Э.Содномпилжээ: Үндэсний шигшээ багаас хамгийн анхны дөрвөн том амжилтыг эзэмшдэг тамирчин болсондоо баяртай байна

2021 оны 12 сарын 312021-12-31
Э.Содномпилжээ: Үндэсний шигшээ багаас хамгийн анхны дөрвөн том амжилтыг эзэмшдэг тамирчин болсондоо баяртай байна

Оны онцлох хүнээр паралимпын аварга Э.Содномпилжээг онцолж байна. Тэрээр 2021 онд Токио-2020 паралимпын наадмаас алтан медаль, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж дэлхийн дөрвөн том амжилтыг эзэмшдэг болсон билээ.

-2021 он таны хувьд ямар жил болж өнгөрөв?

-Миний хувьд түүхэнд үлдэхээр бахархалтай он жилийг үдэж байна. Токиогийн паралимпын наадмаас алтан медаль авлаа. Дээрээс нь сая ДАШТ-ээс мөнгөн медаль авлаа. Энэ жил хоёр том тэмцээн байсан нь энэ хоёр байсан юм. Нөгөө талаасаа энэ жил амаргүй жил байлаа. 2021 оны зургаадугаар сард ковид туссан. Эмчилгээгээ дуусгаад шууд бэлтгэлдээ орсон. Маш богино хугацаанд эргэн сэргэлт авах өндөр бэлтгэл хийсэн. Гэхдээ ингэж хичээснийхээ дүнд паралимпоос алтан медаль хүртсэндээ баяртай байна.

-Таны хувьд Ази, Гиннес, ДАШТ-ний дээд амжилтыг эзэмшдэг байсан. Харин сая паралимпын дээд амжилтыг эзэмшдэг боллоо. Дэлхийн дөрвөн том амжилтын дээд амжилтыг эзэмшдэг болсон гэсэн үг. Зорилгодоо хүрсэн жил байв уу?

-Өмнө нь Ази тивийн рекорд, дэлхийн аваргын рекорд, гиннесэд бас дээд амжилт эзэмшдэг байлаа. Энэ жил паралимпын рекордыг шинэчлэн тогтоолоо. Үндэсний шигшээ баг дотроо дөрвөн том амжилтыг эзэмшсэн анхны тамирчин боллоо. Сая болсон ДАШТ-нд шүүгч нараас болж амжилтаа алдсан. Лайваар явсан бичлэгийг дараа нь үзэхэд дэлхийн рекорд болохоор өргөлт хийснийг тооцоогүй байсан. Шүүгч нарын буруу шүүлтээс болж, Азийн рекорд дэлхийн рекордоо алдсан л даа. Мэдээж дараагийн тэмцээн уралдаан байгаа учраас энэ амжилтуудаа буцааж авна гэсэн зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Таны рекорд одоо хэд байгаа вэ?

-Миний өөрийн үндсэн оролт бол IBC юм. Паралимпын парапауэрлифингээр ордог. Хоёр дахь төрөл маань IBF буюу энгийн төрлийн хэвтээ шахалтын дэлхийн аваргад ордог. Энэ төрөлд Ази болон дэлхийн аваргыг 248 кг-аар эзэмшдэг. Харин IBC-ээр 247 кг-ийг эзэмшдэг байж байгаад саяны дэлхийн аваргаар эвдэгдчихлээ л дээ.

-Хамгийн том өрсөлдөгч нь хэн бэ?

-Өөрөө өөрийнхөө л өрсөлдөгч дөө. Цаашдын зорилго бол маш тодорхой. Саяны алдсан амжилтуудаа эргүүлэн авах. Мөн өөрийн рекордоо ахиулах байгаа.

-Энэ жил дасгалжуулагч нь Гавьяат авч, та Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдсан шүү дээ. Анхны болон одоогийн багшийнхаа тухай яривал?

-Миний одоогийн багш бол Пауэрлифингийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Д.Баттулга гэдэг хүн бий. Бид бол Туга ах гэж дууддаг. Манай дасгалжуулагч ялтчгүй мундаг хүн л дээ. Тамирчдынхаа төлөө гэсэн сэтгэлтэй. Энэ хүнтэй таван жил тэмцээн уралдаанд бэлдэж явж байна. Яг л ах дүү шиг байдаг. Тэмцээн уралдааны үеэр гарынхаа хоолоор тамирчдаа бэлтгэдэг шүү дээ. Би чинь айлын ганц хүүхэд л дээ. Тийм болохоор багш маань миний ах шиг, хааяа аав шиг минь санагддаг. Ямар үед яавал тамирчинд хэрэгтэй зүйл болох уу гэдгийг маш сайн мэддэг. Таван жилийн хугацаанд олон тэмцээнд төрийн дуулал эгшиглүүлж, далбаа мандуулж байжээ. Дасгалжуулагчдаа маш их баярлалаа гэж хэлье.

Би энэ спортод хоёр дасгалжуулагчтайгаар хичээллэж явж байгаа юм. Миний анхны багш Ш.Энхсайхан гэж хүн байсан. 2000 онд анх багштайгаа бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Тэгээд багш маань гадагшаа яваад. Би тэр хугацаанд арван жилээ төгсөж, их сургуулиа дүүргэж, ажил хийж байсан. 2008 онд маш том хямрал болсон байдаг юм. Тэгээд ажлаасаа цомхтголоор халагдчихсан. Ажил хайгаад явж байсан багштайгаа автобусанд тааралдаад. Багшдаа чирэгдээд бэлтгэлийн заал руу орж шалгуулж байсан юм. Тэгээд өмнөх шигээ өргөж байна чи бэлтгэлдээ ор гэж багш маань оруулж байлаа. Тэгээд 2016 оныг дуустал хамт явсан л даа. 2017 оны нэгдүгээр сард байх багш маань одоо үүнээс цааш явж чадахгүй нь багшийнх нь бие дийлэхгүйн гээд намайг Туга багш дээр хөтөлж авч ирж байсан. Тухайн үед 2020 оны олимпоор байж чадахгүй байх, заавал алтан медаль авна шүү гэж захиж байсан. Тэгээд удаа ч үгүй багш маань өөд болсон. Би өнөөдрийг хүртэл анхны багшийнхаа зааж сургасан техникээр бэлтгэл сургуулилтаа хийж яваа. Багшийнхаа хүслийг гүйцээж алтан медаль авсандаа баяртай байгаа. Амьд ахуйд нь хүслийг нь гүйцээж чадаагүй ч, тэнгэрээс хараад баярлаж суугаа байх. Талийгаач багш маань Риогоос хүрэл медаль авахуулсан. Тухайн үед том тэмцээнээс медаль авсан тамирчны багшид гавьяат цол өгч байсан. Гэтэл манай багшид өгөөгүй. Их л хүлээж байгаад бурхан болсондоо. Харин сая Туга ах маань гавьяат болсон. Үүнд маш их баяртай байгаа.

 

 

 


Санал болгох

"Бээжин-2022" өвлийн олимпийн тосгонтой танилцаарай

Ердөө хоёрхон долоо хоногийн дараа , бүүр тодруулбал 2022 оны хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-ын Бээжин хотноо Өвлийн олимпийн XXIV наадам эхэлнэ.

22 минутын өмнө
Маргаашийн барилдаан цуцлагдлаа

Гэхдээ Шадар сайд С.Амарсайхан сар шинийн барилдааныг цуцлахгүй бөхийн барилдаан болдгоороо болно гэж мэдэгдсэн.

1 өдрийн өмнө
Сар шинийн бөхийн барилдаан болно

Шийдвэр нь гарсан ч, бөхчүүд барилдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь хамгийн сүүлд зохион байгуулагдахаар төлөвлөсөн харцага цолны барилдаан цуцлагдсан. Тодруулбал, бөхчүүд допинг хэрэглэж шийтгүүлсэн бөхчүүдийг эсэргүүцэж барилдаанаа хийгээгүй. Тиймээс энэ удаад ч барилдаан болох нь тодорхойгүй байгаа юм. Харин иргэд сар шинийн бөхийн барилдаанд хүлээлт өндөртэй байна.  

1 өдрийн өмнө
Н.Батсуурь аваргыг цагаан сараар барилдах эсэхийг баасан гарагт шийднэ

Бөхчүүдийн зүгээс даян аварга Н.Батсуурийг эсэргүүцээгүй.

2 өдрийн өмнө