Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55-р сургуулийн үүдээр орохоос эхлээд халуун дулаан уур амьсгал угтлаа. Учир нь анги бүрийн дугаар, ямар анги гэсэн мэдээлэл маш тодорхой харагдана. Бас тэргэнцэр дээр суух шаардлагатай хүүхдүүд сургуулийн хаалгаар орж ирэхэд тосох 5-6 тэргэнцэрийг байрлуулжээ. Хүүхдүүдтэй ажиллах мэргэжлийн сэтгэл зүйч ч ажилладаг.
Энэ сургуулийн багш Х.Сувдаа төсөл бичиж, хоёр жил хөөцөлдсөний эцэст Газарүйн кабинетээ технологийн өндөр түвшинд тохижууллаа. Тэд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг учраас газар зүйн мэдлэг өгөхийн тулд од гариг эрхэс, дэлхийн газрын зураг зэргийг бодитоор бий болгож, хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлжээ.


Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 55-р сургууль БЗД-т байрладаг. Энэ сургуульд оюун ухааны бэрхшээл, тархины саажилт, аутизм, даун хам шинжтэй хүүхдүүд 1-ээс 12-р ангид суралцдаг.
Х.Сувдаа энэ сургуульд тасралтгүй 23 дахь жилдээ багшилж байна. Тэрээр оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд сурах бодит орчныг бүрдүүлэхийн тулд 2 жил хөөцөлдсөний эцэст од гариг эрхс, дэлхийн болон эх орны газрын зурагтай газарзүйн кабинетийг ийнхүү бий болголоо. Өмнө хичээлээ заахын тулд шаардлагатай хэрэглэгдэхүүнээ тэврээд ангиудаар явдаг байжээ.
Энэ кабинетийг байгуулахад нийт 11,8 сая төгрөг зарцуулжээ.
Нийслэлийн ЕБ-ын 55-р сургуулийн газар зүй, байгаль шинжлэлийн багш Х.Сувдаа:
Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан кабинет байгуулахаар төсөл бичсэн. Төслөө бичээд гадуур санхүүжилт хайж хоёр жил гаруй олон албан газар, компаниудаар явсан. Хамгийн сүүлд нь “Приус” центр “Цубуко” гэдэг компанид очоод төслөө танилцуулсны үндсэн дэр ийм сайхан кабинеттай болоод байна. Манай сургуулийн хүүхдүүд тусгай хэрэгцээт боловсрол шаарддаг хүүхдүүд сурдаг учир хүүхдүүд маань аливаа зүйлийг ойлгохдоо хүртэхүйн байдлыг хөгжүүлэхийн тулд кабинетаа тохижуулахыг хичээсэн. Хүүхдүүд маань аливаа зүйлийг бодитоор харж, барьж, үзэж байж илүү ойлголт авдаг учраас хүүхдүүдийнхээ онцлогт нийүүлэн тохижуулахыг хичээсэн. Тохижуулсны дараа хүүхдүүдэд маань маш их сонирхож, сурах идэвхи нь илүү их нэмэгдсэн нь мэдэгдэж байсан л даа. Хүүхдүүд маань анх хараад, орж ирээд их гайхаж байсан. Өмнө нь шохой бариад самбар дээр л хичээлээ заахаас өөр аргагүй байсан бол одоо сургалтын бүх хэрэглэгдэхүүн маань танхимдаа бэлэн болсноор цаашид сурах идэвхийг нь нэмэгдүүлж өгч байна. Нийт 11 сая 800 мянган төгрөгөөр бий болголоо. Боломжоороо зүтгэсний үр дүнд, байгаа хөрөнгө нөөц бололцоон дээр тулгуурлан хүүхдүүдийн сонирхлыг татах байдлаар бүтээсэн. Зүгээр энгийн самбартай ажиллах нэг өөр. Одоо бид бичлэг тоглуулах боломжтой дэлгэцийг ч байрлуулсан.

Тэд хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахыг зорьж ажилладаг. Газар зүйн жишиг кабинетээс гадна аутизмын кабинеттай. Мөн 10-12-р ангийнханд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулахын тулд зочид буудлын анги, тогоочийн ангийг тусгайлан бий болгожээ. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55-р сургуульд 500 гаруй тусгай хэрэгцээт хүүхэд суралцдаг. Хүүхдүүдийн онцлогт тохирсон сургалтын орчныг бүрдүүлэхээр тэд хичээн ажиллаж, тусгай кабинетүүдийг байгуулаад байгаа нь энэ юм.

Нийслэлийн ЕБ-ын 55-р сургуулийн сургалтын менежер Б.Очирхуяг:
"Нийслэлд нийт тусгай хэрэгцээт хүүхдүүдийн зургаан сургууль байдаг. Манай сургуулийн гол онцлог бол ахлах ангийн мэргэжлийн боловсрол олгодог. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан аутизмын кабинет 2016 онд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр бий манай сургууль санаачлан үүсгэн бий байгуулж байсан. Хүнд хэлбэрийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр явуулдаг хүүхдүүдэд зориулсан булантай. Энэ буланд хүүхдүүдэд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн байрладаг. Ийм байдлаар сургалтаа зохион байгуулдаг. Харин хөнгөн хэлбэрийн бэрхшээлийн хүүхдүүд танхимын голд сууж, уламжлалт байдлаар хичээллэх боломжтой.
Оюуны бэрхшээлтэй хүүхэд суурь боловсролыг л эзэмшдэг. Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд бол МСҮТ-д суралцаад явдаг бол хүндэвтэр, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд МСҮТ, их дээд сургуульд суралцах боломжгүй. Яагаад гэвэл тэдэнд хүнд, хүндэвтэр бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах орчин, хэрэглэгдэхүүн болон багшлах хүний нөөц байдаггүй. Манай сургуулийн хувьд 2001 оноос ахлах ангид мэргэжлийн боловсрол эзэмшиж эхэлсэн. Манай сурагчид тогоочийн ангид сурах их сонирхолтой. Хамгийн эрэлттэй анги юм. Тэд химич, математикч болно гэхээсээ илүү хэнээс ч хараат бусаар хоол бие дааж хийж сурахаас гадна 3 жил сурснаар тогоочийн мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг."
