Долоон жилийн өмнө буюу 2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт нутаглаж байсан Ц.Сансарбаярын 7 болон 5 настай хоёр охин шуурганд төөрч, долоон настай эгч нь дүүгээ аврахын тулд өөрийнхөө бүх хувцсыг тайлан дүүдээ өмсүүлж өөрөө осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Үйл явдлыг эргэн сануулвал Ц.Сансарбаяр эхнэрийн хамт саахалт айлынхаа цагаан сарын буузыг хийхээр хамгийн бага хүүгээ авч, охидоо гэрт нь үлдээсэн байдаг. Гурван километрийн зайтай байрлах саахалт айлынхаа гэрт очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр 7 настай охин амиа алдаж, 5 настай охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан.
Долоохон настай охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлан өгч, салхины нөмрөөс дүүгээ хамгаалан тэвэрч, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлийн хүсэл нь дүүгийнхээ амийг аврах байлаа.
Дүүгээ авраад нас барсан долоон настай охинд "Онцгой үйлстэн" медалийг өнөөдөр нөхөн олголоо. Мөн эгчийнхээ ачаар амь аврагдсан охинд иж бүрэн тавилгатай, өргөө цагаан гэр бэлэглэж, 3 сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо.
Тухайн хэрэг үйл явдал гарснаас хойш охины аав, ээж таарамжгүй харилцаатай болж хоёр тийш болсон. Харин таван настай үлдсэн дүү нь авга эгчтэй амьдарч иржээ. Харин өнөөдөр Ц.Хонгорзул охин аав, дүүгийн хамт амьдарч байна.
Цасан шуурганаас эгчийнхээ ачаар амь аврагдсан Ц.Хонгорзул одоо 11 настай. 7-р ангид сурдаг. Тэрээр ирээдүйд сувилагч болох мөрөөдөлтэй. Авга эгчийнхээ хамт онцгой байдлын албаны машинаар нийслэл хотод тэрээр ирсэн нь энэ юм. Өнөөдөр ирсэндээ маш их баяртай байгаагаа бидэнтэй хуваалцлаа.
Тэрээр "Эгчдээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна" хэмээн хоолой зангируулан ярилаа. Мөн аавдаа, ахдаа, авга эгчдээ маш их баярлалаа. Ангийнхандаа өдийг хүртэл тусалж дэмжиж, дэм болж байсанд баярлалаа гэж дамжууллаа. С.Хонгорзул осол болсон өдөр юу болсныг санадаг ч ярихыг хүсдэггүй. Харин эгчдээ зориулж зохиосон шүлгээ бидэнд уншиж өглөө. Энэ шүлгийг бичихдээ эгчтэйгээ хамт байсан сайхан дурсамжаа бодож бичжээ. Шүлгийг та бүхэнд хүргэж байна
"Бяцхан бор зүрхэндээ
Дэндүү их хайрласаныг нь
Булбарай бага насандаа
Даанч ойлгоогүй явжээ
Өнгө алаг энэ орчлонд
Амьдрал бэлэглэсэн таныгаа
Өсч торнихынхоо хэрээр
Ай даа, мөн ч их санах юм даа
Гэгээхэн хайрын чинь илчээр
Гэрэлтэж амьдрана аа
Амлая дүү нь
Тоостой энэхэн орчлонд
Тантайгаа л хамт туулсан бол
Тоодгорхон бяцхан үр чинь
Дэндүү жаргалтай байхсан даа
Аав ээжийнхээ хайранд ижилсэж хоёулаа өссөн бол
Эрвэгэр жаахан дүү чинь
Энгүй жаргалтай байхсан даа
Өрөвч бяцхан зүрхний чинь гэрлээрӨөдрөг амьдарна аа, амлая дүү нь"
Цасан шуурганаас амь аварсан эгчдээ зориулав.
С.Хонгорзул
