтэй уулзахад орох оронгүй байсанд 5 ханатай монгол гэр авч өгчээ. Биднийг ороход хүйтэн гэрт хүүхдүүд бие биенийхээ өвөрт дулаацан унтаж байлаа. Гэрийн хойморт унтаж байсан хүүхдүүдийн өвөө босч галаа өрдөж, ээж нь хүүхдүүдээ нэг нэгээр сэрээж байсан бол гэрийн нөгөө хаяанд гэрийн эзэн буруу харан унтаж байв. Өвлийн өвгөн хүүхэд нэг бүртээ мэнд мэдэлцэж бэлгээ түгээж эхэллээ. Тэдний ихэнх нь нүцгэн байсан учраас дулаан хувцас бэлэглэлээ. Хүүхдүүдийн дундах 6 настай хүүтэй ярилцлаа.

ОК 6 НАСТ ХҮҮ.png

6 настай хүү Т: Өвлийн өвөөг ирэхэд маш гоё байдаг. Өнгөрсөн жил ковид гээд өвлийн өвөө ирээгүй. Харин энэ жил намайг аав, ээжийнхээ үгэнд ороод маш сайн байсан болохоор ирсэн гэж бодож байна. Би өвлийн өвөөд зориулж цээжилсэн шүлгээ уншиж үзүүлье.

"Удахгүй би сурагч болно доо

Урт оосортой цүнхээ үүрнэ дээ

Удахгүй би сурагч болно доо

Номоо уншиж, шүлгээ цээжилнэ дээ

Удахгүй би сурагч болно доо

Тоогоо бодож, зураг зурна даа

Удахгүй би сурагч болно доо" хэмээн нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү цовоо дуугаар гэрийнхээ хүйтэн жаврыг үргээн чангаар уншлаа.

ЦЭНГЭЛ.png

Сайн дурын ажилтан Л.Цэнгэл: Би хоёр дахь жилдээ “Ид шидийн уут” аянд сайн дурын ажилтнаар оролцож байна. Хүүхдүүд дээр очиход маш их аз жаргалыг мэдэрдэг. Энэ их стресстэй нийгэмд гэрэл гэгээг тэдэнд өгч өөрөө ч маш их баяртай, сайхан болдог. Хүмүүс нэг удаагийн бэлэг тарааж асуудлыг шийдэх үү гэж хэлэх тохиолдол гардаг. Бид бэлэг гэхээсээ илүү эрсдэлт бүлгийн хүүхдүүдтэй уулзаж, ирээдүйд нь итгэл бэлэглэж байна гэж итгэдэг.

ГАНЖАВХЛАН.png

“Лантуун дохио” ТББ-ын УЗ-ийн гишүүн Ч.Ганжавхлан: Монголд өвлийн өвгөн аавыг хараад хаалгаа тайлж явдаггүй айл гэж байхгүй. Өвлийн өвгөн аавыг хараад баярладаггүй хүүхэд гэж байхгүй. Гудамжинд явж байхад хүртэл усны тэргээ түлээд явж байгаа хүүхдүүд гүйлдээд хүрээд ирдэг. Тиймээс өвлийн өвгөн аав хүүхэд бүрт ганц ч болов иштэй чихэр өгч, бэлэг түгээхээр хичээгээд л явдаг. Дээрээс нь манай өвлийн өвөө нар дулаахан гутал, хувцас гэх мэт төрөл бүрийн бэлэгтэй явдаг. Их хүнд нөхцөлтэй хүүхэд таарвал дулаахан хувцаслачихна. Ид шидийн уут аянаар явж байх үед нэг удаа бэлэг өгөөд өнгөрөх нь хэцүү юм байна гэсэн үүднээс “Ид шидийн орон” төв байгуулагдаж, Улаанбаатар хотод хүүхэд хамгааллын хоёр төв үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр 100 гаруй залуус маань бүгд сайн дурын залуус. Машин тэрэг, бензин тосоо өөрсдөөсөө гаргадаг. “Ид шидийн уут” аяныг бэлтгэхийн тулд 2 сар орчим бэлтгэл ажлыг хийсэн.  Зарим нь нойр хоолгүй, автобусны мөнгөө өөрөөсөө гаргаж, сайн дурын ажлаа хийхээр ирдэг. Эдгээр залуус бол ид шидийн уут аяны гол амин зүрх нь байгаа юм. Хамгийн гол баатрууд бол сайн дурын залуус маань юм шүү дээ. Бид өнгөц харахад хүүхдүүдэд зүгээр нэг бэлэг тараагаад байгаа юм шиг боловч цаанаа их том утга учиртай. Хүүхдүүдийн аюулгүй байдал ямар байна түүнийг нь тандаж мэддэг. Ямар нэгэн асуудал тулгарсан бол хүүхэд хамгааллын ажил явагдаж байдаг.

ЗАЛУУС.png
ӨВЛИЙ ӨВӨӨД.png

 

7 ЖИЛ ӨВӨӨ.png

Э.Наранжаргалын хувьд 7 дахь жилдээ “Ид шидийн уут” аяныг эхэлснээс хойш тасралтгүй өвлийн өвгөнөөр хүүхдүүдтэй учран золгож, бэлэг түгээж байна.

Тэрээр:

Сайн байцгаана уу хүүхдүүдээ

Өвгөн буурал аав нь

Цас мөсны орноосоо

Цан хүүрэг татуулсаар

Цалин цагаан морио хөлөглөөд

Ид шидийн орны хүүхдүүдээ

Дагуулан давхиулсаар ирлээ гээд л хүүхдүүд дээрээ очдог доо. 2012 оноос “Сэтгэлийн мянган бэлэг” аянаар хүүхдүүдтэйгээ учран золгож эхэлсэн бол 2014 оноос “Ид шидийн уут” аян болж хувирсан. Тэр мөчөөс хойш 9 дэх жилдээ, “Ид шидийн уут”-д 7 дахь жилдээ өвлийн өвгөнөөр ажиллаж байна. Бид машин хүрэхгүй газруудад очиж зорилтот бүлэгтээ хүрдэг. Өвлийн өвөөг хараад хүүхдүүд маш их баярладаг. Гудамжинд явж байхад гүйгээд л хүрээд ирдэг учраас өвөртөө заавал чихэртэй явдаг. Ямар ч айлын хаалгаа татаад орсон хэзээ ч хэн ч уурладаггүй. Нохой ч дайраад байдаггүй. Хүүхэд болгон баярладаг. Маш сайхан байдаг. Хүүхдүүд баярлаж байгааг хараад эргээд бид нар өөрсдөө ч маш их аз жаргалтай болдог. Тийм ч болохоор 9-10 жил явсаар л байна. Цаашдаа ч явсаар л байх болно.

“Ид шидийн уут” аян анх эхэлж байх үед буюу 2013, 2014 онд 10 настай байсан охин саяхан бидэнтэй холбогдсон. Тухайн үед бид хүүхдүүдэд бэлэг өгөхийн зэрэгцээ итгэл бэлэглэх захиа хүргэдэг байсан. Тухайн захианд “Чи төсөөлснөөсөө илүү чадвартай шүү, Чи чадна” гэсэн захиа байсныг хадгалсаар гадагшаа тэтгэлгээр сурахаар болсон гэж эргэн холбогджээ.

264629761_1301752850272246_3329980338225588121_n.jpg

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр: "Энэ жилийн хувьд бид цар тахлаас үүдээд хүүхдүүд хэрхэн амьдарч байгаа, боловсролын хүртээмж хэр байгаа талаар бэлэг түгээнгээ энэ талаарх судалгааг өрнүүлж байна. Ингэснээр 2022 онд ямар ажлууд хэрэгжүллэх талаар ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулах юм.  Сая айлуудаар орж, хүүхдүүдтэй ярилцахад цахим болон теле хичээл хүртээмжгүй байгаа нь анзаарагдлаа. Учир нь алслагдмал гэр хорооллын хүүхдүүдэд телевиз, гар утас зэрэг хүртээмжгүй байгаагаас гадна дата авах боломж хязгаарлагдмал байна. Энэ байдлаас үүдээд асар их хичээлийн хоцрогдол үүсчээ. Энэ хичээлийн хоцрогдлыг нөхөх тал дээр төрийн байгууллагаас дорвитой бодлого авч хэрэгжүүлэхгүй байна. Энэ нь ирээдүйд нь маш их хор хөнөөлийг дагуулах эрсдэлтэй. Тиймээс энэ жил бид боловсролын судалгаа гаргаж, ирэх жил энэ тал дээр төвлөрч ажиллахаар бодолтой байна. “Ид шидийн уут” аян зөвхөн бэлэг тараахаас илүү нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхийг зорьдог" гэв.

Энэ жил “Ид шидийн уут” төслийн залуус 17 баг, 20 гаруй машинтайгаар нийслэлийн 9 дүүргийн алслагдмал хэсэгт амьдардаг хүүхдүүдэд бэлгээ тарааж эхэллээ. Тэд 12-р сарын 18-19-нд зорилтот хүүхдүүдээ хүрсэн бол ирэх хагас, бүтэн сайн өдөр дахин бэлгээ үргэлжлүүлэн түгээнэ.

269710631_3096874027253225_4331164454130599402_n.png
Ид шидийн уут аяны үеийн зураг
269359060_1149542649209451_8505381902756571026_n.jpg
Бэлгээ түгээсээр яваа өвлийн өвшөн, цасан охид 

 

269598240_3097125797228048_8252249626115508272_n.jpg
Хөгжилтэй цасан охид багачуудын зүгт 

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

1 цагийн өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

2 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

5 цагийн өмнө