Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, сурагч бүрийнхээ гэрийн гадаа очиж утас цохин алхаж яваа энэ бүсгүй бол Монгол 3-р сургуулийн бага ангийн багш Г.Заяажаргал.
Г.Заяажаргал сурагчиддаа зориулж улирлын амралтынх нь даалгаврыг бүтээлчээр бие даан бэлджээ. Бас хүүхэд бүрт чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ бичиж, амттан нэмсэн байна. Мэндчилгээний ард хүүхдүүдийн улирлын дүнг бичжээ.
Тэрээр 6 дахь жилдээ багшилж байгаа залуу багш юм. Энэ жил 4-р ангитай. Түүний анги 47 сурагчтай. Цар тахлын үед хоёр жил зайнаас хичээллэсэн сурагчид 9-р сараас танхимаар хичээллэж, хичээлийн хоцрогдлыг нь бага багаар арилгажээ. Гэвч дахин урт хугацаагаар амарч байгаа учраас хичээлийн хоцрогдол үүсэх вий гэж санаа зовсондоо тэрээр эцэг эх нь ажил ихтэй, даалгавраа авч чадахгүй байгаа хүүхдүүдэд даалгаврыг нь бяцхан бэлэгтэй нь өөрийн биеэр хүргэж өгч байгаа нь энэ юм. Тэрээр хичээл хийхдээ хүүхдийг залхахгүй байгаасай гэсэндээ даалгаврыг сонирхол татах байдлаар, бүтээлчээр хийлгэхийг хичээдэг.
Өнгөрсөн жил хөл хориотой үед оройн 10 цагийг хүлээж байгаад нөхөртэйгөө нууцаар шахуу явж бэлтгэсэн даалгавраа бяцхан бэлэгтэйгээ өгч байснаа шоолонгуй ярилаа. Энэ удаагийн улирлын амралтаар хүүхдүүдэд их даалгавар өгөхгүй байх чиглэл өгсний дагуу уншсан ном, өгүүллийн ердөө он сар, гол баатрыг бичиж, гол санааг зургаар зурж илэрхийлэх зааварчилгаатай номыг хийж, өөрийн принтер дээрээ хэвлэж, нэг бүрчлэн үджээ. Эцэг эх нь завгүй даалгавраа авч чадахгүй байгаа хүүхдүүд дээр очиход сурагчид нь бөөн баяр болж угтаж байлаа.
Сурагчдаа даалгаврыг нь өгч буй нь
Монгол 3 дугаар сургуулийн 4а ангийн сурагч А.Цэлмүүн: Багш амралт бүрээр бидэнд сонирхолтой даалгавар өгдөг. Энэ удаа амттантай өгч байгаад үнэхээр их баярлаж байна.
Монгол 3 дугаар сургуулийн 4а ангийн сурагч Б.Урангоо: Маш их баяртай байна. Амралт эхлээд гэртээ уйдаж байгаа. Одоо багшийнхаа өгсөн даалгаврыг хийгээд амралтаа үр дүнтэй өнгөрүүлнэ.
Монгол 3 дугаар сургуулийн бага ангийн багш Г.Заяажаргал: Хүүхэд бүр харилцан адилгүй суралцдаг. Зарим нь бие дааж даалгавраа хийдэг бол зарим нь эцэг эхийнхээ тусламжийг авдаг. Тийм учраас аав ээж нь ажилтай, завгүй үед даалгавраа хийж чадахгүй хичээлийн хоцрогдол үүсдэг. Тийм болохоор өөрөө бие даагаад хичээлээ хийх боломжтой байх үүднээс зурагтай, бүтээлч дасгалтай даалгавруудыг бэлтгэдэг. Энэ нь хүүхдүүдийг зохион байгуулалттай, сонирхолтой даалгаврыг нь хийх боломжийг олгодог.
Бага ангийн багш Г.Заяажаргалын бүтээлч байгаа, сэтгэлээсээ ажиллаж байгаа шалтгаан их энгийн. Бага ангийн багш болохыг хамгаас ихээр хүсч, багш мэргэжлийг сонгосон учраас хүүхдүүдийнхээ баярлахыг, аливааг сурч байгааг харах хамгийн сайхан байдаг гэсэн юм.
Тийм болохоор л "Яав л хүүхдүүдээ залхаахгүй сургах вэ?" гэсэн асуултыг өдөр бүр өөрөөсөө асуудаг байна. Түүний багш мэргэжил эзэмшсэн түүх ч сонирхолтой. Булган аймгаас 10 жилээ төгсөхөд бага ангийн багшийн ангид элсэх хуваарь ганцхан иржээ. Гэтэл тэр 5-р байранд жагссан. Багш болж чадахгүй нь хэмээн залбирсаар суутал эхний 4 хүүхэд татгалзаж Г.Заяажаргал бага ангийн багшийн хувиараа авч байхдаа баярлаад маш их уйлжээ. Элсэлтийн комиссынхон ч бага ангийн багш болохоор ийм их хүсч элссэн хүүхдийг харж байсангүй хэмээн баяр хүргэсэн түүхтэй. Сурагч байхдаа "Сурагчийн нэг өдөр"-өөр багш болоход бага насны хүүхдүүд ямар ч хар цагаан бодолгүй хамгийн сайхан ертөнц гэсэн мэдрэмж төрснөөр түүний амьдралын чухал сонголт хийгджээ. Хүсч, сонгож эзэмшсэн мэргэжил учраас хүүхдүүддээ хамгийн бүтээлчээр, үнэн сэтгэлээсээ ханддаг байна.