Х.Нямбаатар: Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ч Монголын төлөө цохилох зүрхтэй ажилласан

2
2021 оны 12 сарын 212021-12-21
Х.Нямбаатар: Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ч Монголын төлөө цохилох зүрхтэй ажилласан

76+ булангийн анхны зочноор УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд  Х.Нямбаатар оролцлоо. Түүнтэй өнгөрсөн долоо хоногт ирсэн захидлын талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Рио Тинтотой хийсэн хэлэлцээ нэг алхам урагшилж, өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв болж шуугиуллаа. Засгийн газраас өмнө нь ямар саналууд тавьсан бэ. Тэр саналуудаас сая хөрөнгө оруулагч тал алийг нь хүлээн авч байгаагаа илэрхийлсэн бэ?

-2021 оны хоёрдугаар сарын 20-ноос эхлээд Засгийн газрын шийдвэрээр хөрөнгө оруулагч талтай УИХ-ын 92-р тогтоолын хүрээнд хэлэлцээр хийх ажлын хэсгийг миний бие ахалж байна. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж ажиллаж, хоёр тал анхныхаа хэлэлцээ эхлүүлсэн. Өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа бас энэ ажлын хэсгийг ахалж байсан. Үүнээс өмнө Г.Занданшатар дарга бас ахалж байсан. Бүх ажлын хэсэг яг адилхан шаардлага саналуудыг тавьж ирсэн. Ажлын хэсгийн ахлагч болгоныг ажиллаж байх хугацаанд ахиц гарсан. Тухайлбал, Г.Занданшатар даргыг ажлын хэсгийг ахалж байх хугацаанд нөгөө “алдартай” нэг их наяд 24 тэрбум төгрөгийн татварын акт анх тавигдсан. Харин Л.Оюун-Эрдэнэ сайдыг ахалж байхад далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд хөндлөнгийн шинжээч томилуулах шийдвэрийг гаргуулсан.

Хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сараас эхэлж гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил геотехникийн хүндрэлээс шалтгаалж зардал хэтэрч удааширсан уу үгүй юу гэдэгт хариулт өгч ажилласан. Энэ оны долдугаар сарын сүүлээр хөндлөнгийн шинжээчид ажлаа дуусгаж дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтийг та бүхэн мэдэж байгаа.

Хөрөнгө оруулагч талын ярьж байгаачлан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хугацаа хэтэрсэн, хойшилсон, зардал хэтэрсэн явдал бол үндсэндээ геотехникийн хүндрэлээс шалтгаалсан зүйл бараг алга.   100 орчим сая төгрөгийн зардал хэтэрсэн явдал бол геотехникийн хүндрэл байжээ гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн. Үүнээс хойш яриа хэлэлцээ ямархуу шатанд яваа вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

92-р тогтоол долоон заалттай. Нэгдүгээрт, 34 хувийнхаа хувь эзэмшлийг тодорхой болго. Эсвэл рояалтигоо солих юм уу, үүнд Засгийн газар дүгнэлт гаргаж ир. Хоёрдугаарт, 53 болон 47 гэсэн үр өгөөжийн харьцааг тодорхой болго. Засаглалыг сайжруулах, Эрдэнэс Оюутолгойг чадавхжуулах, байгаль орчин, усны нөөцийн талаар тодорхой судалгаа шинжилгээнүүдийг хийх гэх мэт үүргүүд өгсөн.

Ажлын хэсэг ямар саналууд тавьсан бэ гэхээр нэгдүгээрт үр өгөөжийг нэмэгдүүлье гэвэл, Хөрөнгө оруулалтын гэрээ, цаашлаад Хувь нийлүүлэгчийн гэрээнүүдэд өөрчлөлт оруулах, Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах шаардлага байгаа талаар саналууд тавьсан. Ингээд бид 53 болон 47, цаашлаад нөгөө ногдол ашгийг ойртуулах гэсэн шаардлагуудыг тавьж ажилласан.

Айлын тал тавьсан саналуудын нэлээд хувийг саяын албан бичиг захидлаар хүлээн зөвшөөрч ирүүллээ.

Тодруулбал, 34 хувь тодорхойгүй байсан. 34 хувь дээр өдөр болгон хүү, нэмэгдэл хүү тооцогдож явсан. Энэ анх 1.4 тэрбум ам.доллараар эхлэсэн. Өөрөөр хэлбэл, 34 хувиа бид эзэмшихдээ хөрөнгө оруулагч талаас 1.4 тэрбум ам.долларын зээлээр бичилт хийлгэж төслөө эхлүүлсэн. Төсөл гэрээ байгуулснаар тооцох юм бол 2009 он. Ил уурхай ашиглалтад орсон гэвэл 2013 он. Өнөөдөр үндсэндээ 2021 он шүү дээ. Энэ хугацаанд 1.4 тэрбум ам.доллар, өнөөдөр 2.3 тэрбум ам.доллар болтлоо өсч өр үүссэн байна. Цаашдаа энэ агуулгаараа явах юм бол, Оюутолгой дээр байгаа санхүүгийн загварчлалаар 2051 он гэхэд бид 22 тэрбум ам.долларын өртэй хоцрохуйц ийм нөхцөл байдал нүүрлэсэн байсан. Бид үүнийг шийдэх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Өөрөөр хэлбэл, 34 хувийн өрийг тэглэж байж Монголын Засгийн газартай дараагийн яриа хэлэлцээ үргэлжлэх боломжтой гэдгийг хэлсэн.

Хоёрдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу манайхны хэлж ярьж заншсанаар Дубайн гэрээг цуцлах асуудал байгаа.

Энд ил уурхайн 600 гаруй сая долларын зардлын хэтрэлтийг зөвшөөрөөд явчихсан. Дээр нь нэмэгдээд дэлхийд нэр хүндтэй 15 санхүүгийн байгууллагуудаас гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө босгох төлөвлөгөө батлуулсан. Ингээд гүний уурхайн менежментийн төлбөр, нөгөө босгосон мөнгө нь дээрээ Рио Тинто өөрөө баталгаа гаргасныхаа төлөө шимтгэл 1.9 хувь, цаашлаад дагалдах элементүүдээс АМНАТ авахгүй байх тухай, ханшийн асуудал зэрэг зүйл үүссэн.

Тухайлбал, санхүүгийн тайлан сүүлд төлөвлөгөөгөө англи хэл дээр гаргаснаар валютаар тайлан тооцоо бүртгэл хийснээс шалтгаалж, ханшийн зөрүүний асуудал үүссэн. Тиймээс гэрээг монгол хэл дээр явуулах, тайланг мөн монгол хэлээр явуулах хэрэгтэй байгаа. Дээрээс нь АМНАТ-ыг тооцож авахад лабораторийн шинжилгээг бидний өөрийн гэрээт лабораториудад лабораторийн дүнг үндэслэж авах гэх мэт олон асуудал Дубайн гэрээгээр шийдэгдэж өгсөн байдаг.

Энэ нь эргээд бидэнд тодорхой хохирлууд учруулж байгаа учраас 2018 онд манайх анх удаагаа татварын акт тавьсан. Өмнө нь бас том актууд тавьж ирсэн. Актын дүн бол их өндөр. Хоёр акт нийлээд 350 гаруй сая ам.доллар. Өнөөгийн үнэ ханшаар нэг их наяд 24 тэрбум төгрөгийн акт байгаа юм. Үүний бараг 90 орчим хувь нь саяын Дубайн төлөвлөгөөгөөр, бусад дагалдах элемент, ханш, суутган тооцох гэх мэт энэ зүйлс дээр үндсэндээ тавигдсан.

Бидний хоёрдугаар тавьсан том шаардлага бол Дубайн гэрээг цуцлах. Мөн гүний уурхайд нэмэлт зардал шаардлагатай. Нэг тэрбум 450 сая орчим ам.доллар гэж. Бид хариуцахгүй гэдгийг хэлсэн. Яагаад гэхлээр хөрөнгө оруулагч тал өөрсдөө тэр өндөр менежментийн төлөвлөгөөг авч явж байгаа учраас өөрсдөө хариуцах ёстой. Энэ өр 34 хувь талд огт бичигдэх ёсгүй гэсэн шаардлагыг тавьсан.

-Хэлэлцээ ингэж явсаар хэзээ эхний үр дүнд хүрч, бичиг цаас болох бол?

-Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын хуваарьт асуудлыг оруулж байгаа. Айлын тавьсан саналын хүрээнд Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл оруулж, танилцуулж батлуулах юм. Яагаад гэвэл бид Дубайн гэрээг цуцлахын тулд УИХ-аас зөвшөөрөл заавал авах ёстой. Өмнө нь Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-аар баталсан. Энэ өөрөө шүүх хүчин төгөлдөр биш гэж үзэн, гадна талд Арбитрын маргаан үүсгээд явж байгаа учраас Далд уурхайн бүтээн байгуулалтыг цуцлах шийдвэрийг Засгийн газарт УИХ өгөх ёстой.

Хоёрдугаарт, өр тэглэж байгаа. Өр тэглэх асуудлыг ямар байдлаар хийх ёстой вэ гэдгийг УИХ бидэнд даалгаж өгөх ёстой. Энэ нь алдахаас урьдчилан сэргийлж байгаа хэлбэр юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн хөндлөнгийн аудит оруулах чиглэлийг УИХ өгөх байх. Айлын тал бас хүсэлт өгсөн.

Хэзээ үр дүн гарах вэ гэж асууж байна. Тэгэхээр санхүүгийн модель дээр одоо ч хөлсөлж авсан зөвлөхүүдээ ажиллуулж байгаа учраас үүнийг хэлэхэд эрт байгаа. Гэхдээ бидний нөгөө анхны айлын талаас өгсөн санхүүгийн томьёоллоор ашиг бол бүр хожуу өгч, бүр хожуу ногдол ашиг, ААН-ийн албан татвар авах тухай яригдаж байсан. Одоо бидэнд санхүүгийн зөвлөхүүдийн өгч байгаа мэдээллээр нөхцөл байдал өөр болж байгаа. Яагаад гэхээр 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж байна. Бид үүнийг төлж байж ногдол ашиг хүртэхээр байсан бол одоо 34 хувийн өргүй, цэвэр 34 хувийн эзэд болж эхэлж байгаа юм.

Хоёрдугаарт, бид засаглалыг сайжруулъя, харилцан хяналт тавьж ажиллая гэдэг байр суурьтай болох талаар ярьж эхэлж байгаа. Ингээд ирэхээр нөгөө зардал тодорхой хэмжээнд өсөхөд хяналт тавьж болох юм. Гуравдугаарт, уурхайнхаа ТЭЗҮ-ийг баталж байж түүнийхээ дагуу явж байна уу гэдэгт манай санхүүгийн байгууллагууд цаашид хяналт тавьж явах ёстой. Өнөөдөр тодотгосон ТЭЗҮ батлагдаагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнийг ойрын хугацаанд шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, бүх юм дүрмийн дагуу явах ёстой. Олон улсын бизнесийн зарчмын хүрээнд явах ёстой. Айлын тал ч гэсэн жил болгон акт тавиулдаггүй хэмжээнд татвараа тайлагнах ёстой. Айлын тал ТЭЗҮ-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Мэдээж газрын гүнд асуудал үүсвэл тухай бүрд нь түүнийгээ мэргэжлийн хүмүүст танилцуулж, дизайн өөрчлөх, тухай бүрд нь гарч буй өөрчлөлтүүдээ тодотгож явах уян хатан зохицуулалттай байх ёстой. Тэгэхээр ийм дүрмээр явъя гэдгийг ярьж байгаа. Цаашид Оюутолгойн асуудалд Засгийн газар, УИХ оролцохоосоо илүүтэй тэнд хувь эзэмшихээр тохирч байгаа чадавхжсан “Эрдэнэс Оюутолгой” энэ асуудлаар Монголын Засгийн газраа төлөөлж, илүү их нарийвчилж ажиллах ёстой. Дэлхийн томоохон гүний уурхайн мэргэжилтнүүдийг манай “Эрдэнэс Оюутолгой” өөрсдөө цалинжуулж ажилладаг болох байх талаар бид судалгааны ажлуудыг хийгээд ерөнхийдөө дуусч байгаа.

Х.Нямбаатар: 2028 онд ил, далд уурхайгаас 8 тэрбум орчим ам.долларын орлого орно

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнгөрсөнд хийсэн хэлэлцээнүүдийг дүгнэж харвал хэр сэтгэл ханамжтай байна. Ингээд ханачихсан уу?

-Мэдээж хэрэг 100 хувь төгс төгөлдөр юм байхгүй. Үе үеийн Засгийн газар алхам алхмаар л сайжруулж урагшлуулахын тулд ажиллаж байгаа. Би өөрийнхөө хийсэн ажилд өөрөө өөртөө дүн тавих нь хаашаа юм. Гэхдээ чамлахааргүй үр дүнд хүрч байгаа гэж ойлгож болно. Цаашид бид энэ татварын маргаантай холбоотой асуудалд үргэлжлүүлэн 6 сар хэлэлцээ хийнэ. Айлын талаас эвийн журмаар шийдье гэсэн санал тавьсан байгаа. Энэ бол амьдрал үргэлжлээд уурхай явагдаж байгаа тохиолдолд илүү боловсронгуй болж, магадгүй бидний хүсэн хүлээсэн хүлээлт хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хугацаанд айлын талтай ойлголцож, давуу эрхийн хувьцаа худалдаж авах ийм нөхцөл байдал үүсвэл их л сайхан байх болно.

Нэг тоо хэлэхэд энэ жил эдний борлуулалтын орлого 2.1 тэрбум орчим ам.доллар хүрэхээр байгаа. Одоо Далд уурхайн бүтээн байгуулалт дуусаад эхний олборлолт хийгдэж эхлээд 2024 онд бидний борлуулалтын орлого 3 дахин өснө. Өөрөөр хэлбэл өнөөдрийн ханшаар 6.3 тэрбум ам.доллар руу хүрч очно. Тэгэхээр энэ манай эдийн засагт маш том дэм болно. Айлын тал НӨАТ-ыг төлж байгаа. Гүний уурхайн олборлолт хурдан ашиглалтад ороосой л гэж бодож байна. 2028 онд ил уурхай, далд уурхай хоёрын нийлбэрээр 600 мянга орчим тоннын зэсийн баяжмал үйлдвэрлэх графиктай байгаа. Энэ тохиолдолд өнөөдрийн борлуулалтын орлого 4 дахин өснө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр далд уурхайн бүтээн байгуулалтаас 2028 онд 8 тэрбум орчим ам.долларын орлого орж ирнэ гэсэн үг юм. Манай улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Тэгэхээр энэ бол Монголын ард түмний баялаг эдийн засагт маш их инерц өгөхөөр байгаа юм.

-Зарим судлаачид өр тэглэгдсэн ч Хувь нийлүүлэгчдийн гэрээ өөрчлөгдөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй гэж ярьж байна. Үүнд манай Засгийн газар ямар арга хэмжээ авахаар байна. Үүнийг мартаагүй биз дээ?

-Энэ ажлыг хариуцаж байгаа хүн бүрийн цохилох зүрх төслийн үр дүнг ард түмэнд илүү өгөөжтэй байлгах талд цаг ямагт бодож сэтгэж, ажиллаж байгаа.

-Арбитрын маргаанд айлын тал 6 сарын завсарлага авъя гэсэн. Энэ хугацаанд эвлэрэл явагдах юм уу, эсвэл хоёр талаас гаргаж өгсөн баримтуудаа татах юм уу. Ер нь яг яаж тохирсон гэсэн үг вэ?

-Лондонгийн арбитрт Оюутолгой ХК Монголын Засгийн газрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн агуулгад Монгол улсын Засгийн газрын тавьсан нэг их наяд 24 тэрбум төгрөгийн татварын актад нэхэмжлэл гаргасан. Одоогоор бол айлын тал өөрийнхөө гаргасан нэхэмжлэлийг татахад бэлэн байгаа. Бид өнгөрсөн хоёрдугаар сард сөрөг нэхэмжлэл гаргасан. Нөгөө талаас эвийн журмаар асуудлаа шийдье гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Бид нөгөө татварын актыг зарцуулчихсан. Та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид илүү нааштай шийдвэрийг хайж ажиллаж байгаа. Ямарваа нэгэн байдлаар Арбитрт унахааргүй шийдлийг хайж, зорьж ажиллаж байна.

Х.Нямбаатар: Улаар огтлох шийдвэрийг ирэх оны нэг, хоёрдугаар сард гарна гэж бодож байна

-Ирэх онд хэлэлцээ дагасан ямархуу үйл явц өрнөх бол. Төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?

-Ирэх онд хамгийн түрүүнд төсөл талаасаа бол улаар огтлох шийдвэрээ гаргах болов уу. Энэ талын хэлэлцээ урагштай, ахицтай байгаа. Улаар огтлох шийдвэр гэсэн процесс байдаг. Ийм шийдвэр гаргаснаас хойш зогсоох тухай ойлголт байдаггүй. Энэ нь өөрөө сүүлийн үеийн уул уурхай, гүний уурхайн технологи юм. Манай дээр хэрэглэгдэж туршигдаж байна. Бид бас зарим зүйлээр бахархах хэрэгтэй. Манай Оюутолгой төсөл хоёр хөршид байхгүй технологи. Уул уурхайд байхгүй техник ажиллаж байгаа. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр дэлхийд 4-т жагсахаар байгаа. Эрдэнэт үйлдвэртэй нийлээд ямар болохыг таашгүй. Цаашид бид гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, нэг өдөр ч алдахгүй улаар огтлох шийдвэрийг гараасай гэж бодож байна. Энэ улаар огтлох шийдвэр ирэх нэг, хоёрдугаар сард гарах байх гэж бодож байна.

Х.Нямбаатар: 2009 оны монголчууд биш болсныг хөрөнгө оруулагч тал ойлгосон

-Оюутолгойн ТУЗ-д Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажиллаж байгаа. Монголын талд олигтой ажилласангүй, энэ хүнийг байлгах хэрэг байна уу гэдэг шүүмжлэл олон нийт дунд байдаг. Энэ хүнийг чөлөөлөх үү. Ер нь ТУЗ дээр ямар шалгуур тавьж байна вэ?

-Манай 34 хувийг төлөөлж З.Ган-Очир, Н.Багабанди, Э.Баясгалан гэсэн гурван хүн ажиллаж байгаа. Сүүлд хоёр хүн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Н.Багабанди гуайг чөлөөлөх эсэхийг би шийдэхгүй. Мэдэхгүй. Яагаад гэхээр миний шууд шийдэх харьяаллын асуудал биш. Үүнийг Засгийн газар шийдэх байх. Ер нь бол ТУЗ Засгийн газрынхаа өгсөн чиглэлийн дагуу асуудалд нэг байр суурьтай оролцож байгаа гэж сонссон.

Баясгалан бол АНУ-д дэлхийн нэр хүндтэй санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин байгаа.  Ган-Очирын хувьд уул уурхайн чиглэлийн гаднын байгууллагуудад ажиллаж байсан боловсон хүчин. Бид бол маш сайн гар нийлж ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг зүйл дээр сэтгэл өег болсон. Би айлын талд ч хэлсэн. 2009 оны монголчууд биш шүү гэж. Өөрөөр хэлбэл, манай залуучууд танай хэлээр сурсан, мэргэшсэн байгаа. Тэгэхээр бидний хооронд боловсрол, соёлын ялгаа гарахгүй ээ. Тийм учраас та нар бидэнд тавьж байгаа зарим шаардлага саналуудаа жаахан учиртай тавиарай гэдэг зүйлийг хэлсэн байгаа. Эхнээсээ чадварлаг боловсон хүчнүүд ирж ажиллаж байна. Манай дэд сайд Б.Солонго байна. Харвардын их сургуулийг төгссөн. АНУ-ын Нью-Йоркийн хуульчдын холбооны гишүүн. Хуулийн фермд ажиллаж байсан. Энэ залуучуудгүйгээр энэ хэлэлцээ урагшлах боломжгүй байсан. Тэгэхээр 2009 оны монголчууд биш болсон гэдгийг хөрөнгө оруулагч тал ойлгосон.

-2009, 2015 оны монголчууд биш болсон гэлээ. Тухайн үеийн шийдвэр гаргасан хүмүүсээс болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Тэгвэл энэ хүмүүст хариуцлага тооцох уу?

-2009 онд шийдвэр гаргасан, улс төрийн хүмүүсийг би маш их зоримог шийдвэр гаргасан гэж боддог. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгой хөдөлж байж өнөөгийн бидний монголчуудын эдийн засгийн тэлэлт явагдаж байгаа. Мэдээж хэрэг тодорхой хэмжээнд туршлага дутаж, алдаа оноо гарсан  зүйл байгаа байх. Би өмнөх үеийнхнийгээ шүүхийн шийдвэргүйгээр шүүн тунгааж яримгүй байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед ч эдийн засаг хүнд байсан. Шахаанд орсон зүйлүүд байсан. Энд бас хууль эрхзүйн болон бусад алдаа гарсан уу гэвэл гарсан. Өнөөдөр тийм ч учраас энэ Хөрөнгө оруулалтын гэрээний үргэлжлэл болж байгаа, Хувь нийлүүлэгчийн гэрээний үргэлжлэл болж байгаа 34 хувийг тэглэх, Дубайн гэрээг цуцлах, зардалдаа задлан шинжилгээ хийх гэх мэт асуудлууд гарч ирсэн. Би түрүүн хэлсэн, энэ чиглэлийн ажил хариуцсан хүн болгоны толгойд энэ асуудлыг сайжруулах энэ чиглэлээр цохилох зүрхтэй ажилласан л гэж бодож байгаа. Би тэр хүмүүсийг цохилох зүрхгүй байсан гэж бодохгүй байна. Туршлага дутсан уу гэвэл дутсан. Тэр үед ийм том төслийг нэр хүндтэй хуулийн зөвлөх үйлчилгээ аваад хийсэн бол өнөөдрийнх шиг нөхцөл байдалд хүрэх байсан уу гэдгийг эргэж бодох л байх.

Х.Нямбаатар: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс их зүйл хүлээж байна

-Шүүхийн хууль сая цогцоороо шинэчлэгдчихлээ. Эерэг хүлээлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулахдаа унтраачих шиг боллоо. Ялангуяа ШЕЗ дээр ажлын хэсэг нь шалгуур хангахгүй хүнийг оруулж ирээд УИХ дахиад гишүүн болгоод, дарга болчихлоо гэж яриад байна. Үүнд юу хэлэх вэ?

-Би байнгын хороон дээр хэлэх үгээ хэлсэн шүү дээ. Үүнийг харсан байх. Нэмж юм хэлмээргүй байна. Шүүхийн тухай хуулийн тухайд шүүхийн шинэчлэлийг хийхээр зорьж ажиллаж байна. Хоёр Засгийн газар дамнаж, хоёр Ерөнхийлөгч дамжиж энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна. Энэ дунд маш олон үйл явц болсон. Энэ хуулийн төсөл бичигдэхээс өмнө маш том том улс төрийн акцууд хийгдсэн. Нийгмийн уур амьсгал сэтгэл зүй аль хэдийнэ шүүхийн шинэчлэлд бэлтгэгдсэн ийм цаг үед хууль батлагдсан. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Нэг ийм үг байдаг. Хүнээс шалтгаалдаг тогтолцоо байвал тэр муу тогтолцоо. Хүнээс үл шалтгаалах байдлаар тогтолцоо нь өөрөө засаж залруулаад явдаг бол тэр сайн тогтолцоо гэж. Бид хамгийн том алхсан юм гэвэл улстөрчдөөс, Ерөнхийлөгчийн институцээс ШЕЗ-ийг холдуулсан. Шүүхийн сахилгын хороог холдуулсан. Шүүгчийн томилгоог холдуулсан. Энэ бол маш том дэвшил.

Хоёр дахь нь, шүүгчийг мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргах хүрээ хязгаарыг хуульд нь бичээд өгсөн. Одоо тэрийг шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн байгууллага болох шүүхийн сахилгын хороо нь манаачаа хийгээд суух ёстой. Дээр нь боловсон хүчний шинэчлэл хийгдээгүй бол тэр шинэчлэл унадаг гэж авч үздэг. Шүүхийн ерөнхий зөвлөл боловсон хүчний шинэчлэл хийхэд манлайлал гаргаж ажиллах ёстой.

Өнөөдөр засаг захиргаа дагасан шүүхүүдэд ачаалал нь харилцан адилгүй байх юм уу, эсвэл Үндсэн хуулийн шинэ боломжийг ашиглаж тойргийн зарчмыг зарим тохиолдолд оруулж ирэх, хэрэг маргааны ачааллыг тэнцвэржүүлэх замаар шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх юм уу. Хоёрдугаарт, маргааныхаа төрлөөр төрөлжсөн шүүхүүдийг байгуулах. Энэ бол бидний ирээдүй. Дээр нь шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх явцыг цахимжуулах ёстой. Өнөөдөр бараг ихэнх улс нэхэмжлэлийг цахимаар авч байгаа шүү дээ. Мөн зарим хэрэг маргааныг шийдвэрлэхэд хиймэл оюун ухаан оруулж ирж шийдвэрлэх. Өөрөөр хэлбэл, хүн маргаан шийдвэрлэхгүйгээр робот маргааныг эцэслэн шийдвэрлэдэг. Энэ чиглэл рүү ойрын үед нэг алхам урагшлах ёстой. Тиймээс бид шинэ ерөнхий зөвлөлөөс их зүйл хүлээж байна. Хуулийн дагуу ШЕЗ шүүх байгуулах саналаа Засгийн газарт хүргүүлэх ёстой. Түүнийг нь Засгийн газар хуулийн төсөл болгож УИХ-д оруулах ёстой. Ерөнхий зөвлөлөөс их зүйл хүлээж байгаа гэдгээ дахин хэлье.

-Сүүлийн 2 жилийн хугацаанд хөл хориотой байснаас шалтгаалж, иргэдийн уур бухимдал туйлдаж хэд хэдэн удаагийн жагсаал цуглаан болсон. Энэ үеэр хүний эрхийн зөрчил үүссэн. Хууль зүйн сайдын хувьд цаашид хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байхад хэрхэн анхаарах вэ?

-Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр яг энэ асуудлаар нээлттэй сонсгол хийнэ. МАН-ын 30-р Их хурлаас хүний эрхийн зөрчил гэдэг дээр ажлын хэсэг гараад явсан. Би түүн дээр хуульч залуучуудад хэлсэн. Та нар зөв мэдээллээр удирдлагууд, олон нийтийг хангах ёстой. Өнөөдөр Монгол Улсын 300 гаруй хуулийн 800 гаруй зүйл заалт хүний эрхийг зөрчиж байна гэж ярьсан. Хуульчид ийм зүйл ярьж болохгүй. Яагаад гэхээр өнгөрсөн 30 жилд Монгол Улсад Үндсэн хуульт байгууллага байгаагүй юм байна. Энэ хуульчдын яриад байгаа шиг 800 гаруй зүйл заалт хүний эрх зөрчиж байсан юм бол өнгөрсөн 30 жилд дарангуйлалд төр тогтож байсан юм байна гэж ойлгогдохоор байна. Ковидын үед хүний эрхийг хязгаарлахаас өөр аргагүй. Яагаад гэвэл энэ нь хүн амын эрүүл мэнд, улс гүрэн орших, эс оршихын талаар ярьж байгаа асуудал. Хүний эрх өөр хэн нэгний эрхээр хязгаарлагдаж байдаг. Нийтийн сайн сайхны төлөө хязгаарлаж байгаа. Тэрнээс биш эрх баригч хүчин ковидоор дамжуулж бүх хүний хөлийг хорьж байгаа асуудал биш юм.

-ФАТФ-аас 40 зөвлөмж хүргүүлсэн. Үүнээс хэд нь биелсэн байгаа вэ. Хэзээ тайлангаа гаргах вэ?

-Саарал жагсаалтаас гарахад 40 зөвлөмж хүргүүлсэн. Одоо бид ирэх гуравдугаар сард тайлан хүргүүлнэ. Бид нар өнөө маргаашгүй Ази, Номхон далайн бүсэд Өршөөлийн хуулийнхаа талаар тайлбар хийнэ. Бид ирэх онд Ашгийн тухай хуулийн этгээдийн тухай хуулиа батлуулна. Сая Виртуал хөрөнгийн тухай хуулиа батлуулчихсан. Үүний дараа үндэсний хөтөлбөрөө батлуулна. Ингээд 2023 онд дүгнэгдэнэ. Мөнгөн зээлийн үйлчилгээ, Ломбардын хууль өнөөдөр УИХ дээр гацчихсан байж байна. Энэ бас хийгдэх ёстой. Яагаад гэхээр Монгол Улс дээр эргэлдэж байгаа санхүү  мөнгө болгон бүртгэлтэй байх ёстой л гэж үзэж байгаа. Мөн бид ирэх 2022 оныг салбарын хэмжээнд Хувийн эрх зүйн шинэтгэлийн жил болгон ажиллахаар зорьж байна. Бизнес эрхлэгчиддээ шударгаар хөдөлмөрлөх боломж олгосон, хөрөнгө оруулагчдад ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Санал болгох

Дахин хуваарилалт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Хөдөө аж ахуйг ярианы сэдэв, үйлдэл болгосон хоёр нь Архангайгаас сонгогдсон Г.Тэмүүлэн, Булганаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ нар юм. Г.Тэмүүлэнгийн ажлын туршлага уул уурхайнх бол Ж.Бат-Эрдэнийнх зам тээврийнх. Харин хууль тогтоогчийн хувьд малын генетик нөөц, бэлчээр ашиглалт, жижиг дунд үйлдвэрлэл, малчдын нийгмийн асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулж, санаачилгатай ажиллаж байгаагаараа Байнгын хорооны бусдаасаа тэд илүү ажиллаж байгаа.

5 цагийн өмнө
Дахин хуваарилалт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Жолоочийн хүүхэд гэдгээрээ Зам тээврийн сайд болж үзсэн Б.Энх-Амгаланд Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хорооны академид сурч 1995-1999 онд УАХЕГ-т ажилтан хийж байсан намтар нь тус болохыг үгүйсгэхгүй.

5 цагийн өмнө
Д.ГАНБАТ: Бид гурав дахь хөршийн бодлогыг баримтлах ёстой

Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалт энэ сарын 1-15-ны хооронд болж буй. Энэ үеэр орон сууцны хороолол, гудамжаар танк явж,  дээгүүүр нь нисдэг тэрэг хөөрч байгаад иргэд шүүмжлэлтэй хандсан. Энх цагт дайн болох дохиог дуудаж байна гэж болгоомжилж буй. Энэ талаар Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллийн цагаар өнөөдөр /2022.08.11/ хээрийн сургуулилтын үйл явцын талаар Засгийн газар нээлттэй мэдээлэх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.

11 цагийн өмнө
Дагуул хотуудыг барих "үлгэр"

Дагуул хотын тухай 20 жилийн өмнө дуугарч байсан ч өнөөдрийг хүртэл нийслэлдээ багтахаа байтлаа чихэлдэж, уулын орой дээр хүртэл гэр байшин бариад сууж байгаа нь төрийн бодлого шийдвэр хүндээ хүрдэггүйн бодит жишээ. 

12 цагийн өмнө