Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

3
2021 оны 12 сарын 272021-12-27
Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд оролцлоо. Түүнтэй Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болон сонгодог парламент, сонгуулийн холимог тогтолцооны талаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгээс Цар тахлын хуулийг зургаан сараар сунгах санал гаргасан. Цар тахлын хуулийн гурван зүйлд иргэд шүүмжлэлтэй байгаа. Тэгвэл сунгах эсэхэд таны хувьд ямар байр суурьтай байна вэ? 

-Цар тахлын хуулийг зургаа зургаан сараар гурван удаа сунгалаа. Үүнийг буруу гэж бодож байна. Энэ хуулийг анх баталж байхад онцгой үед богино хугацаанд гал унтраах хууль гэж үзэж байсан. Энэ хуулийн хүрээнд нийгмийн асуудлыг шийднэ гэж хэлж байсан. Тэрэнд зориулж төсвөөс санхүүжилтыг нь тусгачихсан юм. Цар тахлын хуульд хүний эрхийг зөрчсөн маш олон заалт туссан. Энэ Засгийн газар байгуулагдсанаасаа хойш бүрэн эрхийнх нь хоёр жил дуусах гэж байна. Гэтэл энэ хугацаанд цар тахлын хуулиар засагласаар байгаад дууслаа шүү дээ. Онцгой байдал болон гамшгийн асуудлуудыг хуульчлаад явах хангалттай хугацаа байлаа. Эрх барьж байгаа нам 62 гишүүнтэй. 20 хуулийг шинэчлэх боломж бүрэн байлаа шүү дээ.

Мөн маш олон томилгооны асуудал байна.

Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийг “сэтгэл ханамжтай байна уу” гэхээр үгүй л гэж гарч ирээд байгаа юм. Гэтэл Засгийн газраас томилогдсон төрийн албан хаагчид Төрийн албаны хуулиа мөрдөхгүйгээр шууд томилогдож байгаа шүү дээ. Төрийн ажилд ямар ч туршлагагүй хүмүүс томилогдож байна. Энэ байдал цаашид үргэлжлээд яваад байх юм бол, төрийн ажлын чадавх суларна.

Дараагийн нэг ноцтой асуудал бол онцгой нөхцөл үүссэн учраас Засгийн газрын төсвөөр хийгдэж байгаа худалдан авалтууд бүгд шууд гэрээгээр хийгдэж байгаа. Тендер зарлагдахаа больчихсон. Тухайлбал, эрүүл мэндийн салбар амны хаалтыг 20 мянган төгрөгөөр шахаад, гэтэл зах зээл дээр 2000-3000 төгрөг байх жишээтэй. Энэ бүгд шууд гэрээгээр хийгдсэн. Үр дүнд нь иргэдийн зовлонгоор хэн нэгэн мөнгө хийгээд байна гэсэн үг шүү дээ.

Тэгэхээр ийм байдлаар цаашдаа явах нь буруу.

Өнөөдөр дэлхий даяараа коронавирустэй тэмцэж байна. Шинэ мутаци гарч байна. Тийм болохоор энэ хуулийг сунгая гэсэн тайлбар хийж байх шиг байна. Дэлхий дээр нэг хуулиар бүх асуудлаа шийддэг манайх шиг улс байхгүй байх. Бүх эрх мэдлээ Засгийн газартаа өгчихлөө шүү дээ. Хурдан шуурхай шийдвэрээ гарга. УОК-оо хуралдуул. Эх үүсвэрээ та нар өөрсдөө зарцуул гээд. Гэтэл эх үүсвэр гаргах, зарцуулах, төсөв батлах үндсэн эрх УИХ-д, хууль тогтоох шийдвэр нь УИХ-д байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ хуулиар УИХ-ын шаардлага байхгүй болчхоод байна л даа. Цаашдаа ингэж сунгаж явсаар дөрвөн жил засаглах гэж байгаа юм бол, УИХ-аа тараачих л даа. Ямар шаардлагатай юм. Тэгээд Засгийн газар нь цар тахлынхаа хуулиар засаглаад яваг л дээ.

Хэдхэн хоногийн өмнө эрх барьж буй МАН 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Түүгээрээ иргэдэд таалагдсан том том мэдэгдэл хийсэн шүү дээ. Эрх барьж байгаа нам хүний эрхийг хамгаалж дээдэлнэ. Хоёрдугаарт, санхүүжилт нь илүү ил тод нээлттэй байна. Гуравдугаарт, эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогыг гаргаж ирнэ гээд. Ийм үндсэн гурван том илтгэл тавьж иргэдэд мэдээлэл өгсөн. Гэтэл энэ гурав чинь гурвуулаа энэ Ковидын хуулиар зөрчигдөөд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, КОВИДын хуулиар иргэдийн эрх чөлөөг хязгаарласан, жагсаал цуглаан хийхгүй ийм зохицуулалт байна. Хоёрдугаарт, хаашаа ямар мөнгө орчихов, тэр санхүүжилт ил тод нээлттэй байна уу гэхэд КОВИДод зарцуулсан мөнгөө ч мэдэхгүй байна. УИХ-ын гишүүний хувьд томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг наашаа бичгээр өгөөч гэхээр бүгдээрээ улсын нууц гээд харуулахгүй байна.

Эдийн засгийн сэргэлтийг дэмжинэ гэж байгаа. Гэтэл КОВИДын хуулиар чинь эдийн засгийг хориглосон, хязгаарласан байгаа шүү дээ. Эдийн засгаа сэргээе гэж байгаа бол, ААН-үүдээ дэмжинэ, үүд хаалгыг нь нээнэ, ажиллах боломжийг нь хангана. Мөн биз дээ. Гэтэл КОВИДын хууль чинь эсрэгээрээ хязгаарлаж байгаа шүү дээ. Тэгэхээр эрх барьж байгаа нам энэ асуудлыг уриа лоозонгоо болгочихоод, Засгийн газар нь эсрэгээрээ хийгээд ингээд яваад байж болохгүй ээ. Тийм болохоор эргэж хараад, КОВИДын хуулийг дуусгаж, шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцэх шаардлага байна. Парламент нь парламент шиг шийдвэрээ гаргаад, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар нь хэрэгжүүлээд явдаг. Нээлттэй ил тод, хүний эрхийг дээдэлсэн, хэрэгжүүлж байгаа ажлууд нь үр ашигтай. Ямар нэгэн хулгай байхгүй байгаасай гэж бодож байна.

-Та 2022 оны төсөв болон “Давхар дээл”-ийн асуудлаар ҮХЦ-д хандсан шүү дээ. Энэ асуудал ямар шатандаа явна вэ?  

-Өнгөрсөн 30 жил бид цемент зуурч ирсэн. Энэ хугацаанд УИХ-ын гишүүдийн гарч ирсэн тойргуудыг усладаг, санхүүжүүлдэг ийм байдлаар явж ирлээ. Үндсэн хуульдаа өөрчлөлт хийлээ. Нэмэр алга. Эсрэгээрээ нөгөө Богд зонхова мэтийн шавар бурхадаа зуурдаг, нөгөө л нэг соёлын төв, орон нутгийн захиргааг өөрчилж, тууз хайчилдаг зүйл хэвээр байна. 2022, 2023 онд сонгууль байхгүй. Гэхдээ төсвөө тэлчихлээ. 18 их наяд. ДНБ-ий 40 хувь. Төсвийн алдагдал өндөр байна. Тэгэхээр цааш яаж хөгжих гээд байгаа юм бэ л гэж байгаа юм. Энэ улс хөгжихийн тулд хүнд таалагдсан ажил бус, дунд, урт хугацаа руугаа чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх ёстой.

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлье гэх юм бол, эхлээд дагуул хотынхоо дэд бүтцийг шийдвэрлэх ёстой шүү дээ. Газар доор явдаг, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус гэх мэт. Тийшээгээ мөнгө хийхгүйгээс болоод хот чинь дөрвөн уулынхаа дунд чигжигдээд, хүмүүс нь зам дээрээ бөөгнөрөөд стрессдээд байна.

Сүүлийн хоёр сарын хугацаанд хил гааль гацаатай, бараа бүтээгдэхүүн нь үнэд орчихсон байдалтай байна. Байгаа түүхий эдээ экспортолж чадахгүй. Яагаад гэхээр төмөр замын дэд бүтэц байхгүй. Үүнийгээ 10 гаруй жил, өргөн, нарийн цариг уу гээд хэрүүл хийж явсаар байгаад шийдээгүй. Гэтэл үүнийг чинь төсвөөс шийдэх ёстой биздээ. Дээрээс нь боомтуудын асуудлууд байна. Монголын талын боомтыг Хятадын боомттой харьцуулах юм бол, газар тэнгэр шиг ялгаатай. Ядаж тэнд рентген аппаратаар машин, вагонтойгоо шууд гараад, тэрийгээ ялгаад хардаг болгомоор байгаа юм. Экспорт хийхгүй тохиолдолд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулна. Одоо бид яг нүүр тулж байна. Нэг кофе шоп ажлуулдаг гээд бодъё. Тэнд ашиглаж байгаа орцны 90 хувь нь импорт байна шүү дээ. Нэг монгол гутал үйлдвэрлэхэд 50 ширхэг материал ордог гэж авч үзвэл, үүний 48 нь импортоор авч байна гэж манай экспорлогчдийн форум дээр ярьж байна шүү дээ. 100 хувь Монголоосоо үйлдвэрлэдэг юм бараг байхгүй байна.

Халамжаараа дээр ярьсан КОВИДын хуулиар “таньд мөнгө өгье, та гэртээ суу” гээд байгаа юм. Тэгэхээр чинь энэ улс чинь яаж хөгжих вэ. Ажил хийдэг хүн олдохоо байлаа шүү дээ. Өнөө халамжаас хөдөлмөр рүү гээд байсан Засгийн газрын бодлого чинь хаана байгаа юм бэ. Монгол хүмүүст нэг удаа олгодог халамж хэрэггүй. Ажлын байр хэрэгтэй.

Тэгэхээр төсвийн асуудал хүнд байгаа. Ирэх жилийн орлого бол хөөсөрчихсөн. Зарлага бол тэлчихсэн. Үр дүнд нь алдагдал маш их. Алдагдлыг төсвийн зээлээр санхүүжүүлдэг. Тэр нь өр болдог. Өрөөрөө Монгол улс нэг хүнд ногдохоороо дэлхийд нэгдүгээрт явж байгаа шүү дээ.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхыг таны хувьд дэмждэг. Тэгвэл парламентын гишүүдийн тоог  нэмэгдүүлэхэд таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд монголчуудын зовлон юу байсан бэ гэхээр, Ерөнхийлөгч нь эрх мэдэлтэй, Ерөнхий сайд нь ч эрх мэдэлтэй байсан. Нэг намаас Ерөнхийлөгч нь гарсан байна уу, үгүй байна уу гэдгээс үл хамаараад дандаа хоорондын зөрчил үүсдэг байсан. Шийдвэр гаргах, хөрөнгө санхүүгийн асуудал шийдэх, хууль шүүхийн байгууллагыг гартаа оруулах, хуулийн хонгил гэж ярьдаг шүү дээ. Үүнээс шалтгаалж, зөрчилдөөн их үүсдэг. Үүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Үр дүнд нь Засгийн газар 1.5-1.6 жилийн хугацаанд л ажиллаад огцордог. Бодлогын залгаа байхгүй, хөгжил ярих ямар ч боломжгүй байлаа. Үүнийг шийдэх хувилбар юу вэ гэхээр ерөөсөө л нэг тийшээгээ болгох. Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентийн засаглал уу гэдгийг нэг тийш нь болгох юм. Гэтэл 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг үзэх юм бол, Монгол Улс  парламентын засаглалтай, бүгд найрамдах улс байна гээд тов тодорхой заачихсан байдаг. Энэ агуулгаар 2019 онд нэмэлт өөрчлөлт хийж, парламентын засаглал руу орсон. Харамсалтай нь маш сайн заалтууд гээгдсэн. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн зүгээс ажлын хэсэг гаргаж, парламентийн 62-ын бүлэг нь саналаа гаргаад хоорондоо нэгтгэж яваад, сайн 4-5 заалтыг орхигдуулсан. Тийм болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог болох хэрэгтэй. Бусад парламентын засаглалтай улс оронтой яг адилхан байх ёстой. Хэрвээ цөөхөн байна гэж үзэх юм бол магадгүй, нийслэлийн иргэдийн төлөөлөгчид болон, дүүрэг аймаг, орон нутгийн төлөөлөгчдийн хүрээнд өргөтгөсөн байдлаар Ерөнхийлөгчөө сонгож болно. Яагаад гэхээр, төлөөлөгчдийг ард иргэд сонгодог. Хоёрдугаарт, судлаачдын тооцож байгаагаар парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэдний үзэж байгаагаар 140 орчим хүн байх шаардлагатай байна. Анх Үндсэн хуулийг баталж, парламентын гишүүдийн тоо 76 гэж байхад нийт сонгогчдын тоо нэг сая байсан. Гэтэл одоо 2.4 сая болсон. Куб язгуурын аргаар тооцохоор одоогийн парламентын гишүүдийн тоо бага байгаа юм. Мөн яагаад нэмэгдүүлэх ёстой вэ гэхээр, Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжиж кноп дарж байгаа хүмүүсийн кноп нь өнөөдөр их хүчтэй байгаа. 76 гишүүнээс 16 нь тухайлбал, засагт ороод ажилла гэхэд нэг хүн, нэг хүнийг хянаад явахад үндсэндээ парламентын 50 хувь нь болох гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр улс орны язгуур эрх ашигтай холбоотой шийдвэр гарлаа гэхэд Засгийн газар нь парламентынхаа дээр гарчих магадлал байгаа юм.

Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

Тийм болохоор гишүүдийн тоог өсгөх замаар нэг товчлуурт оногдох хүчин чадлыг олон хүнд хуваарилах замаар парламентын дархлааг дэмжиж, шийдвэр гаргалтыг зөв баланс тэнцвэртэй байлгах боломжтой гэж харж байгаа. Хэрвээ парламентын гишүүдийн тоог өсгөх нь зөв гэж байгаа бол Засгийн газрыг парламентын гишүүд бүрдүүлэхийг нээж өгөх ёстой. Яагаад гэхээр, сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газрын гишүүн, өөрийнхөө кабинетын гишүүдийг 100 хувь санал болгоно. УИХ-ын гишүүд сайдыг түүнийг томилохгүй гэсэн заалттай байхгүй юу. Мөн чөлөөлөх нь ижилхэн. Кабинетаар нь Ерөнхий сайдтай нь хариуцлага тооцно. Түүнээс биш шүд сугалдаг юм байхгүй болчихсон. Энэ бол Засгийн газрын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн заалт. Гэтэл нөгөө талдаа та кабинетынхаа гишүүдийг өөрөө сонгоно шүү. Гэхдээ дөрвөн гишүүнийг нь парламентаас сонгох ёстой гэсэн заалт оруулчихсан. Энэ нь хоорондоо зөрчилдөөд байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг сонгохдоо 100 хувь дан дээлтэй эсвэл 100 хувь давхар дээлтэй байж болно гэдэг эрхийг нь өгөөд хариуцлага тооцоод явдаг байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Парламентын засаглалтай орнууд ийм л байдаг.

Т.Доржханд.JPG

-Хэрэв холимог тогтолцоотой болвол ямар давуу болон сул тал үүсэх вэ?

-Одоо манайх холимог тогтолцоотой болох ёстой. Миний хувийн байр суурь 100 хувь пропорциональ тогтолцоотой болох юм. Шилжилтийн үед бол нийт гишүүдийн 50 хувь нь пропорциональ, 50 нь тойргоо төлөөлж болох юм. Яагаад гэхээр, манайх хөгжиж байгаа үндэстэн. Жижиг эдийн засагтай. Энэ эдийн засгийн хувьд маш олон дэд бүтцийг санхүүжүүлэх шаардлагатай байгаа юм. Тэгж байж бид орлого олоод, олсон мөнгөөрөө иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, ажлын байранд зарцуулах ёстой юм. Өөрөөр хөгжих боломжгүй. Гэтэл сүүлийн 30 жилийн төсвөөр дэд бүтцийн ажил хийгээгүй. Хамгийн дээд тал нь 10 тэрбум төгрөгийн санхүүжилт байдаг. Бүх томоохон дэд бүтцийн төслийг гадны зээл тусламжаар санхүүжүүлсэн. Цаашдаа ингэж явж болохгүй. Тэгэхээр асуудал хаана байна гэхлээр, Монгол Улсын төсөв дээр байна. Яагаад гэхээр, төсөв 76 тийшээ татагдаад байна.

Нэг инээдтэй жишээ байдаг юм л даа. Нэг Их хурлын гишүүн сумын төв дээр 100 хүүхдийн ортой эмнэлэг барьж. Баригдсаны дараа үр дүнг нь харсан чинь бүтэн жилийн хугацаанд нэг л хүүхэд төрсөн байгаа юм. Бусад нь яасан бэ гэсэн аймгийн төв рүү ороод төрчихсөн. Бүр боломжтой нь хот руу ороод төрчихсөн. Гэтэл тэр эмнэлгийг барьснаас эхлээд харуул хамгаалалт, дотор нь ажиллах хүний нөөц гээд баригдаж дуустал, 50 жилийн хугацаанд улсын төсөв дээр үр ашиггүй зардал ирээд суучихаж байгаа байхгүй юу. Нэг хүүхдийг эмчлэхийн тулд 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргаж эмнэлэг бариад, жил бүр 500 сая төгрөгийн зардал гаргаад явах өгөөжтэй юу. Гэтэл Улаанбаатар хотод шахцалдаад, ор байтугай шал олдохгүй явж байна шүү дээ. Энэ зөв бодлого уу. Эсрэгээрээ бид дэд бүтцээ хөгжүүлж дэмжмээр байгаа юм. Эрчим хүчний станциудаа барьмаар байна. Авто зам болон төмөр замынхаа тээврийг хөгжүүлмээр байна. Боомтуудынхаа тоог нэмэгдүүлмээр байна. Аялал жуулчлал Монголын давуу тал гэж байгаа юм бол, аялал жуулчлалыг татсан бүтээн байгуулалтууд хийх нь зүйтэй. Цаашдаа төсвийн мөнгө 76 тийшээ тараад, тэрүүгээрээ Богд зонхава шиг хөшөө бариад л түүндээ мөргөөд л, мөргөөд л, мөргөөд л явах юм бол бид хөгжих боломжгүй. Тиймээс үүнийг өөрчлөх арга зам нь сонгуулийн тогтолцоо юм. Сонгуулийн тогтолцоог парламентийн гишүүдийн тал хувь нь бодлого ярьдаг, пропорциональ хэлбэрээр гарч ирээд, нийт монголчуудыг төлөөлдөг. Нийт бодлогын асуудлаар мэтгэлцдэг, хөгжлийн санхүүжилт хийдэг. 3.4 сая иргэний эрх ашгийг хангадаг. Ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт хийдэг баймаар байна. Парламентийн гишүүд бодлого ярьдаг төлөвлөдөг баймаар байна шүү дээ. Гэтэл 76 гишүүн тойрог ярьдаг, сумын төв ярьдаг, дүүргийн 5-6 хороо ярьдаг. Түүндээ очоод алга ташуулаад тууз хайчлаад, тэрийгээ халамжлаад яваад байх юм бол, Монгол Улс хөгжихгүй ээ. Тиймээс сонгуулийн тогтолцоог холимог болгох хэрэгтэй.

-Ирээдүйн өв сангийн тухай хуулийг батлахад таны үүрэг оролцоо байсан шүү дээ. Баялгийн сангийн мөнгийг 2030 он хүртэл хадгална гэсэн боловч, өнөөдөр хүүхдийн мөнгө гээд олгож байна. Үүнд ямар байр суурьтай байна?

-Ирээдүйн өв сан яагаад үүссэн бэ гэхээр, бидэнд хадгаламж хэрэгтэй байна. Өнөөдөр бид баялагтай байж болно. Гэхдээ өнөө үед дуусчихвал яах вэ. Бидний үр хойч яах вэ. Дэлхий дээр олон орны жишээ байдаг. Баялагтай улс үүнийг зараад, орж ирсэн мөнгөөр нь тансаглаад л, үр хойчдоо юу ч үлдээгээгүй дуусгачихсан орон Африкаар дүүрэн байна. Манай үе үеийн Засгийн газар энэ мөнгийг хадгалж яах юм, аваад үрчихье гэдэг байсан. Гэхдээ 2030 он хүртэл гар дүрэхгүй байя аа гэж. Энэ нь ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд зарцуулагдах ёстой. Энэ бол дэлхий дээр байдаг систем. Араб, Африкийн жишээ байна шүү дээ. 1960 онд Араб ядуу орон байсан. Гэхдээ ирээдүй хойчоо бодож, төлөвлөж хийсэн. Баялгаа зараад, хадгалаад тэрийгээ өсгөж үржүүлээд өнөөдрийн энэ түвшинд хүрсэн. Харин Африк баялгаа үрээд дууссан. Тиймээс манай улс үе хоорондынхоо тогтолцоог бодож, хадгалж хуримтлуулах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан ч буцаагдсан. Харин Сангийн яам нь дээр ажлын хэсэг гарч шинэчлэхээр ажиллаж байна. Тэгвэл уг хуульд ямар шинэчлэл хэрэгтэй вэ?

-Энэ салбар өөрөө хөгжих ёстой. Санхүүгийн салбар дотроо 1 хувийг ч эзлэхгүй байгаа. Маш жижигхэн зах зээл. Гэтэл олон улсад үндсэн хөрөнгө оруулагчид нь даатгалын систем байдаг. Иргэд даатгалаа ойлгохгүй байна. Сайн дурын даатгал гэж байдаг. Тэр нь иргэн өөрөө эрсдэл байна гэж үзэх юм бол даатгуулдаг. Заавал даатгал нь нийтээрээ эрсдэлд орох гээд байна гэдэг үүднээс даатгадаг даатгалыг хэлдэг. Жолоочийн хариуцлагын даатгал гэдэг нь та заавал даатгуулах ёстой. Яагаад гэхээр, авто замын осол их гараад байна, аваарь гарахаар зарим иргэн мөнгөгүйгээсээ болоод шоронд ороод байна. Зарим нь хүний эрүүл мэндэд гэмтэл бэртэл учруулаад, хохирлыг нь барагдуулж чадахгүй байна. Тэгэхээр энэ чинь машин бариад явж байгаа жолоочийн асуудал биш, зам дээр явж байгаа хүмүүсийн асуудал давхар яригдаж байгаа юм. Тэгэхээр, цаад агуулгаар нь авч үзвэл, даатгалын салбар хөгжих ёстой юм. Энэ бол санхүүгийн бүтээгдэхүүн юм. Санхүүгийн хүний хувьд санхүүгийн салбар эрүүл бус байна гэж харж байгаа. Банкны салбар 30 хувь, хөрөнгийн зах зээл нь 30 хувь, үлдсэн 30 хувь нь даатгал болон бусад санхүүгийн үйлчилгээнүүд байж бид зөв явах гээд байгаа юм. Бид сонголттой болох гээд байгаа юм. Өрсөлдөөн бий болгомоор байна шүү дээ. Тэгэхээр даатгалын салбар бол чухал юм. Үүнийг төр авч болохгүй.

Т.Доржханд: Хөл, гар болоод байгаа юм биш ээ, зөв зарчмыг дэмжиж байна

-Иргэдийн дунд яригддаг дам ярианд таниас хариулт аваад, ярилцлагаа өндөрлье. Т.Доржханд гишүүн эрх барих намын хийх ажлыг урдуур нь орж хийгээд, МАН-ын гар хөл болоод байна уу гэж харддаг. Үүн дээр юу хэлэх вэ?

-ХҮН нэг суудалтай. Бид зогсохгүйгээр урагшилна. УИХ, нийслэл дүүргийн түвшинд бид төлөөлөлтэй. Бидний эрх ашиг бол Монгол Улсын хөгжлийн эрх ашиг. Үүн дээр МАН, АН аль нь ч байсан нэгдэх юм бол, бид түүнийг нь дэмжинэ. Зөв зүйлийг нь дэмжиж, буруу зүйлд хатуу байр суурьтай байна. Хоёрдугаарт, УИХ-д орж ирснийх өөр соёлыг оруулж ирье гэж бодож байгаа. Тэр нь бодлогын мэтгэлцээн хийдэг болъё. Судалгаан дээр суурилсан бодит мэтгэлцээнүүдийг хийдэг болъё гэж байгаа юм. Сөрөг хүчин гээд дандаа сөрөөд байдаг бус язгуур эрх ашиг дээр нэгддэг байя аа гэж байгаа юм. Зөв системийг дэмжээд ирэхээр энэ МАН-ыг дэмжээд байна, МАН-ын гар хөл болчихжээ гэдэг. Бидэнд тийм зүйл байхгүй шүү дээ. Т.Доржханд гэдэг хүнд хэн нэгнийг хүлээн зөвшөөрөөд долоогоод, үгээр явах гэсэн ёс зүй байхгүй.

Өмнөх Ерөнхийлөгчийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан нь бол үнэн. Энэ бол Монгол Улсад ардчилал байдаг байгаасай, парламентын засаглалтай байгаасай, нэг хүний засаглал руу битгий орчихоосой, нэг хүний засаглалаар дамжуулан хэн нэгэн гаднын эрх ашиг Монголд битгий байгаасай гэж сөрсөн. Харагдах байдлаараа магадгүй АН-ын ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүй байгаад, МАН-ын нэр дэвшигчийг дэвшүүлчихлээ гэсэн байдлаар АН нэлээд их сэвсэн. Уучлаарай хэрвээ үнэхээр тэгэж байгаа бол бид 2021 оны сонгуулиар МАН-ын нэр дэвшигчийг дэмжээд явах байсан шүү дээ. Тийм болохоор одоо ингэж хэн нэгэн намын хүн гэж харлуулаад хэрэггүй дээ.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

 

Санал болгох

Б.Гүнбилэг: Эв нэгдлийг илэрхийлэх Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудал энэ намрын гол сэдвүүдийн нэг байх юм. Бид энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

4 өдрийн өмнө
Г.Баасан: Ч.Мөнхбаярт мөнгө өгсөн Дарханбаяр тагнуулынх байсан

Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх “Судалгаа, дүн шинжилгээний жигүүр” гэх байгууллага 1923 байгуулагдсан юм байна. Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлд Энэтхэгийн Судалгаа шинжилгээний жигүүр байгууллагын дарга Самант Кумар Гоел гэдэг хүнээс 2019 оны 9 сарын 9-нд и-мэйл ирсэн гэдэг. Тэр хүн 2019 оны 7 сарын 1-нд үүрэг гүйцэтгэгчээр тавигдсан боловч Азийг хариуцдаггүй гэдэг нь ил юм билээ. Тэр байгууллага нь тагнуулын байгууллага байсан гэж тэд ярьдаг. Энэ и-мэйлийг тагнуулынхан зохиож бичсэн.

1 сарын өмнө
ТЭТГЭЛГИЙН ЭРЭЛД:  Д.Арвинбилиг хэлний мэдлэгээс илүү хөдөлмөрч байх нь чухал

Гадаадад сурч, амьдарч буй мянга мянган залуусын төлөөлөл  Д.Арвинбилигийг тэтгэлгийн эрэлд буландаа урьж байна.

2 сарын өмнө